Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2020/0279

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, А.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу “М”ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э т” ХК-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаартай шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус үндэслэн “Э т” ХК-д холбогдуулан нэхэмжлэгч “М” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1.5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаагүй “Э т” ХК-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдсэнийг буюу гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах,

Хариуцагч гэрээ байгуулаагүй нь хууль бус болохыг тогтоосон боловч гэрээ байгуулахыг хариуцагчид даалгахгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4.1.1-т заасан “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” шүүхийн эрхэм зорилгыг зөрчсөн эрхийг сэргээн тогтоох” шүүхийн эрхэм зорилгыг зөрчсөн хэрэг юм. Шүүх хариуцагчийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон тул дээрх эрхэм зорилгынхоо хүрээнд зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүднээс гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй юм.

Тендерийн хүчинтэй хугацаа дууссан боловч тус тендерийн хугацаа дуусахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа огт байгаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны явцад түүнийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан. Хариуцагчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай 07/264 дүгээр мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсний дагуу нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр худалдаан хөгжлийн банкаар гүйцэтгэлийн баталгааг гаргуулан хариуцагчид хүргүүлснээс үзвэл  нэхэмжлэгч гэрээ байгуулахын тул өөрсдийн зүгээс шалтгаалах зүйлсийг хийсэн.

 

“Э т” ХК-иас зарласан тендерт нэхэмжлэгч шалгарч улмаар гэрээ байгуулах эрх олгож буйг мэдэгдсэнээр нэхэмжлэгчид тус гэрээг байгуулна гэсэн итгэл үнэмшил үүссэн. Хариуцагчаас гэрээ байгуулна гэсэн мэдэгдлийн дагуу тендерийн гүйцэтгэлийн баталгааг байршуулсан нь тус гэрээг байгуулж тендерийн үнийн саналд заагдсан төлбөрийг авна гэсэн итгэл үнэмшлээр хийсэн, тодорхой хэмжээний зардал гаргасан ажиллагаа юм. Иймд “Э т” ХК-иас зарласан тус тендерт нэхэмжлэгч “М” ХХК шалгарах харилцаанд хууль бус үйлдэл байгаагүй бөгөөд тус харилцааны дагуу нэхэмжлэгчид эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх үр дагавар үүссэн тул нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой.

 

Маргаан бүхий тендерийн хувьд төсвийн санхүүжилт батлагдаагүй тухай баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар төсөв татагдсан, батлагдаагүй гэж тайлбарладаг боловч үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хариуцагчийн тус тайлбарыг тодруулах үүднээс Сангийн яамнаас энэ талаар нотлох баримт, тайлбар авахад тус тендер нь захиалагчийн өөрийн хөрөнгөөр санхүүжиж байгаа гэсэн тайлбар ирсэн бөгөөд энэ нь төсвийн санхүүжилт батлагдаагүй гэдэг нь тус баримтаар няцаагдаж байна.

“Э т” ХК-иас зарласан тендер нь зээл, тусламжийн олон улсын гэрээ, улсын төсвийн санхүүжилтээр хийгдэх худалдан авах ажиллагаа бус өөрийн хөрөнгөөр зарласан тендер тул тус харилцаанд хуулийн 29.6 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “М” ХХК-иас “Э т” ХК-д холбогдуулан гаргасан “Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштаб байр зүйн зураглал боловсруулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

 Сангийн яамнаас “Э т” ХК-д 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13-2/4273 дугаар албан бичгээр[1] “Таван толгой” ХК нь өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хил даван “Э т” ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн их хэмжээний нүүрс олборлосон, ялгаатай үнээр нүүрс борлуулсан, хууль бусаар нүүрс экспортолсон гэх асуудлыг шалгаж дүгнэлт гаргахаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд уг ажлын хэсгийн дүгнэлтээр танай байгууллагад сансрын өндөр нягтралтай, өнгөт стерео зураг шаардлагатай тул худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглах”  тухай зөвлөмж хүргүүлжээ.

Энэхүү зөвлөмжийн дагуу “Э т” ХК-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/300 дугаар тушаалаар[2] “Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштабын байр зүйн зураглал боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201802183 дугаартай тендерийн үнэлгээний хороог байгуулсан байна.

Тендерийн үнэлгээний хороо 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр уг тендерийг зарлаж буйгаа нийтэд мэдээлснээр “М” ХХК оролцон шалгарсан тул “Э т” ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 07/264 дүгээр албан бичгээр[3] нэхэмжлэгчид “Гэрээ байгуулах эрх олгосон” тухай мэдэгджээ.

Уг албан бичигт “...энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай дүйцэх гүйцэтгэлийн баталгааг байршуулснаар гэрээ байгуулах эрх үүсэх болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас гүйцэтгэлийн баталгаа гаргуулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-д “Гүйцэтгэлийн баталгаа” гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг”, 5.1.18-д “Гэрээ байгуулах эрх олгох” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг хэлнэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш гүйцэтгэлийн баталгааг гарган хариуцагчид өгч, гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон байна.  

Гэвч хариуцагч “Э т” ХК “М” ХХК-тай гэрээ байгуулаагүй тул 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 001/03122019 дүгээр албан бичиг[4], 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ММ/0828 дугаар албан бичгүүдээр[5]  гэрээ байгуулах тухай захиалагчид хандаж байжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримт болох Монгол Улсын Сангийн яамны 2019  оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/9519 дүгээр албан бичгээс[6] үзвэл тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаагүй, мөн гэрээний төсөлд санал авах үед тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан байжээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгч нь хуульд зааснаар холбогдох баримтуудыг захиалагч талд гарган өгч, тендерт шалгаран гэрээ байгуулахад бэлэн болсон боловч хариуцагч талаас тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй, хугацаа сунгуулах хүсэлтийг Сангийн яаманд гаргаагүй, мөн гэрээ байгуулахгүй байх ямар нэгэн нөхцөл бүрдээгүй байхад нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг гаргасан бөгөөд хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул хууль бус гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн үйлдэлтэй холбоогүй, харин хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул “Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцжээ.

Харин хариуцагч нь гэрээ байгуулаагүй шалтгаанаа “...Зөвлөх үйлчилгээний тендерийн сонгон шалгаруулалтын хүчинтэй хугацааг сунгах хүсэлт Сангийн яаманд гаргаагүй бөгөөд “Э т” ХК, “Тавантолгой” ХК-иудын хамтарсан А/452 дугаарт 268,3 мянган тн нүүрс олборлосон асуудлыг шийдэх ажлын хэсгийн хүрээнд олборлосон нүүрсийг шилжүүлэх, нүүрсний чанараар нийцүүлэх, маркшейдерийн 2 талын хамтарсан хэмжилт хийн, акт үйлдэн баталгаажуулан ажиллах боломжтойг тодорхойлж, нүүрс шилжүүлэх ажлыг эхлүүлсэн.

“Э т” ХК нь 2013 онд “М” ХХК-иар 1:500 масштабтай агаар, сансрын зураглал хийлгэсэн байдаг бөгөөд үйлдвэрлэлийн өдөр тутмын ажиллагаанд агаар, сансрын зураглал нь ач холбогдолгүй, “Э т” ХК-ийн ашиглалтын лицензийн талбайгаас олборлосон нүүрсний хэмжээг 2 талын хамтарсан маркшейдерийн хэмжилтээр баталгаажуулан ажлыг гүйцэтгэх боломжтой тул 1:1000 масштабтай агаарын сансрын зураглал дахин хийлгүүлж гүйцэтгэх нь манай компанид хохиролтой бөгөөд, одоогийн уулын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэггүй” гэж тайлбарладаг[7].

 “Э т” ХК, “Тавантолгой” ХК-иудын маркшейдерийн 2 талын хамтарсан хэмжилт хийн, акт үйлдэн баталгаажуулан ажиллах боломжтойг тодорхойлж, нүүрс шилжүүлэх ажлыг эхлүүлсэн, мөн “Э т” ХК нь 2013 онд “М” ХХК-иар агаарын сансрын зураглал хийлгэж байсан[8] зэргээс үзвэл “Э т” ХК-иас зарласан “Агаарын сансрын зургийн боловсруулалттай 1:5000-ны тусгай зөвшөөрлийн талбайд 1:1000-ны масштабын байр зүйн зураглал боловсруулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ЭТТ/201802183” дугаартай тендерийн хэрэгцээ, шаардлага арилсан гэж үзэхээр байна.

Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж зааснаас үзвэл уг тендерт оролцогчтой гэрээ байгуулснаар хариуцагчид хохиролтой гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байх тул гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.  

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаад гаргасан тайлбарт[9] “...нэхэмжлэгчид учруулсан хохирлыг хариуцагч нөхөн төлөх боломжтой” гэж илэрхийлсэн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой юм.     

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                             Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                             Ц.САЙХАНТУЯА

 


[1] 1 хавтаст хэргийн 121 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 230 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 31 хуудас

[4] 2 хавтаст хэргийн 5 хуудас

[5] 1 хавтаст хэргийн 8 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 100 хуудас

[7] 2 хавтаст хэргийн 89 хуудас

[8] 2 хавтаст хэргийн 89 хуудас

[9] 2 хавтаст хэргийн 112 худас