Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01514

 

 

     

*******, *******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05936 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 73,460,835 төгрөг болон 44,197,128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******-тай анх 2014 оны 05 сарын 27-ны өдөр Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ******* дүүргийн ******* хороонд баригдах барилгын ******* байр ******* орцны ******* тоот 48.31 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг 2,714,865 төгрөгөөр тооцож нийт 131,155,176 төгрөгөөр тооцож,

******* нь *******-тай анх 2015 оны 01 сарын 23-ны өдөр 14/33 дугаартай Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ******* дүүргийн ******* хороонд баригдах барилгын ******* байр ******* байрлах ******* тоот 97.95 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг 2,549,983 төгрөгөөр тооцож нийт 249,770,835 төгрөгөөр тус тус захиалан бариулахаар тохиролцож, гэрээний нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэгчид төлөх ёстой бүх төлбөрийг төлж Улаанбаатар хотын банкны ипотекийн зээлд хамрагдсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн боловч ажил гүйцэтгэгч ******* нь гэрээгээр тохиролцсон чанартай барилга бариагүй бөгөөд оршин суугчид амьдарч эхэлснээс хойш ажлын гүйцэтгэл буюу үр дүнд байнга доголдол гарах болсон. ******* нь барилгын ажлыг хариуцан гүйцэтгэх явцдаа тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай /2008/ хуулийн 9,10,11,13 дугаар зүйл болон 2016 оны 02 сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Барилгын тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан шаардлагууд болон бусад холбогдох барилгын норм, дүрмийг дагаж мөрдөөгүй, барилгын ажлыг батлагдсан зургийн дагуу гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй барилгыг барьж ашиглалтад оруулсан болох нь ашиглалтын явц болон Нийслэлийн хот төлөвлөлтийн газрын шалгалтаар тогтоогдож байгаа бөгөөд ашиглалтын явцад болон шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгахад хангалттай их зардал гарах төдийгүй цаашид гэрээгээр тохирсон хэмжээний чанарын доголдолгүй хэвийн үр дүн гарахгүй нь илт байгаа бөгөөд одоо ******* нь уг орон сууцыг 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Барилга төсөв, хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн үнэлгээгээр *******гийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* байр ******* байрлах ******* тоот 97.95 м.кв орон сууцны үнэлгээний дүнг 2017 оны байдлаар 146,160,000 төгрөг, *******ын өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* байрны ******* орцны ******* тоот 48.31 м.кв орон сууцны үнэлгээний дүнг 2017 оны байдлаар 88,262,370 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Иймд тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ, үнэлгээний дүнг харгалзан ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас ажлын үр дүн буюу орон сууцны үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн *******гийн ажил гүйцэтгэгчид төлсөн хөлс 249,770,835 төгрөгөөс илүү төлсөн 73,460,835 төгрөг болон *******ын ажил гүйцэтгэгчид төлсөн хөлс 131,115,176 төгрөгөөс илүү төлсөн 42,852,806 төгрөгийг тус тус хариуцагч *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байршилтай ******* орон сууцыг Барилгын тухай хууль болон Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу барилгын зураг төслийг БНХАУ-д хийлгэж, эрх бүхий байгууллагаар батлуулан, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, Монголд анхны ган карказан бүтээцээр Барилгын тухай хууль, стандарт, чанарын шаардлага хангасан 217 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан шиг муу барилга барьсан бол улсын комисс хүлээн авахгүй. ******* нь 2015 оны 01 сарын 23-ны өдөр №14/33 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг хариуцагчтай байгуулж 97.95 м.кв талбайтай орон сууц, ******* нь 2014 оны 05 сарын 27-ны өдрийн №14/014 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 48.31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус худалдан авсан.

*******тэй байгуулсан гэрээний 3.1-д гүйцэтгэгч тал хавсралтад заасан орон сууцыг иж бүрэн чанар сайтай, биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх үүргийг, 3.2-д ...захиалагчийн сонгосон ******* дүүргийн ******* хороонд баригдах барилгын ******* орцны ******* тоотын 97.95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг батлагдсан төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгнө, ******* орон сууцыг гэрээний 3.1-д заасан хугацаанд буюу 2014 оны 12 сарын 25-ны өдөр барьж дуусган, 2015 оны 01 сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн ба улсын комисс барилга, орон сууцыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дараа орон сууцыг худалдан авах гэрээг *******тэй байгуулсан.

*******тай байгуулсан гэрээний 3.1-д ...хавсралтад заасан загвар бүхий орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж ... захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг, 3.2-д захиалагчийн сонгосон ******* дүүргийн ******* хороонд баригдаж байгаа *******үйлчилгээтэй орон сууцны барилгын ******* орцны ******* тоотын 48.31 м.кв ашигтай талбай бүхий 2 өрөө орон сууцыг ... батлагдсан төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгнө, 3.5-д Монгол улсын Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын чанарын баталгаат хугацааг гурван жилийн дотор гаргаж өгөх бөгөөд барилгын үндсэн хийц, гадна дотно өрлөг, цонх, хаалга, дотоод засал, цахилгаан, сантехникийн шугам тоноглолын эвдрэлийг өөрийн зардлаар засварлаж өгөх зэрэг үүргийг хүлээсэн ба хариуцагч гэрээний үүргээ тус тус биелүүлсэн.

Хариуцагч ******* зориулалтын дагуу ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй, орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн тул одоог хүртэл уг сууцандаа амьдарч байгаа.

Иймд *******д 15,000,000 төгрөг, *******д 10,000,000 төгрөг төлөхийг тус тус зөвшөөрч, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 32,432,347 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д, 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д тус тус олгож, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлээс 41,028,488 төгрөг, *******ын нэхэмжлэлээс 34,197,128 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гээс төлсөн 833,054 төгрөг, *******аас төлсөн 378,940 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 320,111 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д, 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 101/Ш32023/08892 дугаартай захирамжаар ******* ХХК-ийг шинжээчээр томилж, нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны доголдол, уг доголдлын улмаас орон сууцны үнэ буурсан эсэхийг тогтоолгохыг шинжээчид даалгасан.

******* ХХК нь 2024 оны 05 сарын 21-ний өдөр ШД08/24 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргаж ... нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* байрны ******* тоотод байрлах 97.95 м.кв талбайтай орон сууцны үнийг 2017 онд 106,018,776 төгрөг, 2023 онд 217,338,488 төгрөгийн үнэтэй болсон гэж тогтоосон байдаг.

******* нь *******-тай 2015 оны 01 сарын 23-ны өдөр 14/33 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж ******* байрны ******* тоотын 97.95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авсан.

******* ХХК нь *******гийн орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв талбайгаар тооцож үнэлгээг тогтоосон тухайгаа 2024 оны 05 сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэндээ дурдсан.

Шүүх ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон орон сууцны үнийг бууруулж зөрүү мөнгийг тооцон гаргахдаа талбайн хэмжээг 17.95 м.кв дутуу тооцсон байгааг анхаарч үзээгүйгээс хариуцагчаас илүү мөнгө гаргасан нь учир дутагдалтай болсон.

Өөрөөр хэлбэл, ******* нь 2015 онд 97.95 м.кв талбайтай орон сууцыг 249,770,835 төгрөгөөр худалдан авсан, уг орон сууцны үнэ 2023 оны байдлаар орон сууцны үнэ 217,338,480 төгрөг болсон гэж ******* ХХК нь үнийг тогтоохдоо орон сууцны талбайн хэмжээг 97.95 м.кв тооцоогүй, 80 м.кв талбайгаар тооцсоноос 5,943,459 төгрөгийг хариуцагчаас илүү тооцож гаргуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч *******-аас 32,432,347 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэснийг хариуцагчаас 26,488,888 төгрөгийг гаргуулан гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан тайлбарын агуулга: Анх зээлд хамрагдахдаа үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, ******* 80 м.кв талбайтай орон сууц олгоно гэх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэвч орон сууцны чанар маш муу байсан. Бид 2014 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайн үед *******-ийн захирал ******* гэрээний тамга дарсан хувийг өгөөгүй учраас анхан шатны шүүхэд эх хувиар гаргаж өгөх боломжгүй болсон. Анхны хөрөнгө оруулалтын гэрээний хавсралтыг 2014 оны 06 сарын 13-ны өдөр хийхдээ канондсон хуулбарыг захиалагч нарт өгсөн. Уг хуулбарт тамга байхгүй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үед хавсаргаж чадаагүй.

2015 оны 01 сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан гэх үндэслэлээр ******* биднийг бэлэн болсон орон сууц худалдаж авсан гэж мушгин гуйвуулж, асуудлыг өөрөөр тайлбарлаж байна. Бодит байдалд 2014 оны хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн ба *******-аас гэрээний эх хувийг тамгатайгаар гаргаж өгөхийг шаардсан. Маргаан бүхий орон сууцны хамгийн гол нь чанар маш муу байна. Хагас сайн өдрийн шөнө 03 цагийн үед гал хамгаалагч шатсанаас болж өнөөдрийг хүртэл тоггүй байна. Уг асуудлыг хариуцах газар байхгүй. Анх ******* ХХК цахилгааныг хариуцдаг байсан боловч дийлэхээ больж, Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт шилжүүлсэн, гэтэл хүлээн авч чадахгүй гэж мэдэгдсэн. Тухайн орон сууц таван жил ил цахилгаантай ажиллаж байгаад дахин тоггүй болж, өнөөдрийг хүртэл цахилгаангүй байсаар байна. Анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед 10 нэхэмжлэгчтэй 9 айл амьдарч байсан. Гэвч бусад 7 айл амьдрах боломжгүй учраас орон сууцаа худалдсан. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа би 73,460,835 төгрөг нэхэмжилсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 32,000,000 төгрөгийг шийдвэрлүүлсэн. Хариуцагч тал барилгын чанар, стандартын талаарх асуудлыг огт ярихгүй, зөвхөн м.кв-ын үнэлгээгээр асуудлыг авч үзээд байгааг компанийн алдаа гэж үзэж байна гэжээ.

 

5.1. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******ын гаргасан тайлбарын агуулга: Уг орон сууц нь цахилгааны асуудалтай. Хариуцагч талтай эвлэрэх гэрээ байгуулах үед 11,000,000 төгрөгийн санал тавьсан. Тухайн үед би байгаагүй учраас нөхрөө явуулахад хүлээн зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх 11,000,000 төгрөгийг анзаарахгүй, 10,000,000 төгрөгөөр шийдвэрлэсэн бөгөөд тогны асуудал одоо ч гэсэн байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******нар нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажлыг чанар муутай доголдолтой гүйцэтгэсэн тул ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас ажлын үр дүн буюу орон сууцны үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид илүү төлсөн мөнгө нийт 574,250,317 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******нар хариуцагч *******-тай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан тул анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч *******-д холбогдох иргэний хэргээс нэхэмжлэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******нарын нэхэмжлэлийг тусгаарлаж, тэдгээрийн эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

3. Хариуцагч *******-д холбогдуулан нэхэмжлэгч ******* 73,460,835 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч *******, ******* нар 44,197,128 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээгээр илэрсэн доголдлыг эхлээд засварлуулах шаардлага гаргаад засварласны дараа доголдол байсаар байвал үнэ буурсан хэмжээгээр гаргуулах шаардлагаа гаргах дараалалтай байтал нэхэмжлэгч нар шууд үнэ буурсан мөнгө гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, гэвч бусад нэхэмжлэгч нартай эвлэрсэн тул орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч нэхэмжлэгч *******д 15,000,000 төгрөг, нэхэмжлэгч *******, ******* нарт 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргасан.

 

4. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.

4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийн хооронд 2015 оны 01 сарын 23-ны өдөр 14/33 дугаартай, орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр ******* нь ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамжинд баригдаж буй ******* үйлчилгээтэй орон сууцны барилгын ******* байр, ******* тоотод байрлах, 80 м.кв талбайтай орон сууцыг өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ болох 249,770,835 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /үндсэн хэрэг 1хх-42-44/

 

4.2. Мөн нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийн хооронд 2014 оны 05 сарын 27-ны өдөр 14/014 дугаартай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь ******* дүүрэг, ******* хороонд баригдах барилгын ******* орц, ******* тоотод байрлах 48.31 м.кв талбайтай орон сууцыг өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэ болох 131,155,176 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /нэгтгэсэн хэрэг 1хх 170-171/

 

4.3. Дээрх гэрээний дагуу хариуцагч ******* нь орон сууцыг 2015 оны 01 сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь үндсэн хэрэг ******* хавтасны 81-83 дахь талд авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015/25 тоот дүгнэлтээр тогтоогдсон. /үндсэн хэрэг 1-р хх-81-83/

 

4.4. Мөн нэхэмжлэгч ******* ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоотод байрлах, 80 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 08 сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан, /үндсэн хэрэг 2хх-128/ нэхэмжлэгч *******, ******* нар нь ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоотод байрлах, 48.31 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 08 сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж *******дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан нь тус тус тогтоогджээ. /Үндсэн хэрэг 2хх-146/

 

5. Анхан шатны шүүх гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал, улсын комисс хүлээн авсан цаг хугацаа, талуудын тайлбарыг үндэслэн зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

 

6. Хариуцагч ******* нь доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгч *******, ******* нарт шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч *******, ******* нар нь хүлээн авсан орон сууцандаа амьдарсан цагаас өнөөдрийг хүртэл ашиглалтын явцад зарим доголдол бий болсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.4 дэх хэсэгт тус тус зааснаар орон сууцны доголдлын улмаас үнэ буурсан хэмжээгээр зөрүү төлбөрийг хариуцагч *******-аас шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

7. Түүнчлэн анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний зүйл доголдолтой байсан тул нэхэмжлэгч нар орон сууцны доголдлын улмаас үнэ буурсан хэмжээгээр зөрүү төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн орон сууцны үнэ буурсан зөрүүг тооцож 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, *******ын нэхэмжлэлээс үлдэх 34,197,128 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ талаар зохигч гомдол гаргаагүй байна.

 

8. Харин хариуцагч тал шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт буюу нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн хэсэгт ... ******* ХХК нь үнийг тогтоохдоо орон сууцны талбайн хэмжээг 97.95 м.кв тооцоогүй, 80 м.кв талбайгаар тооцсоноос 5,943,459 төгрөгийг хариуцагчаас илүү тооцож гаргуулсан... гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

9. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоотод байрлах, 80 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудад *******гийн өмчлөлийн орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв гэж тусгасан байгааг үндэслэн нэхэмжлэгчийн орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв-аар тооцсон нь үндэслэлтэй байна.

Тодруулбал зөвхөн орон сууц хүлээлцсэн актад 97.95 м.кв гэж тусгагдсан байгааг үндэслэн маргаан бүхий орон сууцны нийт талбайн хэмжээг 97.95 м.кв гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцэхгүй тул энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч *******-аас 32,432,347 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлээс үлдэх 41,028,488 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05936 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 110,046 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ж.ЛХАГВАСҮРЭН