Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2026/0045

 

“И***” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт

малтмал, газрын тосны газрын Кадастрын

хэлтсийн даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                             Д.Батбаатар    

                                                                М.Батсуурь

                                                                Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                                Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0781 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2026/0123 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Ц.А, өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2026/0149 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“И***” ГХОХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 100 дугаар тогтоолоор ашигт малтмалын ашиглалтын МV-01*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг оруулан тусгай хэрэгцээнд авсан боловч “И***” ГХОХХК нь ашигт малтмалын ашиглалтын МV-01*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын МV-01*** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 100 дугаар тогтоолоор *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, отрын бэлчээрийн хилийн заагийг хавсралтаар тогтоосон байна.

2.2.”И***” ХХК-д Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр *** аймгийн *** сумын *** нэртэй газарт 4509.44 га талбайд MV-01*** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.

2.3.“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” УТҮГ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын  газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн (хуучин нэрээр) даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И***” ХХК-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

2.4.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс (хуучин нэрээр)-ийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И***” ХХК-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс “... Монгол Улсын  Засгийн газрын тогтоол 2009 онд гарсан байхад 2012 онд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн давхцал, зөрчилгүй, хуулийн шаардлага хангасан гэж үзэн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон олгосон. Ашигт малтмалын ашиглалтын MV-01*** дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон цагаас эхлэн манай компани нь төрийн эрх бүхий байгууллагуудад зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг тус тус ирүүлсэн ... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор олгохоор байхад олгоогүй, газрыг тусгай хэрэгцээнд авсан талаар мэдэгдэж байгаагүйтул  дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж үзэж нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны *** дугаар тушаал хүчингүй болж, манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хангагдана гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Төрийн захиргааны байгууллага “И***” ХХК-ийн өргөдлийг 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж, зураг зүйн шүүлт хийхэд хуульд заасан шаардлагыг хангасан, татгалзах зүйлгүй байсан тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Нэхэмжлэгч компани нь холбогдох газар болох тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллагад хандаж хүсэлтээ гаргаж байгаагүй. Энэ нь  хэрэгт авагдсан баримтаар нотлогддог ... Шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар шийдвэрээр “И***” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0781 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 26 дугаар зүйлийн 26.3.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

5.1.“... Нэхэмжлэгчээс хуульд заасан холбогдох байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй атлаа тусгай хэрэгцээнд авснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн гэх агуулгаар ашигт малтмалын ашиглалтын MV-01*** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.

5.2.Хэдийгээр хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан хэдий ч эхлээд шийдвэр гаргасан байгууллагатай нөхөн төлбөрийн асуудлыг мөнгөөр эсхүл дүйцүүлэх талбай олгох эсэхийг зайлшгүй тохиролцох шаардлагатай бөгөөд уг тохиролцоонд хүрээгүй тохиолдолд эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор байна. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “И***” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт хандан хүсэлт гаргасан байх боловч энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөх олговрыг авахтай холбоотой агуулга бүхий хүсэлтийг гаргасан гэж үзэхээргүй байна.

5.3.Эрх бүхий байгууллагуудад тусгай зөвшөөрөлтэй талбайгаа тусгай хэрэгцээнээс гаргуулах, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах агуулга бүхий хүсэлтүүдийг нэхэмжлэгчээс гаргаж байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасан шаардлагуудыг биелүүлсэн гэж үзэхгүй. Нэгэнт нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон, түүнчлэн нөхөх олговрыг тогтоосон хугацаанд нь төлөхтэй холбоотой харилцаа нэгэнт үүсээгүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.  

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2026/0123 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.“... Монгол Улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёсны зарчим болон нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх эрх шударгаар олж авах, өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчиж, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-14.6 дахь хэсгийн агуулга үзэл санаа болон хэрэгжүүлэх арга замыг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

7.2.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалт нь газрыг тусгай хэрэгцээнд авснаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглох, хязгаарлахаар тусгасан гэж ойлгогдохоор байна. Тодруулбал тусгай зөвшөөрөл бүхий газрыг эрх бүхий байгууллагаас улсын тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан болон хориглох ажлыг хэрэгжүүлсэн байхыг шаардсан зохицуулалт юм. Гэвч эрх бүхий байгууллагаас энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж хориглолт, хязгаарлалт хийхгүйгээс гадна мэдэгдэх, санал авах, сонсох ажиллагаа явуулалгүйгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 13 жил явуулж, хөрөнгө оруулалт хийсний дараа тусгай зөвшөөрөл эзэмшигчийг буруутгаж, өмчлөх эрхийг хамгаалахгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид заасан өмчлөх эрхийг хамгаалах зарчимд нийцэхгүй.

7.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2020/0164 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-14.6 дахь заалтуудыг тайлбарласан бөгөөд тухайн маргаан нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг давхцуулан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан үйл баримттай ижил буюу тухайн үед ашиглалтын тусгай зөвшөөрөл нь дээрх тогтоол гарснаас шалтгаалан хүчингүй болсон асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага өөр хэмээн тайлбарласан нь бодит байдалд нийцээгүй. Нэхэмжлэлийн шаардлага адилхан, үйл баримтууд нь зөрөөгүй. Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй.

7.4.Дээрх тогтоолд “... газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг 2009 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн, уг саналд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авахаар тусгасан, тухайн үед уг газарт ... өөр бусад аж ахуйн нэгжийн нийт 6 тусгай зөвшөөрлийн талбай бүрэн болон хэсэгчлэн давхцалтай байсан, газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхөх олговрын асуудлаар урьдчилж шийдвэрлэх, үүний дараа улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2009 оны ХЭГ/22 дугаар албан бичгээр буцаасан, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нараас дээрх тогтоолын төслийг дахин боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн, ... аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авч зөвхөн өвөл, хаврын улиралд мал оторлуулах зорилготой учир ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, ... газруудын байршил нь өөр хоорондоо давхцаж байгаа нь ямар нэгэн хүндрэл бэрхшээл учруулахгүй гэх санал дүгнэлтээр Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 100 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 124.4 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар авсан нь хэрэгт авагдсан ...” гэж нотлох баримтуудыг дүгнэсэн.

7.5.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоол гарах үндэслэл болон түүнтэй холбоотой баримтуудад тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн тогтоолд “... нийтийн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын талаар: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д ... зааснаас үзвэл, хуулиар тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хөрөнгийн эрх нь Ашигт малтмалын тухай хуулиар тусгайлан хамгаалагдсан гэж үзэхээр байна.” гэж хуулийн зүйл, хэсэг, заалтуудыг тайлбарласан байхад шүүхийн шийдвэр, магадлалд газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага болох Монгол Улсын Засгийн газартай нөхөх олговрын асуудлаар тохиролцоонд хүрсний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах асуудлыг хөндөх нь зүйтэй буюу “... нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад нөхөх олговортой холбоотой асуудлаар өргөдөл, хүсэлт гаргах, эрх бүхий байгууллагаас нөхөх олговор олгохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбогдуулан  гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй” гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг Улсын дээд шүүхийн тогтоосон жишгээс өөрөөр хэрэглэсэн байна.

7.6.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах буюу эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад шүүхүүд төрөл, онцлог шинж, үндэслэлд холбогдуулан дүгнэлт хийлгүй, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн ..., нэхэмжлэгчийн “... Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх ...” нэхэмжлэлийн шаардлагыг өмнө шүүхээр шийдвэрлэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлүүдэд хамаарахгүй талаар дурдсан байдаг.

7.7.Улсын дээд шүүхийн 2020 оны 001/ХТ2020/0164 дүгээр тогтоолын 15-д “Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхөх олговрын асуудлаар урьдчилж шийдвэрлэх, үүний дараа газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2009 оны ХЭГ/22 дугаар албан бичгээр буцаасан, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нараас дээрх тогтоолын төслийг дахин боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн, ... аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авч зөвхөн өвөл, хаврын улиралд мал оторлуулах зорилготой учир ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, ... газруудын байршил нь өөр хоорондоо давхцаж байгаа нь ямар нэгэн хүндрэл бэрхшээл учруулахгүй гэх санал дүгнэлтээр 100 дугаар тогтоол гарсан ...” талаар дурдсан болохыг анхаарна уу.

7.8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд үүнийг шүүх хуралдаанд тайлбарласан боловч уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дүгнэлт хийгээгүйд гомдолтой. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан үйл ажиллагаагаа нэхэмжлэгч үргэлжлүүлэн явуулж болохгүй шалтгаан нөхцөлийг Улсын дээд шүүхээс өөрөөр тайлбарлаж шийдвэр, магадлал гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч тал “гомдол үндэслэлгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

11.Энэ хэргийн тухайд, өмнө нь шийдвэрлэгдсэн хэргийн үйл баримтаас ялгаатай байх тул “Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдсонгүй, харин хяналтын шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг тайлбарлаж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

12.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус заажээ.

13.Дээрх хуулийн зохицуулалт нь системчлэлийн хувьд нэг нь нөгөөгөө эш татсан, хоорондоо шууд холбоотой байх тул хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нь 14.4-т зааснаар “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамааралтай” гэж үзнэ.

14.Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын/ашиглалтын талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллага нь нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх ба хэрэв тогтоосон хугацаанд (14.5-д зааснаар) төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж үзнэ.

15.Хэргийн үйл баримтын тухайд, анх Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XR-00*** дугаартай тусгай зөвшөөрлийг иргэн Э.О***д олгосон, 2007 оны 2023 дугаар шийдвэрээр “И***” ГХОХХК-д шилжүүлсэн байна.

16.Нэхэмжлэгчийг энэхүү хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байх үед (тэрбээр хайгуулын үйл ажиллагаанд их хэмжээний зардал гаргасан, мөн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан талаар тайлбарладаг) Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 100 дугаар тогтоолоор тухайн тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан байх тул нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар холбогдох байгууллагаас нөхөх олговор шаардах эрхтэй.

17.Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 100 дугаар тогтоол гарсны дараа Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “И***” ГХОХХК-д MV-01*** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.

18.Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” УТҮГ-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн (хуучин нэрээр) даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И***” ГХОХХК-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасны дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0839 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 116 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

19.Дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “И***” ГХОХХК-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл (MV-01***) олгох тухай” *** дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

20.Ийнхүү нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, ашиглалтын талбай нь улсын тусгай хэрэгцээнд хэвээр байгаа энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэсэн зохицуулалт үйлчлэхгүй юм.

21.Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2020/0164 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн “И*** г***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, ... нарт холбогдох захиргааны хэргийн тухайд, нэхэмжлэгч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байснаараа энэхүү хэргийн үйл баримтаас ялгаатай байна.

22.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэн, эрх бүхий этгээд тогтоосон хугацаанд нөхөх олговор олгоогүй тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй болохыг тогтоох үндэслэлтэй ...” гэсэн агуулга бүхий (Тодорхойлох хэсгийн 7-д) хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

23.Анхан болон давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэгчээс хуульд заасан холбогдох байгууллагад (нөхөх олговор авах агуулгаар) хүсэлт гаргаж байгаагүй атлаа тусгай хэрэгцээнд авснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн гэх агуулгаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахаар маргаж буй нь үндэслэлгүй, ... шүүхийн шийдвэрийг үндэслэж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны *** дугаар шийдвэрийг хүчингүй болгох болон Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах нөхцөл бүрдээгүй байна ...” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

24.Мөн шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч нөхөх олговрын асуудлаар маргахад эдгээр шүүхийн шийдвэрүүд саад болохгүй.

25.Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0781 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2026/0123 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                           Д.БАТБААТАР

                                                                                                                    М.БАТСУУРЬ

                                                                                                                    Ц.ЦОГТ

                                                                                                                    Г.БАНЗРАГЧ