| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03100/И |
| Дугаар | 210/МА2025/01627 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01627
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/04795 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 61,087,753 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 1/419 тоот Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулж байна. ******* нь *******-тай 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд даалгаврын гэрээг байгуулан хугацаа хэтэрсэн зээлүүдийг төлүүлэх зорилгоор хуулийн зөвлөхийн албан тушаалд ажиллаж байна. *******-ийн 2023 оны 01 сарын тайлангийн хурлаар нэр бүхий 13 зээлдэгчийн зээлийг шүүхээр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн. *******-ийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 2023/06 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор "Хуулийн зөвлөхөд олгох цалин, урамшуулал тооцох тухай тогтоолыг гаргасан байдаг. Дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор *******ийн сар бүрийн цалинг 1,000,000 төгрөгөөр, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлсэн зээлийн дүнгээс 1-200,000,000 төгрөгийн зээл төлүүлбэл 4 хувь, 200,000,001 төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээл төлүүлбэл 3 хувиар тооцон хөлс олгож, цалин урамшуулалтай холбоотой татварын зардлыг төлүүлэхээр даалгасан байдаг.
Дээрх 2023/06 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу *******ээр дараах зээлүүдийг төлүүлсэн.
Зээлдэгч *******ийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03095 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 сарын 05-ны өдрийн 210/MA2022/01665 дугаартай магадлал зэргээр хариуцагч *******оос 444,715,145 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 2,451,726 төгрөгийн хамт нийтдээ 447,166,871 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн байдаг ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дээрх төлбөрийн асуудал нь 2024 оны 08 сард дуусгавар болсон. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу 447,166,871 төгрөгөөс 3 хувь тооцоход 13,415,006 төгрөгийн урамшуулал олгохоос 2024 оны 09 сарын 24-ний өдөр *******ийн эзэмшлийн ******* банкны ******* тоот дансанд 7,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 6,877,425 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба 13,415,006 төгрөг олгохоос 13,877,425 төгрөгийг олгосон үлдэгдэл 462,419 төгрөгийг олгоогүй байгаа.
Зээлдэгч *******ын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 183/ШЗ2022/04358 дугаар захирамжаар хариуцагч *******аас 281,570,799 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт нийтдээ 281,585,799 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч ******* нь төлбөртөө тооцон хөрөнгө өгч дуусгавар болгосон байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 2023/06 дугаартай тогтоолын дагуу 281,585,799 төгрөгөөс 3 хувь тооцоход 8,447,573 төгрөгийг олгоогүй байгаа.
Зээлдэгч ******* ХХК-ийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 182/ШЗ2023/05097 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас 895,175,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт нийтдээ 895,190,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч ******* ХХК нь дээрх шүүгчийн захирамжийн дагуу төлбөртөө тооцон хөрөнгө өгч дуусгавар болсон байдаг ба *******ийн нэр өгөгдсөн ******* ХХК-ийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 02/01 дугаартай албан бичгээр төлбөрийн асуудал дуусгавар болгосон тухай дурдсан байдаг. 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 2023/06 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу 895,190,000 төгрөгөөс 3 хувь тооцоход 26,855,700 төгрөгийг олгоогүй байгаа.
Зээлдэгч *******ын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/00727 дугаар шийдвэрээр хариуцагч *******аас 376,589,833.33 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 812,212.29 төгрөгийн хамт нийтдээ 377,402,046 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн ба барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүргийн ******* байрны ******* тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* улсын дугаартай, ВМW\3201 маркийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн, хар саарал өнгөтэй, WBA8A9104HK823000 арлын дугаартай, суудлын автомашин зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсийн 200 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа ба барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар ажиллаж байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 2023/06 дугаартай тогтоолын дагуу 377,402,046 төгрөгөөс 3 хувь тооцоход 11,322,061 төгрөгийг олгоогүй байгаа.
*******-ийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 2023/06 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Хуулийн зөвлөхөд олгох цалин, урамшуулал тооцох тухай тогтоолын дагуу сар бүр олгодог цалинг 1,000,000 төгрөгөөр тооцсон ба 2024 оны 01 сарын 22-ны өдөр цалинг олгосон ба үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд олгоогүй байдаг.
Сар бүрийн 1,000,000 төгрөг нь тогтоолд цалин гэж тусгагдсан боловч даалгаврын гэрээний дагуу тооцож байгаа гэрээний төлбөр юм. 2024 оны 02 сараас 2025 оны 03 сар хүртэл нийтдээ 14 сар буюу 14,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байдаг. Энэ төлбөрийг төлөх шаардлагыг *******-ийн гүйцэтгэх захирал *******д хэлэхэд ...удахгүй өгнө, түр хүлээж байгаарай ... гэсэн тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүрсэн болно.
Иймд *******-аас урамшуулалд /462,419+8,447,573+26,855,700 +11,322,061=/47,087,753 төгрөг, цалин буюу даалгаврын гэрээний төлбөр 14,000,000 төгрөг, нийт 61,087,753 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******тэй даалгаврын гэрээний дагуу хугацаа хэтэрсэн өр төлбөр төлүүлэхээр хамтран ажиллаж ирсэн ба компанийн зүгээс гэрээнд заагдсан төлбөрийг цаг тухай бүрд нь олгож ирсэн. ******* нь 2024 оны 01 сараас чанаргүй зээлүүд дээр ажилласан тайлан өгөх нь багасаж, өгсөн тайлангийн мэдээлэл шинэчлэгддэггүй, тайлан хоорондын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил тодорхойгүй, чанаргүй зээлийн эргэн төлөлт хэт удааширч, ажлын байранд 2 сард нэг удаа ирдэг зэрэг ажлын бүтээмж огцом буурсан. Иймээс манай байгууллага чанаргүй зээлийг хурдан шуурхай төлүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоог ашиглан үндсэн ажилтнуудаа татан оролцуулж, чанаргүй зээлүүдийг эргэн төлүүлэх арга хэмжээ авч ажилласан.
Нэхэмжлэлд дурдагдсан зээлүүд төлөгдсөн гэх боловч бодит байдал дээр эргэн төлөгдөөгүй зээлүүд буюу компанийн дансанд эргэн төлөлтийн төлбөр орж ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдагдсан зээлүүд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эргэн төлүүлэх үйл ажиллагаа хийгдэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 49,303,273 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,784,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 404,466 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч *******т хөлсөөр ажиллах гэрээний дагуу 14,000,000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. ******* нь *******-тай 2022 оны 02 сарын 01-ний өдөр даалгаврын гэрээ байгуулж, тус компанийн авлага барагдуулах ажлыг хариуцан гүйцэтгэж, cap бүр 1,000,000 төгрөгийн хөлс авдаг байсан нь үнэн бөгөөд *******-ийн зүгээс түүний ажилласан хугацааны хөлсийг зохих журмын дагуу бүрэн өгч дуусгасан. ******* нь 2024 оны 01 сараас эхлэн чанаргүй зээлийг төлүүлэх, авлага барагдуулах ажлаа хийхээ больсон тул *******-ийн зүгээс түүнд cap бүр өгдөг 1,000,000 төгрөгийг өгөхөө зогсоосон. Учир нь хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй ажилчинд ажлын хөлс төлөх үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасны дагуу хөлсөөр ажиллагч нь гэрээний дагуу тодорхой ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд ажиллуулагч түүнд хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг үүснэ. Гэтэл анхан шатны шүүх *******ийг 2024 оны 02 сараас 2025 оны 03 сарыг хүртэлх хугацаанд манай компанид даалгаврын гэрээний дагуу яг ямар, ямар ажил хийж гүйцэтгэсэн талаар огт дүгнэлт өгөлгүйгээр, зөвхөн даалгаврын гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр сунгагдсан учир *******т 2024 оны 02 сараас 2025 оны 03 сарыг хүртэлх ажлын хөлс 14,000,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
4.2. Урамшуулал олгох тухай шийдвэрлэхдээ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй.
******* нь *******ын 281,585,799 төгрөгийн төлбөр, ******* ХХК-ийн 895,190,000 төгрөгийн төлбөрт ямар ч үл хөдлөх хөрөнгө хүлээн аваагүй бөгөөд уг хоёр төлбөр өнөөдрийг хүртэл огт төлөгдөөгүй болно. ******* ХХК нь өөрийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө шилжүүлж төлбөрөө барагдуулж дуусгавар болгоно гэж өнөөдрийг хүртэл биднийг хүлээлгэж байгаа хэдий ч шилжүүлэн өгөх үл хөдлөх эд хөрөнгүүд Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаагийн улмаас өнөөдрийг хүртэл ямар ч үр дүн гараагүй хэвээр байгаа болно. Гэтэл ******* ХХК нь 2025 оны 02 сарын 03-ны өдөр *******т 02/01 тоот албан бичиг хүргүүлэхдээ эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 135.11 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 260 м.кв амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө-үүдийг зээлийн өр төлбөрт шилжүүлэн өгсөн мэтээр дурдсан байдаг бөгөөд тус баримтыг ******* худал болохыг мэдсээр байж шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг. ******* нь ******* болон ******* ХХК-аас ямар ч төлбөр, хөрөнгө аваагүйгээ шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны мэтгэлцээний үеэр тодорхой хэлсэн. Мөн манай компанийн нэр дээр ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө одоогоор байхгүй байгаа талаар улсын бүртгэлийн лавлагаа өгсөн.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ харьцуулсан дүгнэлт хийгээгүй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй. Хэрэв ******* ХХК-ийн 2025 оны 02 сарын 03-ны өдрийн *******т хүргүүлсэн 02/01 тоот албан бичиг нь үнэн зөв байсан бол тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд *******-ийн өмчөөр улсын бүртгэгдэх ёстой, эсхүл ядаж ******* болон ******* ХХК-ийн хооронд өр төлбөрт хөрөнгө шилжүүлэн авч байгаа тухай ямар нэг гэрээ хэлцэл хийгдсэн байх ёстой. Гэвч шүүх, зөвхөн төлбөр төлөгч талын, манай компани төлбөрөө төлсөн гэсэн нэг албан бичигт үндэслэж өр төлбөр төлөгдсөн нь үнэн зөв гэж дүгнэсэн огт үндэслэлгүй бөгөөд манай компанийн хувьд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу манай компаниас 49,303,273 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажиллаагүй байхад нь тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн гэж хариуцагч тал тайлбарладаг. Анхан шатны шүүх гэрээ цуцлагдаагүй гэх үйл баримтыг зөв дүгнэсэн. Учир нь талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийлэл байсан буюу гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч тал нь нэхэмжлэгч рүү ажлын хөлс болох мөнгийг шилжүүлээд байдаг. Иймд тухайн гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байсан гэх үйл баримт харагдаж байгаа юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанчлан гэрээг цуцалсан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад болон шүүхэд өгсөн итгэмжлэлээсээ татгалзсан үйл баримт байдаггүй. Шүүхээр хэргийг хэлэлцэх явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан итгэмжлэлээсээ бид татгалзсан гэх албан тоотыг хариуцагч талын зүгээс гаргаж өгдөг. Тухайн итгэмжлэлээс татгалзах хүртэл ******* үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үүнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Хариуцагч талын зүгээс талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзвэл гэрээний дагуу ажил гүйцэтгэх ёстой бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажил нь тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажил байхгүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан 13 төрлийн шийдвэр гүйцэтгэлийн маргааны өр төлбөрийг барагдуулах ажилд шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ажиллаж байсан. Тухайн 13 төрлийн маргаанаас бусад маргааны төлбөрийг авсан, одоо 4 төрлийн маргааны төлбөрийг аваагүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг. 4 төрлийн маргааны төлбөрийг өгөөгүй үлдсэн 9 төрлийн маргааны төлбөрийг өгсөн гэх талаар талууд маргадаггүй. Тухайн 9 маргаан дээр ******* ажилласан, түүний ажлын хөлсийг хариуцагч тал өгсөн талаар талууд маргадаггүй. Иймд нэхэмжлэгчийг ямар ч ажил үүрэг гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Мөн хариуцагч тал нь нэхэмжлэгчийг ******* болон ******* ХХК нараас 2 үл хөдлөх эд хөрөнгө авсан гэх тодорхойлолт бичүүлж авч ирсэн бөгөөд үүний дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарладаг. Хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч компанийн нэр дээр бүртгэгдээгүй гэх лавлагаа юм. Хэрэв үнэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг аваагүй бол ******* болон ******* ХХК нарыг дуудаж, гаргаж өгсөн тодорхойлолттой нь холбоотойгоор асуулт асуух ажиллагаа хийх боломжтой байсан. Гэтэл хариуцагч тал татгалзлын үндэслэлээ нотлоогүй тул шүүх гуравдагч этгээдийн гаргаж өгсөн баримтыг үндэслэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Мөн ******* болон ******* ХХК нарын үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигч нар нь *******-ийн хувьцаа эзэмшигч нартай төрөл садангийн болон ойр дотны холбоотой хүмүүс байдаг. Тухайн хүмүүс хоорондоо хэрхэн тохиролцож, ямар хэлбэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нь шилжүүлж авсан, заавал *******-ийн данс руу биш хувьцаа эзэмшигчийн данс руу тухайн өр төлбөрийг авсан байх боломжтой. Анхан шатны шүүх 4 төрлийн маргааны 2 төрлийн маргааны ажлын хөлсийг нь олгож шийдвэрлэсэн. Бусад маргаанд шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа хийгдсэн боловч түүний дагуу мөнгө орж ирээгүй учир тухайн ажлын хөлсийг олгохгүй гэж, 60,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж дүгнэсэн тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 61,087,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...2022 оны 02 сарын 01-ний өдрийн гэрээ болон *******-ийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн №2023/06 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын хуулийн зөвлөхөд олгох цалин, урамшуулал тооцох тухай тогтоолын дагуу олгох хөлс, нэмэгдэл урамшууллыг гаргуулна... гэж тайлбарласан.
Хариуцагч нь ...*******тэй байгуулсан даалгаврын гэрээний хугацаа дууссан тул 14,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу барагдуулах өр төлбөрүүд төлөгдөөгүйгээс гадна ******* нь чанаргүй зээлүүд дээр хангалтгүй ажиллаж улмаар зээл төлөгдөөгүй удааширч байгаагаас шалтгаалан өөр ажилтан, албан хаагчдаа уг өр төлбөрийг барагдуулах ажилд татан оролцуулж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч, маргажээ.
3. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийн хооронд 2022 оны 02 сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээгээр ******* нь *******-аас олгосон нэр бүхий зээлдэгч нарт холбогдох зээлийн төлбөр болон үйл ажиллагааны явцад үүссэн бусад авлага зэргийг барагдуулах, ******* нь сард 1,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. /хх-6/
4. Талууд даалгаврын гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан байх боловч уг гэрээний агуулга, зорилго зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 359.2 дахь хэсэгт зааснаар гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.
6. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу 14,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн талаар:
6.1. Хэргийн 6 дахь талд авагдсан гэрээний 1.4-д ...хөлс нь сарын 1,000,000 төгрөг байна... , 1.5-д Энэхүү гэрээ нь 2022 оны 02 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарын 01-ний өдрийг дуустал хүчинтэй байх бөгөөд цаашид 2 талын тохиролцсоноор гэрээний хугацааг сунгах боломжтой гэж тохиролцсон.
6.2. Хариуцагч ******* нь 2023 оны 10 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 11 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 01 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ийн ******* банк дахь дансанд *******, Хууль зүйд гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. /хх-42-51/
6.3. Нэхэмжлэгч ******* нь *******ид холбогдох хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 2024 оны 08 сар хүртэл, *******т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 2025 оны 05 сар хүртэл тус тус оролцож байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 сарын 28-ны өдрийн 24-9/1050 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 4-253/601 дугаартай, мөн оны 05 сарын 15-ны өдрийн 4/592 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх-25, 69, 71/
6.4. Түүнчлэн ББСБ-ын 2023 оны 01 сарын 25-ны өдрийн хуулийн зөвлөхөд олгох цалин урамшуулал тооцох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд даалгаврын гэрээгээр ажиллаж байгаа хуульчдад сар болгон олгодог 1,000,000 төгрөгийн цалинг үргэлжлүүлэн олгох тухай заасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд *******т олгосон итгэмжлэлээсээ энэ хугацаанд татгалзаагүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч байгууллагыг төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан гэж үзэхээр байх тул 2024 оны 02 сараас 2025 оны 03 сар хүртэл хугацааны хөлс 14,000,000 төгрөгийг гаргуулж олгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Харин анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 04358 дугаар захирамжаар хариуцагч *******аас 281,570,799 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг, нийт 281,585,799 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт заасан 281,585,799 төгрөгөөс 3 хувиар тооцож 8,447,573 төгрөг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 05097 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас 895,175,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг нийт 895,190,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт заасан 895,190,000 төгрөгөөс 3 хувиар тооцож 26,855,700 төгрөг нийт 35,303,273 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
7.1. *******-ийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 2023/06 дугаартай Хуулийн зөвлөхөд олгох цалин, урамшуулал тооцох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Даалгаврын гэрээний дагуу ажиллаж байгаа хуульч *******т сар бүр олгодог 1,000,000 төгрөгийн цалинг үргэлжлүүлэн олгож, шүүхийн шийдвэрийн дагуу эргэн төлүүлсэн үнийн дүнгээс 1-200,000,000 төгрөгийн хооронд 4 хувь, 200,000,001 төгрөгөөс дээш зээлийн дүнд 3 хувиар тооцож олгохоор шийдвэрлэсэн байх ба энэ талаар талууд маргаагүй байна. /хх-11/
*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор олгох урамшууллын хувь хэмжээ нь шүүхийн шийдвэрийн дагуу эргэн төлүүлсэн төлбөрийн үнийн дүнд үндэслэгдсэн байх ба дээрх хоёр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
7.2. Анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлсэн хэргийн 34 дэх талд авагдсан ******* ХХК-аас *******-ийн хуулийн зөвлөх *******т явуулсан 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 02/01 дугаартай албан бичиг нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгдсөн үйл баримтыг бүрэн нотлохгүйгээс гадна бодит байдалд тухайн үл хөдлөх хөрөнгүүд төлбөр авагчид шилжсэн, үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг эргэлзээгүй дүгнэх баримт гэж үзэхгүй.
7.3. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 14,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,087,753 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/04795 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...49,303,273... гэснийг 14,000,000 гэж, ...11,784,480... гэснийг ...47,087,753 ... гэж,
2 дахь заалтын ...404,466... гэснийг 227,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,466 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ж.ЛХАГВАСҮРЭН