| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/04279/И |
| Дугаар | 210/МА2025/01653 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01653
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05747 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу төлсөн төлбөр 4,542,204 төгрөг, алданги 3,244,431 төгрөг, учирсан хохирол 1,456,749 төгрөг, нийт 9,243,385 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* ХХК нь өөрийн эзэмшлийн Тэрэлжид байрлах ******* тэрэлж pезорт-ийн бүтээн байгуулалттай холбоотойгоор *******-тай 2023 оны 11 сарын 09-ний өдөр ******* тэрэлж резорт амралтын газрын Д блокийн техникийн давхрын гал тогооны цонх нийлүүлж угсрах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ******* ХХК нь гэрээний нийт үнийн дүн болох 6,488,863 төгрөгийг *******-д төлөх, ******* нь 1 ширхэг металл цонхыг хөнгөн цагаан хаалтын хамт суурилуулж өгөх, түүнтэй холбоотой бусад дагалдах үүргийг тус тус хүлээсэн.
Гэрээний 3.4-т заасны дагуу 2023 оны 11 сарын 13-ны өдөр гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь болох 4,542,204 төгрөгийг *******-д шилжүүлсэн боловч тус компани нь гэрээний 2.1-д заасан ажил гүйцэтгэх хугацааны дотор ажлыг огт гүйцэтгээгүй ба нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй.
******* нь урьдчилгаа төлбөрөө авсан хэр нь үүргээ огт гүйцэтгээгүй нь талуудын хооронд байгуулагдсан ******* тэрэлж резорт амралтын газрын Д блокийн техникийн давхрын гал тогооны цонх нийлүүлж угсрах ажил гүйцэтгэх гэрээний 6.2.1, 6.2.2, 7.1-д заасныг тус тус зөрчиж ******* ХХК-д их хэмжээний хохирол учруулсан байдаг.
Иймд *******-д төлсөн гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь болох 4,542,204 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангийг гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6,488,863 төгрөгийн 50 хувиар тооцож 3,244,431 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс ******* тэрэлж резортын нээлтийн үйл ажиллагаа хойшилсноос учирсан хохиролд 1,456,749 төгрөг, нийт 9,243,385 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Харин одоо үүргээ гүйцэтгээгүйгээс ******* ХХК-ийн ******* тэрэлж резортын нээлтийн үйл ажиллагаа хойшилсноос учирсан хохирол 1,456,749 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
******* нь нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулан, гэрээгээр цонх нийлүүлж, угсрах үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй. Учир нь гэрээ байгуулах үед манай компанид ажиллаж байсан, ******* ХХК-тай гэрээ байгуулсан *******нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай мөнгийг зориулалтын бусаар зарцуулж компанид хохирол учруулсан. Иймээс нэхэмжлэгч ******* ХХК-аас манай компанид шилжүүлсэн 4,542,204 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,791,181 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 6,795,306 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 991,329 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгээгүйгээс манай компанийн ******* тэрэлж резортын нээлтийн үйл ажиллагаа хойшилсноос учирсан хохирол 1,456,749 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа ******* ХХК нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 163,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 123,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6,488,863 төгрөгийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцолгүй, нэхэмжлэгч ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувь болох 4,542,204 төгрөгийн үнийн дүнгээс алданги тооцон хариуцагч *******-аас гаргуулахаар шийдвэрлэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, гэрээний төлбөрийн урьдчилгаанд төлсөн нийт үнийн дүнгийн 70 хувь болох 4,542,204 төгрөг нь алдангийн тооцоололд нөлөөлөх ёсгүй юм. Учир нь алданги нь үүрэг биелүүлээгүйгээс үүсэж байгаа санхүүгийн хариуцлага бөгөөд төлсөн төлбөрийг буцаан авах асуудал нь тусдаа тооцоо юм. Өөрөөр хэлбэл, алданги болон төлсөн төлбөр буцаах хоёр нь тусдаа эрхийн асуудал. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тохирсон ажил нь металл цонх, түүний хөнгөн цагаан хамгаалалтыг угсарч суурилуулах ажил байсан бөгөөд тус үүргийг гүйцэтгэх нийт үнэ нь 6,795,306 төгрөг байхаар харилцан тохиролцсон. ******* ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэг нь гэрээний бүх ажил учир гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцох нь үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүнгээс алдангийг тооцож, нийт 7,786,635 төгрөгийг нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Дээрх шийдвэрээр хариуцагч *******-аас 6,795,306 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэрээс 4,542,204 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин үлдэх 2,271,102 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.
Анхан шатны шүүх 2,271,102 төгрөгийн алдангийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан байсан. Нэгэнт талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон тул хариуцагч нь гэрээнд заасан алданги төлөх үүргийг хүлээхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөх төлбөрөөс 2,271,102 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Ажил гүйцэтгэх гэрээ цуцлах хүсэлт 2024 оны 01 сарын 18-ны өдөр хүргүүлсэн, үүнээс хойш гэрээний үүрэг хүлээх харилцаа дуусгавар болсон, иймд гэрээгээр тохирсон алданги тооцох зохицуулалт гэрээг цуцалсан өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ гэх хариуцагч талын гомдлын агуулгатай санал нийлж байна.
2024 оны 01 сарын 18-ны өдөр ******* ХХК-аас гэрээ цуцлах хүсэлт хүргүүлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу үүсэх үүрэг буюу урьдчилгаанд төлсөн 70 хувийн төлбөрөө 2024 оны 01 сарын 19-ний өдөр буцаан шилжүүлэх мэдэгдлийг цуцлах хүсэлтийн хамт *******-д хүргүүлсэн байдаг. Үүнд хууль болон гэрээнээс үүдэх үүргийн харилцаанд аль алинд нь үүргийн зөрчил яригдах бөгөөд үүргийн харилцаанаас бий болсон үүрэг бүр мөсөн болон түр хугацаагаар гүйцэтгээгүй, хоцрох тохиолдлыг үүргийн зөрчил гэсэн ухагдахуунтай нэгэн адил гэж үзсэн. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх нь үүргийн зөрчлийн нэг хэлбэр учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан гэж үзнэ. Дээрх үндэслэлээр *******-аас хариу тайлбартай холбоотойгоор гэрээ цуцлах хүсэлт хүргүүлснээр талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа дуусгавар болсон. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан үүрэгтэй холбоотойгоор мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хүүг нэхэмжлэх бүрэн боломжтой гэж үзээд нэхэмжлэл гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн төлбөр 4,542,204 төгрөг, алданги 3,244,431 төгрөг, учирсан хохирол 1,456,749 төгрөг, нийт 9,243,385 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хохирол 1,456,749 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,542,204 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаснаас үзэхэд нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болсон байна.
3. Талуудын хооронд 2023 оны 11 сарын 10-ны өдөр АЖГ-09/02-01/23-155 дугаартай ******* тэрэлж ресорт амралтын газрын Д блокийн техникийн давхрын гал тогооны цонх нийлүүлж угсрах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь бүтээгдэхүүний чанар, стандарт, эрхийн болон биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан шаардлагыг бүрэн хангасан, захиалагчийн захиалгын дагуу хийгдсэн металл цонх /1760*h1960мм, 3 давхар хатаасан шиллэгээтэй+Lоw е түрхлэгтэй/, хөнгөн цагаан хамгаалалтын хаалт /Н2350*2000мм/ нийлүүлж, суурилуулах, түүнтэй холбоотой баримт бичгүүдийг худалдан авагчид шилжүүлэх ажлыг 2023 оны 11 сарын 10-20-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэх, ******* ХХК нь нийт үнэ 6,488,863 төгрөг, ажил эхэлмэгц урьдчилгаа 70 хувийг, бараа бүтээгдэхүүнийг суурилуулж хэвийн ажиллагааг шалгаж хүлээлцэх акт үйлдсэний дараа үлдэгдэл санхүүжилт 25 хувийг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногт багтаан гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байна. /хх-6-11/
4. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 11 сарын 13-ны өдөр 4,542,204 төгрөгийг хариуцагч *******-д төлсөн үйл баримтыг харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтууд болон талуудын тайлбарт үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон.
5. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч талуудын маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
6. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагын гэрээгээр тохиролцсон ажлыг огт хийж гүйцэтгээгүй буруутай үйлдлийн улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ үргэлжлэх боломжгүй болсон ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй.
Мөн гэрээгээр шилжүүлсэн 4,542,204 төгрөгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрч маргаагүй.
7. Харин алдангийг гаргуулах үндэслэлтэй тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэж нэмэлт үүрэг болох алданги гаргуулахаар шаардсан бөгөөд гэрээнээс татгалзсанаар анхны байдалд буцах буюу гэрээ байгуулаагүйтэй адил үр дагаварт хүргэж, үндсэн үүрэг болон уг үүргийг хангуулах нэмэлт үүрэг аль аль нь дуусгавар болдог тул алданги гаргуулах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл алданги нь тухайн үндсэн үүргийн салшгүй эрх байдаг тул үндсэн үүрэг дуусгавар болоход алданги төлөх үүрэг мөн адил дуусгавар болно.
8. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах ба нэхэмжлэгч талын алдангийг дутуу тооцож гаргуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт хариуцагч *******-ийн нэрийг ******* ХХК гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах замаар залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд нийцнэ гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05747 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 4,542,204 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,244,432 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...123,000... гэснийг 87,625 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,540 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,289 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ж.ЛХАГВАСҮРЭН