Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01636

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14ий өдрийн 191/ШШ2025/04304 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

 

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагчид даалгах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “*******” ХХК-ийн захирал *******ад 8 хувийн хүүтэй 45,000,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* апартмент байр, ******* орц, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай, 41.03 м.кв талбайтай орон сууцны шаардах эрхээ надад барьцаалуулсан.

1.2. Барьцааны зүйлийг баталгаажуулах зорилгоор миний бие дээрх орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэгч болох “*******” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, барьцааны зүйл болох орон сууцны шаардах эрхийг “*******” ХХК-аас шилжүүлэн авсан. Мөн ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр өөрийн биеэр очиж урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн.

1.3. Хариуцагч “*******” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулах үед шаардах эрх эзэмшиж байсан “*******” ХХК нь хариуцагчид ямар ч өр төлбөргүй гэдгээ баталж байсан бөгөөд тус гэрээний 3.1-д энэ талаар тусгасан. Мөн “*******” ХХК-ийн зүгээс хариуцагч “*******” ХХК-д хандаж 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 77/99 тоот албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргаж өгөх талаар хүсэлт хүргүүлж байсан.

1.4. Гэтэл одоо хариуцагч “*******” ХХК нь “*******” ХХК манай компанид өглөгтэй, төлбөр тооцооны асуудалтай байгаа хэмээн худал шалтаг тоочин гэрээний үүргээ үл биелүүлж, миний нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, улсын бүртгэлийн байгууллагад хандсан албан бичгээ гаргаж өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус байна.

1.5. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан ******* дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* апартмент байр, ******* орц, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай, 41.03 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “*******” ХХК нь “*******” ХХК-тай Сэлбэ голын урсац тохируулгын усан сангийн далан барих, хайрга, дайрга тээвэрлэх ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээг талууд хугацаанаас өмнө тооцоо нийлэн цуцалсан. Гэрээ цуцалсны дагуу маргаан бүхий орон сууцыг гэрээний төлбөрт шилжүүлэхгүй байхаар талууд тохиролцсон.

2.2. “*******” ХХК нь “*******” ХХК-тай байгуулсан дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ /ажлыг/ бүрэн хийж гүйцэтгэсний дараа маргаан бүхий орон сууцыг “*******” ХХК нь өөрийн эзэмшилд авах замаар захиран зарцуулах эрхтэй байсан атлаа ******* нь гэрээ цуцлахаас өмнө буюу гэрээт ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд гэрээ байгуулж, улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байна.

Урьдчилсан тэмдэглэлтэй холбоотой нөхцөл байдлыг хариуцагч нь нэхэмжлэл гардан авах үед мэдэж, холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан.

2.3. Маргаан бүхий орон сууцны үнийг “*******” ХХК болон нэхэмжлэгч нь ямар нэгэн байдлаар төлж байгаагүй бөгөөд Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* апартмент байр, ******* орц, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай орон сууцыг “*******” ХХК болон нэхэмжлэгч нь өмчлөх эрхгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд *******ад 8 хувийн хүүтэй, 45,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор маргааны бүхий орон сууцыг нэхэмжлэгчид барьцаалуулсан, мөн барьцааны зүйлийг баталгаажуулах зорилгоор хариуцагчтай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан, “*******” ХХК-аас шаардах эрхийг шилжүүлэн авсан тухай тайлбарладаг.

3.2. Иймд талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан ******* дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т тус тус заасан хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд холбогдуулан нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т тус тус заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй. Учир нь “*******” ХХК-ийн захирал ******* нь 70,000,000 төгрөг авсан тухайд маргаагүй бөгөөд уг 70,000,000 төгрөгийн төлбөрт “*******” ХХК-тай байгуулсан гэрээний шаардах эрхийг надад шилжүүлсэн. Шаардах эрх шилжүүлсэн тухайд талууд маргаагүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Энэхүү хэрэг маргаанд хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Учир нь ******* “*******” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Нийслэлийн ******* ******* хороо, ******* апартмент байр, ******* орц, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай, 41.03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 131,296,000 төгрөгөөр худалдан авахаар, гэрээний төлбөрийг 100 хувь ипотекийн зээлээр төлөхөөр тус тус тохиролцсон.

5.2. Гэрээний 2.5-д зааснаар банкнаас зээл олгох шийдвэр гарсан тул хариуцагч компаниас байрны түлхүүрийг хүлээн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэхүү нөхцөл байдал нь миний бие Иргэний хуульд зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу шударга эзэмшигч болохыг харуулж байна.

5.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор маргаан бүхий орон сууцны шаардах эрхийг надад барьцаалуулсан гэж дурдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д барьцааны гэрээ байгуулах тохиолдолд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг тодорхой зааж өгсөн.

 5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч өөрийн татгалзлаа нотлох замаар мэтгэлцдэг.  Энэхүү хэрэгт маргаан бүхий орон сууцыг “*******” ХХК, иргэн ******* нарын хэн аль нь өмчлөх эрхтэй болох нь тодорхойгүй ба үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь гэрчилгээгээр баталгааждаг бөгөөд барьцааны гэрээ огт байхгүй байна.

5.5. Хариуцагч “*******” ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б02/340 тоот албан бичгээр иргэн *******тай байгуулсан гэрээг цуцалж буйгаа “*******” ХХК-д мэдэгдэж, “*******” ХХК нь тус компанийн захирал ******* нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө бүрэн буцааж төлсөн тул гэрээ цуцлахтай холбоотой саналыг дэмжиж байгаа талаар хариу илэрхийлсэн байдаг.

Энэхүү нөхцөл байдал нь “*******” ХХК, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан Сэлбэ голын урсац тохируулгын усан сангийн далан барих, хайрга, дайрга тээвэрлэх ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ болон Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ тус тус дуусгавар болж, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх хариуцагчид хэвээр үлдсэн болохыг тогтоож байна. Мөн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хариуцагчийн тодорхойлолтоор иргэн ******* нь маргаан бүхий орон сууцны төлбөрийг огт төлөөгүй болохыг тодорхойлсон.

5.6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

6.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******г Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* апартмент, ******* орц, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай, 41.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч *******гийн нэр дээр гаргаж өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж, нэхэмжлэгч *******гаас 50,000,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-д олгож,

6.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Г-21/Б3 145-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч *******гийн 70,200 төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг агуулга:

7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

7.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ад 8 хувийн хүүтэй 45,000,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор маргаан бүхий орон сууцыг захиалгын гэрээ байгуулах замаар барьцаалсан гэж тайлбарладаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* болон нэхэмжлэгч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон.

Түүнчлэн нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй гэж тайлбарладаг боловч “*******” ХХК-ийн зүгээс 2023 оны 01/507 тоот албан бичгээр нэхэмжлэгчээс хүлээн авсан зээлээ бүрэн буцаан төлсөн талаар мэдэгддэг. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагчийн гаргаж өгсөн баримт гэж бичигдсэн 2 ширхэг фото зураг нь хариуцагчаас бус нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримт бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн эргэн төлөлттэй холбоотой харилцаа байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдоно.

Талууд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориггүйгээр гэрээг байгуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байхад шүүх “зохигчдын хооронд хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолд нийцээгүй ба талуудын маргаагүй асуудлын хүрээнд дүгнэсэн.

7.3. Мөн хавтаст хэргийн 10 дугаар хуудаст авагдсан *******ын гэх баталгаа бүхий баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоож, зээлийн хэмжээг тодорхойлсон агуулга бүхий байдлаар дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

7.4. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг. Шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэрхэн дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль хэрэглээ тодорхойгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдсан байхад тус баримтыг шүүхээс үнэлэхгүйгээр үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

7.5. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болно.

7.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч компанитай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Энэхүү гэрээний тохиролцоо нь гэрээний эрх чөлөө, талуудын бие даасан байх, өөрсдийн хүсэл сонирхлын дагуу гэрээг байгуулах эрхэд нийцэж байх бөгөөд талууд үүнд маргадаггүй. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцанд гуравдагч этгээд амьдарч байгааг шүүх хуралдаанд тайлбарладаг боловч анхан шатын шүүх үүнтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

8.2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.4, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тодорхойлж тусгахаар заасан. Зохигчид гэрээний үнийн дүнгийн талаар тайлбарладаггүй. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцны 1 м.кв талбайг хэдэн төгрөгөөр тооцох боломжгүй байхад маргааны зүйлд хийсвэр дүгнэлт хийж, зөвхөн нэг талын гаргасан тайлбарыг үндэслэн гэрээний үнийн дүнг 120,000,000 төгрөг гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

8.3. Хариуцагч шүүхэд мөнгөн төлбөр гаргуулахтай холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэгчийн “*******” ХХК-д 50,000,000 төгрөгийг төлнө гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчээс 50,000,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь шүүх дураараа аашилсан гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар  шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах, зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох, эсвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх эрхтэй байгааг харуулж байна.

8.4. Мөн шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Учир нь үндэслэх хэсэгт дурдсан хүү шаардах эрхтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ хэрэгт авагдаагүй.

8.5. ******* нь худалдах, худалдан авах гэрээ байгуулан гэрээний дагуу эзэмшиж, амьдарч байгаа нь иргэний үнэмлэхийн хаяг, хариуцагчийн тайлбар, ус, дулаан, хэрэглээний зардлыг төлж буй төлбөрийн баримтуудаар нотлогдож Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй байхаар заасан байдаг.

8.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

9.1. Хариуцагч тал гомдолдоо “анхан шатны шүүх талуудын маргаагүй асуудлын хүрээнд дүгнэлт гаргасан” гэж дурдсан. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах буюу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

9.2. Хариуцагч тал нь “хавтаст хэргийн 10 дугаар хуудаст авагдсан *******ын баталгаа бүхий баримтаар орон сууцны үнийг тогтоосон нь үндэслэлгүй” гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Гэтэл “*******” ХХК нь надтай гэрээ байгуулахдаа орон сууцны үнийг тодорхой тусгаагүй учир надад орон сууцны шаардах эрхийг зээлийн төлбөрийн оронд шилжүүлж өгсөн ба *******тай тохиролцсон үнээр орон сууцны үнийг тогтоосон. Хариуцагч “*******” ХХК нь надтай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулахдаа үнийн дүнг бичээгүй нь надад тухайн орон сууцны шаардах эрхийг шилжүүлж өгөхгүй байх зорилготой байсан.

9.3. Хариуцагчийн гомдолд “нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй бөгөөд хууль хэрэглээ тодорхойгүй” гэж дурдсан. Гэтэл анхан шатны шүүх Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шаардаж байгаа миний шаардах эрхийг тодорхой дүгнэсэн.

9.4. Хариуцагчийн маргаж байгаа үндэслэл тодорхой бус бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг шүүх үнэлээгүй талаар гомдолдоо дурдсан. Хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай байсан бөгөөд орон сууц захиалгын гэрээний үүргээ биелүүлэхгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан явдлыг анхан шатны шүүх зөв дүгнэж, хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагчаас гаргаж өгсөн баримтууд нь талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байсан талаар нотлох биш эсрэгээрээ хууль ёсны дагуу байгуулагдсан гэрээ болохыг нотолсон баримт байх бөгөөд шүүх зөв үнэлж, дүгнэсэн гэжээ.

 

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

10.1. Маргаан бүхий орон сууцанд гуравдагч этгээд амьдарч байгааг шүүх харгалзаж үзээгүй гэж гомдолд дурдсан байна. Хариуцагч нь надтай хүчин төгөлдөр гэрээ байгуулсан атлаа өөр этгээдэд маргаан бүхий орон сууцны шаардах эрхийг давхар шилжүүлэн өгсөн нь орон сууцны үндсэн захиалагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Маргаан бүхий орон сууцыг өөр этгээд эзэмшиж, ашиглаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн явдалд хамааралгүй.

10.2. Мөн гомдолд “хариуцагч тал нэхэмжлэгчээс орон сууцны зөрүү төлбөр болох 50,000,000 төгрөгийг нэхэмжлээгүй байхад шүүх *******гаас гаргуулахаар дур мэдэн шийдсэн” гэж дурдсан. Орон сууцны өмнөх захиалагч *******ын зээлийн гэрээний үүрэг болох 70,000,000 төгрөгийн оронд нэхэмжлэгчид тухайн орон сууцны шаардах эрхийг шилжүүлсэн. Тухайн орон сууц нь 120,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд зөрүү 50,000,000 төгрөгийг төлөх нь талуудын тэгш эрхийн зарчмыг хангах, шударга ёсонд нийцсэн. Би тухайн зөрүү төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч шүүхэд тайлбараа гаргасан. Уг асуудал нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамааралгүй бөгөөд гомдол гаргах үндэслэл байхгүй.

10.3. Гуравдагч этгээд ******* нь хариуцагч “*******” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сард Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Миний бие 2023 оны 04 дүгээр сард хариуцагч “*******” ХХК-тай захиалгын гэрээ байгуулж баталгаажуулсан байсан. Иймд маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгч нь миний бие юм. ******* нь “*******” ХХК-д тухайн орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан бол өөрт учирсан хохирлоо хариуцагчаас нэхэмжлэх нь зүйтэй.

10.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитоор үнэлж, үндэслэлтэй шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* апартмент байр, ******* орц, ******* давхар, ******* тоот хаягт байршилтай, 41.03 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3.1. Хэрэгт цугларсан “*******” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэх *******ын гараар бичсэн гэх бичмэл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх үнэлж маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Талуудаас гаргасан баримт нь эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлага хангаагүй бол шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй төдийгүй нотлох баримтаар үнэлэх учиргүй.

 

3.2. Анхан шатны шүүх “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд шилжүүлж буй орон сууцны үнийг нэхэмжлэгч ******* бүрэн төлсөн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч *******гаас 50,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх “*******” ХХК-д нэхэмжлэгчийн төлөх мөнгөн хөрөнгийг хариуцагч “*******” ХХК-д олгож шийдвэрлэж байгаа тохиолдолд “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэж маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04304 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагчийн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                                            ШҮҮГЧИД                                  Б.УУГАНБАЯР

 

                                             Ч.МӨНХЦЭЦЭГ