Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр

Хохирогч Б.Д

Шүүгдэгч Ш.Ө

Шинжээч Д.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш.Ө-д холбогдох 1916001740085 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж овогт Ш-н Ө.

Шүүгдэгч Ш.Ө-н Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ эхнэр Б.Д-г жирэмсэн гэдгийг мэдсээр байж 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагийн үед "морь үргээлээ" гэх шалтгаанаар, 14 цагийн үед "хонинд явсангүй" гэх шалтгаанаар 2 удаа зодсон, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед "ээжийгээ өмөөрлөө" гэх шалтгаанаар зодсон, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн үед "хувцас шатаалаа" гэх шалтгаанаар зодож гэрт нь цоожилон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.Д-н биед тархины доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун бугалга, бүсэлхий, зүүн мөр, баруун зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл үүсгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохирогч Б.Д-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамааарал бүхий этгээд болох эхнэр Б.Д-г 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаа, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нийт 4 удаа өөр өөр шалтгаанаар зодож жирэмсэн эмэгтэй хүний эсрэг, мөн гэр бүлийн хүчирхийлэлийг таслан зогсоох гэсэн У.Э-г цааш түлхэж дээлнээс нь татаж унагаан эсэргүүцэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг хяналтын прокурор Б.Оюунцэцэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг, жирэмсэн эмэгтэйн эсрэг, таслан зогоох гэсэн хүнийг эсэргүүцэж үлдсэн” гэмт хэргүүдэд хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ш.Ө-н шүүх хуралдаанд өгсөн “... Би 04 дүгээр сарын 15-ны өдөр морь барилаа гэдэг шалтгаанаар зодсон зүйл байхгүй. Хонь тасраад ганцаараа байсан учраас хажуу дахь ханиа буцаах юм болов уу гээд тал хонио буцааж бай гэж хэлээд бид хоёр жоохон маргалдаад хадам ээж хажуугаас хараад надад жоохон муу байдаг нь үнэн, намайг дандаа зоддог гэсэн ойлголттой байдаг. Тэрүүгээрээ зодсон гэж харсан юм шиг байсан. Түүнээс би зодож цохиод байсан зүйл байхгүй. 05 дугаар сарын 02-ны өдөр манай аавын бие нь өвдөөд дээшээ, доошоо цус алдаад байна яаралтай ирж уулз гэсэн дуудлага ирсэн байсан. Мотоциклийн юмаа янзлах гээд байж байсан эхнэр, хадам ээж хоёр хоёулаа байсан. Би мотоциклио янзлах гээд байж байх хойгуур хадам ээж хонь буцаах гээд явсан байсан. Тэр хойгуур нь бид хоёр муудалцсан. Тэгэхэд хадам ээж чиний аав үхэж байхад хамаа байхгүй, миний охин эмнэлэгт үзүүлэх ёстой байсан гэдэг талаас над руу хандаад миний уур хүрээд хадам ээжтэй хэрэлдээд эхнэр хажуу талаас орж ирсэн. Хадам ээж уурандаа чиний гэдсэнд байгаа хүүхдийг чинь аймаг руу оруулж байгаад ална. Чамд хэрэггүй, надад ч хэрэггүй, манай хүүхдэд ч хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд эхнэрийнхээ дал руу хоёр удаа цохисон. Тэрнээс өөр зодсон зүйл байхгүй. 05 дугаар сарын 03-ны өдөр зодсон гээд байна. Намайг хонинд яваад ирэхэд хадам ээж, эхнэр хоёр бүх хувцсаа цүнхэнд хийгээд аваад явах гээд гэрийн гадаа гаргаад тавьсан байсан. Бүх хувцсыг оруулж тавьсан чинь хадам ээж миний хиртэй хувцсаар яадаг юм гээд байсан. Тэгээд хонинд яваад өгсөн. Орой 6 цагийн үед ирэхэд гэр онгорхой ширээн дээр аймгийн Цагдаагийн хэлтсээс эхнэр, хүүхдийг чинь авч явлаа гэсэн бичиг үлдээсэн байсан. Доор нь утасны дугаар үлдээгээд явсан байсан. Ямар хүн ирээд аваад явсныг надад мэдэгдсэн зүйл байхгүй аваад явсан байсан. Ойр байдаг айлуудаас асуусан чинь эмнэлгийн машин хоёр цагдаатай ирээд аваад явсан гэсэн мэдээлэл надад өгсөн. Үлдээсэн утас руу нь ярьсан чинь нэг дэх өдөр ирж уулз гээд би наашаа 12 цаг өнгөрч байхад ирсэн ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн “...04 дүгээр сарын 15-ны өдөр морь барьж ав гэхээр нь айгаад барьж авч чадахгүй гээд гэр рүүгээ яваад орсон. Эргэж гарч ирээд чи яагаад морь барьж авахгүй байгаа юм гэхээр нь би айгаад байна өөрөө барьж авахгүй юу гээд бид хоёр жоохон маргалдаж, хувцаснаас жоохон зулгааж байгаад манай нөхөр хониндоо яваад өгсөн. Өдөр ирээд хонь хоёр тасарчихлаа чи нэг рүү нь яваатах гэхээр нь чадахгүй дандаа би явж байдаг өөрөө явахгүй юу гэсэн. Тэгээд над руу маажуур авч шидээд байхаар нь би уурлаад өөр рүү нь нэг юм авч шидчихээд гараад яваад өгсөн. Тэр өдөр намайг нээх зодоогүй маргалдаж байгаад өнгөрсөн. 05 дугаар сарын 02-ны орой мотоцикль янзалж байхад уурлаад байхаар би мотоциклийн боолтыг чинь алга хийсэн юм уу гэж би бас уурласан. Тэгээд миний нуруу руу хоёр гурав цохисон. Тэрийг манай ээж холоос хараад баахан зодоод хаялаа гээд бид хоёрыг загнасан. Ээж холоос харсан болохоор намайг зодуулчихаад дуугарахгүй байгаа юм байна гэж бодсон. Маргааш өглөө нь ээж хувцас шатаасан би хувцас шатаагаагүй. Тэгээд намайг хувцсаа бэлд явъя гээд би ч гэсэн уурлаад тэгээд цагдаа ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээч Д.Даваахүүгийн шүүх хуралдаанд өгсөн “...Д-г үзэж дүгнэлт гаргасан... Д хоёр хоногийн өмнө тогтоолгүй үзүүлэх гэж ирээд байсан. Би албан ёсны мөрдөгчийн тогтоолтой хүн үзнэ, тогтоолгүй хүн үзэхгүй гэсэн. 2 хоногийн дараа тогтоолтойгоо ирсэн. Тэгээд үзэхэд алимны салст 5-8 цагийн орчим цус харвалт байсан. Цус харвалт бол мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тэгэж салхинд явснаас цус харвалт үүснэ гэж байхгүй. Хялгасан судас тасарснаас болж цус харвалт үүснэ. Өөр шалтгаанаар үүсэхгүй... Тухайн үед тархины доргилт эмнэлгийн бичиг баримт дээр бичилттэй байсан. Зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун бугалга, бүсэлхий, зүүн мөр, баруун, зүүн өвдөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Эдгээр нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэхгүй, нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ ... Тархи доргилт, нүдний алимны салст зэрэг нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна ... Цус харвалт гэдэг нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэдэг нь заавал цохиод юм уу, хатгах үед цус харвалт үүсч болно. Заавал хөхөрч байж цус харвалт үүснэ гэсэн ойлголт байхгүй ... Шинэ гэмтэл гэдэг нь 7 хоног дотор үүссэн гэмтлийг шинэ гэмтэл гэж үзнэ ... Цус хуралт нь 1-2 хоногт улаан хүрэн өнгөтэй байдаг. Арьс дээрээ хөхөрч харагддаг. 2-3 дахь хоног дээрээ гадна хүрээгээр шарлаж эхэлдэг. Тэгээд гадна хүрээгээрээ борлоод эдгэж эхэлдэг. Шаравтар гэдэг нь шинжлэх ухаанаар бол 3-4 хоносон байна гэсэн үг ... Намайг 05 дугаар сарын 13-ны өдөр үзэхэд тархи доргилтын шинж тэмдэг байсан. Шинжээч эмч тархи доргилтыг эмнэл зүйн шинжээр оношлох бүрэн эрхтэй байдаг. Би эхлээд тархи доргилтыг оношилсон. Нэмэлт бичиг баримт дээрээ эмчид үзүүлээд тархи доргилттой, хоёр хоног бариул гэсэн байсан ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Б.Д-н мөрдөн байцаалтад  өгсөн “ ... 2019 оны 04 сарын  15-ны өдөр өглөө 11 цагийн үед хөдөө тэжээлийн нэг морио барих гээд намайг бариад ав гэхээр нь би айгаад барьж авч чадахгүй байсан чинь чи морь үргээлээ гээд ирээд үсдэж аваад тархи толгой руу цохиж зодсон. Би одоо 4 сартай жирэмсэн тул битгий зодооч гэж нөхрөөсөө гуйхад болихгүй зодоод байсан. Тэр үед манай ээж Э манайд ирсэн байсан. Намайг зодуулж байхад хажууд байсан, болиоч миний хүү гэж гуйхад таньд хамаагүй гээд тоохгүй байсан. Ө нь намайг зодчихоод малдаа яваад өгсөн. Миний бие өвдөөд гэртээ хэвтэж байтал 14 цагийн үед малнаасаа ирээд хонь 2 тасарчихлаа чи яваадах гэхээр нь би чамд зодуулаад миний бие өвдөөд хөдлөж чадахгүй байна гэж хэлэхэд дахин барьж аваад зодсон. Ээж хажуугаас болиулах гээд дийлэхгүй байсан. Ээжийг түлхэж унагаад намайг зодож байгаад мал руугаа явсан. Тэр өдөр намайг 2 удаа зодсон. Тэрнээс хойш би байнга хонинд явж байсан. Гэтэл 2019 оны 05 сарын 02-ны өдөр Ө өөрөө хонинд явсан. Орой 18 цагийн үед гэртээ ирээд мотоциклоо янзалж байсан. Тэр үед манай ээж хонь эргүүлэх гээд явсан. Би Ө-н хажууд очоод ээж хонь эргүүлэх гээд явсан юм уу гэхэд тэр жингэр яах гэж хонь эргүүлээд байгаа юм гэсэн. Би уурлаад чи яахаараа миний ээжийг жингэр гэдэг юм, хонь мал эргүүлэх гээд явсан хүнийг гэхэд уурлаж босож ирээд намайг барьж аваад цохиж зодсон. Намайг цохиж унагаагаад үснээс зулгаагаад чирээд биерүү өшиглөж зодсон. Ээж холоос харчихаад орилоод гүйж ирээд салгах гэж дундуур ороод дийлээгүй. Ээжийг бас түлхэж унагаагаад, дээл хувцасыг нь ураад, чамд хамаагүй гээд уурлаад намайг цохиж аваад зодоод байсан... Ээж өмнөх өдөр намайг зодуулж байхад салгах гэж дундуур ороод Ө-д уруулсан дээл хувцасаа гэрийн гадаа жалганд шатааж байсан юм. Тэгсэн Ө ирээд чи юу шатаагаад байгаа юм, хамаг гоё хувцасаа шатаачихаад уранхай цоорхой хувцсаа өмсөх гэж байгаа юм уу гээд уурлаад дахин намайг барьж аваад зодсон. Ээж хажуугаас би муу хувцсаа шатаасан гэж хэлсэн чинь тоохгүй намайг зодсон. Тэгээд та нар оргож явах гэж байна уу? миний гараас гарахыг чинь харна аа гээд намайг гэрт оруулж гаднаас цоожилчихоод яваад өгсөн. Ээж гэрийн гадаа үлдсэн. Ээж багийн эмчид дуудлага өгсөн байсан. Намайг 10 цаг болж байхад цоожилж яваад өдөр 14 цагийн үед онгойлгосон. Тухайн үед багийн эмч Н миний биеийг үзэх гэж ирээд намайг гэрт цоожтой байсан болохоор үзэж чадалгүй явсан. Ээж сумын цагдаад утсаар мэдэгдсэн. Тэгсэн удалгүй Ө ирээд хаалга нээсэн. Орой 18 цагийн үед сумын цагдаа, эмч нар ирээд намайг аваад сумын төв рүү явсан. Ө нь би мал дээрээ ганцаараа үлдэж байна, явж чадахгүй гэж сумын цагдаагийн урдаас тайлбарлаад тэндээ үлдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ6-9/,

Гэрч Г.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын эхээр тус сумын хэсгийн цагдаагийн хамт Ө гэх айлд эмнэлгийн машинаар очсон юм. Намайг очиход Ө-н эхнэр гэртээ шоконд орсон байдалтай, ээж нь гадаа
хүүхдийнх нь хамт байж байсан. Эмнэлгийн анхан шатны тусламжийг эмч газар дээр нь үзүүлээд, сум руу тэнд байсан хүмүүсийг авчирсан. Түүний эхнэр "зодуулсан" гээд биеэ үзүүлж байсан, энэ тэндээ хөхөрсөн, хүрэнтсэн шархтай байсан юм. Мөн өглөө Ө малдаа явахдаа гаднаас гэр цоожилоод явсныг багийн эмч ирж, гаднаас онгойлгосон гэж ярьж байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ20/,

Гэрч Г.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 05 дугаар сарын эхээр тус сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төвд ажилтай явж байгаад над руу залгаад хөдөө гэр бүлийн хүчирхийллийн дуудлага гараад байна, эмнэлгийн эрхлэгчид хэлсэн хамт
яваад  ир  гээд  би  тус сумын 3-р багт Ө  гэх  айлд  эмнэлгийн   машинаар  олон  нийтийн байцаагчийн хамтаар очсон юм. Намайг очиход Ө-н эхнэр гэртээ шоконд
орсон байдалтай, ээж нь гадаа нь хүүхдийнх нь хамт байж байсан. Эмнэлгийн анхан
шатны тусламжийг эмч газар дээр нь үзүүлээд, сум руу тэнд байсан хүмүүсийг
авчирсан. Ө нь өөрөө байхгүй байсан юм. Түүний   эхнэр  зодуулсан   гээд  биеэ  үзүүлж  байсан,   энэ  тэндээ хөхөрсөн, хүрэнтсэн шархтай байсан юм. Мөн өглөө Ө малдаа явахдаа гаднаас гэр цоожлоод явсан байсныг багийн эмч ирж гаднаас онгойлгосон гэж ярьж байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ21/,

Гэрч  Л.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019   оны   05   дугаар   сарын   эхээр 3-р    багийн    иргэн    Ө-с   нөхөртөө   зодуулсан   талаар дуудлага ирсэн юм. Намайг уг айлд очиход Ө-н гэр гаднаасаа цоожтой,
ээж нь гэрийнх нь үүдэнд сууж байсан. Би Ө-г ирэхийг жаахан хүлээгээд
ирэхгүй болохоор нь яваад өгсөн юм..." гэсэн  мэдүүлэг /ХХ22/,

Гэрч У.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 11 цагийн орчим Ө, Д нар морь барьж авах гэж байсан. Нэг харсан миний охиныг барьж аваад зодоод эхэлсэн. Би ус аваад ирж байсан юм. Миний охиныг үснээс нь зулгааж бариад толгойг доош нь дарж байгаад ууц нуруу, тархи, толгой хамаагүй цохиж зодсон. Би очоод "болиоч жирэмсэн хүүхэд зодоод яах вэ" гэж гуйсан намайг барьж аваад түлхэж холдуулаад зодсон. Д арай хийж гараас нь мултраад зугтсан чинь хөөгөөд барьж аваад зодоод байсан. Нилээн удаан зодож байгаад больсон. Тэгээд малдаа яваад өгсөн. Миний охины бие нь өвдөөд босож чадахгүй байсан. Би гэрт нь оруулаад хэвтүүлж байтал өдөр 14 цагийн үед малнаасаа ирээд "мал тасраад салчихлаа чи яваадах" гэж Д руу уурласан, "наадах чинь бие нь өвдөөд босож чадахгүй байна. Би явья" гэж хэлтэл уурлаад Д-г барьж аваад дахин зодсон. Би салгах гээд бас салгаж чадаагүй. Тэгээд тэр өдрөөс хойш хэсэг гайгүй байж байгаад 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орой би мал эргүүлээд явж байтал миний охин Д-н дуу хадаад явахаар нь харсан чинь гэрийнхээ гадаа Ө нь Д-г зодож байсан. Би гүйж очоод дундуур нь орсон. Намайг дээлний энгэрээс татаад түлхэж унагаачихаад охиныг үсдэж аваад өшиглөөд, өвдөглөөд, хаа хамаагүй цохиж нүдсэн. Тэгээд тэр шөнө миний охин гэрийн гадаа уйлаад сууж байгаад шөнө орж ирээд бид 2 суугаагаараа хоносон. Маргааш өглөө нь Ө эрт босоод малаа хариулаад явсан. Миний дээл цамцны энгэр урагдсан байхаар нь гэрийн хажуугийн жалганд шатаасан юм. Гэтэл Ө нь тэрийг харчихаад ирээд Д-г бас зодсон. "Хувцас хунараа шатаагаад надаас оргож явах гэж байна уу? миний гараас хаа холддог юм та нар" гээд уурлаж Д-г зодсон. Тэгээд Д-г гэртээ оруулаад гаднаас нь цоожилчихоод яваад өгсөн. Би гэрийн гадаа нь үлдсэн. Тэгээд багийн эмчийг утсаар дуудсан. Багийн эмч ирсэн. Д гэрт цоожлуулсан учраас эмчид үзүүлж чадаагүй. Би сумын цагдаад бас мэдэгдсэн байсан. Тэгсэн Ө ирээд хаалга нээсэн. Удалгүй сумын цагдаа, эмч нар ирээд охин бид хоёрыг аваад сумын төв рүү явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ23-26/,

Гэрч Ц.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би Д-н нагац эгч нь байгаа юм. Би Д, Ө-н  амьдарлын талаар зарим зүйлийг мэднэ ... Манай эгч Э 2019 оны 04 дүгээр сард Чандмань сум руу явж Өынд очсон. Тэр үед Ө нь 2 удаа зодсон гэж манай эгч надад хэлсэн. Ээж нь оччихсон байхад эхийнх нь хажууд зодож, цохиод гэмтэл учруулсан тул ээж нь охиноо авч ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж байна…” гэсэн мэдүүлэг /ХХ31-33/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 159 дугаартай “... 1. Иргэн Б.Д-н эрүүл мэндэд хохирол учирсан байна.

2. Иргэн Д-н биед тархины доргилт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун бугалга, бүсэлхий, зүүн мөр, баруун зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн   чадварын   тогтонги   алдалтанд   нөлөөлөхгүй.   Шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт  /ХХ40-41/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ77/, Аюулын зэргийн үнэлгээ /ХХ60-61/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөчийн хуулбар /ХХ119-132/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжигдсэн эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Ө-н гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Д-г  жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж 2019 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нь энэ хуулийн буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ.

Иймд  шүүгдэгч Ш.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Ш.Ө нь гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Б.Д-г  Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх гэртээ жирэмсэн гэдгийг мэдсээр байж 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагийн үед "морь үргээлээ" гэх шалтгаанаар, 14 цагийн үед "хонинд явсангүй" гэх шалтгаанаар 2 удаа, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед "ээжийгээ өмөөрлөө" гэх шалтгаанаар 1 удаа, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн үед "хувцас шатаалаа" гэх шалтгаанаар 1 удаа зодсон үйлдлийг нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар буюу “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг “жирэмсэн эмэгтэй хүний  эсрэг үйлдсэн, таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн” гэж зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Учир нь хохирогчийн эсрэг хийсэн бие махбодид халдсан үйлдэл нь заавал түүний эрүүл мэндэд хохирол учирсан эсхүл хуулийн байгууллагад бүртгэгдсэн байхыг шаардахгүй бөгөөд “байнга” буюу 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн шинжээрээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт тооцогдоно. Гэхдээ прокурорыг яллах дүгнэлтэнд дурдагдсан 2019 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд эхнэр Б.Д-г зодож, үргэлжилсэн үйлдлээр түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Ш.Ө-н үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ хэрэгт шүүгдэгч гэм буруутай гэж үзсэн тул энэ үйлдлийг нь дахин өөр гэмт хэргийн шинж болгон авч үзэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхээргүй байна. 

Шүүгдэгч Ш.Ө-н хохирогч Б.Д-г /эхнэр/ зодсон үйлдлийг нь өөр өөр шалтгаанаар зодсон гэх үндэслэлээр 2 салгалгүйгээр гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үргэлжилсэн нэг үйлдэл буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1 удаа,  2019 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 1 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна гэж шүүх дүгнэв.

Дээрх хугацаанд шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй 2 удаагийн үйлдэл гаргасан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинж болох “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга...” гэх шинжид хамаарахгүй байна. Иймд уул гэмт хэргийн үндсэн шинж хангагдаагүй байхад тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчилэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, яллагдагч, гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ХХ-87/, багийн засаг даргын тодорхойлолт/ХХ-82,83/, хүүхдийн төрсний лавлагаа/ХХ-78/, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хохирогчийн хүсэлт/ХХ-141/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Ш.Ө-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохиролоо нөхөн төлсөн байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв.

Шүүгдэгч Ш.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгыг хангах, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон хульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан үзэж шүүгдэгч Ш.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэж заажээ.

Шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ гэмт хэрэг үйлдсэн тул уг зан үйлээ засах сургалтанд хамрагдах нь түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ялын зорилгод нийцнэ гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 50 /тавь/ цаг зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ш.Ө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн шүүгдэгч Ш.Ө-д холбогдох  1916001740085 дугаартай эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж овогт Ш-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ө-г 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Ш.Ө-д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.Ө-д 50 /тавь/ цаг зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч Ш.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ш.Ө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.МӨНХТУЛГА