Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 172

 

  2019          06             14                                           2019/ШЦТ/172

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга У.Золчимэг

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

           -шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 3 овогт Г.Б-т холбогдох 1934004080233 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4-р багийн 11 а гудамж 4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх 3 овогт Г.Б /РД:___92022911/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 05 дугаар сарын 31 -ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутагт согтуугаар гэр бүлийн харилцаа хамаатай хүн болох эхнэр М.Ариунтунгалагийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Шүүгдэгч Г.Б -ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 31 -ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутагт согтуугаар гэр бүлийн харилцаа хамаатай хүн болох эхнэр М.Ариунтунгалагийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 04 тал/
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 15 тал/
  • Шүүгдэгч Г.Б , хохирогч М.Ариунтунгалаг нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 50 тал/
  • Хохирогч М.Ариунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 05 сарын 31-ний 11 цаг өнгөрч байхад найз нартайгаа уулзсан. Тэгээд гэр бүлийнхэнтэй нь цуглараад салхинд гарсан. Тэгээд салхинд гарч байгаад орой 19 цагийн үед аймагт орж ирсэн. Тэгээд найз хүүхнийхээ гэрт нөхөртэйгээ цуг очсон. Манайх салхинд гарахдаа 3-5 насныхаа хоёр хүүхдийг цуг салхинд авч гарсан. Тэгээд найзындаа очоод машин тэрэг барихгүй юм чинь гээд 2,5 литрийн том пиво 2 савыг ууцгаасан. Тэгтэл нөхөр Г.Б  гэртээ харъя гээд байхаар нь би гэртээ харихгүй юм уусан машин бариад яах юм бэ эндээ хоноё гэтэл нөхөр Г.Б  охиныг минь булааж авах гээд байсан тэгсэнээ миний хөлрүү 2-3 удаа өшиглөсөн. Г.Б  айлаас гарч яваад гэртээ харина гээд машин унаж явах гэхээр нь би явахгүй найзындаа хоночихъя гэтэл Г.Б  уурлаад байхаар нь би айл руу орох гэтэл намайг оруулахгүй гээд хөлрүү өшиглөөд түлхээд байхаар нь өргөж байсан охиноо газар тавьсан. Тэгтэл Г.Б  боож унагаад миний шилэн хүзүү рүү цохисон. Тэгтэл гэрт байсан найз нар гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан. Г.Б  2019 оны 05 сарын 30-ны шөнө гэртээ согтуу орж ирчихээд гэртээ хоол унд идчихээд согтуу гэрээс гарч яваад өглөө нь нилээн согтуу гэртээ ирсэн. Г.Б  2 өдөр согтуу байсан. Бид хоёр 9 жил амьдарч байна, бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй 2 хүүхэдтэй. 2019 оны 02 сард намайг цагаан сараар зодож байсан би цагдаад өгсөн, цагаан сар болох гэж байгаа юм чинь гээд гаргасан. Манай нөхөр 2 жилийн өмнө хөдөө ажилладаг болсоноос хойш надад гар хүрдэг болсон. Намайг боож унагаад шилэн хүзүү рүү цохисон хөлрүү хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/
  • Хохирогч М.Ариунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн“... Бид нар авчирсан архиа уугаад хоол унд хийж идээд сууж байхад манай нөхөр Г.Б  нь гэр рүүгээ харина гээд согтуурхаад байхаар нь манай найзууд яваад хэрэггүй гэхээр улам зөрөөд байсан. Тэгээд би нөхрөө авч гараад тайвшруулах санаатай уулзахад өмнө хардаж маргалдаж муудалцаж байснаа яриад байсан. Тэгсэнээ миний баруун талын хөлрүү 2 удаа өшиглөсөн. тухайн үед би охиноо тэвэрч байгаад Бямбабаатар цохиж магадгүй гээд газар буулгаад холдуулсан. Энэ үед манай нөхөр араас хоолойгоор гараа оруулаад бооход би хэсэг зуур манараад газар унасан байсан. Газар унасны дараа миний араас нэг удаа өшиглөсөн би боолгоод газар унахдаа нүүрээрээ газар унаад зүүн талын хацар хэсгээ халцалсан байсан. Би эмнэлгээр явсан зардал, эм тариа хүүхдүүдийнхээ хоол унд гээд 600,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
  • Гэрч Э.Лхагвадоржийн "... Манай эхнэр Ариунтунгалаг, түүний хүүхдүүдийнх нь хамт дэнжрүү айл очихоор явсан, надтай цуг Бямбабаатар, Нямаа нар байсан. Тэгсэнээ Бямбабаатар эхнэрээ гичий янхан гээд доромжлоод байсан. Тэгсэнээ Г.Бямбаатар гэрийн гадаа байсан машинаа унаад явсан. Тэгээд Г.Б  эргэж ирсэнээ жалга руу унах шахлаа гээд байсан. Бид нар ч унаж болохгүй машинаа тавь гэсээр байгаад гэрийнх нь гадаа машиныг нь тавиулсан. Тэгээд Мягмарсүрэнгийнд очоод нэг хэсэг жаахан юм ярьж суусан, тэгтэл гаднаас хүүхэд уйлж орж ирсэн. Тэгээд гадаа гартал Г.Бямбабаатар эхнэрээ зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/
  • Гэрч Б.Батцэнгэлийн "... 2019 оны 05 сарын 31-ний өдөр хэдэн найзууд ярьж байгаад салхинд эхнэр хүүхдээ аваад гарсан. Тэгээд орой 21 цагийн үед Мөнхчимэгийн гэрт нь очсон. Тэгээд гэр бүлийнхээ улсуудтай юм ярьж сууж байтал Г.Б  эхнэртэйгээ маргалдаад айлаас гараад явсан. Би тэр хоёрын араас нь тамхилангаа гартал чанга чанга хэрэлдэж байснаа нэг хэсэг Г.Б-ын эхнэрийн дуу сулхан болохоор нь ойртож очоод хартал Ариунтунгалагийг нөхөр нь боосон байсан. Тэгсэнээ эхнэрийнээ шилэн хүзүү рүү нэг удаа цохисон. Г.Б  эхнэр рүүгээ улайраад дайраад байсан, бид нар салгах гээд хүчрэхгүй байсан. Бид нар салгахгүй бол өнөөдөр энэ хүн эхнэрээ алсан байна, арай л хэцүү хүн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/
  • Гэрч Д.Мөнхчимэгийн "... 2019 оны 05 сарын 31-ний өдөр 15 цагийн үед найз нарынхаа гэр бүлийн хүмүүстэй цуг салхинд гарчихаад орой 18 цагийн үед аймагт ирээд манай гэрт очицгоосон...4 гэр бүлийн эхнэр нөхрүүд байцгаасан, тэгээд бид нар юм яриад сууж байтал Ариунтунгалагийн нөхөр нь би гэртээ охиноо аваад харина чи надтай явах юм уу гээд Ариунтунгалаг руу дайраад байсан. Тэгэхээр нь бид нар Ариунтунгалагийн нөхрийг чи согтуу байна харанхуй машин тэрэг барьж болохгүй гэж хэлсэн. Тэгтэл Ариунтунгалаг нөхрөө аваад гадаа ярилцаад орж ирье гээд нөхрөө дагуулаад гараад явсан. Тэгтэл манай охин гаднаас Ариунтунгалагийн охиныг нь тэвэрсэн гэрт орж ирээд Ариука эгчийг зодоод байна гээд уйлаад ороод ирэхээр нь би гадаа гартал Ариунтунгалаг газарт доошоо хараад хэвтэж байсан. Тэгээд юу болж байна яасан бэ? гээд Ариунтунгалагаас асуухад манай нөхөр боогоод унагаачихлаа шүү дээ гэсэн. Тэгээд Ариунтунгалагийг дээш нь харуултап хацар нь шалбарсан цус гарсан. Тэгтэл Ариунтунгалагийн нөхөр би машиныхаа түлхүүр, охин хоёроо аваад явна гээд дайраад байсан охин нь ааваасаа айгаад очихгүй уйлаад байхад охиноо авна гээд дайраад байсан. Бид нар Ариунтунгалагийн нөхрийг их гуйсан, дийлдэхгүй болохоор нь би цагдаа дуудсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/
  • Шүүгдэгч Г.Б -ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би эхнэр Ариунтунгалаг болон найз нарын хамт салхинд гарсан. Бугын сангийн аж ахуй гэх газар очиж ууж идэж байгаад орой 20 цагийн үед буцаад Төв аймагт ирсэн. Бид нар аймагт орж ирээд Мөнхчимэгийнд очоод 0.75 литрийн соёрхол архи хувааж уугаад дээр нь нэмээд 2 сав 2 литрийн пиво уусан...би эхнэрээ харъяа гээд гэрээс гарсан. Гэрээс гарсны дараа би эхнэртэйгээ маргалдсан...Миний өөдөөс хашгираад байхаар нь зүүн гарын булчин руу нэг удаа цохисон. Тэгээд миний нүүрийг маажаад байхаар нь багалзуурдаж цааш нь түлхээд хашаа руу шахахад доошоо ухаан алдаад унах шиг болсон...Миний буруутай үйлдлээс болж биед нь гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №355 дугаартай "... 1. М.Ариунтунгалагийн биед дух, зүүн хацар, уруул, баруун даланд зулгаралт, уруулын салст, баруун чихэнд цус хуралт, хамарт хаван хавдарт, зүүн гарын 3-р хурууны хумс салсан гэмтэл тогтоогдлоо...2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...З. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

           Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б -т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж, хэргийг хялбаршуулсанаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Г.Б -т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгэгдэж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Г.Б -ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б -ыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б -т сануулав.

 

           Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх хохирогч М.Ариунтунгалагт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “нөхөр бид хоёр эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Г.Б  нь бусдад төлөх төлдбөргүй байна.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                              

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Б -ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Г.Б -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.Б -т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б -ыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б -т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б -т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА