Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01635

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18ы өдрийн 193/ШШ2025/00620 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******,

 

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр *******, ******* нар болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийг *******, ******* нарт шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие нь 2024 оны 09 дүгээр сард өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байрлах, 47.08 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө орон сууцыг худалдахаар өөрийн фэйсбүүк дээр зар оруулахад ******* гэх эмэгтэй холбогдоод орон сууцыг сонирхож байна хэдэд өгөх вэ гэсэн. Би бэлэн мөнгөнд 95,000,000 төгрөгт өгнө гэхэд авмаар байна гээд *******гийн нөхөр ******* нь очиж үзээд эхнэртээ үзүүлнэ гээд манай эгчээс гэрийн түлхүүрийг авч үлдээд байранд шууд аав *******, ээж ******* нарыг нүүлгэн оруулсан.

1.2. Төлбөрөө шаардахад элдэв шалтаг хэлж хэл амаар доромжилдог. Хариуцагч нар нь 2024 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад намайг залилан хийсэн гэж өргөдөл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон.

1.3. Миний бие БНСУ-д хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг ба хүүгийн эмчилгээний зардалд мөнгөний хэрэг гараад байраа зарах гэсэн боловч мөнгөө авч чадахгүй хүнд нөхцөлд байна. Хариуцагч нар нь мөнгөө төлөх хүсэл зорилгогүй, бусдын орон сууцанд үнэ төлбөргүй өдийг хүртэл амьдарч байна.

1.4. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байрлах, 47.08 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн *******гийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байрлах, 47.08 м.кв талбайтай орон сууцыг бэлэн мөнгөөр 86,000,000 төгрөгөөр худалдан авахаар цахимаар тохиролцсоны дагуу *******гийн нөхөр болох *******гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн ба 9,625,100 төгрөг гарган *******аар засвар, тохижилт хийлгэсэн.

2.2. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцон 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нотариат дээр худалдагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзсан боловч худалдагч тал нь тухайн өдөр орон сууцыг бусдад түрээслэх гэрээ байгуулсан байсан учраас нотариатч гэрээг батлахаас татгалзсан. Энэ талаар нэхэмжлэгчтэй холбогдоход “мөнгөө хийчих, асуудлыг таны хэлснээр шийдье” гэсэн тул 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр *******гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд 50,000,000 төгрөг шилжүүлж, нийт 69,625,100 төгрөгийн урьдчилгаа төлсөн.

2.3. Гэтэл худалдагч тал нь тэдэнд итгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхдаа орон сууцны төлбөрийн дийлэнх хэсэг буюу 81 хувийг төлж, засвар тохижилт хийсэн фото зургийг үзээд интернэт орчинд тавьж орон сууц худалдах үнээ нэмж, суллаж өгөхийг шаардаж эхэлсэн.

2.4. Бид гэрээний үнийн дүнгийн дийлэнх хэсгийг төлсөн тул гэрээнээс татгалзах үндэслэлгүй ба үлдэгдэл 16,374,900 төгрөгийг төлөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх сөрөг нэхэмжлэлийг эхнэр *******гийн хамт гаргасан болно гэжээ.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Учир нь талууд амаар тохиролцож, эд зүйлээ харилцан солилцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэг тал нь байраа өгч, нөгөө тал нь төлбөрийн дийлэнх хэсэг буюу 60,000,000 төгрөгийг төлсөн учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д зааснаар шударга эзэмшигч нь өөрийн шаардлага, татгалзлаа хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй.

3.2. Орон сууцны үнийг анх 86,000,000 төгрөгөөр тохирсон ба энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн цахим сүлжээгээр харилцсан зурвасаар нотлогддог. Уг 86,000,000 төгрөгөөс 9,200,000 төгрөгөөр засвар хийсэн, 3 хүнд хоол хүнс орсон гээд 10,000,000 төгрөг болсон ба 76,000,000 төгрөг үлдсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар нотлогдоно. 2024 оны 02 дугаар сард тохиролцсон нь хэт өндөр үнэ гэж үзэж байна.

3.3. Хариуцагч *******, ******* нар нь гэрээ байгуулахаар нотариат дээр 2 удаа очсон боловч орон сууцыг бусдад түрээслэх гэрээ байгуулсан байсан, мөн итгэмжлэл дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаарыг зориудаар буруу бичсэн зэргээс болж нотариатч гэрээг батлахаас татгалзсан учир гэрээ байгуулж чадаагүй. Эдгээр үйлдлээрээ энэ хүмүүс хуурч мэхлэх, залилах санаатай байсан нь нотлогддог. Гэрээгээр халхавчлан залилан хийсэн.

3.4. Иймд хүний мөнгийг аваад хэрэгцээндээ хэрэглэсэн, орон сууцандаа засвар хийлгэсэн атлаа хариуцагч нарыг нэг ч төгрөг өгөхгүйгээр нэхэмжлэгчийн байранд амьдарч байгаа агуулгатай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

 

4. Хариуцагч *******, ******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

4.1. ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн *******тай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байрлах, 47.08 м.кв талбайтай орон сууцыг бэлэн мөнгөөр 86,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоны дагуу *******гийн нөхөр болох *******гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, *******гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж, орон сууцанд өөрийн хөрөнгөөр 9,625,100 төгрөгийн засвар, тохижилт хийж орсон. Үлдэгдэл 15,115,910 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

4.2. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцон 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нотариат дээр худалдагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзсан боловч тухайн өдөр орон сууцыг бусдад түрээслэх гэрээ байгуулсан байсан учраас нотариатч гэрээг батлахаас татгалзсан, мөн дараа нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дахин гэрээ хийх гээд нотариат дээр очиход нэхэмжлэгч нь “үлдэгдэл мөнгөө төлсний дараа итгэмжлэл явуулна” гэсний дагуу үлдэгдэл төлбөр болох 24,741,000 төгрөг бэлэн байгааг харуулан гэрээ байгуулах гэхэд итгэмжлэл дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний дугаарыг зориудаар буруу бичсэнээс болж мөн гэрээ байгуулж чадаагүй. Энэ талаар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хооронд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахаар удаа дараа оролдлого хийсэн.

4.3. Иймд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байрлах, 47.08 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр *******, ******* нар болохыг тогтоолгож, тус орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч *******, ******* нарт өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

5. Сөрөг нэхэмжлэлд холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардсан. Хариуцагч тал нь 26,000,000 төгрөгийг нотариат дээр авч очсон гэх боловч мөнгө бэлэн байсан талаарх баримт байхгүй. ******* орон сууц худалдахаар зар тавихаас өөр арга байгаагүй, дахин зар тавьсан үйл баримтад маргахгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт “та нартай ойлголцохгүй юм байна, байрны үнэд шилжүүлсэн мөнгийг буцааж өгье, та нар манай байрнаас гар” гэж хэлсэн байдаг боловч гараагүй.

5.2. Орон сууцны төлбөрийг талууд анх 95,000,000 төгрөгөөр тохирсон боловч хариуцагч ******* дураараа үнийг буулгаж “86,000,000 төгрөгөөр авна, эсхүл татвараа чи төл” гэдэг.

5.3. Тухайн байранд жил хүн амьдраагүй учраас орон сууцны ашиглалтын зардлыг төлөөгүй. Нэхэмжлэгч нь эгчийнх нь хүүхэд гадагшаа явахаар болсон тул түрээсийн гэрээ хийсэн боловч зарахаар болсон учраас түрээслэхээ больсон.

5.4. Хариуцагч тал 2 удаа нотариат орсон, мөнгө бэлэн байхад гэрчилгээ шилжүүлээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч *******гаас надад итгэмжлэл ирснээс хойш хариуцагч нар нь төлбөрөө төлөөд байраа шилжүүлж авах талаар огт холбогдоогүй.

5.5. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

6.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байрлах орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр *******, ******* нар болохыг тогтоолгож, тус орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч *******, ******* нарт өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчиж нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаар биш нэхэмжлэгчийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргасныг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийсэн.

7.2. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нотариатаар батлуулаагүй хуулбар баримт байх ба уг нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон.

7.3. Хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, төлбөрөө гүйцээж өгөхөөр удаа дараа нотариат дээр очиход нэхэмжлэгч тал тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар тохирсон өдрийн өглөө нь бусдад түрээслэх гэрээ хийсэн нь нотариат дээр илэрч хэргийн газраас зугтсан баримт байх бөгөөд үүнийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг улсын бүртгэлийн газраас авхуулах, энэ залилсан үйлдлийг шалгасан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг татан авхуулах хүсэлтийг тус тус гаргахад шүүгч хүсэлтүүдийг хүлээн авч захирамж гаргасан атлаа шүүгчийн захирамжид дурдсан материалууд хавтаст хэрэгт татагдан авагдаагүй байхад шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд гаргасан хүсэлтээсээ бичгээр татгалзахыг шүүх хуралдааны өмнө шаардсан хууль бус үйлдэл хийсэн.

7.4. Бусдын орон байранд огт төлбөр төлөөгүй дайран орсон мэт агуулгаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч тал нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 86,000,000 төгрөг төлөхөөс төлбөрийн дийлэнх хэсэг болох 60,000,000 төгрөгийг урьдчилж төлөөд үлдсэн төлбөрийг нотариатаар гэрээг батлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгүүлэхдээ төлөхөөр 2 удаа очиход нэхэмжлэгч талын санаатай үйлдсэн буруу ажиллагаанаас болж гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй үйл баримтыг зохигчид харилцан зөвшөөрч мэтгэлцсэн байхад шүүх хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

7.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн хангасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан материал болон харьяа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас дэлгэрэнгүй лавлагааг тус тус гаргуулах шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулан нотлох баримтыг хавтаст хэрэгт авхуулах ажиллагааг хийлгүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

8.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд худал тайлбар өгдөг. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь нотариатаар батлуулаагүй хуулбар баримт болох талаар давж заалдах гомдолд дурдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн түлхүүр хариуцагч талд хүлээлгэж өгөх явцад хариуцагчид тухайн гэрчилгээг өгсөн.

8.2. 2024 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч ******* нь надад итгэмжлэл олгосон тул миний бие хариуцагч *******тай холбогдож “үлдэгдэл төлбөрөө өгчих, гэрчилгээг чинь шилжүүлж өгье” гэж хэлэхэд ******* нь “орон сууцыг миний нэр дээр шилжүүлээд өгчих, түүнийг барьцаалан зээл авч, үлдэгдэл төлбөрөө төлье” гэж хэлсэн. Миний бие итгэмжлэлээр бусад этгээдийн өмчийг шилжүүлж болохгүй.

8.3. Мөн хариуцагч тал нотлох баримтын шаардлага хангасан баримт бичгийг цагдаагийн байгууллага болон улсын бүртгэлийн газраас гаргуулах тухай гомдолдоо дурдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хариуцагчид байгаа бөгөөд нэхэмжлэгч талд тухайн баримт байхгүй учир шүүхэд гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдсан асуудал хаагдсан бөгөөд энэ нь хэрэгт ач холбогдолгүй.

8.4. Анхан шатны шүүх хуралдаан хариуцагч талаас шалтгаалж 6-7 удаа хойшилсон. Хариуцагч тал шүүгч захирамжийг биелүүлээгүй гэж гомдолдоо тайлбарлаж байна. Тухайн захирамжийн биелэлтийн талаар шүүгч талуудын байлцахад хэлэлцсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул гомдолдоо шүүх буруутай гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

8.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байрлах, 47.08 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 2 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар “...уг орон сууцыг 86,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг төлж, орон сууцанд 9,625,100 төгрөгийн засвар тохижилт хийж, гэрээний үүргийн дийлэнх хэсгээ биелүүлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн агуулгаар татгалзжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч нарын худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тодорхой хэмжээний төлбөр төлсөн үйл баримтын талаар маргаагүй,  гэрээний тохиролцоо байхад хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 8852 дугаар эрүүгийн хэргээс төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн талаарх баримт, гэрчүүдийн мэдүүлгийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс, мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг улсын бүртгэлийн газраас тус тус гаргуулахаар хүсэлт гаргасныг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж дүгнэн Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 193/ШЗ2025/02292 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй байхад шүүх хуралдааныг хийж, маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн үндэслэлд хамаарна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хүсэлтээсээ татгалзсан талаар 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч тэдгээр баримтууд нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэж маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 193/ШШ2025/00620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,824 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР

 

                                                          ШҮҮГЧИД                                  Б.УУГАНБАЯР

 

                                           Ч.МӨНХЦЭЦЭГ