| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/04422/И |
| Дугаар | 210/МА2025/01738 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01738
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04986 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 21,592,629 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
*******, *******, ******* нар хамтарч автомашин гаалиар оруулж ирдэг хүмүүс гэж тайлбарлаж, мөнгө зээлэхийг *******ийн охин ******* санал болгосон. Гааль дээр автомашинууд ирчихсэн, гаалиас гаргахад туслаач, гаалиас гаргалаа л бол авах хүн бэлэн байгаа, шууд мөнгийг нь хүү тооцоод ч хамаагүй өгнө гээд *******, ******* нар нь охин *******ээр дамжуулан 2022 оны 10 сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөг, мөн өдөр 3,500,000 төгрөгийг тус *******ы эх *******гийн данс руу шилжүүлсэн тул *******тэй зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа.
Мөн ******* нь хамтран үйл ажиллагаа явуулдаг, зээлсэн мөнгөний 8,000,000 төгрөгийг *******т өгсөн гэж ******* мэдүүлсэн тул *******ийг хамтран хариуцагчаар татсан. Иймд хадгаламж барьцаалсан зээл авсан тул 15,000,000 төгрөг нь 2023 оны 09 сарын 08-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусаж 2,262,407 төгрөгийн хүүтэйгээр хаагдаж нийт 17,262,407 төгрөг, 2022 оны 10 сарын 15-ны өдөр 3,500,000 төгрөг нь 2023 оны 09 сарын 08-ны өдөр 498,200 төгрөгийн хүү нийт 3,998,200 төгрөгөөр хадгаламж хаагдсан, шатахууны зардал 260,000 төгрөг нийт 21,520,608 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч *******гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
******* нь ******* танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Тус нэхэмжлээд байгаа мөнгийг хэнээс, хэзээ, хэдэн төгрөг зээлсэн талаар огт мэдээгүй. Энэхүү маргаан үүсэж, шүүхэд хандсаны дараа ******* нь *******ээр дамжуулж *******ээс мөнгө зээлсэн, уг мөнгө нь *******ийн данснаас *******гийн дансанд орсон болохыг мэдсэн, мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй, хариуцагч нь биш гэжээ.
3. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
*******ээс зээл аваагүй. Харин найз ******* нь 2022 оны 10 сарын 12-ны өдөр яаралтай 8,000,000 төгрөг зээлээд өгөөч гэж гуйсны дагуу өөрийн эгч *******аас 8,000,000 төгрөг авч *******гийн данс руу шилжүүлсэн. Үүний дараа *******гийн данснаас 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлснийг өөрийн эгч ******* руу шилжүүлсэн. Иймд *******ы *******ээс зээлж авсан мөнгөний 8,000,000 төгрөгийг ******* зээлж авсан гэж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,592,629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн урьдчилан төлсөн 265,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэх дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл *******гийн эзэмшлийн данс руу 18,500,000 төгрөгийг ******* шилжүүлсэн боловч тухайн мөнгийг өөр этгээд захиран зарцуулсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар маргаж буй 18,500,000 төгрөг нь хариуцагч *******гийн эзэмшиж ашигладаг данс руу шилжин орсон, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч *******ийн дансанд буцаж шилжүүлэгдээгүй. Тухайн мөнгийг өөр этгээд захиран зарцуулсан гэх нотлох баримт хавтаст хэрэг байхгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн.
Хэргийн 8 дахь талд нэхэмжлэгч *******ийн ******* тоот данснаас хариуцагч *******ийн ******* тоот данс руу 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагчид 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь бичгийн баримтаар нотлогдож байхад шүүхээс хариуцагчийн нэхэмжлэгчийг танихгүй гэх тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Анхан шатны шүүх хариуцагч ******* нь *******ээс мөнгө зээлж аваагүй гэж дүгнээд, үүнийгээ нотлохын тулд *******ийн эзэмшлийн *******ны төгрөгийн дансны гүйлгээнд дүгнэлт өгсөн. ******* ******* нарын дансаар орж гарсан 8,000,000 төгрөг нь *******ийн 18,500,000 төгрөгтэй хамааралгүй болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэж үзсэн тохиолдолд хариуцагчид нэхэмжлэгчид 18,500,000 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй байгаад мөн дүгнэлт өгөх байсан. Хариуцагч ******* ийнхүү шилжүүлэн авсан мөнгөний хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөл хангагдах юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг дутуу буюу буруу бичсэн. Харин анхан шатны шүүх 21,592,629 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэрэг мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч тал гэрээний болон гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан гэж үзэж байгаа.
Даалгавар гүйцэтгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарч *******ээс гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. 2025 оны 04 сарын 25-ны өдөр гэрч *******т хууль тайлбарлаж өгөхдөө гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж өгөөгүй. *******ээс гэрчийн мэдүүлэг авахдаа төрсөн эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж өгөөгүй, зөвшөөрөл аваагүй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анх нэхэмжлэл гаргахдаа бид ******* болон ******* нарт мөнгө зээлүүлсэн гэдгээ агуулгаар нь тодорхойлсон. ******* болон ******* нар нь ******* болон ******* нартай найзууд бөгөөд маргаан бүхий зээлийн харилцаа нь *******ийн эх *******ийн данснаас *******ы эх *******гийн данс руу мөнгө шилжүүлэх байдлаар үүссэн. Гэтэл хүсэл зоригоо илэрхийлж, маргаан бүхий мөнгийг хүлээн авч, тохиролцоод байгаа асуудлууд нь *******, *******, *******, ******* гэх хүмүүсийн хооронд болсон. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Нотлох баримтыг үндэслэсэн тохиолдолд ******* хэнээс мөнгөө шаардах болон зээлийн харилцааны хүү нэмэгдэх, хасагдах асуудал нь маш тодорхой байдаг. Хариуцагч руу мөнгө шилжүүлсэн талаар бид маргаагүй. Давж заалдах гомдлыг бичгээр гаргах ёстой тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан 2 үндэслэлд тайлбар хийхээс татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь банкны дансны эцсийн өмчлөгчтэй холбоотой хэсгийг тээврийн хэрэгслийн агуулгаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдлоо бичгээр гаргахдаа энэ агуулгыг огт дурдаагүй тул бичгээр гаргасан гомдлын агуулгын хүрээнд тайлбар хийж байна гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ийн зүгээс бичгээр хариу тайлбараа гаргасан. Солонгос Улсад оршин сууж байгаа ******* болон ******* нар нь найз нөхдийн холбоотой. 8,000,000 төгрөгийг *******т өгсөн байна гэх үндэслэлээр *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татаж оролцуулдаг. Гэтэл ******* нь *******аас тухайн 8,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр аваагүй бөгөөд яагаад авсан талаарх баримтаа хэрэгт өгсөн. Мөн ******* нь өөрийн эгч *******аас тус бүр 4,000,000 төгрөгөөр мөнгө зээлж, цаг тухай бүрд нь *******ы эх *******гийн данс руу шилжүүлж байсан нь *******ийн эзэмшлийн ******* ХК-ийн 2022 оны 10 сарын 12-ны өдрийн дансны хуулгаар тогтоогддог. ******* *******гийн дансыг ашиглаж, *******ээс авсан зээлийн төлбөрөөр *******аас авсан зээлийн төлбөрөө төлсөн харилцаа байхад *******ийг тухайн мөнгийг зээлж авсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,592,629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ *******, ******* нар *******ээр дамжуулан ятгасаар 2022 оны 10 сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 15-ны өдөр 3,500,000 төгрөгийг тус тус *******ы эх *******гийн данс руу шилжүүлсэн, уг мөнгөний 8,000,000 төгрөг ******* авсан тул *******, ******* нараас гаргуулна гэж тодорхойлсон.
6. Хариуцагч ******* татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгчийг танихгүй, огт уулзаж байгаагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, уг мөнгийг ******* авсан гэж, хариуцагч ******* нь татгалзаж буй үндэслэлээ *******ээс зээл аваагүй, ******* нь 2022 оны 10 сарын 12-ны өдөр 8,000,000 зээлж авсныгаа тухайн өдөр буцааж төлсөн гэж тус тус тайлбарласан байна.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10 сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 15-ны өдөр 3,500,000 төгрөг, нийт 18,500,000 төгрөгийг хариуцагч *******гийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй. /хх-8/
Харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан мөнгийг буцаан төлөх үүрэгтэй этгээд мөн эсэх нь маргааны зүйл болжээ.
8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч, хариуцагч хэн алинд нь зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсан болох нь, мөн зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй байна.
9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх буюу хөрөнгөө буцаан шаардах тохиолдлыг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж тодорхойлсон.
10. Хэргийн 8 дахь талд нэхэмжлэгч *******ээс 2022 оны 10 сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 10 сарын 15-ны өдөр 3,500,000 төгрөг, нийт 18,500,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлсэн талаарх Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга нотлох баримтаар авагдсан. /хх-8/
Дээрх бичгийн нотлох баримтыг хариуцагч ******* нь үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчээс 18,500,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхээс гадна тэрээр өөрийн дансанд шилжин орсон дээрх мөнгөний талаар мөнгийг хэнээс, хэзээ, хэдэн төгрөг зээлсэн талаар огт мэдээгүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзнэ.
Учир нь үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байдаг тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхэд хамаарна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.
Хариуцагч нь мөнгийг ******* зээлж авсан гэж маргаж байгаа боловч уг мөнгийг түүний хүү авч захиран зарцуулсан болохыг эргэлзээгүйгээр нотолж чадаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
12. Мөн дансны хуулга баримтаар хариуцагч *******гийн данснаас 2022 оны 10 сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөг *******ийн данс руу шилжсэн үйл баримт тогтоогдож байгаа боловч уг мөнгийг нэхэмжлэгчийн мөнгө гэж үзэх, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд үүрэг үүссэн болох нь нотлогдоогүй учир хариуцагч *******т холбогдох шаардлага үндэслэлгүй.
13. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хадгаламжийн хүүгийн орлого буюу хохирол 2,760,607 төгрөг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр буцаан шаардах шаардлагад хамаарахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгоно.
14. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******гөөс 18,500,000 төгрөг /15,000,000+3,500,000/ гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,092,629 төгрөг болон хариуцагч *******т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
Мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04986 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******гөөс 18,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,092,629 төгрөг болон хариуцагч *******т холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******гөөс 250,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,319 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ж.ЛХАГВАСҮРЭН