Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 201/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Хохирогчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг /цахимаар/

Хохирогч М.А /цахимаар/

Шүүгдэгч С.Г

Шинжээч Б.Цэндхүү /цахимаар/, Д.Даваахүү

Гэрч Г.О, Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Г-д холбогдох 1916000910087 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт С-н Г.

Шүүгдэгч С.Г-н Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд саатуулагдсан хохирогч М.А-г "ажилгүй болгоно, эзэнгүй газар зодно гэж ориллоо" гэх шалтгаанаар баруун гуянд нь 2-3 удаа өвдөглөн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Эрүүлжүүлэх байранд 11 цагийн үед орсон... Нойл орох гээд эрүүлжүүлэх рүү орсон. Орилж чарлаад байсан ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Эм тарианы хохиролд 300.000 төгрөг өгсөн ...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч М.А-н шүүх хуралдаанд өгсөн “... Би 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Говь-Алтай аймагт явж байгаад хоёр цагдаа ирж барьж аваад анх орсон. Камерт нь байж байхад Г.О, Г гэдэг хоёр цагдаа өөр хэдэн цагдаа байсан Г.О намайг цохиж унагаад унасны дараа бүгд л цохиод байх шиг байсан. С.Г нь хөл дээр өвдөглөөд байсан юм билээ. Хөлд гэмтэл учирсан. Ирээд эмнэлэгт үзүүлж хэвтээд хоёр удаа хагалгаа хийлгээд гарсан ... намайг нэг цохиж унагаасан. Би нүүрээ дараад унасан байсан чинь дээрээс өшиглөөд байсан. Хэн нь намайг яаж цохисныг мэдэхгүй байна. 3-4 цагдаа байсан ... Хэргийн материалтай танилцаад Ганзаяа гэж мэдсэн ... С.Г өөрөө надтай ирж уулзахдаа би ингэж цохисон гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Г.О-н шүүх хуралдаанд өгсөн “...Тэр өдөр би 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг байсан. А гэдэг хүн Мандал зочид буудлын үүдэнд зодуулчихлаа гээд дуудлагаар ирсэн. Эрүүлжүүлэх байранд орчихоод хэл амаар доромжилж янз бүр болоод байсан. Бие засъя гээд гаргаад ирсэн гаднаас С.Г орж ирсэн. Г-г бас хэл амаар доромжлоод байсан. Тэгээд С.Г нэг алгадаад нэг өвдөглөсөн. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Ш.О-н шүүх хуралдаанд өгсөн “...Тэр өдөр би жижүүр дээр сууж байхад шөнийн 01 цаг өнгөрч байхад саатуулах байранд орсон чинь гаргаад ирсэн байсан буцаад ор гээд С.Г, Г.Г.О нар зогсож байсан. Тэгээд өрөөнд нь оруулаад цоожилсон. Тухайн үед бид гурав л байсан. Эргүүлийн цагдаа нар орж гарч байсан. Хэн нь яаж орж гарч байсныг санахгүй байна ... Үзлэг хийх үед тийм зүйл /доголсон зүйл/ мэдэгдээгүй ... Өглөө надад энэ талын хөл жоохон өвчин орсон байна гэж хэлж байсан. Доголж мэдэгдээгүй ... Биед нь бэртэл гэмтэл шархыг харсан. Тэмдэглэлийг би үйлддэг. Тухайн үед үзлэг хийгээд үзлэгийн тэмдэглэлийг би өөрөө үйлддэг ... хоёр хөл дээрээ орж ирсэн ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээч Б.Цэндхүүгийн шүүх хуралдаанд өгсөн “...Эмнэлгийн бичиг баримтаар тогтоох боломжтой. Анх үзсэн эмчийн үзлэгээр хэлбэр хэмжээг үндэслэн тогтоох боломжтой. Дүгнэлтийн тухайд өөрийнх нь биед үзлэг хийж дүгнэлт гаргасан... Би биед нь үзлэг хийгээд биед нь үүссэн хагалгааны эдгэрэлт хугацааг хагалгааны шарх дээр нь      2.4.2-оор дүгнэлт гаргасан. Хагалгаанаас өмнө үзээгүй учраас ямар гэмтэл байсныг мэдэх боломжгүй байсан ... М.А-н тухайд биед нь үзлэг хийхэд хагалгааны шарх нь бүрэн гүйцэд эдгээгүй зарим оёдол нь авагдаагүй байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2 дээр хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалт 5-10 хувь гэж байгаа учраас тэрийг үндэслээд шарх дээр нь гэмтлийн хөнгөн зэрэг тогтоосон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээч Д.Даваахүүгийн шүүх хуралдаанд өгсөн “...Ямар гэмтэл авсан байна гэдгийг эмч бичсэн байдаг. Тэр  эмч нь тэдээс тэдэн сантиметрийн хатуу хальсан доороос авсан гэдгээ тодорхой бичээгүй байсан. Хатуу хальсан доор цусан бүлэн байсныг авав гэсэн байсан. Энэ хэргийн хувьд хэлбэр хэмжээг ямар байсан гэдгийг мэс заслын эмч нь бичээгүй байсан. Тийм учраас хэлбэр хэмжээг нь ямар байсныг тогтоох боломжгүй байсан ... Энэ нэмэлтээр надад ирсэн. Б.Цэндхүү шинжээч мэс засал хийсэн шарх дээр гэмтлийн хөнгөн зэрэг гээд дүгнэлт гаргасан байсан. Эмнэлгийн бичиг баримт болох стор дээрээ эмч нь бичихдээ мэс заслын дараах онош баруун гуяны цусан хурааг авсан хагалгааны дараах байдал гээд бичсэн байсан. Баруун гуяны баруун хэсэг 4-5 сантиметрийн зүслэг хийж зөөлөн эдийг хурц болон мохоо аргаар чөлөөлж хатуу хальсанд зүслэг хийсэн гэсэн байгаа. Гуяны дотор нь хатуу хальсаар хучигдсан байдаг. Энд байгаа цусан бүлэнгийн хэмжээ нь мэдэгдэхгүй. Цусан хурааг дотор нь хоёр ангилна. Арьсан доорх, хатуу хальсанд доорх гэж ангилна. Арьсан доорх нь цус хуралт болоод хөхрөөд байдаг. Цусан бүлэн нь хатуу хальс доор байдаг гэмтэл. Энэ бол мэс заслын аргаар авна уу гэхээс өөрөө шимэгдэхгүй боломжгүй байдаг. Би цусан бүлэн гэдгээр нь дүгнэлт гаргасан. Цусан бүлэн, цусан хураа гэдэг хоёр өөр. Хатуу хальсыг нь авахад цус бүлэн болсон байгаа. Тэр цус шимэгдэхгүй. Шингэн цус л шимэгддэг. Тийм учраас цусан бүлэн тэд байж гэмтлийн хөнгөн зэрэг болно гэсэн ойлголт байхгүй. Цусан бүлэн нь өөрөө гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг. Цусан хураа, зулгаралт бол Б.Цэндхүү шинжээчийн хэлж байгаагаар алганы дүрмээр юм уу, естийн дүрмээр юм уу биеийн гадаргууны нэг хувь байж гэмтлийн зэрэг болдог ... Цусан бүлэн дээр хагалгаа хийж байгаа нөхцөлд хөнгөн зэрэгт хамаарна ... Мэс засал хийсэн хугацаа дээрээс нь хэргийн материалд байгаа нотлох баримтууд М.А-г тэр өдөр гэмтэл авсан байх боломжтой гэдгийг гаргаад ирсэн байдаг. Яагаад гэхээр тухайн Б.Цэндхүүгийн үзлэг, стор дээр байгаа зүйлүүд бол тэрнээс хойш гэмтэл аваад бүлэн нь шимэгдэхгүй явж байгаад хагалгаанд орсон байна гэдэг нь тогтоогдоод 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэмтэл байна гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... Эргүүлийн цагдаа дэд ахлагч Н нь А-г 24 цагийн үед авч ирсэн... Тэгэхэд нилээн согтуу байсан. Эрүүлжүүлэх байрны 2 ноймерт хийсэн ... Согтолтын байдалтай байсан. Ямар нэгэн байдлаар цус нөж болоогүй байсан. Хөл, гар нь гэмтсэн байдал харагдаагүй. Зүүн нүдний дор бага зэрэг хөхрөлттэй байсан ... Орилж чарлаад бие засна гээд байхаар нь камераас гаргаад урдаа гаргаад нойл руу авч яваад коридорлуу булан эргэсэн. Тэгэхэд ахлагч Г-тай хэрэлдсэн ... Тэгсэн чинь нүүр лүү нь гараараа 2 алгадсан юм. Тэгээд нойл оруулаад буцаагаад хийсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ30-31/,

Гэрч С.Д-н мөрдөн байцаалтад өгсөн "... А гэх залуу эрүүлжүүлэхэд хоноод 3-4 цагдаад жорлонгийн тэнд зодуулсан гэж байсан. Баруун орон дээр “хөл өвчтэй байна гэсэн”...мах нь тасарсан бололтой өвдөгний дээгүүр гуя орчим ховил татсан байсан. Мөн баруун талын нүд хөхөрсөн байсан... Тэр залуу бол залуу хүн тулдаа л явж байсан болохоос доголоод тун хүнд бэртсэн байсан..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ32-33/,

Гэрч Л.Э-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед гэртээ ирсэн. Энэ залуу нүүр нь хөхөрсөн, хөл нь доголсон байсан. Яасан юм бэ? гэхэд урд шөнө эрүүлжүүлэхэд хоноод цагдаад зодуулчихлаа гэсэн ... Тэгээд 2 хоног манайд хар цайгаар шавшиж байгаад явсан. Хөлөө чирээд явж чадахгүй байсан ..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ34-35/,

Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 02 дугаар сарын 16-ны 02 цагийн орчим дээд талын талд амьдардаг машин засдаг Т нь манай гэрт орж ирээд танайд байгаа А гэх залуу эрүүлжүүлэхэд байна. У-г ирээд аваатах гэж байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр У авахаар явсан. Тэгээд У Шарга руу хөдөө явсан юм. Өглөө гэртээ намайг 9 цагийн үед гарах гэж байхад А орж ирсэн. Зодуулсан нүд нь хөхөрчихсөн, баруун хөл нь доголсон орж ирсэн. Яасан юм бэ гэхэд цагдаа нар эрүүлжүүлэхэд нойлын үүдэн дээр камераас холдуулж байгаад зодсон гэсэн … Хөл өвдөөд байна гээд түргэн дуудсан. Хөл нь хавдаад өмдөнд  нь  багтахгүй  болсон  байсан.   Эрүүлжүүлэхээс  гараад  шууд  манайд ирсэн ..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ36-37/,

Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтад өгсөн "... Утсаа аваад гараад цагдаа дуудсан. Цагдаад согтуу хүн хэл амаар доромжилж янз бүрийн юм яриад байна гэсэн. Тэр хүн нилээн согтуу байсан ба  байгаа айл руугаа яв гэхэд би олохгүй гэсэн.  Нүүрэн хэсгээс цус гарсан байсан ба яг хаанаас гарсан байсан талаар санахгүй байна. Хөл гар нь ямар нэгэн байдлаар гэмтсэн, цус гарсан байдал ажиглагдаагүй. Цагдаа аваад
явахад ямар нэг байдлаар доголож байгаагүй. Явахгүй гээд байсан.." гэсэн мэдүүлэг /1-р ХХ38-40/,

Гэрч Л.С-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 30 минутын үед байх намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад гаднаас бараан хувцас, хар саравчтай зуны малгайтай, эрэгтэй хүн орж ирсэн. Өрөөний үнэ тарифийг танилцуулахад үнэтэй байна гэж хэлсэн … Тэгээд би Мөст-Алтай гэдэг буудлыг зааж өгсөн. Тэгээд манайхаас гараад нэлээн дээшээ миний заасан зүг рүү явсан. Намайг цагаан хэрэглэлийн өрөөний цонхоор харж байхад эргээд хүрээд ирсэн ... Цагаан хэрэглэлийн өрөөнд Д-тэй том том дуугараад байсан. Яасан гээд би ороход энэ янз бүрээр хэлээд доромжлоод байна гэсэн. Тэгсэн чинь Дарьцэцэг
өрөөнөөс гараад цагдаа дуудсан юм байна лээ. Тэгээд удалгүй хоёр цагдаа орж
ирсэн. Тэр үед өрөөнөөс гараад текний хажууд зогсож байсан. Тэгээд дуудлага өгсөн үү? гэхэд Д би өгсөн энэ хүн намайг хэл амаар доромжлоод байна гэсэн ... энэ ямар ч өөрийгөө аваад явах чадвар алга гээд нэг нь сугадаад гарсан … Хоёр удаа орж гарсан би араас нь харсан тэгэхэд доголсон, хөлөө чирсэн байдалтай байгаагүй. Хөлний талаар юм ярьж байгаагүй ..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ41-43/,

Гэрч О.У-ын мөрдөн байцаалтад өгсөн "... А өөрөө хэлэхдээ эрүүлжүүлэхэд хоноод эрүүлжүүлэхийн цагдаа нарт зодуулсан гэж хэлсэн. Би А-г харахад гишгэж чадахгүй, миний одоо санаж байгаагаар зүүн талын нүд нь хөхрөөд хавдсан байсан. Мөн баруун талын хөл, гуя хэсэг болон өвдөгнөөс дээш хэсэг хөхөрч, өвдөг орчим хавдсан байсныг А өөрөө надад үзүүлсэн ... Ховд явснаас хойш удаагүй над руу нэг ярьсан. Тухайн үед би хөдөө алтанд явж байсан. А хэлэхдээ Ховдод эмнэлэгт нөгөө гэмтэл авсан хөлөндөө хагалгаа хийлгэж байгаа талаар хэлсэн ... А надад хэлэхдээ хацар шанаанд болон хөлөнд учирсан гэмтлээ эрүүлжүүлэх байрны цагдаа нарт зодуулаад авсан гэж хэлж байсан ... Аль аль гэмтлийг нь харахад бол битүү гэмтэл гэж хэлэхээр харагдаж байсан. Ямар нэгэн хурц, үзүүртэй зүйлээр зүссэн, эсгэсэн байдал мэдэгдээгүй. Аль аль нь бол шинэ гэмтэл байсан..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ51-54/,

Гэрч Г.Н-н мөрдөн байцаалтад өгсөн "... Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч ажил эрхэлж байна… М.А нь намайг гэрт ороход гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Өөрөөс нь юу болсон талаар асууж тодруулахад 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр архи ууж байгаад цагдаад баригдаад эрүүлжүүлэгдсэн талаар хэлсэн. Тухайн орой эрүүлжүүлэх байрны цагдаа эмч нартай маргаж муудалцсан асуудлаас болж цагдаад зодуулсан гэж хэлсэн. Би тухайн хүний биед ерөнхий үзлэг хийхэд баруун талын хөл нь өвдөгний үе, үенээс жаахан дээгүүр хэсгээр хавдсан байсан … Ил зулгарч шалбарсан гэмтэл байгаагүй, битүү хавдсан байсан. Ер нь өвдөгний үе орчим эргэн тойрондоо улайлт, хөхрөлттэй байсан.  Би үзлэг хийж байхдаа босгож гишгэж үзээгүй, өөрөөр нь амаар энэ талаар асуухад би босоод алхаж, гишгэж чадаж байгаа гэж хэлсэн … Баруун талын хацар, шанаан хэсэгт хөхөрч хавдсан байсан. Шинэ  хавдар  байсан. Шанаан хэсэгт 3:1 см орчим хэсэгт зулгарсан, зулгаралттай газраа хавдсан харагдаж байсан ..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ55-56/,

Гэрч Ц.Н-н мөрдөн байцаалтад өгсөн "... Алтай зочид буудлаас А-г авч гарахад өмнөөс эсэргүүцээгүй, дуугай л бид хоёрыг дагаад цагдаа дээр ирсэн ... Хөл нь бол ямар нэгэн гэмтэлтэй байдал мэдэгдээгүй. Бид хоёр урдаа А-г оруулаад хойноос нь алхахад зүгээр урд алхаад хэвийн явж байсан ..." гэсэн мэдүүлэг /1-р ХХ60-62/,

Шинжээч Б.Цэндхүүгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаартай               “... 1. М.А-н биед ил гэмтэл учирсан байна.

2. М.А-н биед баруун гуяны гадна дунд хэсгийн гадаргууд 6 см, 4 см-н урттай тус бүрдээ олон тооны оёдлын ором бүхий мэс засал хагалгааны эдгэрч буй шарх, баруун хөлийн шилбэнд хуучин зулгаралт, зүүн гарын тохойн үений нугалах гадаргууд арьс овойлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. М.А-н биед учирсан дээрх гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. Уг гэмтлүүд үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна.

4. М.А-н биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1-р ХХ65/

Шинжээч Д.Даваахүүгийн 2019 оны 07  дугаар сарын 08-ны өдрийн хүний биед шүүх эмнэлгийн нэмэлт үзлэгийг хэргийн материалаар хийсэн 217 дугаартай                                   “...1.М.А-н хэргийн материалд авагдсан эмнэлгийн бичиг баримтаас үзлэг хийхэд баруун гуянд ямар гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжтой байна.

2. М.А-н баруун гуяны хатуу хальсан дор үүссэн цусан бүлэн нь цаашид шимэгдэхгүй учир заавал мэс засал хийх заалттай байдаг.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг   түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. М.А-н баруун гуяны хатуу хальсан дор үүссэн цусан бүлэн гэмтэл нь 2019.02.15-наас 16- нд шилжих шөнө үүссэн байх боломжтой гэмтэл болно…” гэсэн дүгнэлт /ХХ76-77/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэлийн хуулбар /1-р ХХ163/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 103-ын урд байрлах АТМ-н камерын бичлэг, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн үүдний өрөөний камерын бичлэг, “Алтай” зочид будлын үүдний камерын бичлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г-н Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд саатуулагдсан хохирогч М.Атэй маргалдан зодож, баруун гуяны хатуу хальсан дор цусан бүлэн буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ “...хохирогч урьд өмнө гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал харагдаж байна гэж...” мэтгэлцэж байгаа боловч эрүүлжүүлэх байранд орохоос өмнө хохирогч нь өөр хүмүүстэй муудалцсан, зодолдсон эсвэл гэмтэл бэртэл авч болохуйц нөхцөл байдалд орсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй, мөн  эрүүлжүүлэх байранд орохоос өмнөх ба гарсаны дараах хохирогчийн биеийн байдал нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна. Гэрч С.Д-н өгсөн “...мах нь тасарсан бололтой өвдөгний дээгүүр гуя орчим ховил татсан байсан...” гэх мэдүүлгээр хохирогчийн биед учирсан гэмтлийг тодорхойлох боломжгүй бөгөөд энэ талаар анх үзлэг хийсэн эмч Г.Н-н мэдүүлэгт дурдагдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч М.А-н биед учирсан гэмтэл нь яагаад гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа талаар шинжээч Д.Даваахүү, Б.Цэндхүү нар нь шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой тайлбарлан мэдүүлсэн тул шинжээч Б.Цэндхүүгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаартай, шинжээч Д.Даваахүүгийн 2019 оны 07  дугаар сарын 08-ны өдрийн хүний биед шүүх эмнэлгийн нэмэлт үзлэгийг хэргийн материалаар хийсэн 217 дугаартай дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Хохирогч М.А-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг агуулга талаас нь харьцуулан үзсний үндсэн дээр ноцтой зөрүү гараагүй тул үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шүүх үнэлсэн болно.

Хохирогч М.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь мөрдөгч түүнд тулгаж асуун хууль зөрчсөн байх тул нотлох баримтаар тооцохгүй байж, нотлох баримтаас хасаж өгнө үү? гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ...” гэж заасанд хамаарахгүй байх тул хүлээн авч, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч С.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD-г хэрэгт хэрэг хадгалах хугацаагаар хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт С-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г-д шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Г-д сануулсугай.

5. Шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD-г хэрэгт хэрэг хадгалах хугацаагаар хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА