Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01600

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02311 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-нд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 12, 13 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулах, суутгасан цалин хөлс болох 414,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2024 оны 06 сарын 03-ны өдөр ******* дүүргийн ******* сууц өмчлөгчдийн холбоонд зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаартай тушаалаар нягтлан бодогчоор, мөн тухайн өдрийн Гүйцэтгэх захирлын 04 дугаартай тушаалаар сууц өмчлөгчдийн холбоонд байцаагчаар тус тус ажилд орсон. Гэтэл Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 12 дугаартай тушаалаар удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй дур мэдэн байцаагчийн ажлын байрыг орхиж явсан гэдэг үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай, мөн тухайн өдрийн Гүйцэтгэх захирлын 13 дугаартай тушаалаар удирдах албан тушаалтны өөрт нь өгсөн зөвшөөрөлгүйгээр холбооны эд хөрөнгийг бусдад шилжүүлэн өгсөн гэдэг үндэслэлээр цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн бөгөөд энэ тушаалын дагуу 2024 оны 09, 10, 11 сард тус бүр нягтлан бодогчийн цалингийн 690,000 төгрөгийн 20 хувиар тооцож 138,000 төгрөг 3 сарын нийт 414,000 төгрөгийг суутган авсан.

******* 2024 оны 08 сарын 02-ны өдөр хөдөө явах гэж байгаа тухайгаа ******* захиралд хэлэхээр 2024 оны 08 сарын 01-ний өдөр утсаар залгасан боловч гар утас нь холбогдохгүй байсан учир лифтчин *******тэй уулзан 5 хоногийн хугацаанд надад байцаагчийн ажлыг түр харгалзаж туслаач, захирлын утас нь холбогдохоор би өөрөө захиралд хэлнэ гэж тохирсон. Харин ******* захирал *******тай 2024 оны 08 сарын 02-ны орой 16-17 цагийн үед утсаар холбогдсон бөгөөд ******* хөдөө явж байгаа тухайгаа хэлсэн тул захирал чөлөө өгсөн. Гэтэл *******т сахилгын шийтгэл ногдуулах тушаалын үндэслэлдээ Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 04 дүгээр тушаалаар өгсөн ажлын байр болох байцаагчийн ажлын байрыг удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй орхиж явсан сахилгын зөрчил гаргасан гэж үндэслэсэн атлаа байцаагчийн ажлын байранд шийтгэл ногдуулаагүй, харин нягтлан бодогчийн албан тушаалд халдааж нягтлан бодогчийн хувьд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөгөө талаар хөдөө явсан тэр л өдрөө хугацаа алдалгүй мэдэгдсэн байхад мэдэгдээгүй хэмээн гүжирдэж байгаа нь үндэслэлгүй. ******* 2024 оны 08 сарын 02-ны өдөр мэдсэн гэдгээ ******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд өөрөө нотолсон бөгөөд энэ талаар хурлын тэмдэглэлд дурдагдсан.

1.2. Мөн 2024 оны 08 сарын 27-ны өдөр захирал *******тэй таарсан, тухайн үед ******* нь ******* захирлаас өвсний хадуураа уртасгагчтайгаа хоёр хоног түр хэрэглүүлээч, лагерь дээрээ өвс хадах гэсэн юм хэмээн гуйхад ******* тэг, тэг, болно. та авч хэрэглээрэй хэмээн зөвшөөрч байсныг дэргэд нь зогсож байсны хувьд сонссон. Харин 2024 оны 08 сарын 01-ний өдөр ******* өвсний хадуур уртасгагчаа одоо авъя, лагерь руугаа машинтай хөдлөх гэж байна яаралтай гаргаад өгөөч гэсэн. Тухайн үед захирал байгаагүй учир ******* нь эд хариуцагч байцаагчийн үүргээ гүйцэтгэн агуулахаас гаргаж цэвэрлэгч *******д орхисон. Гэтэл ******* нь *******т өвсний хадуур уртасгагч хэрэглүүлэхийг би зөвшөөрөөгүй байсан хэмээн үндэслэлгүй гүжирдэж надад сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна ... Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 12, 13 дугаар тушаалуудыг хүчингүй болгон шийдвэрлэж, цалингаас суутгасан цалин болох 414,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодруулж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоолоор тус холбооны бүтэц орон тоог баталсан. Тус тогтоолын 2 дугаар заалтаар холбооны нягтлан бодогчийг орон тооны бус, өмнө байсан зарчмаар гадны байгууллагаар ажлын гэрээ байгуулан ажиллахыг зөвшөөрсөн байна. ******* нь тус СӨХ-ны Гүйцэтгэх захирлын ажлыг 2024 оны 07 сарын 21-ний өдөр өмнөх гүйцэтгэх захирал *******аас тэмдэглэлээр ажил хүлээн авсан. Тухайн үед ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаалыг *******т хүлээлгэн өгөөгүй, тэдгээр бичиг баримтууд нь нягтланд байгааг амаар хэлсэн учраас нягтлан *******аас бүх баримтуудыг авсан. Эдгээр баримт дотор *******тай холбоотой гэрээ байгаагүй. Гүйцэтгэх захирал ******* нь *******тай СӨХ-ны удирдах зөвлөлийн баталсан 06 тоот тогтоолын дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулах байтал өөр байгууллагад нягтлан хийдэг хүнтэй давхар зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж өөрийн эрх мэдлийг хэтрүүлсэн байгааг 08 сарын 29-ний өдөр *******ын вайбер чатаар *******т ирүүлсэн түүний хөдөлмөрийн гэрээнээс мэдсэн. Өөрөөр хэлбэл, *******ын ирүүлсэн хөдөлмөрийн гэрээ, тушаалуудаас ******* нь зөвхөн нягтлан бодогч ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан өөр тушаалаар байцаагчийн ажил хавсран ажилласан байна. ******* нь 08 сарын 01-ний өдөр *******тэй ярихаар залгасан гэдэг нь худал бөгөөд тус өдөр *******ийн утас хэвийн ажиллаж дуудлага хийж байсан.

Ажилтан *******ийн 2024 оны 08 сарын 30-ны хүсэлт, тайлбарт дурдсанаар 2024 оны 08 сарын 01-ний өдрөөс байцаагчийн ажлыг ******* нь хаяж явсан тухай, 2024 оны 08 сарын 02-ны өдөр ажлын байрнаас эд хөрөнгө алга болсон болон ажлаа хийхгүй байгааг тодруулан *******тай утсаар ярихад өөрөө хөдөө явж байгаагаа болон ажлын байрнаас эд хөрөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн зэрэгт үндэслэн 2024 оны 08 сарын 30-ны өдөр мэдэгдэл гаргаж хариу тайлбар хүссэн, бичгээр хариу тайлбар өгөөгүй, 2024 оны 09 сарын 02-ны өдрийн өглөө ажлын байрны гадаа таарч хариу тайлбарыг өгөх эсэхийг асуухад утсаар хэлсэн тул өгөхгүй гэсэн тул тус сахилгын шийтгэл оногдуулах тушаалуудыг хөдөлмөрийн гэрээ байгуулсан нягтлан бодогчийн албан тушаалд нь хамааруулан гаргасан болно...гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч *******-ны Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 12, 13 дугаартай *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож, хариуцагч *******-ноос 414,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 49,017 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******-оос 83,270 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг бүхэлд нь хянан үзэж үнэлэлт хийгээгүй, ажил олгогчид байх хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгч 2 өөр байдлаар ажил олгогч болон шүүхэд танилцуулсан, хөдөлмөрийн гэрээний эхний хуудсыг сольсон, энэ талаар шалгуулах хүсэлт шүүхэд гаргасан боловч хэрэгсээгүй, мөн үнэн зөв хөдөлмөрийн гэрээг ажил олгогчдоо гаргаж өгөөгүйгээс илтэд худал мэдээлэл өгч төөрөгдүүлэх байдлаар санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж байгууллагын удирдлагаар алдаатай шийдвэр гаргуулсан байгааг шүүх үнэлж дүгнээгүй.

4.2. 414,000 төгрөг гэх тооцоог зөв гаргасан эсэх нь тодорхойгүй, танилцуулаагүй, шинжээчээр хянуулах эрхийг хангаагүй, байцаагчийн ажлын байрны тодорхойлолт байхад байхгүй гэж үнэлсэн. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хуулийн дагуу ажилтанд дотоод журмыг танилцуулсан, дотоод журам байгаа гэсэн байхад нягтлан шалгаагүй, нэг талын үгээр дотоод журам байхгүй гэж дүгнэсэн, гүйцэтгэх захиралд хөдөө явсан талаар мэдэгдсэн байгааг явахыг зөвшөөрсөн мэт илт худал дүгнэлт хийсэн.

2024 оны 07 сарын 27-ны өдөр *******, ******* ******* нар байгууллагын гадаа уулзалдаагүй байхад уулзалдсан гэж худал дүгнэлт хийх зэргээр хэрэг хянан хэлэлцэхдээ бүхэлд нь хуулийг, болсон бодит байдлыг гуйвуулж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн.

Мөн нэхэмжлэгч хэрэгт тайлбар өгөхдөө зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтыг хангаагүй, зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч энэ нь байцаагчийн ажил үүргийн хуваарьт таарахгүй биеэр хийх зайлшгүй шаардлагатай байгаа нь хуулийн зөрчилтэй гэрээ байгуулсан байгааг зохих ёсоор дүгнээгүй байна. Иймээс хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлэх, нотлох баримтыг шалгуулах, хэрэгт үзлэг хийлгэх гомдол гаргаж байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг харахад хэрэгт авагдсан, зохигчийн гаргаж өгсөн бүхий л нотлох баримтуудыг шүүх орхигдуулалгүй хянаж, үйл баримт бүр дээр хуулийн дагуу дүгнэлт хийсэн байдаг. Ажилтан хөдөлмөрийн зөрчил гаргаагүй байгааг шүүх нотлох баримтаар тогтоогоод байхад түүнийг нь үгүйсгэж шүүх хуулийг мушгин гуйвууллаа гэх хариуцагчийн гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн байгууллагад хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт огт байхгүй байхад хариуцагчаас тэдгээрийг байдаг мэтээр нотлох баримтын шаардлага хангахгүй, албан бичиг баримтын шаардлага хангахгүй дотоод журам, ажлын байрны тодорхойлолт гэх 4 хуудас цаас шүүх хурал дээр харуулж байсныг маш хариуцлагагүй, бүдүүлэг үйлдэл гэж харж байна. ******* СӨХ-ны гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс суутгасан 414,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* дүүргийн *******-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 03-ны өдрийн №02, №04 дугаар ажилд авах, ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, талуудын хооронд байгуулагдсан 2024 оны 06 сарын 03-ны өдөр №6/2 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, нэхэмжлэгч ******* нь хариуцагч байгууллагад нягтлан бодогчийн болон байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгэх, зайнаас ажиллахаар тохиролцсон байна.

 

4. Улмаар, *******-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.3 дахь хэсэгт заасныг үндэслэж ажлын байрыг удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй дур мэдэн орхиж явсан үндэслэлээр сануулах, мөн Гүйцэтгэх захирлын 13 дугаар тушаалаар холбооны эд хөрөнгийг удирдах албан тушаалтны өөрт нь өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн үндэслэлээр цалингийн 20 хувиар 3 сарын хугацаатайгаар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан.

 

5. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

6. Талууд сахилгын шийтгэл ногдуулсан хоёр тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар буюу нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан эсэх асуудлаар маргаж байгаа тохиолдолд байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулсан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажилтны ажил үүргийн онцлог, ажил, амралтын цаг, хувийн чөлөө олгох журам зэргийг харгалзан үзэх шаардлагатай.

 

7. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчээс байгууллагын хөдөлмөрийн дотоод журам байгаа эсэхийг тодруулж асуухад хариуцагчийн төлөөлөгч нь Хөдөлмөрийн дотоод журам нэлээн эрт батлагдсан байсан. Хөдөлмөрийн тухай хуультай холбоотойгоор шинэчилж батлаагүй байсан гэсэн тайлбар /хх-91 дэх тал/ гаргасан.

 

8. *******-ны Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 13 дугаартай тушаалын үндэслэлд Холбооны эд хөрөнгийг /өвсний хадуур, цахилгааны уртасгагч/ удирдах албан тушаалтны өөрт нь өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн нь өөрийн аман мэдүүлэг болон тухайн эд хөрөнгийг авч ажилласан өмнөх Гүйцэтгэх захирал *******ын аман мэдүүлэг, эд хөрөнгийг буцаан өгсөн үйл явдлаар тогтоогдсон гэсэн боловч *******ын аман мэдүүлэг гэх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх *******-ны Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 13 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

9. Нэхэмжлэгч ...2024 оны 07 сарын 27-ны өдөр өмнөх захирал ******* болон захирал ******* бид гурав тааралдсан, энэ үед ******* нь ******* захирлаас өвсний хадуураа уртасгагчтайгаа хоёр хоног түр хэрэглүүлээч ... хэмээн гуйхад ******* тэг тэг болно, та авч хэрэглээрэй ...хэмээн зөвшөөрсөн байдаг ... гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж, маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд маргааны зүйлтэй холбоотой үйл баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх учиртай.

 

10. Түүнчлэн, нэхэмжлэгч нь суутгасан цалин хөлс болох 414,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Гэтэл нэхэмжлэгчийн цалин хөлснөөс суутгал хийгдсэн талаар 2024 оны 01 сараас мөн оны 09 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хэргийн 6 дахь талд авагдсанаас өөр цалин хөлснөөс суутгал хийсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байна. /хх-6/

Хэргийн баримтаар нэхэмжлэгч *******ыг 2024 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн сууц өмчлөгчдийн холбооны нягтлан бодогчоор ажиллуулж цалинг 690,000 төгрөгөөр, мөн өдрөөс байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлж цалинг 700,000 төгрөгөөр тус тус тооцон олгохоор шийдвэрлэсэн байх боловч дээрх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар сахилгын шийтгэлтэй холбоотой суутгалыг ажилтны аль цалингаас, ямар хэмжээнд, хэзээ суутгагдсан нь тодорхой бус байна.

 

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ...20 хувь суутгуулсан нь нягтлан бодогчийн цалин хөлс, энэ баримт нь надад байгаа, хэрэгт өгөөгүй... гэсэн нь уг баримтыг гаргаж өгөх хүсэлт мөн эсэхийг тодруулж, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/02311 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН