Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01605

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/07662 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нийт 15,306,570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж гэм хорын хохиролд нийт 15,306,570 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал, хагалгааны зардал 1,500,000 төгрөг, шинжилгээ оношилгооны зардалд 257,000 төгрөг, зүрхний эхо, бичлэг хийлгэсний зардал 60,000 төгрөг, мэс заслын дараах оёдол авхуулах, физик эмчилгээний зардлын 60,000 төгрөг, таксины төлбөр 53,570 төгрөг, бензиний төлбөр 74,000 төгрөг, архиваас баримт бүрдүүлэхэд гаргасан зардал 42,000 төгрөг, ажилгүй байсан 3 сарын цалинд 4,500,000 төгрөг, хууль, эрх зүйн зөвлөгөө туслалцааны зардал 5,000,000 төгрөг, эх ******* 9 хоног эмнэлэгт сахисан тул түүний цалин өдрийн 60,000 төгрөгөөр тооцон 1,260,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2,500,000 төгрөг гэжээ.

 

3. Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй боловч татгалзлын үндэслэлээ ...эмчилгээний зардалд 1,975,430 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн бусад шаардлагууд баримтаар нотлогдоогүй... гэж маргасан.

 

4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

4.1. Хариуцагч ******* нь 2024 оны 11 сарын 17-ны өдрийн 19.30 цагийн орчимд ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо ******* дүүргийн ******* талын замд явган зорчигч *******ийг мөргөж зам тээврийн осол гаргасан. /хх-34-39/

 

4.2. *******гийн дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас *******ийн баруун, зүүн өвдөгний үе орчмын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн өвдөг, тохойд цус хуралт бүхий, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон. /хх-40-44/

 

5. Хариуцагч *******гийн гэм буруутай дээрх үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******т учирсан гэм хорыг хариуцагч ******* хариуцан арилгах үүрэгтэй гэж зөв дүгнэсэн боловч зохигчийн маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байдаг.

 

8. Анхан шатны шүүх баримтаар тогтоогдсон хэмжээнд буюу хагалгааны зардал 1,500,000 төгрөг, шинжилгээ оношилгооны зардалд 257,000 төгрөг, зүрхний эхо, бичлэг хийлгэсний зардал 60,000 төгрөг, мэс заслын дараах оёдол авхуулах, физик эмчилгээний зардлын 60,000 төгрөг, зөрчлийн хэрэгтэй холбоотой баримт материалыг прокурорын архиваас хуулбарлан авах, бичиг баримт бүрдүүлэхэд гаргасан зардал 42,000 төгрөг нийт 1,919,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч 1,937,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасныг залруулна.

 

9. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь уг зам тээврийн осол болох үед *******-нд интерьер дизайнераар ажиллаж байсан нь хэргийн 16 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх *******ийн ажилгүй байсан хугацааны цалин орлогыг тооцохдоо 3 сарын хугацааны цалин 4,500,000 төгрөгөөс 2024 оны 11 сарын 08-ны өдрийн цалингийн орлого 646,875 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдрийн цалингийн орлого 172,671 төгрөг нийт 821,546 төгрөгийг хасаж, үлдсэн 3,678,454 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тооцсон нь буруу байх тул *******ийн ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинд 4,500,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Учир нь нэхэмжлэгчийг осол болсны дараах өдрүүдэд ажил хөдөлмөр хэвийн эрхэлж байсан гэж үзэх боломжгүйгээс гадна ажил олгогчоос олгосон дээрх цалин хөлс нь осол болохоос өмнөх хугацаанд нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин орлого гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангана.

 

10. Нэхэмжлэгч нь түүнийг 2 удаа хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн хугацаанд эх ******* сахиж, ажил хөдөлмөр эрхлэлгүй 2024 оны 11 сарын 18-ны өдрөөс 2024 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх 12 хоног, мөн 2024 оны 12 сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 сарын 24-ний өдрийг хүртэлх 9 хоног эмнэлэгт сахисан тул түүний энэ хугацааны цалинг өдрийн 60,000 төгрөгөөр тооцон 1,260,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх *******гийн нэг өдрийн цалинг 71,428 төгрөгөөр тодорхойлж 7 хоногийн цалин 499,996 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь эх *******гийн өмнөөс түүний дутуу авсан цалин хөлсийг нэхэмжлэх эрхийг олгосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас *******гийн цалин 1,260,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

11. Хариуцагч ******* эмчилгээний зардалд зориулж 2024 оны 11 сарын 21-ний өдөр 650,000 төгрөг, 2025 оны 01 сарын 08-ны өдөр 1,325,430 төгрөг, нийт 1,975,430 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн асуудлаар талууд маргаагүй боловч энэ төлбөр нь нэхэмжлэлд дурдсан эмчилгээний зардалд зориулагдаагүй, өөр төлбөрт зарцуулагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүх хариуцагчийн төлөх төлбөрөөс хасаж тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

 

12. Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.4-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргааны төрөлд хамаарахгүй үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

 

13. Харин нэхэмжлэгчийн хууль, эрх зүйн зөвлөгөө туслалцааны зардал 5,000,000 төгрөг, такси, бензиний төлбөр гэх 127,570 төгрөгт холбогдох шаардлагыг анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэж дээрх шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

 

14. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 1,919,000 төгрөг, *******ийн ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 4,500,000 төгрөг нийт 6,419,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,975,430 төгрөгийг хасаж, үлдэх 4,443,570 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

15. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор болох эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжилсэн тул шийдвэрийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг нэмж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх харьяалал зөрчсөн, мөн нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гаргасан гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгох тул шийдвэрийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 гэснийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг болгосон өөрчлөлт оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 197/ШШ2025/07662 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 4,443,570 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,103,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох сэтгэл санааны хохирол 2,500,000 төгрөг, *******гийн цалин хөлс 1,260,000 төгрөг нийт 3,760,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 81,295 гэснийг 86,047 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,295 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН