| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/01229/И |
| Дугаар | 210/МА2025/01652 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01652
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05780 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын үлдэгдэл хөлс 34,230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
2023 оны 06 сарын сүүлээр ******* нь *******тай холбогдож экскаватораар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Хангийн замын зам засварын үйл ажиллагаа явуулж байгаа *******ХХК-ийн гүүр хоолойн ажилд сарын 20,000,000 төгрөгийн хөлсөөр ажиллах ажил байгаа талаар ярьж, энэ ажилд ажиллах санал тавьсан. ******* нь тухайн компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа талаараа хэлж уг зам засварын ажлын гүүр, хоолойн ажлыг хийж гүйцэтгэхдээ *******ыг тухайн ажилдаа ажиллуулсан.
******* нь дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн ба ******* урьдчилгаа 5,000,000 төгрөгийг 2023 оны 06 сарын 22-ны өдөр, 3,000,000 төгрөгийг 2023 оны 06 сарын 23-ны өдөр нийт 8,000,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 06 сарын 25-ны өдрөөс ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байдаг Хангийн замын зам засварын ажил руу очиж өөрийн эзэмшлийн волво 130 маркийн ******* улсын дугаартай экскаватораараа 3 км орчим замын шуудуйн суурь болон 30 гаруй км гүүр хоолойн орох, гарах нүхийг ухаж, замын чулуун тэгшилгээ, гүүр хоолойн орох, гарах ханыг цемент цутгаж хийсэн байдаг.
Анх ажил гүйцэтгэж эхлэхдээ ******* нь *******т хандаж гэрээ, контракт байгуулах тухай хэлэхэд санаа зоволтгүй, ажиллаж байх явцдаа гэрээ байгуулж болох байх гэж хэлж ойлгуулсан. *******ын хувьд *******т итгээд дахин гэрээний талаар асууж тодруулаагүй бөгөөд гэрээ байгуулсан асуудал байдаггүй. ******* нь *******ыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байдаг Хангийн замын зам засварын болон гүүр хоолойн ажилд 2023 оны 06 сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 сарыг дуустал ажиллуулсаны хөлс болох нийт 80,000,000 төгрөг төлөх ёстой байснаас *******ын эзэмшлийн *******банкны ******* тоот данснаас *******ын эзэмшлийн *******банкны ******* тоот данс руу дараах гүйлгээгээр ажлын хөлсийг нь шилжүүлж *******т нийт 80,000,000 төгрөг төлөх байснаас 45,770,000 төгрөгийг шилжүүлсэн тул үлдэх 34,230,000 төгрөг гаргуулна. Дансны хуулгаар 3,800,000 төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэлээ 3,800,000 төгрөгөөр багасгаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2023 оны 06 сарын 20-ны өдөр *******тай уулзаж, ******* аймгийн, ******* сум руу сарын 20,000,000 төгрөгөөр түрээсэлж, ажиллахаар тохиролцсон. 2023 оны 07 сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 сарын 03-ны өдрийг дуустал ажилласан. Үүнээс хойш экскаватороо боомт руу зөөвөрлөж, захиалагч компани дээр ажиллаж, үлдэгдэл төлбөр тооцоогоо авсан. 3 сарын түрээс 60,000,000 төгрөг төлөхөөс 49,550,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 10,045,000 төгрөг байна. Энэ нь наадмын 5 хоног амарсан 3,333,000 төгрөг хасагдана. ******* 7 хоног ажил зогсоосны улмаас надад учирсан хохирол /12 хүний цалин, хоол, мексерийн түрээс 13,020,000 төгрөг/ алдагдал гарсан. Цутгаж байсан шуудууны ажил 450 м газар дутуу үлдсэн. Захиалагч компанаас 60,000,000 төгрөгийн гүйцэтгэл авах ёстойг аваагүй. Иймд *******т өгөх өглөг байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 10,045,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,185,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 175,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй, хууль бус үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх зөвхөн нэг талын буюу хариуцагчийн гаргаж өгсөн хариу тайлбарт үндэслэн талуудын хоорондын харилцан тохиролцсон ******* аймгийн ******* сум дахь зам засварын гүүр хоолойн ажил эхэлсэн хугацааг тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь урьдчилгаа гэж 5,000,000 төгрөгийг 2023 оны 06 сарын 22-ны өдөр, 3,000,000 төгрөгийг 2023 оны 06 сарын 23-ны өдөр тус тус нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүхээс энэ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан шаардлагаа нотлохоор сиди диск-нд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 27-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд ...ямар ч байсан одоо нэг үлдсэн 20-иод сая төгрөгөө гялс хурдан өгөх боломж байна уу, байхгүй байна уу гэхэд ...энэ жил бол хөгшин нь яагаад ч гүйцэд бол барахгүй л байна. Яг арав дээр л аваачиж зогсоохгүй бол гэх харилцан яриа тэмдэглэгдсэн байдаг.
Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх харилцан ярианы дараа яригдсан харилцан яриа болох ...10,000,000 төгрөгөө хэзээ өгөх вэ тэрийгээ хэл л дээ гэхээр юм орж ирэхээр зохицуулна шүү дээ хөгшөөн гэх харилцан яриа болон хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан үлдэгдэл 10,045,000 төгрөг байна гэх хариу тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнд нийцэхгүй байна.
Учир нь анхан шатны шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд хэргийн оролцогчид буюу нэхэмжлэгч, хариуцагч нар нь ******* аймгийн ******* суманд гүүр хоолойн ажлын хөлсний үлдэгдэл 20,000,000 төгрөгийн талаар ярьж эхэлдэг бөгөөд ******* нь хувааж өгөх талаар ярьдаг. Гэтэл шүүх дээрх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр зөвхөн хариуцагчийн хариу тайлбар илүү үндэслэл бүхий байна гэж үндэслэлгүй шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, ******* аймгийн ******* суманд гүүр хоолойн ажлын ажил гүйцэтгэсэн хугацааг 2023 оны 07 сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл ажлын хөлс 60,000,000 төгрөг гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Хариуцагч нь хариу тайлбартаа дээрх хугацааг дурдсан хэдий ч түүнийг нотолсон ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх ямар нотлох баримтыг үндэслэн уг хугацааг тогтоосон нь эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ажлын үлдэгдэл хөлс 34,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 30,430,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь ажилласан хөлс 49,550,000 төгрөг өгсөн, үлдэгдэл 10,045,000 төгрөг байна, наадмын 5 хоног амарсан 3,333,000 төгрөг хасагдана, өгөх өглөг байхгүй гэж тайлбарлан эс зөвшөөрч, маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 06 сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдаж, уг гэрээгээр ******* аймгийн, ******* сумын нутаг дэвсгэрт Хангийн замын зам засварын ажилд ******* нь өөрийн эзэмшлийн волво 130 маркийн ******* улсын дугаартай экскаватораар 3 км орчим замын шуудуйн суурь болон 30 гаруй км гүүр хоолойн орох, гарах нүхийг ухах ажил гүйцэтгэх, ******* нь сарын 20,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг зөв дүгнэжээ.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
6. Талууд ажлын хөлсийг 1 сарын 20,000,000 төгрөгөөр тохиролцсон, хариуцагч ажлын хөлсөнд 49,570,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй, энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Харин гэрээний үргэлжилсэн хугацаа буюу нэхэмжлэгчийн ажлыг хийж эхэлсэн, дууссан хугацаа, түүнтэй уялдаад гэрээний дагуу төлбөл зохих ажлын хөлс хэд байх нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгч ажлыг 2023 оны 06 сарын 25-ны өдрөөс эхэлж 2023 оны 10 сарыг дуустал ажилласан гэж, хариуцагч 2023 оны 07 сарын 02-ны өдрөөс эхэлж 2023 оны 10 сарын 03-ны өдрийг дуустал ажилласан, түүний дунд наадмын 5 хоног ажиллаагүй амарсан гэж тайлбарлажээ.
7. Хариуцагч ******* ...2023 оны 07 сарын 02-ны өдрөөс 2023 оны 10 сарын 03-ны өдрийг дуустал ажилласан... гэсэн тайлбараа, мөн нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сар дуусталх хугацаагаар ажилласан гэсэн тайлбараа тус тус баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэн аль нь биелүүлээгүй байна.
8. Харин, ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийг хариуцагч 2023 оны 06 сараас төлж эхэлсэн буюу 6 сарын 22, 23, 29, мөн оны 10 сарын 04, 10, 14, 17, 21, 24-ний өдрүүдэд тус тус ажлын хөлсийг нэхэмжлэгчид шилжүүлж байсан нь хэрэгт авагдсан *******ын эзэмшлийн *******банкны ******* тоот дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэж эхэлсэн хугацааг 2023 оны 06 сарын 25-ны өдрөөс эхэлсэн гэсэн тайлбарыг илүү үндэслэлтэй, баримтаар тогтоогдсон гэж үзэхээр байна.
9. Ажил дууссан хугацааг өөр өөрөөр тогтоож маргасан хэн алины тайлбар баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн гэсэн дүгнэлтийг нотлох баримтад тулгуурласан, эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
10. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгч талаас сиди диск-нд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/26714 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна./хх-68-70, 89-90/
Хэргийн 92-94 дэх талд авагдсан 2025 оны 06 сарын 27-ны өдөр сиди диск-нд үзлэг хийсэн тэмдэглэлд ...Эрэгтэй 1: Одоо тэгээд хоёулаагийн хооронд 20 сая төгрөг байгаа гэж бодоод байгаа шүү дээ, Эрэгтэй 1:...би лав сая хорин нэгэн сая таван зуун мянган төгрөг авна гэсэн тийм бодолтой байж байгаад чи надад нэг гурван сая төгрөг өгсөн, Эрэгтэй 2: яг хорь мөргүүлчихсэн байсан байхгүй юу хөгшөөн..., Эрэгтэй 1: уг одоо ноднин намар л өгөх ёстой мөнгө чинь одоо ингээл хүлээгээл суугаад байдаг ... гэж тусгагджээ.
11. Дээрх баримтуудыг харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл хариуцагчийн төлбөл зохих үлдэгдэл ажлын хөлсийг 20,000,000 төгрөг байсан гэж дүгнэх боломжтой бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,800,000 төгрөг төлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул 20,000,000 төгрөгөөс 3,800,000 төгрөгийг хасаж үлдэх 16,200,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05780 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...10,045,000... гэснийг ...16,200,000... гэж, ...24,185,000... гэснийг ...14,230,000... гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...175,670... гэснийг ...238,950... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,875 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Ж.ЛХАГВАСҮРЭН