Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 139

 

Г.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар магадлалтай, Г.Б-т холбогдох 2218003070008 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Б нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ийг хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-т оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ээс 89,655,951 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “1.Шүүгдэгч Г.Б-ийн хуурамч диплом ашигласан үйлдэл нь 2013 оноос 2022 он хүртэл үргэлжилсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Гэтэл Улсын Их хурлаас 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн баталж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... боловсролын үнэмлэх, диплом” гэсэн заалт шинээр орж ирсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэгт “...боловсролын үнэмлэх, диплом” гэсэн заалт байгаагүй тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар шүүгдэгч Г.Б-ийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх “хуурамч диплом ашигласан” үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус зааснаар 2017 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх дээр мэтгэлцсэн боловч энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Гэмт хэргийн үргэлжилсэн хугацаанд Эрүүгийн хуульд өөрчлөлт орж, хэргийг 2002 оны хуулиар зүйлчлэх зөв эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхад шүүх дүгнэлт хийхгүй орхигдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор байна.

Дээрх гомдолд дурдсан үндэслэлээр хуулийг хэрэглэсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцсон 89,655,951 төгрөгөөс 2013.09.02-ноос 2017.07.01-ний өдөр хүртэл хугацаанд авсан 38,883,953 төгрөгийн цалинг хасаж тооцох үндэслэлтэй байна.

2.Шүүгдэгч Г.Б нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 дугаар сургуулийн сургалтын менежер албан тушаалд томилогдохдоо төрийн албан хаагчийн анкетын 2-т боловсролын талаарх мэдээлэл хэсэгт МУИС болон Мандах бүртгэл дээд сургуулийг ня-бо, бизнес удирдлага мэргэжлээр төгссөн гэж бичсэн байдаг ба Ерөнхий боловсролын сургуулийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтын “Тавигдах шаардлага” хэсэгт Боловсрол: Бакалавраас доошгүй зэрэгтэй гэжээ.

Г.Б нь шалгалт өгч, аймгийн Боловсрол Соёл урлагийн газрын даргын 2018.07.09-ний өдрийн А/25 тушаалаар 5194501027300217 дугаартай “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхийг /хх-187/ 2018 оны 10 сарын 02-ны өдөр авсан, мөн 2020.05.25-ын өдөр Хүмүүнлэгийн Их сургуулийн захирлын А/30 тушаалаар Хүмүүнлэгийн ухааны магистрын зэргийг авсан байна.

Дээрх нотлох баримтаас харахад Г.Б нь ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд сургалтын менежерээр ажилд орохдоо МУИС-ын хуурамч диплом болон Мандах бүртгэл сургуулийн хүчинтэй дипломыг мөн л ашиглаж сургалтын менежерийн албан тушаалд томилогдсон байх ба ийнхүү томилогдсоноос хойш нэг ч удаа багшийн ажил хийгээгүй, зөвхөн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах буюу удирдах ажил хийсэн байна. Өөрөөр хэлбэл хуурамч диплом буюу түүхийн мэргэжилтэй холбоогүй ажил албан тушаал эрхэлж байсан буюу бизнес удирдлага мэргэжлээрээ дагнан ажилласан байна. Эндээс түүний хуурамч диплом ашигласан үйлдэл нь 2022 онд ажлаас халагдсанаар төгссөн үү, эсвэл 2018.07.09-ний өдөр “Тэргүүлэх багш” мэргэжлийн үнэмлэх авснаар төгссөн үү гэсэн гэмт хэргийн үргэлжлэх хугацааг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн.

Ялангуяа 2018.10.02-ны өдөр “Багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх авснаар бакалавраас доошгүй зэрэгтэй байх, багш мэргэжилтэй байх ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байхад түүнийг хуурамч баримт ашиглах үйлдлийг ажилд томилогдсоноор эхэлж, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр уг ажлаас чөлөөлөгдсөнөөр таслан зогсоогдсон гэж дүгнэсэн шүүгчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.

Иймд гэмт хэрэг үргэлжилсэн цаг хугацааны хувьд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Г.Б-ийн хуурамч диплом ашигласан үйлдэл нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажилд томилогдсоноор эхэлж, 2018.10.02-ны өдөр “Багш” мэргэжлийн үнэмлэх авснаар төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцсон 89,655,951 төгрөгөөс шүүгдэгчийн 2018.10.02-ны өдрөөс хойш авсан цалин хөлс болох 2018 оны 10,11,12 сарын цалин 2,610,000 төгрөг, 2019 оны 14,270,0054 төгрөг, 2020 оны 16,516,441 төгрөг, 2021 оны 16,694,406 төгрөг, 2022 оны 11,766,022 төгрөг, нийт 61,856,923 төгрөгийг хасаж, 27,799,028 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

3.Анхан шатны шүүх “... сургалтын менежерээр ажиллаж, 89,655,951 төгрөгийн цалин хөлс авсан болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл хуурамч баримт бичиг ашиглан 89,655,951 төгрөгийн хууль бус орлого олсон гэж үзэх үндэслэлтэй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт цалин хөлс авах: иргэний эрхийг баталгаажуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах:” эрхтэй гэж заасан.

Шүүгдэгч Г.Б нь хуурамч баримт бичиг ашиглаж ажилд орсон боловч зүгээр сууж байгаад тэтгэвэр тэтгэмж авсан бол маргах юм байхгүй. Гэтэл шүүгдэгч нь дээрх 89,655,951 төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор сургалтын менежерийн албан үүргийг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцүүлэн биечлэн гүйцэтгэснийхээ төлөө цалин хөлсөнд авсан тул уг цалинг бүхэлд нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж бүдүүн баргаар дүгнэж боломжгүй.

Шүүгдэгч ажиллаж байх хугацаандаа сургуулийн ажлыг унагаж байгаагүй, алдаа дутагдал гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан зан байдлын тодорхойлолт, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд түүний хууль бусаар олсон орлогоос ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож цалин хөлсийг хасаж тооцох нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Энэ тохиолдолд 2013.09.01-нээс 2016.12.31-ний хооронд 40 сар х 192,000 = 7,680,000 төгрөг, 2017.01.01-нээс 12.31-ний хооронд 24 сар х 240,000 = 5.760,000 төгрөг, 2019.01.01-нээс 2019.12.31-ний хооронд 12 сар х 320,000 = 3,840,000 төгрөг, 2020.01.01-нээс 2022.08.23-ны хооронд 32 сар х 420,000 = 13.440,000 төгрөг, нийт 30,720,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцсон 89,655,951 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй байсан.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулна.” гэж зааснаас харахад гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой уялдуулж хуульчилсан байна. Гэтэл энэ хэрэгт бусдад учруулсан хохирол тогтоогдоогүй тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ мөн тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээг авсан цалингийн хэмжээгээр тогтоосон нь хуулийг буруу хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүх анхан шүүхийн алдааг залруулаагүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан 3 дахь үндэслэлтэй санал нийлэхгүй байна. Хохирогчийн зүгээс материаллаг хохирол нэхэмжлээгүй боловч олон мянган хүүхдийн хувь заяа, сургуулийн нэр хүнд, Дархан-Уул аймгийн боловсролын салбарын нэр хүндтэй холбоотой бодит бус хохирлыг тооцох аргагүй юм. Сургуулийн зүгээс шүүгдэгчийн зан байдлын тодорхойлолтыг гаргаж өгөөгүй, харин шүүгдэгчийн харъяалагддаг үйлдвэрчний эвлэлийн салбар зөвлөлөөс гаргаж өгсөн гэдгийг албан бичгээр уламжилсан” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор С.Батсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байна. Шүүгдэгч Г.Б 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар гэмт хэрэг төгссөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Г.Б-ийн хувьд ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод тавигдах шаардлагыг зөрчиж санаатайгаар хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг үйлдсэн, энэ үйлдлийн улмаас цалин хөлс авах эрх нь нээгдсэн бөгөөд хууль бус үйлдлийн улмаас авсан ашгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс сургалтын менежерийн албан тушаалд томилогдон ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг гаргуулж тооцохдоо нийгмийн даатгалын нэрийн дансанд төлсөн мөнгийг шийдвэрлээгүй орхисон. Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг төрд учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зөрүүгээр тооцох, эсхүл бүхэлд нь хураан авсан аль ч тохиолдолд тухайн цалин хөлсөнд тохирсон нийгмийн даатгалын санд шилжүүлсэн шимтгэлийг гаргуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг зөв тодорхойлох үндэслэл болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй,  мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Их Сургуулийн 1297 бүртгэлийн дугаартай, 9800825 серитэй дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдож, улмаар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажиллахдаа 89,655,951 төгрөгийн хууль бус орлого олсон болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Б-ийг хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийн нотлогдсон байдлыг хянаж үзэхэд шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Их Сургуулийн 1297 бүртгэлийн дугаартай хуурамч дипломыг ашиглан Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежерээр ажилд томилогдсон болох нь хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /1 дэх хавтаст хэргийн 44-69 дэх тал/, Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ажилд томилсон тухай тушаал /1 дэх хавтаст хэргийн 136 дахь тал/, гэрч Ш.Б, Ц.Ц, Д.Ч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 11-12, 20-23, 27 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт, Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 229 дугаартай албан бичиг, хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн 134-143 дахь тал/, Монгол Улсын Их Сургуулийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2/1199 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 103-108 дахь тал/, Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/57 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/, шүүгдэгчийн 2001 оны 1 сараас 2022 оны 08 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн 170-180 дахь тал/, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн цалингийн тооцооны карт /1 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

5.Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Их Сургуулийн 1297 бүртгэлийн дугаартай, 9800825 серитэй дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдон ажилласан гэмт хэрэг нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр уг албан тушаалд томилогдсоноор эхэлж, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл уг албан тушаалаас чөлөөлөгдөх хүртэл үргэлжилсэн бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан 233 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт ашиглах” болон 2015 оны Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

6.Шүүгдэгч Г.Б нь 2012 онд Мандах бүртгэл дээд сургуулийг нябо, бизнес удирдлагын мэргэжлээр, 2020 онд Хүмүүнлэгийн дээд сургуулийг боловсрол судлалын мэргэжлээр тус тус төгссөн нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд тавигдах “Багш” байх үндсэн шаардлагыг хангаагүй байна.

7.Түүнчлэн Г.Б нь Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежерээр ажиллах хугацаандаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газраас зохион байгуулсан багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдаж, “Арга зүйч багш”, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг авсан нь түүний үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх, өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын сургуулийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан “Багш” байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэв.

8.Анхан шатны шүүх Ш.Б-ийн хуурамч диплом ашиглан 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сургалтын менежерээр ажиллах хугацаанд авсан 89,655,951 төгрөгийн цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус орлоготой адилтган үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд өмгөөлөгч П.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Ч.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН                                                                

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Б.ЦОГТ