Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2019/0211/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                              Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                           Б.Бямбасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Б.Жавхлан

Шүүгдэгч                                                                   Л.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Б холбогдох 1939000.......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Нөөлөг 1Б дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн А.Мягмаржавын гэрээс  самсунг маркийн ЖИ-7 гар утасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч А.Мягмаржавын өгсөн:..Манайх Батноров сумын 6 дугаар багт оршин суудаг юм. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн орчимд гэр бүлийн хамт хөдөө хадамынд очихоор явсан юм. Тэгээд хөдөө очоод удалгүй цаг гарангийн дараа гэртээ ирэхэд зурагтын өмнө цэнэглээд үлдээсэн SAMSUNG ЖИ-7 маркын цагаан шаргал өнгийн гар утас байхгүй байсан тухайн үед манай гэрт манай настай ээж хүүг хараад үлдсэн юм.Тэгээд манай төрсөн  ээж манай хажууд гэрээрээ байдаг орж асуухад Баттөмөр орж ирээд шаврын тэрэгээ аваад явсан юм гэж хэлсэн юм. Баттөмөр нь тухайн үед манай хашаанд байшингийн өрлөг хийхээр багаж хэрэгслээ авч ирээд тавьсан байсан юм тэгээд ажлаа хийгээгүй юм тэгээд би Б-өөс алдсан гар утасаа асуухад мэдэхгүй гэж хэлсэн юм...Миний алдсан SAMSUNG  ЖИ-7 маркын цагаан шаргал өнгийн гадна талдаа улаан өнгийн гэртэй  зүүн доод буландаа цохигдсон дэлгэц нь наалт нь тал хүртлээ хууларсан байгаа би алдсан гар утасаа Улаанбаатар хотоос 2018 оны 08 дугаар сард 680.000 төгрөгөөр худалдаж авсан юм... Надад учруулсан хохирлыг Баттөмөр сайн дураараа  төлж барагдуулсан. Б-д холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17,19 хуудас/

Гэрч Ц.Ган-Эрдэний өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр намайг суманд гэрт байхад Б орж ирээд Баян-Овоо сум яваад өгөөч ээж дүү хоёроо авч ирэх гэсэн юм гэж хэлсэн тэгээд тэр өдөртөө Б бид хоёр оройхон гараад очоод хонолгүй ирсэн юм....Тухайн үед Б нь ЖИ-7 гэсэн цагаан шаргал өнгөтэй утастай байсан миний утастай адилхан  найзаасаа авсан гэж хэлж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

Гэрч Адилбишийн өгсөн:.. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай охин Мягмаржав хүргэн Гомбосүрэн нар хөдөө явсан. Би гэртээ ач Тулгыг хараад үлдсэн. Өдөр 14 цагийн орчим Б орж ирсэн. Манай хүргэн Гомбосүрэнг асууж байсан. Шавар зөөдөг тэрэг авлаа шүү гэж байсан. Би за гэж хэлчихээд гэрээс гарсан. Миний араас удалгүй Баттөмөр гарсан. Манай охин Мягмаржав хүргэн Гомбосүрэн нар 14 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд Мягмаржав миний зурагтны урд цэнэглээд орхисон утас яасан бэ гэж надаас асуусан. Би мэдэхгүй гэж хэлсэн. Би охин Мягмаржавыг гар утасаа цэнэглээд үлдээсэн гэдгийг мэдээгүй...Намайг Гомбосүрэнгийн гэрт байхад Баттөмөр орж ирсэн. Би харин Б-ийг гараагүй байхад гэрээс гарсан миний араас удалгүй Баттөмөр гарсан...Би Б-ийг гэрээс гар утас авч байхыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/

Л.Б-ийн яллагдагчаар өгсөн:... 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би Гомбосүрэн гэх айлын хашаанаас шаврын түрдэг тэрэг авахаар очсон. Би Гомбосүрэн гэх хүний байшинд нь гадна өрлөг хийж байсан юм.Тэгээд шавар зуурдаг шаврын түрдэг тэрэг орхисон байсан тул авахаар очсон. Тэр шаврын тэрэг нь миний тэрэг байгаа юм. Гомбосүрэнгийн хашааны хаалга онгорхой гэрийн хаалга онгорхой тэлээтэй байсан. Гомбосүрэн гэх хүнд шаврын тэрэг авч явлаа шүү гэж хэлэхээр гэрээр ортол Гомбосүрэнгийн гэрт Адилбиш гэх хөгшин байсан. Адилбиш нь Гомбосүрэнгийн эхнэр Мягмаржавын ээж нь байгаа юм. Би Мягмаржав эгчийн ээжид нь шаврын тэрэг авлаа шүү гэж хэлсэн. За гэж надад хэлсэн. Гадаа хүчтэй салхи гарсан тул Адилбиш гэдэг хүн гэрээс гарсан. Гомбосүрэнгийн гэрийн доод баруун хойд талд нь зурагтын тавиур дээр саарал өнгийн гар утас цэнэглэж байсан би тэр гар утасыг аваад өмднийхөө халаасанд унтраагаад хийсэн. Гомбын гэрээс гараад байшингийн урд талд байсан шаврын тэргээ аваад Гомбын ээжид нь шаврын тэргээ авсан шүү гэж дахиж хэлчихээд  гараад явсан. Энэ үед Адилбиш гэдэг хүн гэрийн өрх татаад явж байсан. Би авсан гар утасаа өөрөө хэрэглээд хагас сар гаруй хугацаа болсон. Тэгээд Гомбосүрэнгийн эхнэр утасаа таниад  намайг цагдаад өгсөн байсан. Тэр утас Гомбосүрэнгийн эхнэр Мягмаржавын гар утас байсан юм байна лээ...G7 маркийн цайвар шаргал өнгийн мэдрэгчтэй шинэвтэр гар утас байсан...би хохирол барагдуулсан 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 680.000 төгрөг бэлнээр Мягмаржав эгчид өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

Хэргийн газрын  үзлэг нөхөн  хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг /хх-ийн 6-8 хуу/

Эд мөрийн баримтаар J7 маркийн цайвар шаргал өнгийн DUOS гэсэн бичигтэй гар утас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 хуу/

Samsung J7 маркийн гар утасны үнэлгээг 450.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаартай дүгнэлт /хх-32 хуу/

Л.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 хуу/

Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 72-73 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг Нөөлөг 1Б дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн А.Мягмаржавын гэрээс  Samsung J7 маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч А.Мягмаржав, гэрч Ц.Ган-Эрдэнэ, Д.Гомбосүрэн, В.Адилбиш, нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчийн гэрт барилгын ажил хийж байсан, хохирогчийн гэрт гэрч В.Адилбишийг байхад нь орсон, В.Адилбиш нь түүнийг гэрт үлдээн гадагш гарсны дараа уг гар утсыг авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийг үйлдлийг орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 76 хуу/ прокурор 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Л.Б хүлээн зөвшөөрч /хх-ийн 83 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Л.Б-ийг бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах   үндэслэлтэй гэж үзлээ.

Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан samsug J7 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч А.Мягмаржавд буцаан олгох нь зүйтэй байна.

Хохирогч А.Мягмаржав нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-ийн 74 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Б-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Б нь нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан samsug J7 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч А.Мягмаржавд буцаан олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ