| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/05149/И |
| Дугаар | 210/МА2025/01697 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/01697
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05329 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
*******э нь 2012 оны 09 сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдсан регистрийн ******* дугаартай аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. ******* ХХК нь Байгаль Орчин Аялал жуулчлалын сайдын 2014 оны 11 сарын 04-ний өдрийн А/386 дугаартай тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтын бүсэд орших Нүхтийн ам гэх газарт 2.2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхтэй байсан.
2015 оны 07 сард *******ы *******ийн эцэг *******гаар дамжуулан танилцаж ******* ХХК-ийн эзэмшил газар дээр аялал жуулчлалын зориулалтаар хамтран үйл ажиллагаа явуулах санал тавьсан. *******ий хувьд тухайн саналыг нь хүлээн аваагүй бөгөөд компанийн эрх шилжүүлэх боломжгүй гэдгээ *******д тодорхой хэлсэн. Гэвч 2015 оны 08 сарын эхээр эцэг ******* руу утсаар ярихдаа ...******* БНТУ-аас хөрөнгө оруулалт хийх ажил бүтчихлээ гэж байна... Өөрийн биеэр БНТУ руу явж тухайн ажлаа дуусгах ажил гарсан гэнэ, миний хүү ******* ХХК-ийн тамга болон гэрчилгээ, дүрмийг *******д өгчих... Мөн очоод хэрэг болно гээд байна хэдэн ширхэг цаасан дээр гарын үсгээ зураад явуулчих... гэж хэлсэн бөгөөд тухайн өдөр нь *******д өөрийн эзэмшлийн ******* ХХК-ийн тамга, гэрчилгээ, дүрэм болон бусад бичиг баримтын эх хувиар нь өгсөн бөгөөд БНТУ руу явж хөрөнгө оруулалтын ажлаа дуусгавар болгоод ирнэ гэж хэлсэн боловч 2015 оны 12 сарыг хүртэл ямар ч сураг чимээ байхгүй алга болсон.
Улмаар 2015 оны 12 сард Богдхан уулын тусгай хамгаалалтын газрын захиргаанаас ******* ХХК-ийн эзэмшил газрын гурвалсан гэрээ батлагдсан тул ирж гэрээг эх хувиар нь авах талаар надад утсаар мэдэгдсэн бөгөөд дээрх гэрээг батлуулахаар *******э нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд очиж гурвалсан гэрээгээ хүлээн авсан. Гэтэл эзэмшил газрын эрхийг баталгаажуулсан гурвалсан гэрээнд "*******" ХХК-ийн захирал ******* бус, ******* гэх хүний нэр бичигдэж гарын үсэг зурагдсан байсан бөгөөд тухайн үед өөрийгөө Гансүх гэж танилцуулсан үл таних хүн миний эцэг ******* руу утасдаж ... Та нар яагаад манай компаний гэрээг аваад явчихваа..." гэж хэлсэн байдаг бөгөөд тэрээр ... Би ******* ХХК-ийг *******аас 2015 оны 10 сард худалдаж авсан гэж хэлсэн.
*******э нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж ...*******д залилуулсан... гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргасан, улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 сарын 10-ны өдөр яллагдагч *******д холбогдох эрүүгийн 1710002900188 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ******* нь хуурамч бичиг баримт үйлдэж *******ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхтэй ******* ХХК-ийг хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон.
******* нь *******д хууль бусаар алдсан компанийн хувьцаа эзэмших эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргах замаар сэргээлгэх хууль зүйн боломжтой ч ******* болон ******* нарын байгуулсан компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хэлцлүүд нь хүчин төгөлдөр Улсын бүртгэлтийн байгууллагад бүртгэлтэй хэвээр байгаа нөхцөлд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шүүхийн шийдвэрийн хүрээнд сэргэх хууль зүйн боломжгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн *******, ******* нарын хооронд 2015 оны 08 сарын 10-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнүүд, *******, ******* нарын дунд 2015 оны 10 сарын 27-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, *******г регистрийн ******* дугаартай ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ы хариу тайлбар, татгалзлын агуулга:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаар шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1710002900188 дугаар хэргийн хүрээнд бүрэн нотлогдсон үйл баримтууд ... ******* ахад нь 150,000,000 төгрөг байгаа гэж ярьсан боловч нөгөөх нь Жи класс автомашин болж таарсан. Жи классыг чи зараад мөнгөө авчих, ах нь газар авах шаардлага байхгүй гэсэн. Ингээд би барьцаалбар хийх маягаар ярьсан. Ингээд тохирсон чинь манай эхнэр, өмгөөлөгч хүн байгаа чи эхнэр дээр очоод уулзчих гээд би ******* дээр очиж уулзсан. Тэгээд ******* за гээд тохироод шилжүүлэх болтол маргааш өглөө нь намайг Иргэний бүртгэлийн тэнд нотариат дээр дуудсанаа, эгчийн дүү энэ чинь барьцаалбараар бүртгүүлэхээр ажиллагаа ихтэй байна. Чи шууд компанитай шилжүүлээд өгчих, тэгвэл дараа нь чи мөнгөө өгөхдөө шууд шилжүүлээд авчихбал амар юм байна гээд тэгэхээр нь би итгээд тэгье гэсэн ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө гэжээ.
3. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:
Нөхөр *******ийн хамтаар 2015 оны 10 сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг *******аас худалдан авч, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу тус компанийн 100 хувийн буюу цор ганц хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. ******* ХХК нь ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах, Богдхан уулын дархан цаазат газар, Ташгайн ам гэх газарт газар ашиглах гэрчилгээтэй байсан тул зах зээлийн үнэ цэнийг талууд харилцан тохиролцож, нийт 150,000,000 төгрөгөөр ******* ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг шилжүүлэн авсан. Компанийг шилжүүлэн авах үед хувьцаа эзэмшигч нь ******* байсан ба ямар нэгэн бичиг баримтын буюу эрхийн зөрчилгүй байсан тул компанийн эрх шилжүүлэн авч өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилж, бүртгүүлсэн. Хуулийн этгээдийн хувьцаа, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. ******* нь хуульд заасан дээрх журмын дагуу нотариатаар гэрээг гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасны дагуу хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцлийг байгуулсан.
Харин *******, ******* нарын хооронд үүссэн маргаантай харилцаа нь ******* хамааралгүй. ******* би компанийг шилжүүлж авснаас хойш зөрчлийг арилгаж, хуульд заасан журмын дагуу холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн, төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлүүдийг гаргуулан авч, 2015 оноос хойш одоог хүртэл их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, газрын зориулалтын дагуу эзэмшиж ашиглан, тус газарт DreamLand нэртэй аялал жуулчлалын цогцолборын төсөл хэрэгжүүлж, 3 давхар аялал жуулчлалын зориулалттай 1 үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээ гараагүй, 3 давхар аялал жуулчлалын зориулалттай 1 дуусаагүй барилга, 900 м.кв талбайтай хүйтэн агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг болон 2.2 га газрыг хамарсан метр урт хашааг барьж, ногоон байгууламж тарьж ургуулсан зэрэг их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. *******, ******* нарын хооронд үүссэн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, ******* нь бусдыг залилж хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж тогтоосон боловч шүүхийн шийдвэрт ямар нэгэн байдлаар *******, ******* нарын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна, нотариатч нь ямар нэгэн байдлаар Нотариатын тухай хууль, эсхүл холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн байна гэх дүгнэлт байхгүй. Гэтэл нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нотариатчийн үйлдлийг эрүүгийн шүүхээс хууль бус гэж тогтоосон мэтээр илт худал тайлбарыг гаргаж *******ын хууль ёсоор олж авсан, их хэмжээний хөрөнгө оруулсан компанийн эрхэнд шунаж байна.
Тус хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд *******д учирсан хохирол, хор уршигт тооцуулахаар *******аас 2,755,200,000 төгрөгийг гаргуулан *******д олгуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дээрх хүчин төгөлдөр шийдвэрээ гүйцэтгүүлэхийн оронд дахин иргэний шүүхэд хандаж байгаа нь *******, ******* нар нь нэг ашиг сонирхолтой этгээдүүд байж болзошгүй юм. Мөн шийтгэх тогтоолд тусгагдсан байгаагаас үзэхэд эрүүгийн хэргийн шатанд шинжээчийн дүгнэлт гаргуулахад тус газрын үнэ 2015 оны 08 сарын 10-ны өдрийн байдлааap 193,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн нь *******ын *******д төлсөн төлбөр болох 150,000,000 төгрөгтэй дүйцсэн гэж үзэж байна. Учир нь ХХК-ийн газар нь цэгийг хүлээн авч, солбилцлын цэгийг шалгуулаагүй, газар ашиглах гэрээг байгуулаагүй, нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, төсөл хэрэгжүүлэх ТЭЗҮ батлуулаагүй байсан тул газрын үнэ нь бусад зөрчилгүй газраасаа арай хямд байсан гэж үзэх үндэслэлтэй. ******* нь газрын эрхийг хууль журмын дагуу олж авсан бөгөөд *******тай 2015 оны 10 сарын 27-ны өдөр байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх тул *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 08 сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 08 сарын 10-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан 2015 оны 10 сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 10 сарын 27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас *******ийг ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 993,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 442,225 төгрөгийг, хариуцагч *******аас 442,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж дүгнэлгүйгээр, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг хангаагүй, шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцээгүй хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзэж байна.
5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн гол зарчим нь талуудыг маргаан бүхий үйл баримтад чиглүүлэн мэтгэлцүүлэх, талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хэргийн бодит байдлыг тогтоох асуудал мөн гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаарх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч, түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй мэтээр, мэтгэлцэх эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй, холбогдох баримтуудаа гарган өгөөгүй мэтээр хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хариуцагч *******, түүний төлөөлөгчийн эзгүйд, нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох хариуцагч *******, нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн татгалзлыг гэрчлэх нийт 37 хуудас баримтыг хавсарган өгсөн боловч шүүхээс хариуцагчийн татгалзлаа нотолж буй баримтуудыг хэрхэн үнэлсэн, хэрхэн үгүйсгэсэн талаар шүүхийн шийдвэрт огтхон ч тусгалгүй орхигдуулсан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарч байгаа хэлцлээр шилжүүлсэн зүйл өөрчлөгдсөн эсэх, хөрөнгө оруулалт хийгдсэн, үнэ цэнэ өсөн нэмэгдсэн эсэх, үл хөдлөх эд хөрөнгө баригдсан эсэх үйл баримтуудыг тодруулалгүйгээр үзлэг хийж хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрч нь зөвхөн шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн очиж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн материалтай танилцах, хуулбарлах, хувилан авах эрхгүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах хүсэлтийг гаргасан бөгөөд эдгээр нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхад шүүхээс мөн л хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулахаас татгалзаж, хүсэлтийг хүлээн авалгүйгээр, зөвхөн хариуцагч *******ы илтэд худал тайлбаруудад хөтлөгдөн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж тусгасан байх боловч бодит байдалд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр, шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах, үзлэг хийлгэх, ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тогтоолгох талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлтүүдийг хангалгүйгээр хэт нэг талыг барьж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
5.2. Шүүх *******, ******* нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуулийн ямар хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн ямар шаардлагыг хангаагүй талаар нэг ч дүгнэлт хийгдээгүй байх ба зөвхөн хэлцэл хийх болсон санаа зорилго нь залилах санаа зорилготой байсан гэх үндэслэлээр хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэв зөвхөн дүр үзүүлэх зорилгоор хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилготой байсан бол хариуцагч *******ын хувьд дээр дурдсанчлан их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байх байсан. Дээрх баримтуудыг хариу тайлбарын хамт хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн боловч анхан шатны шүүх үнэлээгүй байна.
5.3. Нэхэмжлэгч ******* нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тогтоолгох, үр дагаврын арилгуулах гээд байна уу, эсхүл хэлцлийг шүүхээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гээд байна уу, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг нэхэмжлээд байна уу гэдэг нь илтэд ойлгомжгүй байх ба энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж үзэх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлд шууд хамаарч байсан. Гэтэл тус хэргийг хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэрийг гардан авч, хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 06 сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны өмнө нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрчилсөн байхад энэ талаар хэргийн оролцогч хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарт мэдэгдээгүй, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн №2024/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгагдсанаар ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох *******аас гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 193,600,000 төгрөг, гэмт хэргийн хор уршигт 2,561,600,000 төгрөг буюу нийт 2,755,200,000 төгрөгийг гаргуулан *******д олгуулахаар шийдсэн нь ч мөн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дахин нотлох шаардлагагүй үйл баримт мөн.
Өмнөх хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ******* ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй газрын зах зээлийн үнэ цэнэд нийцнэ гэх 2,755,200,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн байхад тус компанийн эзэмшилд байгаа 2.2 га газар, тус газар дээр баригдсан гэрчилгээ гарсан ******* дугаарт бүртгэлтэй 900 м.кв хөргөлттэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй боловч ашиглалтанд орсон 1.200 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээ гараагүй, 90 хувийн гүйцэтгэлтэй 1.200 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг хэрхэх нь тодорхойгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
*******, ******* нарын хооронд 2015 оны 10 сарын 27-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1.6-д "...Худалдагч нь дээрх хувьцаагаа ниит 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон болно гэж заасан бөгөөд заавал бэлэн мөнгөөр төлбөр тооцоог хийхээр гэрээнд тусгаагүй тул талууд харилцан тохиролдож *******ын нөхөр *******ийн өмчлөлийн Мерседэс бенз Жи-500 маркын автомашиныг *******д 150,000,000 төгрөгөөр тооцон, түүний нэр дээр шилжүүлэн өгч, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлсөн байдаг.
*******ийн эд хөрөнгөд учирсан хохирлыг ******* нь гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй болсон буюу ******* ХХК-ийг 100 хувийн хувьцааг гуравдагч этгээд *******д хуулийн дагуу гэрээ байгуулж, зохих байгууллагад бүртгүүлж, ******* нь ******* ХХК-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн тул уг хувьцаа болон хувьцааны эрхийг *******д буцаан өгч, *******ийн эрхийг сэргээх хууль зүйн боломжгүй тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөөр нөхөн төлөх зохицуулалтыг хэрэглэж, 2,755,200,000 төгрөгийг *******аас гаргуулж *******д олгохоор шийдвэрлэснээр *******ийн зөрчигдсөн эрх сэргэх боломжтой болсон гэж үзнэ. Гэтэл ******* нь ******* ХХК-ийн хувьцаа эзэмших эрхээ *******д хууль бусаар алдсан гэм хороо мөнгөөр нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр гаргуулсан атлаа давхар ******* ХХК-ийн хувьцаа эзэмших эрхээ сэргээхээр хариуцагч *******ыг хариуцагчаар татаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч *******ыг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэх байдлаар дүгнэсэн байх боловч хэргийн материалд авагдсан баримтаар шүүх өөрөө мэтгэлцэх эрхийг хязгаарласан.
Хариуцагч ******* нь хуульд заасан журмын дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдэлж, 2025 оны 03 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, тайлбараа нотолсон 37 хуудас баримт гаргаж өгсөн. Мөн хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын зүгээс 2025 оны 03 сарын 20-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолд дурдагдсан ******* ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Богдхан уулын ДЦГ-ын Ташгайн ам нэртэй газарт байрлалтай 2.2 га газрын үнэлгээг тогтоолгосон 2020 оны Хөрөнгийн үнэлгээний тайлан, - маргаан бүхий 2015 оны 10 сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 10 сарын 27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилж баталсан нотариатч *******ийн мэдүүлэг, Шинжээчийн дүгнэлт, Яллах дүгнэлт, *******ийн цагдаагийн байгууллагад анх гаргасан гомдол мэдээллийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн архиваас гаргуулах, ******* ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй Богдхан уулын ДЦГ-ын Ташгайн аманд байрлалтай 2.2 га газарт хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулж буй үйл баримтыг тогтоолгож үзлэг хийлгэх хүсэлтийг тус тус гаргасан боловч анхан шатны хүлээн аваагүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг өөрчилж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах болгон өөрчилж, нэхэмжлэлээ дахин гаргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн баримттай хариудагч *******, түүний төлөөлөгчид мэдэгдээгүй, танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан оролцогчийн эрхийг зөрчсөн, энэ шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 10 сарын 27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* болон ******* нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг бүхэлд нь хангасан буюу хуульд заасан эрх, шүүхээс шалтгаалах бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн.
Газрын гэрчилгээ авсан үйл баримтаас хойш ******* нь *******этэй холбогдож та нар яагаад манай компанийн гэрээг аваад явчхав аа гэх асуудлын талаар ярьсан. Тухайн цаг үеэс энэ асуудлын талаар *******э мэдсэн бөгөөд маргаан бүхий асуудлыг шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн газрыг ******* худалдаж авсан бөгөөд 20,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаарх асуудал яригддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газарт тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан прокурорын шийдвэр гарсан. Гэтэл хариуцагч ******* тухайн прокурорын шийдвэр, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэлгүй байх бөгөөд тухайн газрын тодорхой хэсэгт байшин барьсан. Тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагааг хариуцан явуулж байсан мөрдөн байцаагч болон прокуроруудад удаа дараа энэ асуудалтай холбоотойгоор гомдол, санал гаргаж байсан. Эрүүгийн хэрэг үүсэх цаг хугацаанд тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй хоосон тал байсан.
Эрүүгийн хэргийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолд хохирогч *******ээг ******* ХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй холбоотой асуудлыг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй талаар тодорхой заасан. Гэм хорын талаар тогтоолын тогтоох хэсэгт тодорхой дурдсан учир үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуульд заасан гэм хорын хохирол биш гэж үзсэн бөгөөд энэ нь тухайн хэргээс үүдэлтэй үүссэн иргэний эрх зүйн харилцаа ба түүн дотроо гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлүүдээр хууль зүйн дүгнэлт хийгдэх асуудал гэж нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлийг тодруулсан. Дээрх асуудлууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хянан хэлэлцэгдэж, хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолын хүрээнд тогтоогдсон үйл баримтууд юм. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр тогтоолоор тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй гэсэн үндсэн зарчим байдаг. Тухайн зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 10-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2015 оны 10 сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан бол хариуцагч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлээ ******* хууль бусаар алдсан компанийн хувьцаа эзэмших эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргах замаар сэргээлгэх хууль зүйн боломжтой боловч *******, ******* нарын хооронд байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хэлцлүүд нь хүчин төгөлдөр Улсын бүртгэлтийн байгууллагад бүртгэлтэй хэвээр байгаа тохиолдолд *******ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шүүхийн шийдвэрийн хүрээнд сэргэх хууль зүйн боломжгүй гэж тайлбарласан.
5. Маргааны зүйл болох *******, ******* нарын хооронд 2015 оны 08 сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоолоор *******ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******аас хохирол 2,755,200,000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгож шийдвэрлэсэн.
6. Дээрх шийтгэх тогтоолоор *******ыг *******тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хөрөнгө оруулалт татна гэх итгэл төрүүлэн хуурч түүний хүү *******ийн эзэмшдэг компанийн, 2,2 га газар ашиглах, эзэмших эрхийн хамт шилжүүлэн авч, өөрийн өмч мэтээр захиран зарцуулсан хууль бус үйлдлийн улмаас иргэн *******эд ... хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолоор тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэж компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
7. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч хариуцагч *******д холбогдуулан ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаа тодруулаагүй, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, *******, ******* нарын хооронд 2015 оны 10 сарын 27-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж байгаа үндэслэл, шаардлага тодорхойгүй байх ба үүнийг анхан шатны шүүх тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.
8. Шийтгэх тогтоолоор *******аас гаргуулж *******д олгохоор шийдвэрлэсэн хохирол 2,755,200,000 төгрөг нь нэхэмжлэгчийн гаргасан компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох гэсэн шаардлагатай холбоотой эсэх, энэхүү шаардлагатай холбоотой ******* ХХК-д олгогдсон тусгай хамгаалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх, тус компанийн өмчлөл, эзэмшилд бүртгэгдсэн, одоо байгаа хөрөнгө зэрэг зохигчийн тайлбарт дурдсан үндэслэлээр талууд бүрэн мэтгэлцэж чадаагүй байна.
9. Энэ нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой гэж үзсэн хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас 2025 оны 03 сарын 20-ны өдөр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 192ШЗ2025/13004 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ. /хх-179-180, 184-187/
10. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 19-ний өдрийн 192/ШЗ205/27626 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 30-ны өдрийн А/611 дугаартай Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтын шинэчилэн батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн маягт АМ-8 Эмнэлгийн магадлагаа бүртгэлийн маягтыг хөтлөх зааварт нийцээгүй, эмчийн магадлагаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэж дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчжээ. /хх-195-196, 201-202/
11. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05329 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 884,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ж.ЛХАГВАСҮРЭН