| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0208/Э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0208/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгч Г.Намсрай нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Н холбогдох 193900........ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Н нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багийн нутаг Талын таваг гэх газарт иргэн А.Мөнгөөнөөтэй хувийн таарамжгүй харьцааны улмаар маргалдаж түүний зүүн чих шанааг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч А.Мөнгөнөөгийн өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 02-ны орой Дадал сумын Балж багийн нутаг Талын таваг гэх газарт байх өөрийн гэрийн гадаа Г.Н түүний эхнэр Оюунаа тэгээд манай хоёр хүүхэд байсан. Н бид хоёр нэг нэг жижиг лааз пиво хувааж уугаад баахан юм ярьж сууж байгаад би Н хандан танай эхнэр чинь хоёр хүүхдэд чинь боорцогыг нь хийж өгч чадахгүй байна, гэр орноо цэвэрлэхгүй байна, арчаагүй байна чи эхнэртэй ярилцаад сайн хэлж ярьж бай гэж хэлсэн юмаа. Тэгсэн чинь та миний эхнэрийг мууллаа гэсэн.Тэгэхээр нь чамд хэлэхгүй өөр хэнд хэлэх юм бэ гэтэл уурлаад эхнэрээ цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би Н барьж аваад тэнэг мангараар нь дуудаад түлхээд унагаачихсан юмаа. Тэгтэл надтай хэрүүл хийж байгаад гэр лүүгээ ороод хутга юмуу заазуур алийг нь мэдэхгүй нэг юм авч гарч ирээд миний зүүн чихний хэсэгт хутгалчихсан. Тэгээд эхнэр нь эмнэлэг цагдаа дуудсан байсан. Ийм зүйл болсон....Эхнэрийг нь муулсан гээд бас түлхэж унагасан гэж уурандаа хутга барьсан байхаа...Гэрээсээ авсан яг ямар хутга гэдгийг нь хараагүй ээ. Харанхуй шөнө харагдаагүй ээ...Миний биеийн байдал одоо гайгүй ээ сайн байгаа. Зүүн чихний дээд хэсэгт зүсэгдэж сэтэрсэн. Эмч ирээд 6 оёдол тавьсан...надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ээ миний бие зүгээр...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч О.Оюунчимэгийн өгсөн... 2019 оны 07 дугаар сарын 02-ны орой гэрийн гадаа манай Г.Н хажуу айлын ах Мөнгөнөө нар соёрхол архи жижиг пиво ууцгаасан. Намайг Мөнгөнөө ах ажилгүй, арчаагүй гээд гичий янханаар нь дуудаад байхаар нь манай нөхөр намайг өмөөрөөд хэрэлдээд тэр хоёр барьцалдаж аваад муудалцсан. Тэгээд манай нөхөр гэр лүүгээ ороод хутга аваад гарч ирээд Мөнгөнөө ахын зүүн чихний хэсэгт эсгэсэн. Тэгээд түргэн цагдаа дуудсан тийм л зүйл болсон...Манай гэрийн хутга юмаа. Ногоон бариултай, төмөр хутгаар зүссэн, хутга нь ирэн дээрээ SMAINLESS STEEL гэсэн бичигтэй богино хутга юмаа...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/
Гэрч Я.Зоригтбаатарын өгсөн...Манай Н найз маань хүнд тусархуу, хүн чанартай, иймээ тиймээ муухай зан байхгүй, ажилсаг, даруухан залуу юмаа. Архи дарсыг ер нь бол уудаггүй хүн. Бусадтай эвсэг зөөлөн харилцаатай хүн юмаа...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/
Гэрч Б.Мөнхтулгын өгсөн...би Н 2017 оноос хойш мэднэ, Н нь зан байдлын хувьд даруу төлөв, ажил төрөл хийхдээ сайн, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, би архи дарс хэрэглээд явж байхыг нь бол харж байгаагүй, тамхи бол татдаг, ямар нэгэн гаж зуршилгүй, цэргийн алба хаасан, миний мэдэхийн урьд өмнө нь хэрэг түвэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л хүн хутгалсан гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, эхнэр, хоёр хүүхэдтэй бөгөөд том хүүхэд нь дагавар хүүхэд нь байгаа юм, одоо эхнэр ,хоёр хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Дадал суманд мал маллан амьдарч байна, ер нь Н даруу төлөв, их ажилсаг л хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 341 дугаартай дүгнэлт
Г.Н яллагдагчаар өгсөн:... Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг Талын таваг гэх газарт эхнэр хоёр хүүхдийнхээ хамт мал маллан амьдардаг бөгөөд манайхтай айл Мөнгөнөө гэх ахынх байдаг юм тэгээд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ойролцоогоор 20-21 цагийн үед байсан байх гэж бодож байна, яг цагийг нь бол тодорхой сайн хэлж мэдэхгүй байна, би Мөнгөнөө ахтай тал шил соёрхол нэртэй архи жижиг лааз пиво хувааж уусан юм тэгээд уугаад сууж байхад Мөнгөнөө ах надад хандан танай эхнэр чинь яасан арчаагүй юм бэ ажил төрөл хийж чадахгүй гэж хэлсэн тэгэхээр нь би Мөнгөнөө ахад хандан танай авгай ч гэсэн адилхан биз дээ гээд уурлаад Мөнгөнөө ахтай маргалдаж муудалцсан юм, тэгээд Мөнгөнөө ах бид хоёр хоорондоо маргалдаж, зууралдахад Мөнгөнөө ах намайг түлхэж унагаасан, тэгэхээр нь миний уур хүрээд би гэр лүүгээ ороод гэрийн зүүн урд талд байсан хоолны шүүгээний шургуулга дотроос төмс арилгадаг жижиг хутгаа авч гараад уг хутгаараа Мөнгөнөө ахын зүүн чих, зүүн шанааны орчимд нь зүсчихсэн юм, тухайн үед нэг ийм л асуудал болсон, би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна...Тухайн үед Мөнгөнөө ах бид хоёр хоёулаа гайгүй, бага зэргийн л согтолттой байсан...тухай үед Мөнгөнөө ах намайг түлхэж унагаасан, өөрөөр зодож цохисон асуудал байхгүй... би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, ахиж ийм асуудал хэзээ ч гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Г.Н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 хуу/
Г.Ннь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 хуу/
Хохирогч А.Мөнгөнөөгийн бичсэн Г.Н нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 42 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Н нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 21 цагийн үед Хэнтий аймгийн Дадал сумын Балж 3 дугаар багийн нутаг Талын таваг гэх газарт хохирогч А.Мөнгөнөөтэй согтуугаар маргалдан хутгалж, зүүн чихний дээд дэлбэнд 3.5х05 см, зүүн шанаанд 1х03 см хэмжээтэй зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч А.Мөнгөнөө, гэрч О.Оюунчимэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Н нь хохирогч А.Мөнгөнөөгийн зүүн чих, зүүн шанаанд хутгалснаас үүссэн гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Г.Намсрайгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 46 хуу/ прокурор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Г.Н хүлээн зөвшөөрч /хх-ийн 50 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Г.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар бариултай 17 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Хохирогч А.Мөнгөнөө нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан /хх-ийн 42 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн бариултай 17 см урттай хутга нэг ширхэгийг устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ