| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 101/2023/06525/И |
| Дугаар | 210/МА2025/01696 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01696
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04605 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******-д 2022 оны 02 сарын 14-ний өдрөөс эхлэн Захиргаа, хүний нөөцийн албаны Хүний нөөцийн менежерээр томилогдон хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан бөгөөд тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй.
Гэтэл 2023 оны 06 сарын сүүлээс эхлэн ажил олгогчийн зүгээс *******ийн цалин хөлсийг өгөхгүй, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхгүй болж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ******* нь 2023 оны 07 сарын 19-ний өдөр компанид албан ёсоор цалин хөлсөө авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар мэйлээр болон шуудангаар хандсан боловч 2023 оны 07 сарын 20-ны өдөр тус компанийн ажилтны мэйл хаягаас *******ийг ******* ХХК руу шилжүүлсэн учир тус компанид хүсэлтээ өгөөрэй гэнэ гэх хариуг өгсөн бөгөөд утсаар залгаж энэ талаар нь тодруулахад *******ийг *******-аас халж, өөр компани руу шилжүүлсэн талаар мэдэгдсэн боловч ажлаас халсан болон шилжүүлсэн тушаалыг өнөөдрийг хүртэл *******өд танилцуулж, хүргүүлээгүй болно.
Хэрэв ажил олгогч ******* нь *******ийг өөр компани буюу өөрийн хамаарал бүхий ******* ХХК руу шилжүүлэх шаардлага гарсан тохиолдолд энэ тухай *******өд мэдэгдэж, харилцан зөвшилцсөн тохиолдолд тушаал гаргаж түүнд танилцуулах ёстой боловч *******ийн зөвшөөрөлгүйгээр түүнийг өөр компани руу шилжүүлж, өмнө эрхэлж байсан ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдсэн нь хууль бус гэж үзэж байна.
******* нь 2023 оны 08 сарын 17-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 24-ний өдрийн 101/Ш32023/19644 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж татгалзсан ба захирамж бичгээр албажиж гарсны дараа буюу 2023 оны 09 сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хариуцагчийн зүгээс *******ийг ажилд буцаан авахаас эрс татгалзсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг дахин гаргаж байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоож, 2023 оны 06 сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 сарын 22-ны өдөр хүртэл нийт 516 ажлын өдөр, нэхэмжлэгчийн 3 сарын дундаж цалинг тооцоод нэг өдрийн цалин 79,545 төгрөг нийт ажилгүй байсан хугацааны цалин 40,886,130 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
******* нь *******-д 2022 оны 02 сарын 14-ний өдрөөс эхлэн Захиргаа, хүний нөөцийн албаны Хүний нөөцийн менежерээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. ******* нь өөрөө тус группийн харьяа ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хүсэлт гаргаж зоогийн газар, лоунжийг хариуцан ажилпах, үр ашигтай ажиллуулах талаар гүйцэтгэх захирал ******* болон ТУЗ-ийн даргад санал дэвшүүлсэн бөгөөд түүний хүсэлтийг шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр *******-д Захиргаа, хүний нөөцийн албаны Хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан *******ийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд шилжүүлэн томилсон ба өөр ажилд шилжүүлсэн тушаалыг *******өд танилцуулсан. ******* нь хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддаг, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, сахилгын зөрчил гаргаж ажиллаж байсан. Энэ байдлыг өөрт нь удаа дараа сануулж байсан. Ингээд *******ийн хариуцаж байсан зоогийн газар болон лоунжид бараа бүтээгдэхүүний тооллого хийхэд бараа бүтээгдэхүүн дутсан зөрчил илэрсэн ба *******ийг нягтлантай тооцоо нийлж акт үйлдэх шаардлагыг тавихад ажлаа хаяж явсан. Иймд *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар, хариуцагч *******-д холбогдох, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд холбогдох баримтуудыг шүүхэд нотлох баримт болон хүсэлтийг гаргаж өгсөн. Хэргийг шийдвэрлэх үед хавтаст хэрэгт нэхэмжлэгч ******* нь *******-ийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдох эсхүл шилжин ажиллах талаар ажил олгогчид хандаж гаргаж байсан ямарваа нэг хүсэлт байхгүй зөвхөн *******-д гүйцэтгэж буй ажлын хүрээнд лоунж, зоогийн газрын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх удирдлагын зайлшгүй шаардлагаар ******* ХХК-ийн албан бичгүүдэд гарын үсэг зурж байсан тухайгаа шүүх хуралдааны явцад тайлбарласан.
Гэтэл ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг *******-аас чөлөөлсөн тушаал, мөн хамаарал бүхий охин компанийнхаа гүйцэтгэх захирлаар томилсон гэх тушаалуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж гарган хэрэгт баримтаар өгсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан боловч анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт дурдсанаас өөр үндэслэлийг гарган, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон гэж үзэж хариуцагчийн гаргасан хууль бус үйлдэл, татгалзлын үндэслэлийг зөвтгөх байдлаар шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь 2022 оноос 2023 оны 07 cap хүртэл хугацаанд *******-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны хүний нөөцийн менежер-ээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогддог. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийг шилжүүлсэн гэж маргадаг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал 2021 оноос хойш өөрчлөгдөөгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас шүүхэд ирүүлсэн лавлагаанаас тодорхой харагддаг.
Гэтэл нэхэмжлэгч *******ийг *******-ийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг өөрт нь огт танилцуулж байгаагүй буюу хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй болохыг шүүхээс анхаарч үзэлгүйгээр ******* ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэх үндэслэлээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04605 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тухайн хэрэг нь 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэг ч удаа өөрийн биеэр оролцоогүй. Нэхэмжлэгч ******* нь хэргийн материалд ямар баримт бичиг авагдсан талаар мөн шүүх хуралдааны явцад гэрчүүд ямар мэдүүлэг өгсөн талаар ойлгоогүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй мөн би 06 сарын сүүлээр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон талаар мэдсэн гэж тайлбарласан. Түүнчлэн, нэхэмжлэгч 2 албан бичгийн талаар тайлбарладаг бөгөөд хэрэгт түүний гарын үсэг зурсан 4 албан бичиг авагдсан. Тухайн албан бичгүүд нь татвартай холбоотой баримт бичиг биш юм.
Нэхэмжлэгч ******* нь мөн оны 04 сард гүйцэтгэх захирал болсон талаар мэдэж байсан буюу ******* ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирал ажлаас чөлөөлөгдсөн үед мэдсэн. Иймд нэхэмжлэгч өөрийн гарын үсгийг зурсан албан тоотуудыг эрх бүхий байгууллага руу явуулсан байдаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан албан бичгийн талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч маргадаггүй. Нэхэмжлэгч нотлох баримт шүүхэд нөхөж өгсөн талаар дурдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүүргийн шүүхүүд нэгдэж, хэрэг шийдвэрлэх ажиллагаа удааширсан бөгөөд хариуцагч талаас байгууллагын архивт байсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв тухайн баримтыг нөхөж хийсэн гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч талаас үзлэг хийлгэх эрх нээлттэй байсан. Нэхэмжлэгч талын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, нэхэмжлэлийн үндэслэл зэрэг нь зөрүүтэй. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал эрхэлж байх үедээ гарын үсэг зурсан албан тоот нь түүнийг тухайн албан тушаалд томилогдож, ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар тогтоогдож байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2023 оны 06 сарын сүүлээр цалин хөлс өгөхгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхгүй болж эхэлсэн ... тодруулахад намайг ******* ХК-аас халж, өөр компани руу шилжүүлсэн талаар мэдэгдсэн ... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ... ******* өөрөө тус группын харьяа ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хүсэлт гаргасан ... харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилтныг өөр ажилд шилжүүлсэн ... ******* нь ажилдаа хариуцлагагүй ханддаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, мөн ажлаа хаяж явсан ... гэж тайлбарласан.
4. Талууд 2022 оны 02 сарын 14-ний өдөр 33/22 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* нь *******-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны хүний нөөцийн менежерийн албан үүрэг гүйцэтгэж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. /хх15/
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
6. *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 30-ны өдрийн 5/05 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Компанийн дүрмийн 14 дүгээр зүйл, 14.1.1-д заасныг тус тус үндэслэн хүний нөөцийн менежер *******ийг өөрийнх нь хүсэлтээр 2023 оны 03 сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэжээ. /хх138/
Үүний зэрэгцээ хариуцагч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийг өөрийнх хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь хүний нөөцийн менежерийн албан тушаалаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан буюу тэрээр өөрийн хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
7. Түүнчлэн, хариуцагч *******-ийн хувьцаа эзэмшигчийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 01 дугаар шийдвэрээр *******ыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, *******ийг тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байна. /хх-52/
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүрэгтэй боловч дээрх 5/05 дугаартай тушаалыг нэхэмжлэгч *******өд өөрт нь хэрхэн мэдэгдэж, танилцуулсан талаарх нөхцөл байдлаа хариуцагч баримтаар нотлоогүй.
Мөн тус хуулийн 43.2.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгчийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллуулах талаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.
9. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч ******* 2023 оны 05 сарыг хүртэл цалин хөлсөө *******-аас авч байсан болох нь тогтоогдсон.
10. Дээр дурдсаныг харьцуулан дүгнэхэд, нэхэмжлэгч *******ийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилохдоо өөрийнх нь хүсэлтийг үндэслэсэн, түүнтэй байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүргээ ажил олгогч зохих ёсоор хэрэгжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа тохиолдолд хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.
11. Хариуцагч ... ******* нь ******* ХХК-д томилогдон ажиллаж байгаагаа мэдсэн, 2023 оны 06 сард ажлаа хүлээлгэж өгөхгүй, ажлаа хаяж явсан ... гэж тайлбарладаг боловч тэрээр дээрх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, түүнд цалин хөлс олгоогүй нөхцөл байдлыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй буюу ажлаас үндэслэлгүй халсантай адилтган үзэх үндэслэлтэй.
12. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 сарын 19-ний өдрийн №08, 2023 оны 06 сарын 13-ны өдрийн №07, 2023 оны 04 сарын 04-ний өдрийн №08, 2023 оны 06 сарын 05-ны өдрийн №А/03 дугаар тушаалууд нь нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлаар томилсон үйл баримтыг эргэлзээгүйгээр нотлох баримт болж чадахгүйгээс гадна энэ нь ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, өөр ажилд томилсон ажил олгогчийн шийдвэрийг орлох баримт болохгүй юм.
13. Иймд нэхэмжлэгч *******ийг хариуцагч *******-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 39,772,720 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай тус тус нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
14. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын тооцооллын хувьд, сүүлийн 3 сарын дунджаар 1 сарын дундаж цалин хөлс 1,750,000 /1,700,000 + 1,700,000 + 1,850,000/3 / төгрөг болох /хх-ийн 22/ ба ажилгүй байсан 2023 оны 06 сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 сарын 22-ны өдрийг хүртэл 22 сар, ажлын 16 өдөрт нийт 39,772,720 төгрөг /1,750,000*22; 79,545*16/ тооцогдоно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04605 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******ийг *******-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас 39,772,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч *******-д даалгасугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас 356,813 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ж.ЛХАГВАСҮРЭН