Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01695

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч М.Баясгалан, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05048 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үлдэгдэл төлбөрт 2,239,456,000 төгрөг, алданги 1,119,728,000 төгрөг нийт 3,359,184,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь *******-тай 2022 оны 03 сарын 05-ны өдөр Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ******* нь 6 ширхэг машин механизм, 40 ширхэг техник, техникийн дагалдах хэрэгсэл 19 ширхэг, 2500 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалуудыг *******-д шилжүүлэх, ******* нь тоног, төхөөрөмж болон агуулах дахь бараа материалын төлбөрт нийт 5,500,000 юанийг 3 хувааж буюу гэрээ байгуулснаас хойш 20 хоногийн дотор 2,000,000 юань, 2022 оны 09 сарын 20-ны өдрийн дотор 2,000,000 юань, 2022 оны 12 сарын 20-ны өдрөөс өмнө 1,500,000 юанийг төлөх, төлбөрөө хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

******* нь гэрээ байгуулагдсаны дараа буюу 2022 оны 03 сарын 06-ны өдөр гэрээнд дурдсан тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг акт үйлдэн ******* ХХК-д хүлээлгэн өгсөн. ******* нь *******-ийн туслан гүйцэтгэгчээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. ******* өмнө нь *******-ийн Төмөртийн овоо орд дээр туслан гүйцэтгэгч байсан бөгөөд дараа нь ******* туслан гүйцэтгэгчээр орсон.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн тоног төхөөрөмжийг аваагүй байсан бол Бээжин хотоос тоног төхөөрөмж авчрах гэж хугацаа алдаж, *******-тай байгуулах гэрээ нь удаашрах байсан. ******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд энэ хугацаанд 2022 оны 03 сарын 25-ны өдөр 500,000 юань буюу 229,120,000 төгрөг, 2023 оны 06 сарын 05-ны өдөр 300,000 юань буюу 146,430,000 төгрөг нийт 800,000 юань буюу 375,550,000 төгрөг төлсөн. Төлбөр төлөгдөөгүй хугацааны алданги 0.5 хувиар бодохоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байгаа тул хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,700,000 юань буюу 2,239,456,000 төгрөгийн 50 хувиар бодож алданги нэхэмжилсэн.

2022 оны 12 сарын 09-ний өдөр *******-аас *******-д илгээсэн албан бичигт гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 юань байгаа гэж бичсэн. *******-ийн 2022 оны 12 сарын 18-ны өдрийн хариу албан бичигт 5,000,000 юанийг хүлээн зөвшөөрсөн. 2023 оны 06 сарын 05-ны өдөр 300,000 юань төлөгдсөн.

Гэрээнд заасан сүүлийн төлөлт хийх 2022 оны 12 сарын 20-ны өдрөөс хойшхи алдангийг тооцоход 1 хоногийн алданги 25,000 юань сүүлийн төлөлт буюу 2023 оны 06 сарын 05-ны өдөр хүртэлх 6 сар 15 хоногийн алданги нь 4,875,000 юань, сүүлийн төлөлт буюу 2023 оны 06 сарын 05-ны өдрөөс хойш алдангийг тооцоход 1 хоногийн алданги нь 23,500 юань, 70 хоногоор тооцоход нийт алданги нь 1,645,000 юань, нийт 6,520,000 юань буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 4,700,000 юанийн 50 хувиар тооцож 2,350,000 юань буюу 1,119,728,000 төгрөгийн алдангийг үлдэгдэл төлбөр болох 4,700,000 юань буюу 2,239,456,000 төгрөгийн хамт нийт 3,359,184,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

Гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмж, бараа материалуудыг хүлээлгэж өгөөгүй, ямар үнэлгээтэй ямар эд хөрөнгүүдийг хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, өгсөн жагсаалтад тоног төхөөрөмжийн үнийн дүн байхгүй, тоног төхөөрөмж, бараа материалууд нь чанарын шаардлага хангахгүй, эд хөрөнгийн доголдолтой.

Түүнчлэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Өмнө нь шүүхэд хариуцагч компанийг төлөөлж байсан *******ийн тайлбараас бүхэлд нь татгалзаж байгаа, тэрхүү тайлбарыг дэмжихгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь 2022 оны 03 сарын 05-ны өдөр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээг *******-тай байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээд нь дээрх гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д тус тус заасныг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 03 сарын 05-ны өдрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээ нь агуулгын хувьд зээлээр худалдах, худалдах авах гэрээний шинжийг агуулсан байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгах 4 нөхцөлийг тусгаагүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгээр тодорхойлсон нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 03 сарын 05-ны өдрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээ нь агуулгын хувьд зээлээр худалдах, худалдах авах гэрээний шинжийг агуулсан байна. Гэтэл холбогдох тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдаж орлого олж буй ******* нь татвар төлөхөөс зайлсхийж дээрх гэрээг байгуулсан гэж үзэж байна. ******* нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зорилгоор өөр хэлцлээр халхавчлан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээг байгуулсан гэж үзэж байна. Хэрэв халхавчлах зорилгоор дээрх гэрээг байгуулаагүй гэж үзвэл орлогын албан татварыг хуульд заасны дагуу ******* нь орлогоо тайлагнаж зохих татварыг төлөх байсан.

******* нь компанийн дүрэмд зааснаар БНХАУ-ын Шан Си мужийн төрийн өмчит ******* барилгын 1 дүгээр компанийн Монгол Улсын салбар компани юм. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6 дахь хэсэгт зааснаас үзвэл ******* нь үйл ажиллагаагаа итгэмжлэлийн үндсэн дээр явуулах үүрэгтэй бөгөөд хуулийн этгээдийн аливаа эрхгүй байна. Мөн компанийн дүрмийн 3.1-д зааснаар ******* нь Үндэсний татварын газарт бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрхийг олж авахаар тусгасан байх бөгөөд өнөөдрийг хүртэл Монгол Улсын Үндэсний татварын газарт бүртгэлтэй эсэх татвараа хуульд заасны дагуу тайлагнаагүй байна. Өөрөөр хэлбэл ******* нь БНХАУ-ын Шан Си мужийн төрийн өмчит ******* барилгын 1 дүгээр компаниас итгэмжлэл аваагүй, бичгээр олгосон зөвшөөрөлгүй буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ хэлцэл байгуулж хууль зөрчсөн.

******* нь 2006 оны 03 сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж байгуулагдсан байх бөгөөд компани барилгын засвар, засал чимэглэл (454000) чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Гэтэл ******* нь үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж *******-тай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээг байгуулж хууль зөрчсөн.

Дээрх хэлцлийн улмаас ******* нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөлд хүрч, өнөөдрийн байдлаар үйлдвэр зогссон, тоног төхөөрөмж битүүмжлэгдсэн байдалтай байгаа бөгөөд маш их хэмжээний бодит хохирол учирсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд дээрх гэрээ хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан өгөх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул ******* болон ******* хооронд байгуулагдсан 2022 оны 03 сарын 05-ны өдрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Зохигчийн хооронд байгуулагдсан 2022 оны 03 сарын 05-ны өдрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээ нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Дээрх гэрээ нь өөр хэлцлийг халхавчилсан ямар ч нөхцөл байхгүй бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс НӨАТ-ын төлбөрийн баримтыг хариуцагч компанид шивж өгсөн ба НӨАТ-ын төлбөрийн баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

Нэхэмжлэгч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд салбар, төлөөлөгчийн газар биш юм. Мөн нэхэмжлэгч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татварын албанд бүртгүүлж, татварын тайлангаа гаргадаг компани ба нэхэмжлэгч нь борлуулалт хийснээ хүлээн зөвшөөрч хариуцагч талд НӨАТ-ын төлбөрийн баримт шивж өгсөн байдаг.

 

Нэхэмжлэгч нь *******-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад гэрээний хугацаа дууссан тул туслан гүйцэтгэгчээр шинээр ажиллахаар болсон хариуцагч талд өөрсдийн хэрэглэж байсан тоног төхөөрөмж, бараа материалуудаа сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож худалдаж, худалдан авахаар тохиролцсон нь хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч *******-аас 3,359,184,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9 дэх заалтуудыг тус тус баримтлан хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,953,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,953,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,658,630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан үйлдвэрийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материал худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн нэхэмжлэгч нь агуулах дахь бараа материалыг хүлээлгэж өгөөгүй, хууран мэхлэх замаар хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч нь анхнаасаа хариуцагч компанийг маш их алдагдалд оруулж, өөрийн эвдэрч муудсан, хугацаа чанар дуусаж төмрийн сэлбэгэнд өгөх гэж байсан тоног төхөөрөмжийг шилжүүлж өгөх гэж байсан. Үүний дагуу хариуцагч нь бараа хүлээн аваагүй.

Энэхүү хэлцэл нь анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9, 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэлтэй юм. Гэтэл шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах хэлцэл байна гэж үзсэн нь буруу байна.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй. Учир нь гэрээний дагуу шилжүүлэн өгөх ёстой бараа материалыг хүлээлгэн өгсөн талаарх баримт байхгүй байхад хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн. Хариуцагч талаас барааны бүрэн бүтэн байдлыг хангаж хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч худалдагч тал хүлээлгэн өгөөгүй. Хэрэгт авагдсан баримтууд нь эх сурвалж тодорхойгүй бараа материал хүлээлгэн өгсөн эсэх нь эргэлзээтэй, хууль зөрчиж хэлцэл байгуулсан зэргийг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч бараа материал хүлээлцсэн акт буюу хятад, монгол хэлээр орчуулсан баримтыг гаргаж өгсөн бөгөөд тус баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 22-111 дүгээр талд авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь бараа материал хүлээлцсэн акт гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 207-238 дугаар тал, 2 дугаар хавтаст 1-39 дүгээр талд тус тус авагдсан. Хариуцагч давж заалдах гомдолдоо бараа материал хүлээлцээгүй гэж дурддаг боловч ямар шалтгааны улмаас тухайн бараа материалыг хүлээлцэж авсан актыг үйлдэж тухайн баримтыг шүүхэд гаргаж өгсөн бэ, энэ нөхцөл байдал нь няцаагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ******* гэх этгээд оролцож байсан бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн бараа материалыг хүлээж авсан ба гэрээний үнийн дүнд маргахгүй, алданги дээр маргана гэх агуулгаар тайлбар өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдоход байр суурь нь өөрчлөгддөг. Хавтаст хэргийн 115, 121 дүгээр талуудад ******* ХХК-аас нэхэмжлэгч компанид өгсөн албан бичгүүд авагдсан. Тухайн албан бичигт ...төлбөрөө төлөөгүй удаж байгаад уучлаарай, бид үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа учир төлбөр төлөлт хойшилж байна, удахгүй төлнө... гэх агуулга бүхий албан бичиг байдаг. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компани маргаан бүхий бараа материалыг хүлээж авсан үйл баримт нотлогдож байна.

2022 оны 03 сарын 06-ны өдөр буюу бараа материал хүлээж авснаас хойш 3 жил хагас сарын хугацаанд ******* ХХК-ийн зүгээс маргаан бүхий тоног төхөөрөмж эвдрэл, гэмтэлтэй байсан, түүнийг буцаах талаар албан бичиг нэхэмжлэгчид явуулж байгаагүй. Дээрх үндэслэлээр хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

Давж заалдах гомдол болон сөрөг нэхэмжлэлд алданги их байгаа талаар дурдаж байгаагүй бөгөөд талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд төлбөр төлөх үндэслэлгүй гэх агуулгаар сөрөг нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргадаг. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын бичгээр гаргасан гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Иймд хариуцагч талын шүүх хуралдааны явцад алдангийн талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тус 3 жил хагасын хугацаанд ******* ХХК-аас төлбөрөө авсан бол эдийн засгийн үр өгөөж ямар байх байсан талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүх алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. 1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар талд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт авагдсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Тус баримт нь ******* нь ******* ХХК-аас бараа материал захиалсан үйлдлийг хүлээн зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татварын баримт үйлдсэн. Тус компани нь сөрөг нэхэмжлэлд дурдагдсан татвараас зайлсхийсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байна. Олон ширхэг харандааг нэг бүрийг нэг үнээр тогтоохгүйгээр багцлан худалдан борлуулдаг. Энэ асуудал нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Хариуцсан компанид хүлээлгэж өгсөн тоног төхөөрөмжийг хэрэгтэй үед нь ашиглаж, хэрэгцээ нь дуусахад төлбөрийг төлж барагдуулахгүй гэж байгаа үйлдэл үндэслэлгүй.

Анхан шатны шүүх талуудыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн. Тухайн 2 гэрээний гол ялгаа нь хүү тооцох эсэхэд оршдог. 2022 оны 03 сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээнд бол хүү тохиролцоогүй учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 2,239,456,000 төгрөг, алданги 1,119,728,000 төгрөг нийт 3,359,184,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2022 оны 03 сарын 05-ны өдрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж, маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, холбогдох хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2022 оны 03 сарын 05-ны өдөр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д өөрийн ашиглаж байсан үйлдвэрлэлийн зориулалттай 64 ширхэг тоног төхөөрөмжийг татвар оруулаад 3,350,000,00 юань, агуулах дахь бараа материал, татварыг оруулаад 2,150,000,00 юань нийт 5,500,000,00 юаниар худалдах, төлбөрийг төлөх тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцох, уг төлбөрийг гурав хувааж, гэрээнд гарын үсэг зурснаас хойш 20 хоногийн дотор 2,000,000,00 юанийг, 2022 оны 09 сарын 20-ны өдрөөс өмнө 2,000,000,00 юанийг, 2022 оны 12 сарын 20-ны өдрөөс өмнө 1,500,000,00 юанийг тус тус төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1хх-16-19/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхтэй холбоотойгоор хүү тохирох, ийнхүү тохирсон эд хөрөнгийн үнэ нь шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг.

Харин эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон нь худалдах, худалдан авах гэрээнд худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх журам, хугацааг талууд тохирч байгаа болохоос үүнийг хүү тооцож, үнэ нэмэгддэг шинж бүхий зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзэхгүй.

 

6. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-д холбогдуулан 2022 оны 03 сарын 05-ны өдрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.9-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүдэд хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль зөрчиж хийсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэсэн агуулгаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тус бүрд нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч *******-д холбогдох 2022 оны 03 сарын 05-ны өдрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Иймд энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 03 сарын 06-ны өдрийн гэрээнд дурдсан тоног төхөөрөмж болон агуулах дахь бараа материалыг нэг бүрчлэн нэрлэн зааж, жагсаалт үйлдэн хариуцагч *******-д хүлээлгэн өгсөн болохыг хэргийн 1 дүгээр хавтасны 22-111, 2 дугаар хавтасны 1-43 дахь талд авагдсан олборлолт, хөрс хуулалт, налуу заслын тоног төхөөрөмжийн хүлээлгэн өгсөн хүснэгт, ухаж тээвэрлэх, автомашины сэлбэг, бараа материалын жагсаалт, агуулахад байгаа өрөм ба тэсэлгээний сэлбэг материалын нэрсийн жагсаалт, агуулахад байгаа хажуу талын засвар хийхэд ашигласан бараа материалын жагсаалт, хөдөлмөр хамгаалал, багаж хэрэгслийн агуулахын барааны жагсаалт, тоног төхөөрөмж, эд материал шилжүүлэн өгөх хүснэгт зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /1хх-22-122, 2хх-1-43/

Өөрөөр хэлбэл худалдагч буюу нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ зохих ёсоор буюу гэрээнд заасны дагуу акт үйлдэж хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байх тул эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

8. Тиймээс худалдагч нь хууль, гэрээнд заасны дагуу худалдсан эд хөрөнгийн үнийг шаардах, хэрэв үнийг дутуу, бүрэн төлөөгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй, харин эд хөрөнгө шилжүүлэн авсан этгээдэд гэрээгээр тохирсон үнийг зохих ёсоор төлөх үүрэг үүсдэг.

 

9. Хариуцагч нь нийт 5,500,000 юанийн төлбөр төлөхөөс 2022 оны 03 сарын 25-ны өдөр 500,000 юань буюу 229,120,000 төгрөг, 2023 оны 06 сарын 05-ны өдөр 300,000 юань буюу 146,430,000 төгрөг, нийт 800,000 юань буюу 375,550,000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэгдэл 4,700,000 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, уг үйл баримтын талаар талууд маргаагүй.

Тиймээс нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөр 4,700,000 юанийг нэхэмжлэл гаргах үеийн юанийн монгол төгрөгтэй харьцах ханшаар тооцож шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Хариуцагч ******* нь төлбөрийн үлдэгдэл хэмжээний талаар маргаагүй, гэрээний үлдэгдэл төлбөрт 4,700,000 юанийн өглөгтэй болохоо илэрхийлж байсан нь талуудын хооронд харилцсан албан бичиг, захидлаар тогтоогддог. /1хх111-120, 2хх46-48/

 

10. Харин хариуцагч нь уурхай дээрх бараа материалууд нь доголдолтой, ашиглалтын шаардлага хангахгүй байсан гэсэн үндэслэлээр татгалзлын нэг үндэслэлээ тайлбарладаг боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагыг худалдагч талд холбогдуулан хуульд заасан хугацаанд гаргаж байсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

11. Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд Б тал нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол гэрээг зөрчсөнд тооцож, хоногт төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувь тэнцэх хэмжээний алданги тооцож А талд төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 12 сарын 20-ны өдрөөс хойш сүүлийн төлөлт хийсэн өдөр буюу 2023 оны 06 сарын 05-ны өдөр хүртэлх 6 сар 15 хоногийн хугацаанд 1 хоногийн 25,000 юань, нийт 4,875,000 юань, 2023 оны 06 сарын 05-ны өдрөөс хойш 70 хоногоор тооцоход алданги 1,645,000 юань, нийт 6,520,000 юань гэж тодорхойлсныг гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувиас хэтэрсэн гэж анхан шатны шүүх дүгнэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 4,700,000 юанийн 50 хувиар тооцож 2,350,000 юань /ханшийг 476.43 төгрөг/ буюу 1,119,728,000 төгрөгөөр тооцсон нь зөв болжээ.

 

12. Иймд анхан шатны шүүх хариуцагч гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэж гэрээний үлдэгдэл төлбөрт 4,700,000 юанийг 2023 оны 08 сарын 16-ны өдрийн юанийн монгол төгрөгтэй харьцах ханш 476.43 төгрөгөөр тооцож 2,239,456,000 төгрөг, алданги 1,119,728,000 төгрөг, нийт 3,359,184,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

 

13. Хэрэгт хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ хуулбар байдлаар авагдсан боловч анхан шатны шүүх хуулийн этгээдийн цахим бүртгэлээр дамжуулан хуулийн этгээдийн мэдээллийг тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 16,953,690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН