Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнийн Одхүү |
Хэргийн индекс | 180/2019/0229/Э |
Дугаар | 204 |
Огноо | 2019-09-14 |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0229/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Сайнболд
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгч С.Ж, Г.Ж нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ж, С.Ж нарт холбогдох 19050........ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Жаргалсайхан, С.Жамбал нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг Хар зүрхний хөх нуур гэх газарт хувийн таарамжүй харьцааны улмаас маргалдаж Г.Жаргалсайхан нь С.Жамбалын нүүрэнд нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, С.Жамбал нь Г.Жаргалсайхны толгой руу чихрийн тавагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Ж өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай ажлынхан Хэнтий аймагт байрлах Хар зүрхний хөх нуур гэх газар руу амралтаар явсан тэнд очоод идэж уугаад байж байхад Ж Даваанямтай муудалцаад зодолдоод байсан. Тэгэхээр нь би салгах гээд очтол салахгүй болохоор нь би Ж нүүр рүү нэг удаа өшиглөсөн тэгээд хүмүүс ирээд салгасан тэгээд Даваанямтай би нэг гэрт ороод унтаад өгсөн. Тэгсэн чинь үүрээр унтаж байхад чихэр хийдэг тавагаар миний толгой руу 5-6 удаа Ж гэгч цохисон тэгэхээр нь би гараараа хаагаад орилоод босоод ирсэн чинь цаанаас хүмүүс ирээд Ж аваад явсан. Тэгээд цус гараад тогтохгүй болохоор нь амралтаа болиод шууд хот руу орж ирсэн....гомдолтой байна эмчилгээний зардал нэхэмжилмээр байна эмчилгээ хийлгэсэн баримт байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Хохирогч С.Ж өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай ажлынхан Хэнтий аймагт байрлах Хар зүрхний хөх нуур гэх газар руу амралтаар явсан тэнд очоод идэж уугаад байж байхад Ж агсраад элдвийн хүн рүү дайраад байсан тэгэхээр нь аль болох тайван байлгахыг хичээсэн тэгээд дараа нь орж болохгүй булгийн ус руу ороод байхаар нь бас аргадаад гаргасан. Тэгээд бид нар сүүлдээ гэрийн хажууд ажлынхантайгаа юм яриад Даваанямтай нуруугаа нийлэн сууж байтал Ж гэрээс гарч ирээд чи муу надад яагаад томроод байгаа юм гээд миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн миний уруул язарсан тэр үед Болормаа, Ундармаа, Сараа нар салгасан...Тэгээд би өглөө нар гарахаар 00-н цаас шүдний сойз авах гэж нөгөө гэр рүү ороход Давааням унтаж байсан нөгөө орон дээр нь Ж хувцастайгаа гэрийн хөшгийг нүүрэн дээрээ бүтээчихсэн хэвтэж байсан тэгээд намайг ирэхэд өндийж хараад юугаа шиншлээд байгаа банди вэ гэхээр нь би чи муу миний нүүр рүү өшиглөдөг хэн бэ аятайхан байгаарай гэж хэлэхэд Жаргалсайхан хэвтэж байснаа өнгийж ирсэн тэр үед хацар нь цус болчихсон байсан тэгээд чи муу намайг цохидог хэн бэ гээд аймар орилсон тэгээд ширээн дээр байсан чихрийн таваг барьж аваад миний баруун өвдөг рүү шидсэн тэр үед би зугтаагаад ширээний хойно орчихсон тэгсэн гаднаас Ундармаа орж ирээд дараа нь Дуламсүрэн гэрт орж ирээд намайг авч гэрээс гарсан...гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 хуу/
Гэрч Ш.Болортуяагийн өгсөн... Тэгээд хоолонд орж байхад Ж онцгүй хоол байна гээд уурлаад агсраад байсан бид нар өмнөөс нь уг байгууллагын ажилчдаас уучлалт гуйсан. Тэгээд хоол идэж дууссаны дараа гэрийн ойр байрлах модны орчим сууж архи уусан. Тэгээд орой болоход дахиж хоолонд ороход Ж бас агсарч эхэлсэн хоол муухай байна гээд байсан. Тэгээд хоолондоо ороод дараа нь Хар зүрхний хөх нуураа үзэхээр явсан нуураа үзсэний дара бүжигэнд явж бүжиглэсэн. Дараа нь унтах нь унтаад зарим нь архи пиво ууж байсан. Би Ж Ундармаа Сарантуяа нартай хамт модны доор юм яриад суусан бусад нь ирж очоод яваад байсан. Тэр үед Жаргалсайхан согтчихсон Ж хэл амаар өдөөд байсан тэр үед Ундармаа чи битгий миний ахыг доромжлоод бай гэсэн чинь Ж цааш яваад өгсөн. Тэр үед цаг 3,4 цаг болчихсон байсан тэр үед Жамбал даараад байна гээд хөнжил авах гээд гэр лүү орсон тэгээд Сарантуяа бид 2 Ж хойноос очиход Даваанямыг Ж гэдсээр нь тэвэрчихсэн сууж байсан тэр үед Ж хаанаас ч юм гарч ирээд Ж нүүрэн тус газар нь өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/
Гэрч О.Ундармаагийн өгсөн... Тэгээд хоолонд ороод бөөнөөрөө сууж байхад Ж миний хуушуур түүхий байна гээд орилоод байсан амьдралдаа ийм хоол идэж үзээгүй гээд тогооч руу чанга орилж байгаад гараад явчихсан тэгээд буцаж орох гээд байх үед Ж битгий ингээд бай тайвшир гээд цайны газар руу оруулаагүй...Тэгээд шөнө болтол юм ярьж сууж байгаад Сайхантуяа, Ж Болормаа бид 4 сүүлд нэг гэрт орж унтацгаасан. Тэгээд удахгүй хажуу талын гэрээс нэг хүн орилох шиг болсон тэр үед би хажуу талын гэр рүү ороход Жамбал ах ширээний хажууд зогсчихсон Ж ах орон дээр сууж байсан бөгөөд Ж орилоод чи муу юу юм бэ гээд орилоод байж байхад нөгөө орон дээр нь Давааням унтаж байсан Давааням сэрээгүй байсан тэгээд Дуламсүрэн Ж ахыг авч гарах үед би нөгөө хамт явсан хүмүүсээ дуудах гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Гэрч С.Мягмарсүрэнгийн өгсөн:... 2019 оны 05 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө унтаж байсан. Гэтэл манай хэд орилоод байсан. Очоод хартал Ж толгойноос цус гарсан байдалтай сууж байсан. Тэгэхэд нь цусыг нь тогтоох арга хэмжээ аваад гэрийг нь ороод хартал 4 ортой байсан. Хамгийн зүүн хойд орны араар нь харахад шалан дээр баахан цус байсан. Бид нар гэрийг нь амралтын газарт хүлээлгэж өгөхөөс өмнө цэвэрлээд өгье гээд цэвэрлэсэн. Цэвэрлэх үед Ж орны арын хэсэгт хагарсан цустай шаазан таваг байсан. Тэгэхээр Ж толгойг Ж тэр тавагаар цохисон байсан гэсэн үг...гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуу/
Гэрч Д.Алтантуяагийн өгсөн:... Гэнэт хүмүүс орилоод байхаар нь сэрээд очтол Ж унтаж байтал Ж тавагаар цохисон юм шиг байсан. Толгой хэсгээс их цус гараад байхаар нь цамцаар цусыг нь тогтоогоод өглөө болтол аргалсан. Тэгээд Ж уурлаад Ж болохоор намайг уучилаарай гэж байсан. Тэгээд маргааш буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 09 цагт бид хэд хот руугаа буцсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/
Гэрч Т.Даваанямын өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 23-ны үүрээр 5 цагийн орчимд би нэг гэрт унтаж байсан. Гэнэт чанга хүний орилох чимээнээр би сэрээд хартал Ж нь орон дээрээ хэвтэж байхад Ж дээрээс нь толгой хэсэг рүү нь цохиж байсан. Жамбал 2 дугаар хоолны хавтгай таваг гартаа атгачихсан байсан. Би сандраад тэр 2-ыг салгасан. Удалгүй гаднаас манай эмнэлэгийн ажилтан Ундармаа гэх эмэгтэй орж ирээд Ж гэх залууг аваад гарсан...яг нарийн учрыг нь мэдэхгүй байна. Яг намайг сэрээд харахад Ж, Ж цохиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7866 дугаартай дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ныөдрийн 7959 дугаартай дүгнэлт
Г.Ж яллагдагчаар өгсөн:.. Тэгээд намайг гэрт байж байхад манай ажилчид гэрийн гадаа хэрэлдэж маргалдаад байхаар нь би гэрээсээ гараад очиход манай ажлын Давааням, Ж нар хоорондоо хэрүүл маргаан үүсгэж зодолдож байсан. Тэгэхээр нь би тэр 2-ыг салгах санаатай дундуур нь орсон чинь тэр 2 салахгүй ноцолдоод байхар нь би тэр 2-ыг салгах зорилгоор Жамбалын нүүр хэсэгт /толгойд/ нэг удаа өшиглөөд тэр 2-ыг салгасан. Тэгээд тэр 2 ноцолдохоо болиод би гэрт ороод унтаад өгсөн. Тэгээд маргааш нь үүр цайгаад гэгээ орж байхад Ж манай амарч байсан гэрт ирээд шилэн тавагаар миний толгойн ар хэсэгт 5-6 удаа цохиод миний толгойг хагалсан. Тухайн үед миний толгойноос гарч байсан цус тогтохгүй нилээн удаж байгаад арай гэж тогтсон...Ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуу/
С.Ж яллагдагчаар өгсөн:.. би байгууллагын ажилчидтай модны доор сууж байхад Давааням хамт сууж байя гэж хэлээд Даваанямтай нуруугаараа хараад сууж байхад гэнэт Ж согтуу ирээд чи Даваанямыг зоддог хэн бэ гэж хэлээд миний уруул хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний уруул язарч цус гарсан. Тэгээд би Ж гар хүрээгүй тэр шөнөө амралтын гэртээ ороод унтаад өгсөн. Тэгээд үүрээр сэрээд Жаргалсайханы унтаж байсан гэрээс 00-ын цаас авах санаатай орсон чинь Давааням хөнжилөө дээгүүрээ нөмрөөд унтаж байсан. Харин Ж надад хандан юугаа шиншлээд байгаа банди вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь чи ер их өчигдөр их маяглаад бусадтай хэрүүл маргаан үүсгээд миний нүүрэнд өшиглөөд байхдаа яадаг юм бэ гээд уурласан чинь Ж надад хандан чи муу яагаад намайг цохиод байгаа юм бэ гэж хэлээд над руу өөрөө таваг аваад шидсэн чинь тэр таваг нь миний хөлийг оносон...Би Ж-г зодож цохисон асуудал байхгүй болохоор... Мөн Давааням мэдүүлэг өгөхдөө үүрээр Жамбал Ж дээрээс тавагаар цохиод байхаар нь би салгасан гэж хэлсэн байсан. Намайг гэрт ороод гаран гартал Давааням орон дээрээ унтаж л байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/
Г.Ж, С.Ж нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62, 69 хуу/
Г.Ж, С.Ж нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 71 хуу/
С.Ж, Г.Ж нарын гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 82-85 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч С.Ж, Г.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг Хар зүрхний хөх нуур гэх газарт согтуугаар хохирогч С.Жмаргалдан нүүрэнд нь өшиглөж доод уруулын язралт, баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учруулсан
Шүүгдэгч С.Ж нь 2019 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг Хар зүрхний хөх нуур гэх газарт согтуугаар хохирогч Г.Ж г унтаж байхад нь толгойд нь чихрийн тавагаар цохиж тархи доргилт, баруун зулай, зүүн чамархайд шарх, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Ж нь С.Ж нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хэргийг прокурорт шилжүүлсний дараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан гэрч Г.Давааням, О.Ундармаа, Д.Алтантуяа, Ш.Болортуяа С.Мягмарсүрэн, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Аймгийн Прокурорын газраас Г.Ж, С.Ж нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 82-85 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарган / хх-ийн 91-92 хуу/ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч Г.Ж, С.Ж нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 91-92 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Г.Ж, С.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Г.Ж, С.Ж нар нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй тухай хүсэлт /хх-ийн 83-85 хуу/ гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Г.Ж, С.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ж, С.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж, С.Ж нарыг тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Ж, С.Жнар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ж, С.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж, С.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ