Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 127

 

     Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Б.Д-д холбогдох эрүүгийн 2225000000421 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б.Д.

Шүүгдэгч Б.Д нь Г.П, Б.М нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 41-10 тоот хашаанаас иргэн Б.М-ын ухаа халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, хар халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-ыг бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-оос 10,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М-ад олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун хяналтын шатны шүүхэд: “.... Тухайн 2 тооны үхрийг дээрх этгээдүүд өөрсдийн хууль бус эзэмшилд бүрэн оруулж гэмт хэргийг төгс үйлдээгүй. Шүүгдэгч нь бусадтай бүлэглэж, хохирогчийн 2 тооны үхрийг бэлчээрээс авахаар ногтолсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцогдох ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Д-д ял оногдуулахдаа малыг буцаан өгсөн, хохирлоо төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзээгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Прокурор С.Батсүрэн хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, үхрийг оосорлосон уяаг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл, гутлын ул мөрийг бэхжүүлэн авч шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Б, Б.Э нарын мэдүүлэг зэрэг баримтаар Б.Д нь бусадтай бүлэглэн хохирогч Б.М-ын хоёр тооны үхрийг хулгайлсан гэмт хэргийг төгс үйлдсэн болох нь бүрэн тогтоогдсон байна. Б.Д нь 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд 07 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 6.472.000 төгрөгийг дүйцүүлэн хасч өршөөлд хамруулсан баримт байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Д нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тул уг хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгтэй танилцахад Б.Д нь Б.М, Г.П нартай бүлэглэж бусдын эзэмшлийн хоёр тооны үхррийг хулгайлах гэмт хэргийг төгс үйлдсэн бөгөөд Б.М, Г.П нарт холбогдох хэргийг тусгаарлаж эцэслэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна.

Мөн 3 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр талд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай шүүгчийн захирамж авагдсан бөгөөд Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулсан торгуулийн ялаас эдлээгүй үлдсэн 6,472,000 төгрөгийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар дүйцүүлэн хасч шийдвэрлэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд өршөөлд нэг удаа хамрагдах зарчмын талаар тусгасан. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн санаатай гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй” гэжээ.

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан гомдлыг үндэслэн Б.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь Г.П, Б.М нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 41-10 тоот хашаанаас иргэн Б.М-ын ухаа халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, хар халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

Мөн шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг хоёр шатны шүүх зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн үйлдлийг завдалт гэх, мөн түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хоёр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэгт завдсан гэж гэмт хэрэг туйлдаа бүрэн хүрч, төгсөөгүй байх явдлыг ойлгох бөгөөд хулгайлах гэмт хэргийн тухайд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах үйлдлийг эхлүүлсэн боловч түүнээс үл хамаарах шалтгааны улмаас эд хөрөнгө түүний эзэмшилд шилжүүлээгүй байх үедээ таслан зогсоогдсон байхыг хэлнэ.

Хууль бус эзэмшил нь тухайн эрх, эд юмсыг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн мэдлээс гаргах замаар бүх эрхийг хязгаарлаж, хууль бусаар өөрийн мэдэлд авснаар үүсэх ба энэ үедээ өөрийн үзэмжээр эд хөрөнгийг эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг бий болгосон байдаг. Хулгайн гэмт хэрэг дээр эд хөрөнгийг өөрийн мэдэлд бодитойгоор буюу биетээр нь шилжүүлснээр хууль бус эзэмшил үүсч гэмт хэрэг төгссөнд тооцогдоно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Б.Д нь Г.П, Б.М нартай бүлэглэн иргэн Б.М-ын 2 үхрийг хашаанаас гарган оосорлон авч явж, хохирогчийн эзэмшлээс өөрийн мэдэлд шилжүүлснээр гэмт хэрэг төгссөн талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэжээ.

Харин шүүгдэгч Б.Д-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй талаар хоёр шатны шүүхийн шийдвэр болон хяналтын шатны шүүх хуралдааны явцад гаргасан прокурорын хууль зүйн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай байна.

Шүүгдэгч Б.Д нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, мөн шүүхийн шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 6,472,000 төгрөгийн торгох ялыг өршөөлд хамруулжээ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих...” талаар тусгасан нь шүүгдэгчид хамгийн ашигтай хувилбараар эрх зүйн байдлыг нь нэг удаа дээрдүүлэн өршөөлийн үйлчлэлд хамааруулах харилцааг зохицуулсан болохоос бус аливаа нэг хэлбэрээр дээрх хуульд хамрагдсан бүх этгээдийг дахин өршөөхгүй талаар хуульчлаагүй юм.

Тухайлбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд шүүгдэгч Б.Д-н холбогдсон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь хамаарахгүйгээс гадна тухайн гэмт хэргийг үйлдэж, таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заажээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилт, мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг бусад зүйл, хэсэгтэй харьцуулан судлан үзвэл, өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт холбогдсон, эсхүл шүүхээс “хорих ял”-аар шийтгэгдсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх, ялаас хасах, ял дүйцүүлэн солих зэрэг хэлбэрээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд урьд хамруулснаас бусад эрүүгийн хариуцлага хүлээсэн этгээдүүдийг нэг удаа өршөөн хэлтрүүлэх, ялын төрлийг солих боломжтой гэж үзэхээр байна.

Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.Д-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж буйтай холбоотойгоор түүний биечлэн эдэлсэн ялын хугацааг тооцож, ялаас хасах, энэ хугацаатай тэнцүү хугацаагаар хяналт тогтоохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Д-ыг нэн даруй суллаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхийг хүссэн гомдлыг хангав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр магадлалд:

“2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.Д-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Д-н оршин суугаа газар буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг хязгаарласугай.

Шүүгдэгч Б.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, түүний эдэлсэн ялын хугацааг тооцож, ялаас хасах, энэ хугацаатай тэнцүү хугацаагаар хяналт тогтоохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэсэн өөрчлөлтийг оруулсугай.

2. Шүүгдэгч Б.Д-г нэн даруй суллаж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулууны гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                  Б.БАТЦЭРЭН

                                                    ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                                                Б.ЦОГТ