| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0107/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/109 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ч-д холбогдох 1916002470129 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт А-н Ч.
Шүүгдэгч А.Ч-н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 0-0 тоот хашааны гадаа хэл амаар доромжилсон гэх шатгаанаар хохирогч Б.Э-г зодож биед нь баруун нүдний алимны салст цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, толгой дух, хамар, дээд уруул, бүсэлхийд зулгаралт, баруун хацар, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, үүдэн шүднүүдийн бага зэргийн ганхалт гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч А.Ч нь”...мэдүүлэг өгөхгүй...өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүгдэгч А.Ч-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “... Б ахтай хамт архи ууж байсан Э гэх ах манай гэрт орж ирээд манай найз Батчимэгийг өдөөд ах нь мөнгө өгье чи надтай явах уу гээд доромжлоод байсан.Би тухайн үед пиво уугаад их согтсон байсан тул та яагаад миний найзыг янхан гэж доромжилдог юм гээд тэр ахыг гэрээсээ хөөж гараад хашааны гадаа тэр ах руу 2 удаа чулуу шидэж цохиод, гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр ах их согтуу байсан тул хөл дээрээ тогтож чадахгүй газарт унаад байсан. Би тэр ахыг яг хаана нь хэдэн удаа цохисноо санахгүй байна. Нэг мэдсэн цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд хийсэн... “ гэсэн мэдүүлэг /ХХ45-48/,
Хохирогч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би тэр үед нилээн согтуу явж байсан, би өөрт байсан мөнгөөрөө Б-д нэг шил архи авч өгөөд гэрт нь очсон. Б-н гэрт очоод нөгөө архиа хувааж уугаад би ухаанаа алдаж согтсон байсан, нэг мэдсэн нэг эмэгтэй хүн намайг зодоод байсан. Б-н хажуугийн гэрт дүүгийнх нь эхнэр гээд нэг эмэгтэй 2-3 эмэгтэй хүнтэй хамт архи ууж байсан. Би согтоод тэр эмэгтэйн гэр рүү ороод тэгээд Ч гэх хүүхэн намайг согтуу байхад зодсон байсан ... Би тэр эмэгтэйг танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй ... Тухайн үед миний нүд, нүүр хавдаж, зулгарсан байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ6-8/,
Гэрч Н.У-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед Баяншанд багт очиход Ч эгч гэртээ байсан. Намайг ороход цагдаа нар ирчихсэн байсан. Юу болсон талаар асуухад Ч эгч би энэ залууг зодсон гэж надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /ХХ9/,
Гэрч П.А-н мөрдөн байцаалтад дахин өгсөн "... Бид 2-г очиход Ч эгч нэг согтуу ахтай хэрүүл маргаан, зодоон хийсэн бололтой хашааны ар талд гудамжинд орилж чарлаад зогсож байсан ... Бид хоёрыг харж байхад тэр ахыг цохиж зодоогүй, нэг ах хашаа налаад сууж байсан ... Хувцас хунар нь шороо болсон байдалтай харагдсан ..." гэсэн мэдүүлэг /ХХ14-15/,
Гэрч З.Б-н мөрдөн байцаалтад өгсөн "... 20 цагийн орчим Ч танихгүй дугаараас залгаад намайг цагдаагийн эрүүлжүүлэх байрнаас ирээд аваадах гэхээр нь З бид хоёр очиж авсан. Яасан гэхэд тэр согтуу ах гэрт орж ирээд янз бүрийн юм яриад доромжлоод явахгүй байхаар нь би тэр ахыг зодчихсон, тэгсэн цагдаа нар ирээд барьсан гэж ярьсан ... " гэсэн мэдүүлэг /ХХ21-23/,
Гэрч П.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Баянхайрхан багт явж байтал зүс таних Э гээд ах таараад хамт архи ууя, ахад нь мөнгө байна гэхээр нь нэг шил архи дэлгүүрээс авахуулаад гэртээ дагуулж очсон … Бид хоёр архиа хувааж уусан, би тэр архийг уугаад ухаангүй согтоод унтсан байсан. Яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Дараа нь сонсоход Э ах манай хажуугийн Ч гэж эмэгтэйн гэрт ороод хэрүүл маргаан хийгээд Ч-д зодуулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ24-25/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаартай “...Б.Э-н биед баруун нүдний алимны салст цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, толгой дух, хамар, дээд уруул, бүсэлхийд зулгаралт, баруун хацар, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, үүдэн шүднүүдийн бага зэргийн ганхалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Б.Э-н биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.
5. Тухайн гэмтлүүд нь хэрэг үйлдэгдэх үед үүссэн байх боломжтой гэмтэл болно.
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ32-33/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ч-н 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 0-0 тоот хашааны гадаа хэл амаар доромжилсон гэх шатгаанаар хохирогч Б.Э-г зодож бие нь баруун нүдний алимны салст цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, толгой дух, хамар, дээд уруул, бүсэлхийд зулгаралт, баруун хацар, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, үүдэн шүднүүдийн бага зэргийн ганхалт гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүхээс шүүгдэгч А.Ч-д торгох ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт А-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-д шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Ч-д сануулсугай.
5. Шүүгдэгч А.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА