Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01598

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04412 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь өөрийн найз *******д орон сууцны үнийн урьдчилгаа болгон 20,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 16-ны өдөр, хадам дүүгийн нөхөр *******ын нэрийн өмнөөс түүн рүү шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг 2023 оны 11 сарын 06-ны өдөр, нийт 40,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр ******* банкны ******* тоот өөрийн данснаас ******* тоот *******гийн дансанд шилжүүлсэн.

******* нь тухайн үед *******т утсаар ярьж, түүний найз ******* нь Азийн хөгжлийн банканд ажилладаг ба түүний ажлын шугамаар ******* хотхонд хямд орон сууц авах боломж гарлаа, өөрийн нэр дээр орон сууцгүй хүмүүс уг хямд үнэтэй орон сууцыг авах боломжтой юм байна, чи хэрвээ хүсэж байвал E-Mongolia-аас үл хөдлөх эд хөрөнгө эзэмшдэггүй, мөн банкны зээлгүй гэсэн лавлагаа аваад явуулбал найз нь орон сууц бүтээгээд өгье гэсний дагуу би түүнд итгэн дээрх лавлагаа материалуудыг гаргаж өгсөн. Улмаар чи шаардлага хангаж байна гэнээ, одоохон урьдчилгаа мөнгөө шилжүүлээд жагсаалтад нэрээ оруулаад баталгаажуулчих, 14 хоногийн дотор орон сууцаа авчих юм байна гэсэн тул би дээрх мөнгийг шилжүүлсэн болно. Мөн хадам дүүдээ ийм боломж байна гэж мэдээлэл дамжуулсны дагуу миний хадам дүү ******* болон түүний нөхөр ******* нар мөн орон сууц авахаар шийдэж, өөрийн данснаас 20,000,000 төгрөг, миний дансаар дамжуулж 20,000,000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн.

 

Улмаар орон сууцны асуудал шийдэгдэхгүй, байнгын шалтаг тоочиж хойшлуулсаар удсан тул бид мөнгөө буцааж авъя гэсэн шаардлага тавьсан ч ******* нь мөнгийг тэр дор нь цаашаа *******, *******л гэгч хүмүүс рүү шилжүүлсэн, тэд нар буцааж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн.

Тухайн үед орон сууцны гэрчилгээ тун удахгүй гарна, үлдэгдэл мөнгөө бэлдэж бай гэсний улмаас би өөрийн хашаа байшинг, ******* нар нь ээжийнхээ орон сууцыг яаран зах зээлийн үнэлгээнээс хямд үнээр худалдаж давхар хохирсон.

Иймд *******гаас уг мөнгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч *******гаас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээс үзвэл ...талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах тухай хэлцэл байгуулагдаагүйг нэхэмжлэгч илэрхийлсэн. Нэхэмжлэгчээс 2 удаагийн үйлдлээр тус бүр 20,000,000 төгрөг буюу нийт 40,000,000 төгрөгийг нэг дор шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан 20,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт нь дээрх 2 шилжүүлгийн аль нь болох нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчээс орон сууц захиалах урьдчилгаа төлбөрийг хариуцагчид бус түүний дансаар дамжуулан *******, ******* гэгч хүмүүс рүү шилжүүлэн төлсөн бөгөөд энэ нь ******* хороолол болон Шинэ Яармаг хороолол-д орон сууцанд оруулж өгнө гэж олон иргэдийг залилсан ******* болон Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн ******* нарын олон хүмүүсийн үйлдсэн залилах гэмт хэрэг юм.

Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 20,000,000 төгрөгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад иргэний журмаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдээгүй.

Хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хэргийн 44 талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тэмдэглэлд за олголоо гэж бичсэн ч товыг хэзээ мэдэгдсэнийг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй, хурлын тов мэдэгдэх журмыг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангасан. Шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Мэдэгдсэн талаарх нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Түүнчлэн шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар холбогдоход Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр байна, одоо очлоо гэж хэлсэн. Шүүх хуралдаан завсарлаж, 30 минут хүлээсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг хэлэлцэж дууссаны хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. ...Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлын хүрээнд хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... ******* нь утсаар ярьж ******* хотхонд хямд байр авах боломж гарлаа, чи хэрвээ хүсвэл E-Mongolia-аас үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй, мөн банкны зээлгүй гэсэн лавлагаа аваад явуулбал найз нь бүтээгээд өгье гэсэн ...улмаар чи шаардлага хангаж байна гэнээ, одоохон урьдчилгаа мөнгөө шилжүүлээд жагсаалтад нэрээ оруулаад баталгаажуулчих, 14 хоногийн дотор байраа авчих юм байна гэсэн... гэж тайлбарласан.

 

3. Анхан шатны шүүх ...хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2025 оны 05 сарын 16-ны өдөр хариуцагч талд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй... нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцтай болоход нь тусална, орон сууцны үнийг төлөхөд шаардлагатай мөнгийг өг хэмээн 20,000,000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд ... үүргийн харилцаа үүссэн байна... гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

4. Учир нь, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/20632 дугаар Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минутад товложээ.

Хэргийн 44 дэх талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдэж за, ойлголоо хэмээн тэмдэглэл үйлдсэн боловч тус баримтад мэдэгдсэн хугацаа, огноог бичээгүй байхад хариуцагч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, *******а болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ажиллагааг шүүгч явуулахаар заасан ба шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 05 сарын 16-ны өдөр буюу шүүх хуралдаан болох өдөр мэдэгдсэн тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх боломжгүй юм.

 

6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, ийнхүү шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, түүнчлэн хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

7. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул давж заалдах гомдлын бусад үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/04412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН