| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0200/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2019-08-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0200/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-т холбогдох эрүүгийн 183900........... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгонд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрхан 5 дугаар гудамжны 83 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Н.Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий амйгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг дэвсгэрт иргэн Р.Б-ын 52-74 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 2 нүдний дуран, 3310 nokia бренд гар утас, Лавай толгойтой гартаам хөөрөг, 1 боодол бохь, хутга зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 963.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг дэвсгэрт иргэн Р.Б-ын 52-74 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 2 нүдний дуран, 3310 nokia бренд гар утас, Лавай толгойтой гартаам хөөрөг, 1 боодол бохь, хутга зэрэг эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 963.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
2. Гэрч Т.Ерөөлтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр улсын мэргэжлийн хяналтын 02/37 дугартай удирдамжийн дагуу тарваган тахал өвчинтэй тэмцэх, хууль бусаар ан агнах, тээвэрлэхэд хяналт тавих зорилгоор Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Амгаланбаатараар ахлуулсан манай Дэлгэрхаан сумын байгаль хамгаалагч эргүүл шалгалтанд мотоциклтой явсан юм. Тэгээд явж байхад Баатар гэж хөгшин 52-74 БРА улсын дугаартай Honda acty машинтай тарвага агнаж байгаад таарсан ба тухайн үед Баатараас 5 ширхэг хавх, 23 ширхэг бууны сумнаас нь 18 ширхэгийг нь хураан авч тэмдэглэл хөтлөн буу болон 5 ширхэг бууны сум, агнасан байсан 2 ширхэг тарвагыг нь мөн өгч дахин тарвага агнахгүй гэсэн баталгааг нь өөрөөр нь бичүүлж гарын үсэг зуруулан явуулсан юм. 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дэлгэрхаан сумын захиргаанаас байгаль хамгаалах улсын байцаагч албадан шаардлага хүргүүлнэ гээд манай Хэрлэнбаян-Улаан руу ирнэ гэж байсан ба би ирэхийг нь хүлээгээд мотоциклтой амдаж гараад замдаа хадлан дээр ажиллаж байсан Баярсайхан, Н.Н нартай тааралдаад хамт 2 мотоциклтой цаашаа явсан. Тэгээд явж байгаад Бичигтийн уулан дээр гараад дурандаад зогсож байсан чинь зүүн уулын хойно цагааан өнгийн машин харагдахаар нь нөгөө Дэлгэрхаан сумаас ирж байгаа хүмүүс юм байх гэж бодоод яваад очсон чинь Баатар гэж өвгөн машинтайгаа бас нэг өвгөнтэй хамт явж байсан. Тэгээд би Баатар гуайд та юу хийж яваа юм бэ? Бас буутайгаа явж байна уу? Гэсэн чинь тиймээ гэсэн тэгэхээр нь би машиныг нь шалгасан чинь дурантай буу 1 ширхэг, дурангүй буу бас 1 ширхэг, хөнжил, ууж идэх юм, нэг нэг дурантай явж байсан. Тэгээд надтай хамт явж байсан Н.Н, Баатар гуайг дурангаа хураалгана даа гээд тоглоод ярьсан чинь Баатар гуай уурлаад байхаар нь би боль боль дуранг нь буцааж өг гээд өгүүлээд Баатар гуайг нөгөө хөгшинтэй нь заза та 2 бүх юмаа буулгаж ирээд үзүүлээдэх гээд үзсэн ба Баатар гуайд таньд олон сануулсан болохоор одоо арга хэмжээ авна гээд буу, 5 ширхэг хавх, 3 ширхэг сумыг нь хурааж аваад бусад зүйлээ хураагаад машиндаа хий гэж хэлсэн. Би анх очоод ер нь бол машин дотор юу байна гээд бүгдийг нь шалгаж үзсэн надтай хамт Н.Н шалгалт хийсэн юм. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
3. Гэрч Е.Догсронжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би он сарыг нь сайн санахгүй байна. Энэ зун найз хөгшиг болох Баатартай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум Хэрлэнбаян-Улаан тосгоны хойно тарвага агнахаа Баатарын машинтай хамт явсан. Тэгээд тэр Ерөөлт гэх залуу нь Баатарыг аваад машинаас жоохон зайдуу уулзаад бас нэг залуу нь Баатарын машиныг надтай уулзаад нэгжлэг хийгээд байсан. Тэгээд тэр залуучууд Баатарын машинаас бензин соруулж аваад явсан. Тэгээд Баатар бид 2 Цэдэндамба гэх айлын гадаа ирээд миний дуран байхгүй байна гэж хэлж байснаа хөөрөг маань бас байхгүй байна гэсэн. Тэнд юу болов яав гэж бодсон чинь тэр 3-н байгаль хамгаалагч нар хулгайлсан байсан. Баатарын гартаам гэх хөөргийг дурантай нь хулгайлсан байсан. Харин бид 2-ын нүдэн дээр хурааж авлаа гээд нэрийг нь мэдэхгүй орос архи, гааз, том хутга, бууны сум, бохь зэргийг хурааж авсан. Хөөрөг байсан. Баатар ер нь байнга хөөргөө авч явдаг. Хуучны дунд зэргийн гартаам хөөрөг байсан. Аавынхаа барьж байсан хуучны хөөрөг гэсэн.”...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/
4. Гэрч Б.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Баатар бид 2 ах дүүгийн хүүхдүүд байгаа юм. Баатар хуучны гартаам хөөрөгтэй. Баатар хөөргөө байнга авч явдаг. Энэ зун Хэрлэнбаян-Улааны хойно явж байгаад байгаль хамгаалагч нарт хөөргөө алдсан гэж хэлсэн. Тэр хүмүүс нь хөөргийг нь хулгайлсан юм шиг байна лээ. Дунд гарын хөөрөг байсан.”..гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/
5. Гэрч Х.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сард тарвага агнах санаатай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгонд явж байгаад идэвхтэн байгаль хамгаалагч Ерөөлт, Ням-Осортой таараад баригдсан. Тухайн үед би тарвага агнаагүй явж байсан. Тэгээд тэр хоёртой байж байхад Тарвагатай гэх уулын ард жалганаас цагаан өнгийн амжиргаа цагаан нэртэй машин гарч ирэхээр нь Ерөөлт уг машин руу очье араас дагаад яв гэж надад хэлсэн. Тэгээд тухайн үед би мотоциклтой явж байсан юм. Тэгээд уг машин дээр очиход 2 өвгөн байж байсан. Тэгээд Ерөөлт тэр Баатар гэх өвгөнийг та олон удаа нада баригдлаа гээд машин тэргийг нь нэгжээд надаар машины ард талд байсан ачаануудыг буулгуулсан. Тэгээд тэр Н.Н өвгөний машиныг нэгжээд байсан тэгээд машиныг нэгжиж байхдаа нүдний дуранг хулгайлсан юм байна лээ. Би тэрийг нь маргааш нь мэдсэн. Би машин дотроос ямар нэгэн эд зүйл хулгайлж аваагүй. Маргааш нь Н.Н том дуран гаргаж ирээд дурандаад байсан. Тэгээд Ерөөлт хэний дуран юм бэ гэж асуухад Н.Н: Өчигдрийн Баатар гэж хүний дуран би машинаас нь авсан юм гэж хэлсэн. Тэгсэн Ерөөлт хүний юм авч болохгүй хурдхан буцааж өгөөрэй гэж хэлсэн. Яг ч дээрэмдсэн асуудал байхгүй. Н.Н тоглоом шоглоомоор сумаа гаргаж өг гээд боогоод байсан.”..гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/
6. Хөрөнгө үнэлгээний шинжээийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт, /хх-ийн 54 тал/
7. Яллагдагч Н.Н-ын шүүх хуралдааны үед өгсөн тайлбартаа: “... Би тухайн үед машиныг нь шалгаж байхдаа машинаас 2 нүдний дуран, 3310 нокиа маркийн гар утас, гартаам хөөрөг, хутга, бохь зэрэг эд зүйлийг дур мэдэн авсан. Тэгээд дараа нь хохирогч Р.Баатарт 2 нүдний дуран, хутгыг хүлээлгэн өгсөн. Харин гар утас, хөөрөг зэргийг хөдөө мотоцикл дээрээ авч явж байгаад алга болгосон...гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Н-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Н-т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 963.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Н-т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, анх удаа ял шийтгүүлж байгаа хувийн байдал зэргийг харгалзан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Н-ыг бусдын эд хөрөнгө хулайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н. Н-ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Н-т оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА