| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 124/2025/0040/З |
| Дугаар | 001/ХТ2026/0044 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2026/0044
Л.Б-ы нэхэмжлэлтэй, Увс аймгийн
Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн
иргэдийн Нийтийн Хуралд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ2025/0044 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2026/0063 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 138 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж, гуравдагч этгээд Л.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгуулах.
Хэргийн нөхцөл байдал:
2.Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, тус өдрийн 05 дугаар тогтоолоор “сонгогчийн дийлэнх олонхын санал авсан” гэж Л.Н-г Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлснийг сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг эс зөвшөөрч “миний бие хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналыг авч ялалт байгуулсан байтал “50+1” гэж дахин санал хураасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийн олонхийн санал гэх ойлголт байхаас бус 50 хувь дээр нэмэх нь 1 гэсэн зохицуулалт байхгүй. ... Дахин санал хураалтыг 22 цаг 05 минутаас 00 цаг 30 минутад явуулсан нь буруу, иргэдийн амрах цагаар буюу шөнийн цагаар сонгууль явуулсан нь шийдвэр бодитой, зорилгодоо нийцэж гарах нөхцөлийг бүрдүүлээгүй” гэж,
3.1.Хариуцагч болон гуравдагч этгээдээс “... иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа хамтын удирдлагын зарчимд үндэслэж шийдвэр гаргадаг. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх зарчмаар хэвийн үргэлжилж шийдвэрээ гаргасан. Тухайн үед нэр дэвшигч нараас хурлын дэг болон үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол, санал гаргаагүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасны дагуу шийдвэрлэгдсэн асуудал юм ” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
4.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ2025/0044 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.8, 32.8.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 56.5.2, 56.5.3 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ы Увс аймгийн Улаангом сумын Дэвшил 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2026/0063 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 46 дугаар зүйлийн 46.9, 48 дугаар зүйлийн 48.2, 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгаж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
6.Гуравдагч этгээд Л.Н, түүний өмгөөлөгч Д.Д магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
6.1.Энэхүү хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд өөрөөр шийдсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэх үндэслэлд хамаарч байна.
6.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа анх санал хураахад 497 хүн санал өгснөөс 5 санал хүчингүй болж, Л.Б 186 санал авсан нь хуралдаанд оролцогчдын олонхын санал авсан байхад дахин санал хураалт явуулсан нь буруу, дахин санал хураалтыг шөнийн цагаар явуулсан нь хууль зөрчсөн, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын болон багийн даргын сонгуулийн санал хураалтыг хамтад нь хийсэн нь хууль бус гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хурлын үйл ажиллагаанаас дээрх 3 зүйлээс бусдыг нь хүлээн зөвшөөрсөн байна.
6.3. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд заасан дэг, журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд олонхоороо шийдсэн асуудал буюу Засаг даргыг сонгох иргэдийн саналд дүгнэлт хийхгүй гэж зарчмын дүгнэлт хийсэн. Шийдвэр гаргах ажиллагаанд дэг, журам зөрчигдсөн нь иргэдийн сонгох, сонгогдох эрхэд нөлөөлөхүйд байна уу, үгүй юу гэдгийг анхаарах нь зөв юм.
6.4.Шүүхээс хянан үзэх хэмжээ хязгаар ямар байх дээр нэгдсэн нэг ойлголт байхгүй байгаа тул шүүхүүд өөрсдийн үзэмжээр энэ хэмжээ хязгаараа тогтоож байна. Шүүх хэдийгээр хууль дээдлэх зарчмаа барьж байгаа боловч нийгмийн амьдралын хэв хэвшил, тогтсон маягийг тооцож үзвэл зохино.
6.5.Энэ тохиолдолд тооллогын комисс байгуулах тухай /01/, 10 дугаар багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргаар сонгож батлах тухай /02/, Ч.Б-ыг 10 дугаар багийн иргэдийн Нийтийн хуралдааны даргаас чөлөөлөх тухай /03/, Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай /04/ асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд төслүүдийг тогтоолоор баталгаажуулж гаргаагүй нь үнэн боловч үүнтэй хэн нэгэн маргаагүй. Өөрөөр хэлбэл хэний ч эрх ашгийг хөндөөгүй бөгөөд олонхоороо шийдсэн байна. Энэ төслөөр шийдсэн асуудлууд өнөөдөр хэрэгжээд явж байгаа бөгөөд нэхэмжлэгч эдгээртэй маргаагүй болно.
6.6.Харин маргаан бүхий захиргааны акт болох 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Улаангом сумын 10 дугаар багийн даргыг сонгох тухай” тогтоолыг баталгаажуулсан байх бөгөөд энэ акт нь захиргааны актад тавигдах шаардлага хангасан. Хуралдааны тэмдэглэлээс харахад багийн хуралдааны нийтлэг дэгээс гадна тухайн хуралдаанаар шийдэх асуудалтай холбоотой асуудлаа олонхоороо шийдээд явсан байна. Үүнд хуралдааны цаг, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргын санал хураалтыг нэг саналын хуудсан дээр авах, санал тэнцсэн Л.Б, Л.Н нар дээр дахин санал хураалт явуулах, тооллогын комисс дүн танилцуулах зэрэг дээр ямар нэгэн маргаан гараагүй байна.
6.7.Багийн Засаг даргын сонгуулийг тусгайлан зохицуулсан хууль байхгүй бөгөөд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн байдлыг ерөнхий байдлаар тогтоосон. Үүнд нийцүүлэн багууд өөрсдийн хуралдааны дэгээ баталдаг. Энэ удаа тус багийн хуралдаанд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дэгийн дагуу явагдсан.
6.8.Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.2-т зааснаас харахад багийн дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох хуралдаанаар заавал дэгээ эхэлж батална гэсэн заалт байхгүй. Давж заалдах шатны шүүхээс энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-т заасныг зөрчсөн гэж үзсэн нь төлөөллийн ардчиллын зарчмаар сонгогддог иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг багийн иргэдийн Нийтийн Хуралтай ижилтгэж үзсэн нь буруу.
6.9.Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд илүү ойр үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ
8.Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
9.Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” багийн иргэдийн Нийтийн Хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж, иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн гишүүн сонгох, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга болон багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг хамтад нь явуулахаар шийдвэрлэжээ.
10.Багийн Засаг даргад Л.Б , Л.Н , Б.Б, Б.Ба, Б.Ц нар өрсөлдөж, эхний санал хураалтад нийт 497 иргэн санал өгснөөс 5 саналын хуудсыг хүчингүйд тооцож, Л.Б 186 санал буюу 37,42 хувь, Л.Н 143 санал буюу 28,77 хувь, Б.Б 70 санал буюу 14,8 хувь, Б.Б 66 санал буюу 13,27 хувь, Б.Ц 27 санал буюу 5,43 хувийн санал тус тус авснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч Л.Б , Л.Н нарын дунд дахин санал хураалтыг явуулжээ.
11.Дахин санал хураалтад 430 иргэн оролцсоноос 8 саналын хуудсыг хүчингүйд тооцож, Л.Н 225 санал буюу 52,3 хувь, Л.Б 197 санал буюу 45,8 хувийн саналыг тус тус авч, багийн иргэдийн Нийтийн Хурлын 05 дугаар тогтоолоор тус багийн Засаг даргаар Л.Н-г нэр дэвшүүлжээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулах” гэж заасан үндэслэл бүрдсэн эсэх,
-Багийн Засаг даргыг сонгох санал хураалтын үйл ажиллагаа нь хурлын дэгийг зөрчсөн эсэх тухай байна.
12.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна” гээд, 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж, 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус заасан.
13.Өөрөөр хэлбэл, багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нэр дэвшигчийн хэн ч олонхын санал буюу 50 дээр нэмэх нь 1 хувийн саналыг аваагүй тохиолдолд дахин санал хураалтыг явуулж, олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр байна.
14.Маргаан бүхий эхний санал хураалтад нэр дэвшигчдийн хэн ч олонхын санал аваагүй нь тогтоогдож байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасны дагуу дахин санал хураалтыг явуулсан нь хуульд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн “50 дээр нэмэх нь 1 хувь гэсэн хуулийн зохицуулалт байхгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
15.Анхан шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т “олонхын санал” гэж заасныг нийт санал өгсөн иргэдийн талаас илүү хүний санал авсан байхыг шаардана гэж зөв тайлбарлан хэрэглэжээ.
16.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж, 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй” гээд, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж тус тус заасан.
17.Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Баг нь нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ хүргэх анхан шатны нэгж мөн” гэж заасан бөгөөд багийн Иргэдийн Нийтийн хурал нь энэхүү засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагад тухайн иргэдийн оролцоог хангах үндсэн талбар болохынхоо хувьд хурлын зохион байгуулалт болон хуралдааны дэгээ хуулийн шаардлагыг зөрчихгүй хүрээнд өөрөө хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхтэй.
18.Маргаан бүхий тохиолдолд дахин санал хураалтын тооллогын комиссын тэмдэглэлд Л.Б 195 санал буюу 45,8 хувь, Л.Н 225 санал буюу 52,3 хувь, хуралдааны тэмдэглэлд Л.Б 197 санал буюу 45,81 хувь, Л.Н 225 санал буюу 52,32 хувь гэж санал хураалтын зөрүүтэй дүн тэмдэглэгдсэн байх хэдий ч нэгэнт шүүхийн үзлэгээр нэр дэвшигч Л.Н 223 санал, Л.Б 198 санал авсан нь тогтоогдсон, тухайн зөрүүтэй саналын тоо нь санал хураалтын дүнд нөлөөлөхгүй нь тодорхой байна.
19.Тиймээс тус дахин санал хураалтын дүнгээр олонхын санал авсан Л.Н-г багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэдийн Нийтийн Хурлын 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “...баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга ... гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу тус тогтоолд хуралдааны дарга гарын үсэг зурж баталгаажуулжээ.
20.Мөн нэхэмжлэгчээс “дахин санал хураалтыг шөнийн цаг буюу 22 цагаас 00 цагийн хооронд явуулсан нь сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг зэрэгцүүлэн буюу хамтад нь нэг дор явуулсан нь хууль бус” гэж тайлбарласан.
21.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж заасны дагуу маргаан бүхий тохиолдолд дахин санал хураалтыг тухайн өдрөө үргэлжлүүлэн 22 цагаас 00 цагийн хооронд явуулах эсэх талаар санал асуухад хуралдаанд оролцогч иргэдийн олонх дэмжсэн нь тогтоогдсон төдийгүй хурлын дарга болон Засаг даргыг сонгох санал хураалтыг хамтад нь явуулах талаар тухайн үед санал гомдол гараагүй, дахин санал хураалт нь хуралдааны дэгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
22.Анхан шатны шүүх “санал хураалт явуулах хугацаа, дэгээ өөрөө тогтоон шийдвэрлэх эрхтэй” гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан “хуралдааны дэгээ олонхоороо шийдээд явсан, тооллогын комиссын дүн болон хуралдааны дэгтэй холбоотой маргаан гараагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
23.Давж заалдах шатны шүүх “санал хураалтын дүнгийн тухай баримт үйлдээгүй, тооллогын комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй” нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 болон багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийн 10.4, 11.4-д заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу.
24.Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл санал хураалтын дүнгийн тухай тооллогын комиссын тэмдэглэл хөтөлсөн, тооллогын комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байгаагаас гадна багийн Засаг даргыг сонгох тухай 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолд хуралдааны дарга гарын үсэг зурж баталгаажуулсан нь тогтоогдож байна.
25.Иймд маргаан бүхий багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй, хүчин төгөлдөр байх тул дахин санал хураалтыг явуулахыг даалгах шаардлагыг хангахгүй.
26.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, дахин санал хураалтад олонхын санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцсэн, түүнчлэн хуралдааны зохион байгуулалт, санал хураалт нь хуралдааны дэгийг зөрчөөгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2026/0063 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ2025/0044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Л.Н , түүний өмгөөлөгч Д.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ