Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0165/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                  Я.Сансар

Шүүгдэгч                                                         Б.Э нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох 1939003.............дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Э нь  2019 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн-03-11  тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж эхнэр Э.Даваадолгорыг аягатай цайгаар шидэж зүүн хөлөн тус газар оносны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч  Э.Даваадолгорын...2019 оны 05 дугаар сарын 23-ны орой гэртээ 2 хүүхдийн хамт байж байтал шөнө 00 цаг өнгөрч байх үед манай нөхөр Э архи уусан согтуу орж ирсэн.Тэгээд өнөөдөр цалин буусан маргааш охиноо хувцаслая гэж ярьж байсан би ч хоол цай хийж өгсөн. Тэгтэл гар утас нь дуугараад утсанд нь мессеж ирээд байсан тэгээд утасныхаа мессежийг үзэж байснаа гэнэт ууж байсан аягатай цайгаараа намайг зүүн орон дээр сууж байхад баруун орон дээрээс шидсэн чинь миний зүүн хөлийн шилбийг оносон тэгтэл миний өмсөж байсан жинсэн өмдний зүүн хөлийн шилбэний хэсэг урагдаж шилбэнээс цус гарсан. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэсэн чинь юм хэлэхгүй байсан. Тэгээд би зүүн хөлийн шилбэнийхээ цусыг тогтоогоод унтаад маргааш нь эмнэлэгт очиж үзүүлж боолт хийлгэсэн тэгэхэд мах нь үхсэн байна оёдол тавьж  болохгүй  болсон байна гэж хэлсэн...надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 07-08 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн № 228 дугаартай  дүгнэлт

1.Э.Даваадолгорын биед баруун хөлийн шилбэний гадна дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  /хх-ийн 11 хуу/

Б.Э яллагдагчаар өгсөн:...би баруун орон дээр аягатай цай уугаад сууж байгаад эхнэрээ зүүн орон дээр сууж байхад нь аягатай цайгаар хөл рүү нь шидэж баруун хөлийн шилбийг нь онож гэмтээсэн нь үнэн. Миний утсанд чат ирсэн чинь манай эхнэр намайг хардаад чи өөр хүнтэй явалдаад байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь хэн тэгэж байна гэсэн чинь яг тэр энэ гэж хэлээгүй би сонсоод байгаа гэсэн. Би тэгэхээр нь дотроо ээжийнх нь дүү Ганцэцэг л худлаа хов зөөгөөд байгаа юм болов уу гэж бодож уурлаад аягатай цайгаар шидэж хөлийг нь гэмтээсэн нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний маягт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 26-34 хуу/

Б.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-36 хуу/

Б.Э иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21 хуу/

Хохирогч Э.Даваадолгорын гаргасан Б.Энхбаатарт гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 38 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Энь 2019 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 03-11 тоот хаягт байх гэртээ эхнэр Э.Даваадолгортой маргалдан аяга шидэж  баруун хөлийн шилбэний гадна дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Э.Даваадолгорын, мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч Э.Даваадолгорын биед учирсан баруун хөлийн шилбэний гадна дээд хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Б.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.  

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 Иймд шүүгдэгч Б.Э  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Энхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

 Хохирогч Э.Даваадолгор  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан /хх-ийн 8, 38 хуу/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                 

                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу    500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  1 /нэг/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ