Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01626

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/05205 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 204,053,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хоёр хувьцаа эзэмшигчтэй аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. ******* нь амаар тохирч гэрээ байгуулалгүй мөн тодорхой албан тушаалд томилогдолгүй 2022 оноос 2023 оны хооронд менежмент, маркетингийн ажлыг хариуцан ажилласан бөгөөд энэ хугацаанд компанийн санхүүгийн ажлыг давхар хавсран гүйцэтгэсэн болно. Гэвч ******* нь 2023 оны 03 сараас 08 сарын хооронд байгууллагын санхүүгийн ажлыг гүйцэтгэж байснаа ашиглан *******-ийн ******* банкны ******* тоот данснаас өөрийн эзэмшлийн ******* тоот данс руу байгууллагын хөрөнгө болох 204,053,000 төгрөгийг шилжүүлэн авсан болохыг саяхан олж мэдсэн болно.

*******-аас дотоод шалгалт оруулж, ******* ХХК-аар дүгнэлт гаргуулахад дээрх хугацаанд нийт байгууллагад 510,364,605.82 төгрөгийн орлого орсон болохыг тогтоосон ба байгууллагын орлогоос ******* нь 204,053,000 төгрөгийг хувьдаа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул манай байгууллага өөрийн мөнгийг *******гаас буцаан гаргуулах хүсэлттэй байна.

 

2022, 2023 онд ******* хуулийн этгээдийн үйл ажиллагааны ишлэл, тамга тэмдэг, лого, барааны тэмдэгтээр ******* нь өөрийн үйлчлүүлэгчдийн мэдээлэлд тулгуурлан өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцаж хамтран ажилласан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх тул үйл ажиллагааны орлого 510,364,605.82 төгрөгийн өөрт ногдох хувь болох 50 хувийн орлогоос 204,053,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. ******* *******-ийн менежерээр ажиллаж, хүмүүсийг аялалд хамруулах, буцааж ирэх хүртэл холбогдох ажиллагааг хариуцдаг байсан. Хуулийн этгээд хамтран ажиллахын тулд нөгөө тал нь зэрэгцээ субъект байх ёстой. Гэтэл ******* *******-д ажиллаж, бүх үйл ажиллагааг хариуцсан. Санхүүгийн тайлангаар *******гийн данс руу орсон 223,000,000 төгрөг юунд зарцуулсан гэдгийг хангахуйц хэмжээнд нотлох баримтыг гаргаж өгсөн. Уг мөнгийг ******* өөрийн дансаар оруулж, юань болгон хүмүүсийн аялалтай холбоотой зардалд зарцуулсан.

Иймд *******, ******* хамтран ажиллах ямар ч боломжгүй. *******-д менежерээр ажиллаж, аялал зуучлалын ажлыг хариуцаж байсан нь тодорхой байна. 2023 оны аудитын дэлгэрэнгүй тайланд бусад орлогыг үзэхэд 510,364,605 төгрөгийн орлого байна. Аялсан хүмүүсийн санхүүжилтээс ихэнх хэсэг нь бүрдсэн ба өөр санхүүжилт бас байгаа. 465,434,470 төгрөг нь ерөнхий ба удирдлагын зардал гэж тайлагнасан. Татвар 44,000,000 төгрөг, цэвэр ашиг нь 936,000,000 төгрөг төгрөг болж байгаа. Жишээлбэл 100 төгрөгийг аялалын хураамжид авч, 90 төгрөгийг аялалд зарцуулж, 10 төгрөг нь ашиг байгаа.

******* нь *******-д жил орчим ажилласан бөгөөд тус компанийн нэхэж байгаа шиг их ашиг олоогүй. Компанийн дотоод асуудлыг ******* өөрөө зөв хариуцаж, зохион байгуулах ёстой. Компани ашиг олбол ашгийг хуваана, алдагдал байвал үүнийг өөрөө үүрдэг. ******* 510,000,000 төгрөгийн орлого олоод, 204,000,000 төгрөгийг *******, 204,000,000 төгрөгийг ******* хариуцах маргаан биш. Анхнаасаа татварын маргаан байсан. Татварын дүнг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 онд ашиг нь 44,000,000 төгрөг ба татвар 4,000,000 төгрөг байгаа. Татвартай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй хэдий ч татварын баримтууд нь бодит бус байгааг дурдах нь зүйтэй байна. Татварын хяналт шалгалтын актаар тавигдсан дүн үү эсвэл тайлангаар тавигдсан дүн үү гэдэг нь тодорхойгүй байна. Хэрэв тайлангаар тавигдсан дүн гэвэл тайланг гаргаж өгөөгүй. Аудитын тайланд 44,000,000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Гэтэл энэ дүн хаанаас гарч ирснийг мэдэхгүй, энэ нь шийдэгдэхгүй байсаар энэ түвшинд хүрсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ******* уг хугацаанд хариуцаж явж байсан нь үнэн. Гэхдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 21,996,506 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 182,056,494 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,178,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 267,933 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй шууд ашиглах боломжтой хуулийн этгээд, фэйсбүүк хуудас, байгууллагын тусгай тэмдэгт зэргээр хамтарч харин хариуцагч нь өдөр тутмын үйл ажиллагаа хариуцах, өөрт байгаа үйлчлүүлэгч нарын мэдээллийг нийлүүлэн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажилласан байдаг. Мөн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар олсон орлогоос гэрээний нэг тал болох нэхэмжлэгч нь өөрийн оруулсан хураамжийн хэмжээгээр ашиг хуваарилахыг шаардах эрхтэй байна. Талууд анх амаар ашгийг тэнцүү хуваахаар тохирсон байх бөгөөд хариуцагч нь татварт тайлагнасан талуудын хамтын үйл ажиллагаанаас 440,000,000 төгрөгийн орлого олсон талаар маргадаггүй тул тухайн орлогоос нэхэмжлэгч нь бусад зардлыг хасан өөрт оногдох 204,053,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулан авах бүрэн эрхтэй боловч анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Мөн хариуцагч нь өөрийн хувь дансаар авсан 204,053,000 төгрөгийг бүхэлд нь үйл ажиллагааны зардалд зарцуулсан цэвэр ашиг олоогүй хэмээн тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ огт биелүүлээгүй шүүхэд гаргаж өгсөн бүх нотлох баримт нь нотлох баримтыг шаардлага хангаагүй байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Менежер гэдэг албан тушаалыг эрхэлдэг байсан ба аяллаар явах бүх хүмүүсийг нь хариуцаж аялуулдаг байсан. Энэ дунд 100 гаруй хүнтэй харилцахад нэг ч гомдол гарч байгаагүй.

******* нь компанийн дансанд мөнгө орж ирэхээр өөрөө татаж аваад захиран зарцуулдаг. Тийм учраас өөрийнхөө данс руу авч тухайн бүх хүмүүсийг аялуулдаг байсан. Нэхэмжлэгч тал нь ашиг нэхдэг боловч ашиг гэж олсон зүйл төдийлөн байдаггүй. Тайлангаар 934,000,000 төгрөгийн л ашиг яригддаг.

Анх Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан зохицуулалтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэг хэсэг шаардсан, дараа нь хамтран ажиллах маргаан гэж маргасан. Зохиомол маргаан үүсгэсэн... Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд зөрүүтэй байдлаар зүйлчилсэн. Хоёр талын хооронд Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн. Бодит байдал дээр ******* нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох ******* нь компанийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үйл ажиллагаа явуулсан хэмжээгээрээ ашиг хүртэж явах саналыг хүлээн зөвшөөрч түүнд үндэслэн хариуцагч нь үйл ажиллагаа явуулж ирсэн. Шүүх хэрэгт цугларсан баримтад тооцооллын хувьд учир дутагдалтай байдлаар тооцоолол хийсэн. Учир нь аж ахуй нэгжийн орлогын албан татварт оногдуулсан 43,993,013.53 төгрөг бол тухайн компанид орж ирсэн нийт орлогоос үүссэн татварын өр ба үүнээс аялал жуулчлалын зориулалтаар бус гүйцэтгэх захирал *******гийн хувьдаа хийсэн ажил орлого нэмэгдэж энэхүү татварын төлбөр гарсан ба шүүх орлого бүрийг хэсэгчлэн хасаж тооцоолол хийхгүйгээр нийт бий болсон татварын өрийг тэнцүү хувааж шийдсэн.

Хэрэгт авагдсан ******* дансны хуулгаар яг хэдэн төгрөг нь аялал жуулчлалын чиглэлээр орж ирсэн төлбөр болох үүнээс хэдэн хувийг нь хариуцагч төлөх ёстой талаар нэг бүрчлэн тооцоолол хийж бодогдох ёстой байсан. Аялал жуулчлалын чиглэлээр орж ирсэн орлого нь 280 сая гаруй төгрөг бөгөөд энэхүү орлого дээр үндэслэн аж ахуй нэгжийн татвар бий болох ёстой бөгөөд энэхүү татварын төлбөр нь тэнцүү хуваагдах юм. Мөн аялал жуулчлалд ногдуулсан татвар нь 90 хувь хөнгөлөгддөг бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. *******гийн дансны хуулга болон 2022, 2023 оны компанийн нийт дансны хуулгыг ******* банк ХК-аас авч хэрэгт хавсаргасан. Эдгээр баримтуудад үндэслэсэн шинжээчийн дүгнэлт болон аудитын тайлан байдаггүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан бөгөөд 510,000,000 төгрөгийн гүйлгээний 70,000,000 төгрөгийн гүйлгээ нь и-баримттай байсан учир *******гийн барилгын чиглэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор хийгдсэн гүйлгээ болохыг ялгаж тусгаарласан. Түүнчлэн *******гаас дангаараа компанийн тамга эзэмшиж явуулсан үйл ажиллагааны орлого, зарлагын баримт гаргаж өгөхийг удаа дараа шаардсан бөгөөд үнэхээр шаардлага хангасан баримт байгаа тохиолдолд тухайн зардлыг хасахад татгалзах зүйлгүй гэх талаар мэдэгдсэн. Гэтэл тухайн 440,000,000 төгрөг нь *******гийн аялал жуулчлалын үйл ажиллагаанаас орж ирсэн мөнгө болох нь дансны хуулгаас харагддаг бөгөөд тухайн үнийн дүнгийн и-баримт огт шивэгдээгүй учир татварын алба тухайн орлогыг бүхэлд нь ашиг гэж үзэж, 44,000,000 төгрөгт нь татвар ногдуулсан. ******* нь нэхэмжлэгч компанийн нэрээр үйл ажиллагаа явуулж, ашиг олсон атлаа чи компанийн захирал учир татварыг нь чи төлөх ёстой гэх байдлаар *******д хариуцлага ногдуулдаг.

Анхан шатны шүүх хариуцагч талын хүссэнчлэн татварын төлбөрийг 50:50 хувиар хуваасан буюу 20,000,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэхэд хариуцагч тал нь тухайн 20,000,000 төгрөгийн үнийн дүнд хүртэл гомддог. Түүнчлэн ******* нь 2022 оны 06 сараас 09 сарын хооронд *******-ийн дансанд орж ирсэн орлогыг нийт 20 гаруй удаагийн гүйлгээгээр өөрийн хувь данс руу буюу аялал жуулчлалын үйл ажиллагаанд хамааралгүй данс руу татсан учир аяллын үйл ажиллагааны зардал компанийн нэр дээр и-баримтаар нотлогдох боломжгүй болсон. Ийнхүү татварын хараат бус аудиторын зүгээс компанийн дансанд орсон 440,000,000 төгрөг нь бүхэлдээ ашиг тул үүний 10 хувийн татварыг төл гэж хэлсэн учир ******* тухайн татварыг төлсөн. ******* нь *******гийн үйл ажиллагаанаас бий болсон татварыг төлсөн бөгөөд тухайн татварыг төлөөгүй тохиолдолд алданги тооцож байсан учир тухайн алдагдалд төлсөн төлбөрөө авъя гэж *******гаас нэхэмжилж байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 204,000,000 төгрөгт 44,000,000 төгрөгийн татварын мөнгө орсон байгаа. Талуудын хооронд үүссэн харилцаа нь өндөр хэмжээний итгэлцлийн үндсэн дээр бий болсон хамтын ажиллагаа учир ядаж 44,000,000 төгрөгийг нь төлж нэхэмжлэгчийг хохиролгүй болгох хэрэгтэй.

Түүнчлэн хэргийг анхан шатны шүүх рүү буцааж байж талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг дүгнэх боломжтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нэхэмжлэлийн үндэслэлээ анх 2022-2023 оны хооронд компанийн менежмент, маркетингийн болон санхүүгийн ажлыг давхар хавсран гүйцэтгэж байхдаа компанид орсон 510,364,605.82 төгрөгийн орлогоос 204,053,000 төгрөгийг хувьдаа авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагааны орлого 510,364,605.82 төгрөгийн тал хувь 204,053,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч эс зөвшөөрч, ...тухайн хугацаанд *******-д ажиллаж, аялал жуулчлалын ажлыг хариуцаж байсан, ажиллах хугацаанд өөрийн дансаар орж ирсэн 223,000,000 төгрөг юунд зарцуулагдсан талаар нотлох баримтыг гаргаж өгсөн ... ийм хэмжээний ашиг олоогүй, 2023 онд ашиг нь 44,000,000 төгрөг татвар нь 4,000,000 төгрөг байгаа... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргасан.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн буюу хамтын үйл ажиллагааны орлогын тал хувийг гаргуулах гэсэн байхад шүүх үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй, зохигчид уг асуудлаар бүрэн мэтгэлцэж чадаагүй байна. /хх1-144/

 

6. Нэхэмжлэлийн үндэслэл болсон ******* ХХК-ийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн хараат бус аудиторын тайланд *******-ийн 2022 оны 12 сарын 31-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны мөнгөн гүйлгээний орлого 510,817,474 төгрөг гэж тодорхойлсон боловч энэ нь дан ганц аялал жуулчлалын үйл ажиллагаанаас орсон орлого мөн эсэхийг тодруулах шаардлагатай.

 

7. Түүнчлэн анхан шатны шүүх талууд хамтран ажиллах явцад *******-ийн орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 43,993,013.53 төгрөг болсон бөгөөд хариуцагч гэрээний явцад бий болсон алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

8. Учир нь хэргийн 67 дахь талд авагдсан Аж ахуй нэгж, байгууллагын татварын тайлангийн тодорхойлолтоор 43,993,013 төгрөгийг урьд оны үлдэгдэл гэж тодорхойлсноос үзвэл талуудын маргаж байгаа цаг хугацаанд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татвар мөн эсэх үйл баримт тодорхойгүй байхаас гадна мөн хэргийн 4 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь аялал жуулчлалын үйл ажиллагаанаас гадна хүнсний бараа бүтээгдэхүүний жижиглэн болон бөөний худалдаа, барилгын засвар хийх, барилгын материал худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй байх тул дээрх татварын өр 43,993,013.53 төгрөгийг зөвхөн аялал жуучлалтай холбоотой хэсгээс үүссэн татвар гэж үзсэн нь ойлгомжгүй, эдгээр үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

9. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/05205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 1,068,233 төгрөг, хариуцагчаас төлсөн 267,918 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН