| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0391/Э |
| Дугаар | 405 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 405
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л овогт Ц-н У-т холбогдох эрүүгийн 19100 1227 0441 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Эсэн, хохирогч Б.О, шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн удирдлага мэргэжилтэй, “Тэсо” ХХК-д үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Ц-н,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.У нь Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны .......... тоотод 2019 оны 5 сарын 12-ны өдөр эхнэр Б.О-тай маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтээ тус шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. 2019 оны 5 сарын 12-ны өдөр гэртээ орж ирэхэд манай эхнэр гэртээ цэвэрлэгээ хийж байгаад орон дээрээс ээмэг олсон байсан. Намайг орж ирэхэд “ээмэг олсон, хэний ээмэг юм” гээд байхаар нь би эхэндээ тоглож байна гэж бодсон. Дараа нь уурлаад, янз бүрээр хэлээд байхаар нь уурлаж, бид хоёр маргалдахад би эхнэрээ цохисон. Би том өрөөний орон дээр байж байгаад сандалыг аваад эхнэр рүү шидсэн, гэхдээ оноогүй. Хэл амаар доромжлоод байхаар нь араас нь жижиг өрөө рүү ороод нүүрэн тус газар нь баруун гараараа 2 удаа алгадаж цохисон. Энэ явдал болохоос хэд хоногийн өмнө манай ээж гэрт ирээд манай өрөөнд орж, орон дээр хэвтэж амарч байсан. Тэгтэл эхнэрийн орон дээрээс олсон гэх өрөөсөн ээмэг нь ээжийн ээмэг болж таарсан. Миний хувьд өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын тал дээр маргах зүйл байхгүй. Миний буруу. Урьд нь эхнэртээ гар хүрч байсан удаа байхгүй. Хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай урьд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 5 сарын 12-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. Би гэртээ цэвэрлэгээ хийж байгаад жижиг өрөөний орон дээрээс шигтгээтэй ээмэг олсон. Нөхөр маань орж ирэхэд нь би ямар учиртайг нь асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд “чи яагаад мэддэггүй юм бэ” гэхэд уурлаад байсан. Тэгээд над руу сандал авч шидсэн боловч оноогүй. Тэгэнгүүтээ миний араас орж ирээд намайг гараараа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл учирсан байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр урьд өмнө маргалдах тохиолдол байдаг, гэхдээ гар хүрч байсан удаагүй. Одоо гэр бүлийн уур амьсгал хэвийн байгаа, бид хоёр сайн дураар эвлэрсэн. Тухайн үед миний олсон ээмэг нь манай хадам ээжийн ээмэг байсан юм байна лээ.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1227 0441 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-ын хохирогчоор өгсөн:
“...Би Ц.У-тай 2018 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 17-18 цагийн орчимд гэртээ цэвэрлэгээ хийж байхад орон дээрээс эмэгтэй хүний урьд нь харж байгаагүй нэг ширхэг ээмэг олсон. Тэгээд Ц.У-аас “хэний ээмэг болох” талаар асуухад “мэдэхгүй” гэж хэлээд маргаан болсон юм. Тэгээд Ц.У сандал авч хана руу шидээд намайг жижиг өрөөнд орох үед араас ирж нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохисон.
Маргааш өглөө нь би цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж өргөдөл гаргасан. Тэр ээмэг нь манай хадам ээж Батхишигийнх байсан. Гэрт ирээд явахдаа өрөөсөн ээмгээ үлдээгээд явсан байсан. Миний баруун нүд, зүүн гарын шуу, гуянд учирсан цус хуралт гэмтэл нь зууралдаж байх үед хаалга ширээний буланд цохигдон учирсан. Манай нөхөр хөлөө гэмтээгээд гэртээ байгаа. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2012 оноос хойш хамт амьдрахдаа бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан гардаг байсан ба урьд нь зодож байсан тохиолдол байхгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Би нөхөр Ц.У-тай сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06-08х/,
2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2019 оны 5 сарын 17-ны өдрийн 5938 дугаартай:
1. Б.О-ын биед хоёр нүдний дотор булан, баруун нүдний доод зовхи хацрын дээд хэсэг, зүүн бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 23х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.У-ын яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гадуур ажилтай явж байгаад, гэртээ орж ирэх үед манай эхнэр Б.О гартаа ээмэг барьсан “Энэ хэний ээмэг вэ” гэхээр нь тоглож байна гэж бодоод “Тэр олон хүүхний хэнийг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Гэтэл манай эхнэр дайраад байхаар нь уур хүрээд сандал авч шидээд, жижиг өрөөнд орохоор нь араас нь ороод нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг үйлдсэн.
Манай эхнэр Б.О нь манай ээжийн ээмгийг орон дээрээс олоод намайг эмэгтэй хүнтэй хардаж маргаан үүсгэсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа учир хөнгөн ял оноож өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Оюунхишиг /хэргийн 13-14х/, Г.Төртүвшин /хэргийн 16-17х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 36х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 37х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 39х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 45х/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 48-53х/, шүүгдэгч Ц.У-аас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 64х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 63-64х/ 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулж, Ц.У-т холбогдох эрүүгийн 19100 1227 0441 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.У-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.У нь Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэр ..... хотхоны ........ тоотод 2019 оны 5 сарын 12-ны өдөр эхнэр Б.О-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, түүний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохиж зодон, биед нь “...хоёр нүдний дотор булан, баруун нүдний доод зовхи хацрын дээд хэсэг, зүүн бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан
- хохирогч Б.О-ын: “... Би Ц.У-тай 2018 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтийн баталгаа хийлгэсэн. 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 17-18 цагийн орчимд гэртээ цэвэрлэгээ хийж байхад орон дээрээс эмэгтэй хүний урд нь харж байгаагүй нэг ширхэг ээмэг олсон. Тэгээд Ц.У-аас хэний ээмэг болох талаар асуухад “мэдэхгүй” гэж хэлээд маргаан болсон юм. Тэгээд Ц.У сандал авч хана руу шидээд намайг жижиг өрөөнд орох үед араас ирж нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохисон. Маргааш өглөө нь би цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж өргөдөл гаргасан. Тэр ээмэг нь манай хадам ээж Батхишигийнх байсан. Гэрт ирээд явахдаа өрөөсөн ээмгээ үлдээгээд явсан байсан. Миний баруун нүд, зүүн гарын шуу, гуянд учирсан цус хуралт гэмтэл нь зууралдаж байх үед хаалга ширээний буланд цохигдон учирсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 2012 оноос хойш хамт амьдрахдаа бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан гардаг байсан ба урьд нь зодож байсан тохиолдол байхгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй.. Би нөхөр Ц.У-тай сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 06-08х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн: “Б.О-ын биед хоёр нүдний дотор булан, баруун нүдний доод зовхи хацрын дээд хэсэг, зүүн бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2019 оны 5 сарын 17-ны өдрийн 5938 дугаартай дүгнэлт /хэргийн 23х/,
- шүүгдэгч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 32-33х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Б.О-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан Б.О-ын биед учирсан “хоёр нүдний дотор булан, баруун нүдний доод зовхи хацрын дээд хэсэг, зүүн бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.У түүнийг цохиж зодсон үйлдлээс үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо нотлогдож тогтоогдсон байна.
Хан-Уул дүүргийн прокуророос Ц.У-ын дээрх гэмт үйлдлийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ц.У-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.О-ын эрүүл мэндэд учирсан “...хоёр нүдний дотор булан, баруун нүдний доод зовхи хацрын дээд хэсэг, зүүн бугалга, шуу, зүүн гуянд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгт: “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Ц.У-ын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.У нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн /хэргийн 45х/ баримттай байх тул шүүгдэгчийг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ц.У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Ц.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Л овогт Ц-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.У-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ц.У цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД