| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 318/2025/00593/и |
| Дугаар | 224/МА2025/00032 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 224/МА2025/00032
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Увс аймгийн Х сум дахь ойн ангид
холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 318/ШШ2025/00709 дүгээр шийдвэртэй,
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн ангид холбогдох, “Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг нийт 719,049.87 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 719,049.87 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Э” ХХК нь Увс аймгийн Х сумын байгууллагуудыг дулаан эрчим хүчээр хангах буюу нэгдсэн халаалтын үйл ажиллагааг 2018 оноос хойш эрхлэн явуулж байгаа бөгөөд 2023 онд тус сумын Ахлах сургуулийг дулааны эрчим хүчээр хангах тухай “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ №2”-ийг 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шинэчлэн байгуулсан. Тус гэрээгээр хангагч байгууллага нь гэрээгээр тогтоосон хугацаанд хэрэглэгчийн 11,071.60 м.куб талбайг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэгч байгууллага нь гэрээгээр тохиролцсон дулааны төлбөрийг тухайн сар бүрийн эцэст гэрээгээр тогтоосон үнэ, тариф (1м.куб тутамд НӨАТ-тай 1,496 төгрөг)-ын дагуу тооцон төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг.
Гэрээний хэрэгжилтийн явцад Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл /УАЭХЗЗ/-ийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №07 тогтоолоор Х сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн баталж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №16 тогтоолыг хүчингүй болсныг мэдэгдэж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дээрх тогтоолоор шинэчлэн батлагдсан үнэ, тариф /1м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөг/-ыг мөрдөж ажиллахыг манай компанид үүрэг болгон даалгасан. Тус тогтоол нь Хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн нэгдсэн бүртгэлд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6280-т бүртгэгдэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны 20 дугаарт нийтлэгдсэн болно.
Энэхүү дулааны үнэ тарифын асуудал нь Эрчим хүчний тухай хуулийн 27.5 болон 28.5-т заасны дагуу зохицуулагддаг бөгөөд энэ талаар талууд гэрээгээр тохиролцсон буюу мөн гэрээний 4.1-т: Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ, тарифыг мөрдлөг болгон ажиллахыг тодорхой тусгасан байдаг. Ингэснээр хэрэглэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн буюу 2023 оны 9-12 дугаар саруудын дулааны төлбөрийг төлөхдөө дээр дурдсан шинэчлэн батлагдсан 1 м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөгийн үнэ тарифыг мөрдөж холбогдох төлбөр тооцоог хийх ёстой байсан боловч дээрх хуулийн болон гэрээний заалтад заасны дагуу шинэчилсэн үнэ тарифыг мөрдөж толбор тооцоог бүрэн барагдуулаагүйгээс гадна /доорх хүснэгтэд дурдсан/ нийт 479,366.58 төгрөгийн дулааны төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд манай компанид төлж барагдуулаагүй хэвээр байна.
Түүнчлэн гэрээний 4.5-т заасны дагуу алданги тооцох нөхцөл бүрдсэн бөгөөд ийнхүү тооцохдоо Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан хэрэглэгчээс хугацаа хоцорсны алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 50 хувь болох нийт 239,683.29 төгрөгийн алдангийг бид нэхэмжилж байна. Иймд дулааны төлбөрийн үлдэгдэл 479,366.58 төгрөг, алданги 239,683.29 төгрөг, нийт 719,049.87 төгрөгийг хэрэглэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн ангийн дарга А.Т анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус сум дахь сум дундын ойн ангийн байрыг дулааны эрчим хүчээр хангахаар 07 тоот гэрээг Э ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хоёр тал харилцан зөвшөөрч баталгаажуулсан.
Гэвч Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот тогтоолоор үнэ тариф шинэчлэн баталж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөхөөр заасан байдаг. Дээрх тогтоол нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэсэн заалтыг хангахгүй байна.
Иймээс манай байгууллага энэхүү хуулийн заалтыг мөрдөж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 тоот гэрээний үүргээ биелүүлж сар бүр хуваарийн дагуу төлбөрөө тогтмол төлсөн болно” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 318/ШШ2025/00709 дүгээр шийдвэрээр:
- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн, хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн ангид холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 719,049.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг бодитоор харьцуулан үзэж, шинжлэн судлаагүй бөгөөд хариуцагч талаас гэрчээр хоёр этгээдийг оруулсан нь нэхэмжлэгч талаас оруулсан нэг гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болгож, мөн түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ Иргэний хуулийн 236.1.2 гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг гаргаж байна.
Талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээ байгуулагдах үед мөрдөгдөж байсан Аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан дулааны үнэ тарифт өөрчлөлт орж, 2023 оны 9 сарын 15-ны өдрөөр тус тариф нь хүчингүй болж, шинэ дулааны үнэ тариф мөрдөгдөж эхэлсэн байдаг. Тус үнэ тариф баталсан тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний акт бөгөөд уг тогтоолыг /захиргааны хэмжээний акт/-ыг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар хариуцагч болон бусад этгээдээс захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.
Шинэ үнэ тариф мөрдөгдөж эхэлснээр хуучин тарифаар төлбөр төлөх ойлголт байхгүй бөгөөд хариуцагч талаас хүчин төгөлдөр бус болсон үнэ тариф /захиргааны хэм хэмжээний акт/-ыг мөрдөж санхүүгийн нэхэмжлэх үүсгэх, төлбөр төлсөн гэх явдал нь нэг талаас хууль зөрчсөн үйлдэл болох бөгөөд нөгөө талаас Иргэний 243.1, Эрчим хүчний тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, талуудын байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөрөө дутуу төлсөн буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх нөхцөл байдал үүсгэх бөгөөд уг дутуу төлбөрийн үүргийг гүйцэтгэвэл зохих хугацаа өнгөрснөөр хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн, зохих ёсоор биелүүлээгүй буюу нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй болох юм.
Иймд нотлох баримтыг бодитоор үнэлж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн ангид холбогдох иргэний хэрэг маргаанд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн миний бие хариуцагч талын “нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоос нэхэмжлэлийн үндсэн дүн болох 479,366.58 төгрөгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх, алданги 239,683.29 төгрөгийг төлөхөөс татгалзах” санал ирүүлснийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэхэмжлэлийн үндсэн үнийн дүнгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн ангийн дарга А.Т давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х сум дахь ойн ангид холбогдох иргэний хэрэг маргаанд хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч А.Т миний бие нэхэмжлэгч “Э” ХХК-тай нийт алдангиас татгалзаж, нэхэмжлэлийн үндсэн дүн болох 479,366,58 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн тул тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн ангид холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 719,049.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн анги эс зөвшөөрч маргасан байна.
2. Анхан шатны шүүх 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 318/ШШ2025/00709 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн, хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн ангид холбогдох, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 719,049.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 719,049.87 төгрөгөөс 479,366.58 төгрөгийг төлөх талаар гаргасан хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн ангийн саналыг нэхэмжлэгч “Э” ХХК зөвшөөрч, талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч, энэ талаарх тайлбараа тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т: Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцэж буй шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасны дагуу Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 318/ШШ2025/00709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 719,049.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн анги 479,366.58 төгрөгийг төлөх талаарх зохигчдын эвлэрийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 318/ШШ2025/00709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн анги нь нэхэмжлэгч “Э” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 719,049.87 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас 479,366.58 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж,
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сум дахь ойн ангид холбогдох, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 719,049.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,807 /хорин нэгэн мянга найман зуун долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү магадлалд зохигчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН