Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 406

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ын М-эд холбогдох эрүүгийн 18030 0794 0170 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /тээвэр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г, хохирогчийн өмгөөлөгч Б.Батбаяр, иргэний хариуцагч С.О, О.Д, шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Дамба, шинжээч Д.Батзориг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ...... дугаар гудамж .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 4 сарын 27-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 2 сарын хугацаагаар хорих ял, түүний хувьд ногдох эд хөрөнгөөс 300.000 төгрөгийн эд хөрөнгийг хураах ялаар тус тус шийтгүүлж, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 12 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн ялыг биеэр эдэлж, 2011оны 09 сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ын М ,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 04 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хьюндай-Эйч 240 /Hyundai HD420/ маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3а, 22.1-т заасныг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Д.Баярцэцэгийг мөргөж, амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ .  

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                         

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М-ийн өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул шүүхэд нэмж ярих зүйл байхгүй. Би 1994 оноос хойш жолоо барьж байгаа, харин том оврын ачааны машиныг 1 сарын хугацаанд барьсан. 2016 онд жолооны эрхээ хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр машин барьсан нь миний буруу. Би осол болсон өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.

Осол гарсан өдөр буюу үүрийн 04.00 цагийн үед зам сийрэг, харин үзэгдэх орчин харанхуй байсан. Би 30-40 км/цагийн хурдтай явч байсан. Миний жолоодож явсан ачааны машины даац нь 24 тонн бөгөөд би 20 куб буюу ойролцоогоор 28-30 тонн хайрга ачиж явсан. Уг хайргыг “Феникс” ХХК-ийн ажлын талбай дээр буулгах даалгавартай байсан.

Би иргэний хариуцагч С.О-ын өгсөн даалгавраар тухайн ачааг зөөж байсан бөгөөд бид хоёр аман хэлбэрээр тохиролцож, гэрээ байгуулсан. Би 2017 оноос хойш хайрга зөөж байгаа. Миний жолоодож явсан 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч С.О-ын эзэмшлийн машин бөгөөд би С.О-аас Приус 11 загварын машин авах тохиролцоотой 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс түүнд ажиллаж байсан.

Би ажил хийж, хохирогч нарт хохирлыг төлнө. Би тогтвортой ажил хийдэггүй ч одоогоор барилгын туслах ажилтнаар ажиллаж байгаа юм. Хохирогчийн ар гэрийн хүмүүстэй холбогдоогүй нь миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир надад маргах зүйл байхгүй байна. тжхайн осол болсон даруйд би өөрөө 102, 103 дугаар руу өөрөө залгаж дуудлага өгсөн, тэгээд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Манай ам бүл 4. Би эхнэр, 8-17 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Би С.О-тай хохирол төлөх талаар ярилцаж байсан боловч тухайн үед ажил багатай байсан болохоор мөнгөгүй байсан. Одоо би барилгын ажил хийж, 500.000-600.000 төгрөгийн цалин авдаг.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ийн өгсөн: 

“...Миний зүгээс үнэхээр гомдолтой байна. Би 4 өнчин хүүхдийн хамтаар үлдсэн. Ирээдүйд нь маш их санаа зовниж байгаа учраас хүүхдүүдийг 18 нас хүртэл нь өсгөх тэтгэмж, тэтгэлгийг иргэний шүүхээр нотлох баримтаа бүрдүүлж байгаад нэхэмжилнэ. Мөн хохирогчийн оршуулгын зардалд нийт 29.361.828 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс нүүрсний үнэ, болон Турк Улсаас ирсэн зардлыг хасаж үлдэгдэл 16.381.828 төгрөгийг нэхэмжилнэ. Би талийгаачтай хамгийн сүүлд гэртээ уулзсан. Талийгаач тухайн үед бие засаад ороод иръе гэж хэлээд шөнийн 01:00 цагийн үед гэрээсээ гарсан. Осол болсон өдөр манай эхнэр бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид хоёр маргалдсан зүйл болоогүй. Манай эхнэрийн найз нөхөд нь осол болсон газраас холгүй амьдардаг. Одоо манай бага хүүхэд 2 нас 2 сартай.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч С.О-аас өгсөн:

“...Би хохирогчийн нэхэмжилж буй 16.381.828 төгрөгийг төлж барагдуулна, гэхдээ шүүгдэгчтэй тохиролцож хамтарч төлнө. Уг мөнгийг 6 сарын хугацаанд бүрэн төлөх боломжтой. Би шүүгдэгчтэй сайн ах дүүгийн харилцаатай тул шүүгдэгч миний ажилд тусалж, бид хоёр хамт ажилладаг байсан. Харин ачааны машин маань Д-гийн нэр дээр байдаг ч 100% миний эзэмшлийн машин юм. Би Д гэдэг хүний ажилладаг “Феникс Конкрэйт” ХХК-аас ачааны машин 30 гаран сая төгрөгөөр бартераар худалдан авч, машины үнийг тус компанид худалдан авсан машинаар ачаа зөөж тээвэрлэх ажил хийж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг суутган тооцуулах байдлаар төлөх тохиролцоотой авсан юм. Тийм учир худалдан авсан машины үнийг төлж дуусгах хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийг Д-гийн нэр дээр бүртгүүлсэн байгаа юм. Би уг машиныг эзэмшиж ашиглан хайрга зөөх ажлыг хийж байсан. Тухайн осол болдог өдөр М ахыг нэг рейс яваад өгөөч гэж би гуйсан юм.  Харин машин худалдан авсан үнийг бүрэн төлж барагдуулахад миний нэр дээр шилжүүлэн бүртгүүлнэ. Худалдан авсан тээврийн хэрэгслийн тоормосын систем муудсан, гэмтэлтэй талаар би мэдээгүй, уг нь анх худалдан авч байхдаа оношилгоонд оруулж байсан. Эвдрэл гарах болгонд би тээврийн хэрэгслээ өөрөө засуулдаг. Осол болсон өдрөөс 6 сарын өмнө би тээврийн хэрэгслээ оношлогоонд оруулж байсан болохоор тухайн үед тоормос муу байсныг мэдээгүй. Ачааны олдоц, ажлын онцлогоос шалтгаалан том оврын ачааны машинаар улирлын чанартай ажил хийдэг. Одоо барилгын улирал ирсэн болохоор намар болтол ажил хийгээд хохирлыг бүрэн төлөх боломжтой. ” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч О.Д-гийн өгсөн:

“...С.О нь манай компанитай 2017 оноос хамтарч ажиллаж байгаа. С.О бид хоёр бие, биенээ тодорхой хэмжээнд мэддэг тул итгэлцлийн үндсэн дээр 26-16 УНП улсын дугаартай ачааны машиныг С.О манай компаниас худалдаж авсан. Жилийн өмнө С.О машины үнийн 20.000.000 төгрөгийн төлөөд, одоо төлөгдөөгүй үлдэгдэл 14.000.000 төгрөгийг төлж барагдуулах хүртэл тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь барьцаа болгож би өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Тиймээс би гэмт хэргийн хохирол төлөх үүрэгтэй хүн гэж өөрийгөө ойлгохгүй байна, би хохирол төлбөр төлөхгүй. Энэ болсон хэрэг явдал надад огт хамаагүй гэж үзэж байна. Ер нь том машинаар ачаа зөөвөрлөхөд нэг удаагийн рейс өндөр өртөгтэй, тиймээс тасралтгүй тогтмол ажиллавал 3-4 сарын хугацаанд хохирогч талаас нэхэмжилж буй мөнгийг төлж барагдуулах боломжтой байх.” гэсэн мэдүүлэг,

 

5. Шүүхийн хэлэлцүүлэгт техникийн шинжээч Д.Батзоригийн өгсөн:

“...Тухайн тээврийн хэрэгслийн тоормос нь стандарт хангахгүй бөгөөд ачааны даац хэтрүүлсэн байсан болохоор тоормос муу ажиллахад нөлөөлнө. 4 тэнхлэгтэй ачааны машины 1 тэнхлэг дээр дунжаар 6 тонн ачаа оногдох ёстой, харин тухайн ачааны машинд дунджаас их ачаа ачигдсан байсан учир 1 тэнхлэгт оногдох ачааны жин нэмэгдэж байгаа юм. Тухайн үед ачааны машины ачсан ачааны даац норм хэмжээндээ байгаад,  тээврийн хэрэгслийн тоормос нь стандартын шаардлага хангасан нөхцөлд жолооч явган зорчигчийг анх харсан цэгээс осол болсон цэг хүртэлх зайнд ямар зам туулж зогсох нь тухайн жолоочийн харах зай болон өөрийнх нь самбаачлах хурдаас шалтгаална.

Шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн тоормос муу барьж байсан ба ачааны даац хэтрүүлсэн нь энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлөх нөхцөл байдал болсон гэж дүгнээгүй. Шинжээчийн дүгнэлтэд жолооч болон явган зорчигч нарын аль аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзсэн. Явган зорчигчийн хувьд дүрмийн 3.9 дүгээр заалтын Г-д заалт нь “өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ замын зорчих хэсгээр явахыг хориглох” заалт бөгөөд хохирогч осолд холбогдох үедээ дунд зэргийн согтолттой байсан талаар дүгнэлт гарсан байсан.

Зам тээврийн осол гарахад замын харагдах орчин нөлөөлөх ч гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд харагдах, үзэгдэх орчин гэдэгт “манан, тоосжилт” зэрэг багтана. Харин хязгаарлагдмал гэдэгт “булан тохой, уулын эрэг” зэрэг газрууд орно. Тухайн осол болсон газарт үзэгдэх орчин хязгаарлагдах зүйл байхгүй. Жолооч явган зорчигчийг 3-4 метрийн зайд хараад тээврийн хэрэгсэл зогсоох боломжгүй. Энэ нь жолоочийн самбаачлагаас шалтгаална, мөн машин маань өөрөө 8 метрийн урттай тул 3-4 метрийн зайд зогсоох боломжгүй. Тухайн замын өргөн нь 4 метр байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг C ангиллын жолооны үнэмлэхтэй жолооч барих эрхтэй, харин D ангиллын жолооны үнэмлэхтэй жолооч автобус унах боломжтой. Жолоочийн нийтлэг үүрэг дээр жолооны эрхгүй хүн машин жолоодох эрхгүй буюу машин жолоодохыг хориглоно гэсэн байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18030 0794 0170 дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, жижүүрийн дуудлага мэдээллийн жагсаалт /хэргийн 1-р хавтас 8-9х/,

 

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 11-13х, 14х, 15х, 16-20х/,

 

3. Зам тээврийн осол, хэргийн газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгийн хавсралт /хэргийн 1-р хавтас 28-30х, 31-32х, 33-35х, 36х/,

 

4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 21-23х/,

 

5. Тээврийн хэрэгслийн лавлагаа, бүртгэлийн баримт, 26-16-УНП улсын дугаартай,  Hyundai HD240 өөрөө буулгагч ачааны автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн тодорхойлолт баримт /хэргийн 1-р хавтас 27х, 38х, 140х/,

 

6. Осол хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Мөнгөн зэл” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг хураан авч, үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 39х, 41-42х/,

 

7. Хэрэгт гэрчээр асуугдсан Э.Наранбаярын мэдүүлэг болон шүүгдэгч Э.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг тус тус газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах осол, хэрэг гарсан газар дээрх хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 44-45х, 47-51х/, 

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Болдбаатарын өгсөн:

“...Би ...амь нас нь хохирсон Даваа овогтой Баярцэцэгийн авга ах нь байгаа юм. Тийм учраас энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Миний дүү Даваа овогтой Баярцэцэг нь 1986 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, бага насаа цэцэрлэг сургуулиар хүмүүжээд Нийслэлийн 3-р сургууль төгсөж, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд элсэн орж суралцаж төгссөн.

Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2007 онд Майдар овогтой Г-той гэр бүл болж, 2008 онд гэр бүлээ батлуулсан. 2009 онд анхныхаа охиныг төрүүлсэн, охин нь одоо 9 настай. 6 настай хүү, 4 настай хүү, 1 нас 8 сартай хүүгийн хамт  Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд амьдарч байсан юм. Хувиараа хөдөлмөр эрхлэн СХД-ийн 12 дугаар хороонд амьдарч байсан юм. Бурхан болооч дүүгийн аав Р.Даваа, эх Нэргүй нар нь 60 гаран насны, өндөр хасны тэтгэвэрт байдаг, хоёр бие муутай хүн байдаг.

Ах, дүү, аав, ээж, төрөл төрөгсдөд нь маш том гарз хохирол учирлаа, 4 нялх хүүхдийн ирээдүйн амьдрал ч маш хэцүү болж байна. Эцэг, эх нь энэ явдлаас хойш бие нь хямраад, одоо эмчилгээ хийлгээд гэртээ байгаа бөгөөд ажил явдалд нь арай гэж оролцсон.

Дүү Д.Баярцэцэг, нөхөр 4 хүүхдийн хамт амьдарч байсан ба өөрөө их уян зөөлөн сэтгэлтэй, ажилсаг, юманд их амархан баярлаж, гомддог үг дуу цөөтэй, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, итгэмтгий хүн байсан. Нөхөр Г нь архи дарс уугаад байдаггүй, ар гэртээ халамжтай, амьдралын төлөө зүтгэсэн, ямар ч ажлыг голохгүй хийдэг, хүнд тусархуу хүн. Энэ хоёр гэр бүл болоод 10 гаран жилийн хугацаанд хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан удаагүй, бие биенийхээ үгийг сонсож чаддаг, эвтэй найртай гэр бүл байсан ба 4 нялх хүүхдээ хүн болгох гэж амьдралын төлөө зүтгэсэн хүмүүс.

Тэр осол болсон Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрик, Био комбинат орчмын засмал замаар том оврын тээврийн хэрэгсэл буюу хайрга шороо зөөдөг автомашинуудыг зорчихыг хориглосон төр захиргааны байгууллагын захирамж журам байдаг юм байна лээ. Тэр захирамж журмыг хэргийн материалд хавсаргуулахыг хүсэж байна.

Мөн оршуулгын зардлыг нэхэмжилнэ. Бүх баримт материал нь байгаа, тусад нь гаргаж авчирч өгөхөөс гадна Турк улсаас бурхан болоочийн төрсөн дүү Д.Мөнхбат нь эхнэр, хүүхдийн хамт ажил явдалд оролцохоор ирээд одоо буцаагүй байгаа. Энэ хүмүүсийн Турк улсаас ирсэн болон буцах зардлуудыг мөн  нэхэмжилнэ. Ард үлдэж байгаа тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан нөхөр, 4 нялх хүүхдийн амьдрал ямар болох, ирээдүй хойч нь тун бүрхэг байна.

Осол гаргасан жолооч нь ямар хүмүүс байгаа талаар одоогоор уулзаагүй болохоор мэдэхгүй байна. Талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэг дээр таниулах ажиллагаанд би өөрөө оролцсон, танигдахын аргагүй болсон байна лээ. Ар гэр, аав, ээж, ах, дүү, төрөл төрөгсдийн зүгээс намайг энэ хэрэгт хохирогчоор оролц гэсэн болохоор би оролцож байна. Мөн ар гэрийнхэнээс хэн нэгэн хүн хавтаст хэргийн материалтай танилцаж, бурхан болоочийнхоо танигдахын аргагүй болсон цогцсыг харахаас зүрхшээж байгаа. Бидний зүгээс маш харамсалтай, гомдолтой байна. Осол гаргасан хүмүүсээс хариуцлага хүлээх байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 55-57х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Г-ийн гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн:

“... Талийгаач Даваагийн Баярцэцэг нь миний хууль ёсны эхнэр юм. Эхнэр бид хоёр 2006 онд анх танилцаж, найзлан үерхэж байгаад 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж нэг гэрт орсон. Ингээд 2009 онд анхны охин төрсөн, 2011 онд хүү Ганбаяр, 2014 онд хүү Эрхэмбаяр, бага нь 2016 онд төрсөн Отгонбаяр гээд 4 хүүхэдтэй. Талийгаач маань хүнд тусархуу, төлөв даруу, өрөвч сэтгэлтэй, нийтэч хүн байсан. Энэ хэрэгт талийгаачийн аав, ээж, бид нар ярилцаад хууль мэддэг талийгаачийн авга Болдбаатарыг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. Тэр хүн төлөөлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Гомдол санал, нэхэмжлэх зүйлийг Болдбаатар ах ярьж хэлэх болно.

...Би өчигдөр буюу 9 сарын 14-ний өдөр эхнэр Баярцэцэгийн хамт гэрээсээ гарч, өөрийн Аксент маркийн автомашинаар хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл хийх гээд Хархорин зах руу яваад 13 цагт гэртээ ирсэн. Тэгээд би дүү Ганбаатарын машиныг Зайсанд хүргэж өгөөд орой 21 цагт гэртээ ирэхэд манай эхнэр халамцуу байж байхаар нь “хэнтэй уусан” талаар асуухад “Чимээ гээд гэр бүлийн найзуудтай уусан” гэсэн. Орой 22 цаг өнгөрч байхад Чимээ ах нэг шил “Цагаан” нэртэй архи авч ирээд, тэр архийг нь манай эхнэр, Чимээ ах, бид гурав хувааж уусан.

Тухайн үед эхнэрийг “битгий архи уу” гэхэд миний үгэнд ороогүй, манай бага хүүхэд уйлаад байхаар нь “мөөмөө өгөөч” гэхэд уурлаад шөнийн 01 цаг өнгөрч байхад “бие засна” гээд гараад явсан. Тэгээд эхнэр Баярцэцэг эргэж орж ирэхгүй болохоор нь замаар хайж гарсан чинь олдоогүй, ирэхгүй болохоор нь “аавынх руугаа явсан байх” гэж бодоод унтсан юм. Чимээ ах манай гэрт хоносон.

Өглөө босоод эхнэрээ хайж, манай гэрийн ойролцоо байдаг “20 гэр” гээд олон хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүдийн тусалж дэмждэг, тусламжийн газар очиж манай эхнэрийн найз Туяатай уулзаж эхнэрээ асуухад “өглөө эрт 05 цагийн үед зам дээр аваар гарсан гэнэ” гээд ахлагч эмэгтэйг дуудаж асуухад надад замын цагдаагийн дугаар өгсөн.

Тэгээд Био-комбинатын Цагдаагийн тасаг дээр очиход манайд ослын дуудлага ирээгүй, Замын цагдаагаас асуу гэж хэлсэн. Би эхнэртэйгээ суугаад 12 жил болж байгаа, бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй.

Үзүүлж байгаа зураг манай эхнэрийн зураг мөн байна, өчигдөр орой өмсөж явсан хувцас нь мөн байна, царай нь сайн танигдахгүй байна.  Жолоочид гомдолтой, зүгээр байсан хүнийг дайрч алчихаад, эхнэрийнхээ амь насыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 59-61х, 81-82х/,

 

 

 

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Д-гийн иргэний хариуцагчаар өгсөн:

“...Хьюндай HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай авто машин нь миний нэр дээр байдаг машин юм. Би бетон зуурмагын компанитай бөгөөд том машинаар шороо зөөлгөх нөхцлөөр хөлсөөр тээвэрлэлтээр ажиллуулдаг. О гэдэг залуу 2018 оны 3 сард надтай ирж уулзаад “би том машин авч байгаа, танайд ажил хийе” гэж хэлсэн. Тэгээд ажлын хөлсийг урьдчилаад авсан бөгөөд би ажил дуусах хүртэл барьцаанд нь Хьюндай HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай авто машиныг өөрийнхөө нэр рүү шилжүүлээд авчихсан юм. Ер нь бол Очирбаярын машин гэж ойлгож болно. Би тэр М гэдэг хүнд уг машиныг жолоодуулах зөвшөөрөл олгоогүй, танихгүй. О өөрөө машинаа жолоодоод л явж байсан. Осол хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Хохирогчид учирсан хохирлыг гэмт хэрэгт холбогдсон хүн төлнө, би хариуцахгүй ээ.

...С.О нь манай “Финикс-Конкрит” ХХК-д  шороон тээвэрлэлтийн ажил хийж байхдаа манай байгууллагад өглөгтэй байсан. Миний нэр дээр бүртгэлтэй Хьюндай HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл С.О-ын хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. 2018 оны 03 сарын 16-нд С.О нь худалдан авсан машинаа өглөгтөө тооцон барьцаа болгож миний нэр дээр шилжүүлсэн ба манай компанийн шорооны тээвэрлэлтийн ажлыг хийж, байгууллагад явсан рейсээ тооцон өглөгөө барагдуулж байгаа.

Тэр нэр нь дурьдагдаж байгаа М гэгч нь хамт кабинд нь суучихсан явж байгаа харагддаг байсан. Шороо тээвэрлэлтийн ажлыг голдуу шөнө хийдэг болохоор тэр хоёр яг хэн нь машин жолоодож явдаг байсныг мэдэхгүй. ...Хьюндай HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай авто машин миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч миний эзэмшлийн машин биш, би уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг Э.М гэгчид өгөөгүй. ...С.О нь хувийн эзэмшлийн машинаа хэнээр жолоодуулж, ямар ажил төрөл хийх нь тэр хүний хувийн асуудал, надад хамаагүй учир миний бие бусдад учирсан хохирлыг хариуцахгүй. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн, өөр надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 67х, 71х, 72-73х/,                                         

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.О-ын гэрч, иргэний хариуцагчаар өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гарсан зам тээврийн осол, хэргийг өөрийн нүдээр хараагүй болохоор тодорхой мэдэх зүйл байхгүй. Харин танил ах Э.М надад хэлэхдээ “зам дээр зогсож байсан ачааны Howo маркийн авто машины ардуур нь хүн гүйж гарч ирээд мөргүүлчихсэн” гэж ярьж байсан. Би өөрийн танил Э.М ахыг бага наснаасаа буюу 10 настай байхын таньж мэднэ. Э.М ахын талийгаач аав, ээж хоёр нь Био-комбинатын үйлдвэрт ажиллаж амьдардаг байсан юм. Манай аав, ээж хоёр Био-комбинат болон Био-комбинатын барилгын цэргийн ангид ажилладаг байсан. Тэгээд л бид нар нэг дор амьдарч байсан болохоор нэг нэгнийхээ гэр орноор орж гардаг, ах, дүү шиг харьцаж явдаг танилууд байгаа юм.

Би тэр өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд гэртээ хариад Э.М ахыг манай хашаан дотор байдаг эвдрээд явахаа больчихсон, засвартай байгаа "Hyundai HD-240 маркийн 90-14 УНӨ улсын дугаартай авто машины кабин дотор нь унтаж амарч байхад нь дуудаж сэрээгээд,  “Мөөгий ах, та  нэг рейс Шувуун фабрикийн "ЭПСО" ХХК-ийн хайрганы карьер дээр очоод хайрга ачаад Гурвалжингийн гүүрний буудлагын клубын урд талд байрладаг "МЧХ" ХХК-ийн зуурмагын үйлдвэрийн хашаан дотор буулгачих” гэж хэлээд өөрийн эзэмшлийн Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай, "Финикс-Конкрэйт" ХХК-ийн үйлдвэрийн дарга О.Д-гийн нэр дээр бүртгэлтэй байдаг автомашиныхаа түлхүүрийг өгч, замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл өгөөд явуулсан. Тэгээд тэр шөнөө Э.М ах хайрга ачаад буулгах гэж явж байгаад үүрээр зам тээврийн осол гаргасан байсан.

Миний хувьд өөрийн танил ах Э.М-ийн бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй, хамт төлж барагдуулна гэж бодож байна. Миний эзэмшлийн HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай авто машины урд бампер, урд нүүр буюу копудны хэсэг бага зэрэг хонхойж сэвтсэн байсан. Уг эвдрэл, гэмтлүүд нь  үнэлгээ хийлгэхээр сүйдтэй эвдрэлүүд бишээ. Тийм болохоор машинд үнэлгээ хийлгэхгүй. Мөн танил ах Э.М-ээс авто машины эвдрэл, гэмтэлд нэхэмжлэх зүйл байхгүй.

...Би өөрийн эзэмшлийн Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай, О.Д-гийн нэр дээр бүртгэлтэй байгаа автомашиныг 2018 оны 03 сарын 16-ны өдөр “Мөнхдаян-Билэг” компанийн танил ах Нямсүрэнгээс 29.0 сая төгрөгөөр тооцон өөр машин оролцуулан бартер хийж худалдаж аваад “Финикс-Конкрэйт” ХХК-ийн үйлдвэрийн дарга болох танил О.Д-гийн нэр дээр түр шилжүүлсэн юм. Яагаад гэхээр би Д-гийн ажилладаг “Финикс-Конкрэйт” ХХК-д нь 34.0 сая төгрөгийн өрөндөө барьцаа болгон уг худалдаж авсан Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай автомашинаа нэр дээр нь түр шилжүүлсэн юм. Уг машины 2018 онд тээврийн хэрэгслийн оношилгоонд оруулсан

Би “Стандарт Финанс” ББСБ-д 34.0 сая төгрөгийн өртэй байгаад уг өрөнд Финикс-Конкрэйт” ХХК-ийн үйлдвэрийн дарга болох танил О.Д-гийн “Тоёото прадо” маркийн суудлын автомашиныг хүлээлгэн өгч байсан ба тэгээд Д-гийн 34.0 сая төгрөгийн өрөнд өөрийн “Мөнхдаян-Билэгт” ХХК-иас худалдан авсан Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай машиныг барьцаа болгон бичиг баримтаа нэр дээр нь түр шилжүүлсэн юм аа.

Тухайн зам тээврийн  осол гардаг өдөр би болон миний смен жолооч М бид хоёр угаасаа нойтон 0.5 хайрга 20  метр куб буюу ойролцоогоор 28-30 орчим тонн ачаа ачиж тээвэрлэж явсан. Ер нь нэг удаагийн рейсээр 20 м/куб буюу ойролцоогоор 28-30 тн ачаа ачиж тээвэрлэдэг юм.  Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 68-69х, 70-71х, 96-97х, 98-99х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Наранбаярын гэрчээр өгсөн:

“...Би 2018 оны 9 сарын 14-ний шөнө 01 цаг 30 орчим минутын үед Мааньт Хараат карьераас хайрга ачаад ТЭЦ-4 цахилгаан Станцын Бинс бетон зуурмагийн хашаанд буулгах гээд явж байтал машины дугуй хагарсан юм шиг санагдаад байхаар нь Био-комбинатад байдаг автобусны зээлийн буудал дээр машинаа зогсоож дугуйгаа шалгаад байж байхад нэг эмэгтэй хүн хүрч ирээд “хот явах юм уу” гэхээр нь “тийм” гэж хэлсэн. Тэр  эмэгтэй “дөхөөд буучихъя” гэхээр нь би зөвшөөрсөн.

...Тэгээд би ачаагаа ТЭЦ-4-ийн хажууд зуурмагийн үйлдвэрийн хашаанд буулгачихаад хорих 461-р ангийн зүүн урд хашааны хажууд түр зогсоод, ... Тэндээсээ хөдлөөд Биокомбинат руу чиглээд, нисэхийн тойрог өнгөрөөд явж байхад ...тэр эмэгтэй надаас цаг асуухад 03 цаг 45 минут болж байсан. Шөнийн 03 цаг өнгөрчихсөн байсан. Тэр эмэгтэй Био-комбинатаас суугаад анх хөдөлж байхад өөрийгөө “Заяа” гэж хэлж байсан, “4 хүүхэдтэй, том нь 9 настай, бага нь 2 ойтой” гэж хэлсэн “нөхөргүй, шүрээр обрушка, зүүлт хийдэг, хамаатны хүнээс мөнгө зээлсэн нэхээд байна” гэж ярьж байсан.

“Био-комбинат ороод анх суусан газраа буюу Зээлийн автобусны буудалд буулгах” гэтэл “гэрэлтэй газар буухгүй, харанхуй газар бууна” гээд байхаар нь “Мөнгөн зэл” хүнсний дэлгүүрийн харалдаа буулгасан юм. ...Тэгээд би машинаа хөдөлгөх гээд толиндоо харахад тэр эмэгтэй миний машины тэвшний гол хэсэгт зогсож байсан ба хойно машин байхгүй болохоор нь би хөдлөөд явсан. Намайг хөдлөөд явж байхад өөдөөс 26-16 дугаартай, Дево маркийн 60 хөлт нэртэй машин зөрсөн, уг машиныг Очоо гэдэг залуу жолооддог юм, би ачаа ачих гээд карьер ороод ачаагаа ачуулаад байж байхад манай найз жолооч Ганбаатар “замд аваар гарсан байна” гэж над руу  утсаар хэлсэн.

Би “ямар аваар” гэж асуухад “26-16 дугаартай, Дево 60 хөлт байна, Мөөгий ах жолоодож явсан байна, аваар хийгээд, гэрлээ татаад зогссон байна” гэхээр нь “миний хажуугаар өнгөрсөн машин мөн байна, буулгасан эмэгтэй дайрагдсан байна” гэж дотроо бодоод их айсан. Тэгээд өөрийн жолоодож явсан карьер дээр үлдээж, найз Энхбатыг унтаж байхад нь дуудаж сэрээгээд приус машиныг нь гуйж Ганбаатарын хамт аваар осол болсон газар дээр ирээд Мөөгий ахтай уулзсан. Тухайн үед би айгаад “миний машины араар тэр эмэгтэй гарсныг” би хэлээгүй. Тэр эмэгтэйтэй явсан талаар Цагдаа болон Мөөгий ах нарт хэлээгүй, миний буруу боллоо. Миний жолоодон явсан 02-28 УНЯ машин нь манай Мааньт хараат карьерын даргын машин юм.

...Би тухайн үед талийгаач эмэгтэйг машинаасаа буулгаад машины баруун талын хажуугийн толинд харахад талийгаач миний жолоодон явсан 02-28 УНЯ Ховотрак ачааны автомшины баруун талын тэвшний гол хэсэгт зогсож байсан. Тэгээд би дөнгөж хөдлөөд ойролцоогоор 20 орчим км/цаг хурдтай хөдлөөд 15 орчим метрийн зайтай зам туулахад өөдөөс танил О жолоодон шороонд явдаг 26-16 улсын дугаартай серийн үсгийг санахгүй байна, Daewoo маркийн, жолооч нарын 60 хөлт гэж нэрлэдэг ачааны машинтай зөрсөн юм.

...Би тэр 60 хөлт машин зам тээврийн осол гаргахыг хараагүй. Зөрж өнгөрөх үед нь өөдөөс ирж явсан болохоор би машиныхаа гэрлийг ойрын гэрэл дээр тавьчихсан явж байсан. Тэгээд би зөрөөд урд замаа хараад цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан юм.

Би тэр талийгаач эмэгтэйг машинаас буулгасан газраа зааж өгч чадна. Миний ярьсан бүгд үнэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 75-76х, 77-78х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад техникийн шинжээч Н.Шинэбаатарыг байцаасан тэмдэглэлд:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тээврийн Цагдаагийн албаны МШХ-ийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Бат-Өлзийгийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай мөрдөгчийн тогтоолоор Э.М-эд холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан.

Уг хэргийн материалтай танилцахад Э.М нь тухайн “Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоход тохирох ангилалгүй, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байсан тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн “б” дэх заалтыг зөрчсөн, түүнчлэн "Автотэээврийн үндэсний төв" ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын гаргасан №072874 дугаартай дүгнэлтэнд дурьдсанаар "Hyundai HD-240" маркын  "26-16УНП" улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу ачааны авто машин нь ABS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа хэвийн бус байна гэсэн байсан учир Монгол Улсийн замын хөдөлгөөний дүрмийн 2.3-н “а” заалт "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, явган зорчигч Д.Баярцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9 “г” гэх заалтуудыг тус тус зөрчсөн” байсны дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 111х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад автын шинжээч Г.Бямбасүрэнг байцаасан тэмдэглэлд:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан №072874 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтэнд Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем нь стандартын шаардлага хангахгүй байсан. Уг Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 болон 2 дугаар тэнхлэгний тоормосны систем хэвийн бус ажиллагаатай, энэ хэвийн бус ажиллагаатай байгаа хэдий боловч стандартын шаардлагад бүрэн нийцэхгүй, стандартын шаардлага хангахгүй байсан болно.

Харин 3-р тэнхлэгийн хувьд баруун талын хэсэг ажиллагаатай, зүүн талын хэсэг дээр тоормосны хүч маш сул, хэвийн бус ажиллагаатай байсан нь мөн стандартын тогтоосон хэмжээнд хүрэхгүй, стандартын шаардлага хангахгүй, 4 дүгээр тэнхлэгийн хувьд стандартын шаардлага хангахгүйн зэрэгцээ тоормосны хүч огт үйлчлээгүй байсан нь тоормосны систем ажиллагаагүй байсан. Зогсоолын тоормосны хувьд стандартын шаардлага хангахгүй, ажиллагаагүй, мөн уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллагаагүй ажиллахгүй байсны дагуу шинжээч нар санал нэгтэйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан.

Тухайн зам тээврийн осол үйлдэгдэх үед Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан буюу тоормослосон үед уг Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем бүрэн хэвийн ажиллагаатай байсан бол тухайн тээврийн хэрэгсэл зогсох боломжтой.  

Харин тухайн тээврийн хэрэгсэл нь тоормосны систем нь стандарт шаардлага хангахгүй байгаа нь тухайн замын нөхцөл байдлаас хамааран хальтиргаа, гулгаа үүснэ,  мөн тоормосны зам уртсах байдлаар тухайн зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлөх боломжтой юм.

Уг Hyundai HD-240 маркийн тээврийн хэрэгсэл нь ABS хийн дамжуулах тоормосны системтэй, уг тоормосны систем нь хэвийн ажиллагаатай байх үед тээврийн хэрэгслийн жолооч тоормослосон бол тоормосны мөр зорчих хэсэг дээр үүснэ.

Харин тухайн Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем нь стандартын шаардлага хангахгүй, хэвийн бус ажиллагаатай байгаа нь тоормосны мөр зорчих хэсэг дээр үүсэх боломжгүй юм аа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 112-113х/,

 

15. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2041 дугаартай дүгнэлтэд:

Шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээний хариу:

1. Шүүх химийн шинжилгээний №9647 тоот хариунд: “цусанд 1,9 промилли, ходоодны шингэнд 2,1 промилли, шээсэнд 3,3 промилли спиртийн  агууламж илэрсэн. Химийн шинжээч Д.Золзаяа гэжээ.

2. Шүүх биологийн №9648 тоот хариунд: Цус А /II/ бүлгийн харъяалалтай байна.

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Зам тээврийн ослын гэмтэл: Автомашинд мөргөгдөлт: Хавсарсан хүнд гэмтэл: Гавлын ясны үйрч бяцарсан хугарал. Тархины эдийн дутагдал. Уушгины язарсан шарх. Хүзүү, нуруу, баруун мөр, баруун бугалга, баруун гуянд дарагдлын ором, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, баруун өвдөгт зулгаралт.

Дүгнэлт:

1. Талийгаачийн цогцост гавлын баруун, зүүн зулай, дух, дагз, баруун, зүүн чамархай, суурь, хацар, хоншоор, эрүү, эгэм, 3 хавирганы хугарал. Уушгины язарсан шарх. Хүзүү, нуруу, баруун мөр, баруун бугалга, баруун гуянд дарагдлын ором, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, баруун өвдөгт зулгаралт шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд дайрагдах үед үүсгэгдэнэ.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ.

5. 2018.09.15-ны өдрийн 08:30 цагийн үед цогцосны анхны үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна гэж тэмдэглэгджээ.

6. Талийгаач нь В(III) бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд 1.9 промилли, ходоодны шингэнд 2.1 промилли, шээсэнд 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь дунд зэргийн согтолт байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 115-118х/,

 

16. ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шинжилгээний 11564 тоот актын:

1. Хьюндай HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай том оврын автомашины гадна талын эд ангиуд дээр цус илрээгүй.

2. Дээрх автомашины гадна доод эд ангиуд дээр цус байгаа эсэхийг үзэх боломжгүй байв.” гэсэн дүгнэлт  /хэргийн 1-р хавтас 123х/,

 

17. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6235 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн Хьюндай HD-240 маркийн 26-16 УНД улсын дугаартай том оврын автомашины урд буфер, дугуй, обуд, доод эд ангиудад хувцасны тасархай байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 134-135х/, 

 

18. Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 072874 дугаартай:

1. 26-16 УНП улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд буфер, урд нүүр гол хэсэгтээ сэвтэй, спидометр ажиллахгүй, баруун талын 3 дугаар тэнхлэг гадна талын дугуй язарсан (хагархай), 4 дүгээр тэнхлэг зууралттай тоормосны хэмжилт байхгүй (ороогүй),

1-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.7кН, баруун талдаа 8.9кН, зөрүү нь 24.72% (стандарт <20%),

2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.6кН, баруун талдаа 9.7кН, зөрүү нь 31.96% (стандарт <30%),

3-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.7кН, баруун талдаа 8.8кН, зөрүү нь 92.05% (стандарт <30%),

4-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.кН, баруун талдаа 0.0кН, зөрүү нь -% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй гэх эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Урд буфер, урд нүүр гол хэсэгтээ сэвтэй, уг гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой. Спидометр ажиллахгүй, баруун талын 3 дугаар тэнхлэг гадна талын дугуй язарсан (хагархай), 4 дүгээр тэнхлэг зууралттай. Эдгээр гэмтлүүд хэзээ үүссэнийг шинжээч тогтоох боломжгүй юм. 1-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.7кН, баруун талдаа 8.9кН, зөрүү нь 24.72% (стандарт <20%), 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.6кН, баруун талдаа 9.7кН, зөрүү нь 31.96% (стандарт <30%), 3-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.7кН, баруун талдаа 8.8кН, зөрүү нь 92.05% (стандарт <30%), 4-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.кН, баруун талдаа 0.0кН, зөрүү нь -% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй эдгээр гэмтлүүд ослоос өмнө үүссэн байж болзошгүй юм.

4. 1-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.7кН, баруун талдаа 8.9кН, зөрүү нь 24.72% (стандарт <20%), 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.6кН, баруун талдаа 9.7кН, зөрүү нь 31.96% (стандарт <30%), 3-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.7кН, баруун талдаа 8.8кН, зөрүү нь 92.05% (стандарт <30%), 4-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.кН, баруун талдаа 0.0кН, зөрүү нь -% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй.

Дээрхи гэмтлээс үүдэн тоормос өрөөлдөж барих, улмаар хальтиргаа гулгаа үүсэх, тоормосны мөр уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй юм.

5. Hyundai маркийн HD-240 загварын ачааны автомашин нь ABS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа хэвийн бус байна.  

6. Hyundai маркийн HD-240 загварын ачааны автомашин нь ABS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ.” гэсэн дүгнэлт, тоног төхөөрөмжийн хэмжилт, техникийн дүгнэлтийн хуудас, техникийн зураг /хэргийн 1-р хавтас 132-135х, 136х, 137-139х/,

 

19. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон цамцанд 30х20мм, 30х20мм, 40х20мм, 30х20мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд гарсан байна.

- Цэнхэр өмдөнд 20х10мм, 20х10мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд гарсан байна.

2. Дээрх гэмтлүүд тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна.

3. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 146-148х/, 

 

20. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 863 тоот:

1. Hyundai маркийн HD-240 загварын 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жоолоч Энхбаатар овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх”,

мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт харанхуй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Даваа овогтой Баярцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийн хориглоно: г/ “өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”,

мөн дүрмийн 3.4. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэглийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 153-154х/,

 

21. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 3 сарын 26-ны өдрийн 186 дугаартай актын нэмэлт:

1. Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.М нь саадыг хараад зогсоох арга хэмжээ авсан, үгүйд хариулах боломжгүй.

2. Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 072874 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.7 кН, баруун талдаа 8.9 кН, зөрүү нь 24.72% (стандарт <20%), 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.6 кН, баруун талдаа 9.7 кН, зөрүү нь 31.96% (стандарт <30%), 3-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.7 кН, баруун талдаа 83.8 кН,  зөрүү нь 92.05% (стандарт <30%), 4-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.0 кН, баруун талдаа 0.0 кН, зөрүү нь -% (стандарт <30%), буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй, дээрх гэмтлээс үүдэн тоормос өрөөлдөж барих, улмаар хальтиргаа гулгаа үүсэх, тоормосны мөр уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй юм." гэжээ. Эндээс харахад Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдал зам тээврийн осол гарахад автомашины бүрэн зогсолтын зам уртсах байдлаар нөлөөлнө.

3. Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.М замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан "Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойр болон ард талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчигч ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэсэн заалтыг,

мөн дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дурьдсан зүйлийг хориглоно: б/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлийг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;" гэсэн заалтыг,

мөн дүрмийн 22.1-т заасан: "Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Осолд холбогдсон Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн өгөгдөлд бүх жин нь 37960 кг, өөрийн жин 13960 кг, тухайн автомашин 24000 кг илүүгүй ачаа тээвэрлэх ёстой байдаг/

4. Явган зорчигч Д.Баярцэцэг замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна." гэсэн заалтыг,

мөн дүрмийн 3.9-д заасан "Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: ...

г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 161-163х/,

 

22. Амь хохирогч Д.Баярцэцэгийн иргэний үнэмлэх болон нас барсны бүртгэлийн 0000218340 дугаартай гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн №0109357-595 дугаартай гэрчилгээ, Г-ийн Отгонбаяр, Г-ийн Эрхэмбаяр, Г-ийн Ганбаяр, Г-ийн Хүслэн нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 182-188х, хэргийн 2-р хавтас 10х/

 

23. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болдбаатараас гаргасан амь хохирогчийг оршуулахтай холбоотой гаргасан зардлын тооцоо, /хэргийн 1-р хавтас 190-194х, 198-231х/,   

 

24. Иргэний хариуцагч С.О, шүүгдэгч Э.М нар 26-16 УНП  улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа зөөвөрлөсөн гэх ажил гүйцэтгэсэн талаарх орлого, зарлагын баримтууд /хэргийн 1-р хавтас 196х, 232-250х, хэргийн 2-р хавтас 1-9х/,

 

25. Жолоочийн лавлагаа мэдээлэлд: “Энхбаатар овогтой М нь 2002/03/01 онд жолооч болсон B ангиалтай, 218088 тоот үнэмлэхтэй, бүртгэлээс үзэхэд: эрхийн лавлагаа Баянгол ЗХАБТХ-27.1, 2016/08/22 2017/08/22, 1 жил, лицензийн төв” гэсэн  лавлагаа баримт /хэргийн 2-р хавтас 15х/,

 

26. Шүүгдэгч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 9 сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад өөрийн найз дүү О-аас 26-16 УНП улсын дугаартай Хьюндай маркийн автомашиныг нь “нэг хайрганд яваад ирье” гэж гуйж Био-комбинатаас яваад Шувуун фабрикийн урд карьер дээрээс тэвшин дээр нь нойтон хайрга ачаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чигт Шувуун фабрикаас хот руу Био-комбинатад буулгахаар 50 орчим км/цагийн хурдтай явж байсан. Ингээд яг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн урд замаар 04 цаг 20 минутын орчимд явж байхад эсрэг урсгалд цагаан өнгийн, улсын дугаарыг нь харж амжаагүй HOWO маркийн автомашин зогсоод хөдөлсөн. Би тэр үед хажуугаар зөрөхөөр тун ойртож ирэхэд араар нь тойроод хүн гүйгээд гараад ирсэн. Би тулж харсан учраас сигнальдаж, тоормос гишгэсэн боловч нөгөө хүнийг машиныхаа урд хамраараа мөргөөд дээгүүр нь гараад явчихсан.

Тэгээд би шууд зогсоод өөрийнхөө 99262008 дугаарын утаснаас 102 дугаарт дуудлага өгөөд зогсож байгаад хажуугаар явж өнгөрсөн машиныг зогсоогоод 86023344 дугаараас мөн 102, 103 дугаарт дуудлага өгсөн.

Би ослын дараа машинаас буугаад хохирогч дээр очиход миний машины ард нилээн хол зайтай толгойн задарсан байдалтай, нас барсан байхаар нь нүүрийг нь шар даавуугаар бүтээсэн. Тэгээд эхлээд 103 ирж үзээд нас барсан байна гээд явсан. Дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. Тухайн үед би архи согтууруулах ундаа уугаагүй, эрүүл байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2017 онд хасуулсан байсан юм. Би ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд явган зорчигчийг 4-5 метрийн зайнаас машины араар гүйгээд гараад ирэхэд нь харсан.

Явган зорчигч ногоон өнгийн өмд, цагаан улаан суудалтай цамцтай, ягаан тавчиктай байсан. Осол болох үед замын хөдөлгөөн байхгүй, үзэгдэх орчин муу, бороо, цас ороогүй зам хуурай байсан. Би өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж осол гаргасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-92х, 93-94х, 95х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Э.Ундраа /хэргийн 1-р хавтас 84х/, Г.Отгонзул /хэргийн 1-р хавтас 86х/ нарын мэдүүлэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 11х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2-р хавтас 14х/, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 4 сарын 27-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 2-р хавтас 21-25х/, суллагдсан хүмүүст олгох тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 27х/, Оршин суух хаягийн тодорхойлолт баримт /хэргийн 2-р хавтас 16х/  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.М-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 04 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн урд замд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ Хьюндай-Эйч 240 /Hyundai HD240/ маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар зүйл “Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохыг өмнө буюу замд явахдаа энэ дүрсийн 2 дгаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:, тээврийн хэрэгслийн ажлын тормосны систем ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалт,

Мөн дүрмийн 22.1 дүгээр зүйлд заасан “ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Баярцэцэгийг мөргөсөн зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас явган зорчигч Д.Баярцэцэг биедээ “...гавлын баруун, зүүн зулай, дух, дагз, баруун, зүүн чамархай, суурь, хацар, хоншоор, эрүү, эгэм, 3 хавирганы хугарал, уушгины язарсан шарх, хүзүү, нуруу, баруун мөр, баруун бугалга, баруун гуянд дарагдлын ором, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, баруун өвдөгт зулгаралт шарх...” бүхий гэмтэл авч, улмаар дээрх гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:  

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, жижүүрийн дуудлага мэдээллийн жагсаалт /хэргийн 1-р хавтас 8-9х/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 11-13х, 14х, 15х, 16-20х/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгийн хавсралт /хэргийн 1-р хавтас 28-30х, 31-32х, 33-35х, 36х/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа, бүртгэлийн баримт, 26-16-УНП улсын дугаартай,  Hyundai HD240 өөрөө буулгагч ачааны автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн тодорхойлолт баримт /хэргийн 1-р хавтас 27х, 38х, 140х/,

- Осол хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Мөнгөн зэл” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг хураан авч, үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 39х, 41-42х/,

- Хэрэгт гэрчээр асуугдсан Э.Наранбаярын мэдүүлэг болон шүүгдэгч Э.М-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг тус тус газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргах осол, хэрэг гарсан газар дээрх хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 44-45х, 47-51х/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 21-23х/,

- Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2041 дугаартай дүгнэлтэд:

Шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээний хариу:

1. Шүүх химийн шинжилгээний №9647 тоот хариунд: “цусанд 1,9 промилли, ходоодны шингэнд 2,1 промилли, шээсэнд 3,3 промилли спиртийн  агууламж илэрсэн. Химийн шинжээч Д.Золзаяа гэжээ.

2. Шүүх биологийн №9648 тоот хариунд: Цус А /II/ бүлгийн харъяалалтай байна.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1/. Зам тээврийн ослын гэмтэл: Автомашинд мөргөгдөлт: Хавсарсан хүнд гэмтэл: Гавлын ясны үйрч бяцарсан хугарал. Тархины эдийн дутагдал. Уушгины язарсан шарх. Хүзүү, нуруу, баруун мөр, баруун бугалга, баруун гуянд дарагдлын ором, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, баруун өвдөгт зулгаралт.

Дүгнэлт:

1. Талийгаачийн цогцост гавлын баруун, зүүн зулай, дух, дагз, баруун, зүүн чамархай, суурь, хацар, хоншоор, эрүү, эгэм, 3 хавирганы хугарал. Уушгины язарсан шарх. Хүзүү, нуруу, баруун мөр, баруун бугалга, баруун гуянд дарагдлын ором, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, баруун өвдөгт зулгаралт шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд дайрагдах үед үүсгэгдэнэ.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ.

5. 2018.09.15-ны өдрийн 08:30 цагийн үед цогцосны анхны үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна гэж тэмдэглэгджээ.

6. Талийгаач нь В(III) бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд 1.9 промилли, ходоодны шингэнд 2.1 промилли, шээсэнд 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь дунд зэргийн согтолт байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 115-118х/,

- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 98 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон цамцанд 30х20мм, 30х20мм, 40х20мм, 30х20мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд гарсан байна.

- Цэнхэр өмдөнд 20х10мм, 20х10мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд гарсан байна.

2. Дээрх гэмтлүүд тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна.

3. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 146-148х/, 

- Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 072874 дугаартай:

1. 26-16 УНП улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд буфер, урд нүүр гол хэсэгтээ сэвтэй, спидометр ажиллахгүй, баруун талын 3 дугаар тэнхлэг гадна талын дугуй язарсан (хагархай), 4 дүгээр тэнхлэг зууралттай тоормосны хэмжилт байхгүй (ороогүй),

1-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.7кН, баруун талдаа 8.9кН, зөрүү нь 24.72% (стандарт <20%),

2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.6кН, баруун талдаа 9.7кН, зөрүү нь 31.96% (стандарт <30%),

3-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.7кН, баруун талдаа 8.8кН, зөрүү нь 92.05% (стандарт <30%),

4-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.кН, баруун талдаа 0.0кН, зөрүү нь -% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй гэх эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Урд буфер, урд нүүр гол хэсэгтээ сэвтэй, уг гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой. Спидометр ажиллахгүй, баруун талын 3 дугаар тэнхлэг гадна талын дугуй язарсан (хагархай), 4 дүгээр тэнхлэг зууралттай. Эдгээр гэмтлүүд хэзээ үүссэнийг шинжээч тогтоох боломжгүй юм. 1-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.7кН, баруун талдаа 8.9кН, зөрүү нь 24.72% (стандарт <20%), 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.6кН, баруун талдаа 9.7кН, зөрүү нь 31.96% (стандарт <30%), 3-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.7кН, баруун талдаа 8.8кН, зөрүү нь 92.05% (стандарт <30%), 4-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.кН, баруун талдаа 0.0кН, зөрүү нь -% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй эдгээр гэмтлүүд ослоос өмнө үүссэн байж болзошгүй юм.

4. 1-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.7кН, баруун талдаа 8.9кН, зөрүү нь 24.72% (стандарт <20%), 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.6кН, баруун талдаа 9.7кН, зөрүү нь 31.96% (стандарт <30%), 3-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.7кН, баруун талдаа 8.8кН, зөрүү нь 92.05% (стандарт <30%), 4-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.кН, баруун талдаа 0.0кН, зөрүү нь -% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй.

Дээрхи гэмтлээс үүдэн тоормос өрөөлдөж барих, улмаар хальтиргаа гулгаа үүсэх, тоормосны мөр уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй юм.

5. Hyundai маркийн HD-240 загварын ачааны автомашин нь ABS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа хэвийн бус байна. 

6. Hyundai маркийн HD-240 загварын ачааны автомашин нь ABS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ.” гэсэн дүгнэлт, тоног төхөөрөмжийн хэмжилт, техникийн дүгнэлтийн хуудас, техникийн зураг /хэргийн 1-р хавтас 132-135х, 136х, 137-139х/,

- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 863 тоот:

1. Hyundai маркийн HD-240 загварын 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жоолоч Энхбаатар овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх”,

мөн дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт харанхуй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Даваа овогтой Баярцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийн хориглоно: г/ “өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”,

мөн дүрмийн 3.4. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэглийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 153-154х/,

- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 3 сарын 26-ны өдрийн 186 дугаартай актын нэмэлт:

1. Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.М нь саадыг хараад зогсоох арга хэмжээ авсан, үгүйд хариулах боломжгүй.

2. Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 072874 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.7 кН, баруун талдаа 8.9 кН, зөрүү нь 24.72% (стандарт <20%), 2-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 6.6 кН, баруун талдаа 9.7 кН, зөрүү нь 31.96% (стандарт <30%), 3-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.7 кН, баруун талдаа 83.8 кН,  зөрүү нь 92.05% (стандарт <30%), 4-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 0.0 кН, баруун талдаа 0.0 кН, зөрүү нь -% (стандарт <30%), буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй, дээрх гэмтлээс үүдэн тоормос өрөөлдөж барих, улмаар хальтиргаа гулгаа үүсэх, тоормосны мөр уртсах байдлаар осолд нөлөөлж болзошгүй юм." гэжээ. Эндээс харахад Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдал зам тээврийн осол гарахад автомашины бүрэн зогсолтын зам уртсах байдлаар нөлөөлнө.

3. Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.М замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан "Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ:

а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойр болон ард талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчигч ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэсэн заалтыг,

мөн дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дурьдсан зүйлийг хориглоно: б/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлийг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;" гэсэн заалтыг,

мөн дүрмийн 22.1-т заасан: "Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Осолд холбогдсон Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн өгөгдөлд бүх жин нь 37960 кг, өөрийн жин 13960 кг, тухайн автомашин 24000 кг илүүгүй ачаа тээвэрлэх ёстой байдаг/

4. Явган зорчигч Д.Баярцэцэг замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна." гэсэн заалтыг,

мөн дүрмийн 3.9-д заасан "Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: ...

г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 161-163х/,

- Амь хохирогч Д.Баярцэцэгийн иргэний үнэмлэх болон нас барсны бүртгэлийн 0000218340 дугаартай гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн №0109357-595 дугаартай гэрчилгээ, Г-ийн Отгонбаяр, Г-ийн Эрхэмбаяр, Г-ийн Ганбаяр, Г-ийн Хүслэн нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас 182-188х, хэргийн 2-р хавтас 10х/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болдбаатараас гаргасан амь хохирогчийг оршуулахтай холбоотой гаргасан зардлын тооцоо, /хэргийн 1-р хавтас 190-194х, 198-231х/,

- Иргэний хариуцагч С.О, шүүгдэгч Э.М нар 26-16 УНП  улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа зөөвөрлөсөн гэх ажил гүйцэтгэсэн талаарх орлого, зарлагын баримтууд /хэргийн 1-р хавтас 196х, 232-250х, хэргийн 2-р хавтас 1-9х/,

- Жолоочийн лавлагаа мэдээлэлд: “Энхбаатар овогтой М нь 2002/03/01 онд жолооч болсон B ангиалтай, 218088 тоот үнэмлэхтэй, бүртгэлээс үзэхэд: эрхийн лавлагаа Баянгол ЗХАБТХ-27.1, 2016/08/22 2017/08/22, 1 жил, лицензийн төв” гэсэн  баримт /хэргийн 2-р хавтас 15х/,

- техникийн шинжээч Н.Шинэбаатарын: “...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тээврийн Цагдаагийн албаны МШХ-ийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Бат-Өлзийгийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай мөрдөгчийн тогтоолоор Э.М-эд холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг хэргийн материалтай танилцахад Э.М нь тухайн “Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоход тохирох ангилалгүй, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байсан тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн “б” дэх заалтыг зөрчсөн, түүнчлэн "Автотэээврийн үндэсний төв" ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын гаргасан №072874 дугаартай дүгнэлтэнд дурьдсанаар "Hyundai HD-240" маркын  "26-16УНП" улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу ачааны авто машин нь ABS хийн дамжуулгат тоормосны системтэй, тоормосны ажиллагаа хэвийн бус байна гэсэн байсан учир Монгол Улсийн замын хөдөлгөөний дүрмийн 2.3-н “а” заалт "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, явган зорчигч Д.Баярцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.9 “г” гэх заалтуудыг тус тус зөрчсөн” байсны дагуу шинжээчийн дүгнэлт гаргасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 111х/,

- автын шинжээч Г.Бямбасүрэнгийн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан №072874 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтэнд Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем нь стандартын шаардлага хангахгүй байсан. Уг Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн 1 болон 2 дугаар тэнхлэгний тоормосны систем хэвийн бус ажиллагаатай, энэ хэвийн бус ажиллагаатай байгаа хэдий боловч стандартын шаардлагад бүрэн нийцэхгүй, стандартын шаардлага хангахгүй байсан болно.

Харин 3-р тэнхлэгийн хувьд баруун талын хэсэг ажиллагаатай, зүүн талын хэсэг дээр тоормосны хүч маш сул, хэвийн бус ажиллагаатай байсан нь мөн стандартын тогтоосон хэмжээнд хүрэхгүй, стандартын шаардлага хангахгүй, 4 дүгээр тэнхлэгийн хувьд стандартын шаардлага хангахгүйн зэрэгцээ тоормосны хүч огт үйлчлээгүй байсан нь тоормосны систем ажиллагаагүй байсан. Зогсоолын тоормосны хувьд стандартын шаардлага хангахгүй, ажиллагаагүй, мөн уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллагаагүй ажиллахгүй байсны дагуу шинжээч нар санал нэгтэйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан.

Тухайн зам тээврийн осол үйлдэгдэх үед Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан буюу тоормослосон үед уг Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем бүрэн хэвийн ажиллагаатай байсан бол тухайн тээврийн хэрэгсэл зогсох боломжтой.  

Харин тухайн тээврийн хэрэгсэл нь тоормосны систем нь стандарт шаардлага хангахгүй байгаа нь тухайн замын нөхцөл байдлаас хамааран хальтиргаа, гулгаа үүснэ,  мөн тоормосны зам уртсах байдлаар тухайн зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлөх боломжтой юм. Уг Hyundai HD-240 маркийн тээврийн хэрэгсэл нь ABS хийн дамжуулах тоормосны системтэй, уг тоормосны систем нь хэвийн ажиллагаатай байх үед тээврийн хэрэгслийн жолооч тоормослосон бол тоормосны мөр зорчих хэсэг дээр үүснэ.

Харин тухайн Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем нь стандартын шаардлага хангахгүй, хэвийн бус ажиллагаатай байгаа нь тоормосны мөр зорчих хэсэг дээр үүсэх боломжгүй юм аа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 112-113х/,

- техникийн шинжээч Д.Батзоригийн: “...Тухайн тээврийн хэрэгслийн тоормос нь стандарт хангахгүй бөгөөд ачааны даац хэтрүүлсэн байсан болохоор тоормос муу ажиллахад нөлөөлнө. 4 тэнхлэгтэй ачааны машины 1 тэнхлэг дээр дунжаар 6 тонн ачаа оногдох ёстой, харин тухайн ачааны машинд дунджаас их ачаа ачигдсан байсан учир 1 тэнхлэгт оногдох ачааны жин нэмэгдэж байгааюм. Тухайн үед ачааны машины ачсан ачааны даац норм хэмжээндээ байгаад,  тээврийн хэрэгслийн тоормос нь стандартын шаардлага хангасан нөхцөлд жолооч явган зорчигчийг анх харсан цэгээс осол болсон цэг хүртэлх зайнд ямар зам туулж зогсох нь тухайн жолоочийн харах зай болон өөрийнх нь самбаачлах хурдаас шалтгаална.

Шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн тоормос муу барьж байсан ба ачааны даац хэтрүүлсэн нь энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд шууд нөлөөлөх нөхцөл байдал болсон гэж дүгнээгүй. Шинжээчийн дүгнэлтэд жолооч болон явган зорчигч нарын аль аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна гэж үзсэн. Явган зорчигчийн хувьд дүрмийн 3.9 дүгээр заалтын Г-д заалт нь “өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ замын зорчих хэсгээр явахыг хориглох” заалт бөгөөд хохирогч осолд холбогдох үедээ дунд зэргийн согтолттой байсан талаар дүгнэлт гарсан байсан.

Зам тээврийн осол гарахад замын харагдах орчин нөлөөлөх ч гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд харагдах, үзэгдэх орчин гэдэгт “манан, тоосжилт” зэрэг багтана. Харин хязгаарлагдмал гэдэгт “булан тохой, уулын эрэг”зэрэг газрууд орно. Тухайн осол болсон газарт үзэгдэх орчин хязгаарлагдах зүйл байхгүй гэв. Жолооч явган зорчигчийг 3-4 метрийн зайд тээврийн хэрэгсэл зогсох боломжгүй. Энэ нь жолоочийн самбаачлагаас шалтгаална, мөн машин маань өөрөө 8 метрийн урттай тул 3-4 метрийн зайнд зогсоох боломжгүй. Тухайн замын өргөн нь 4 метр байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг C ангиллын жолооны үнэмлэхтэй жолооч барих эрхтэй, харин D ангиллын жолооны үнэмлэхтэй жолооч автобус унах боломжтой. Жолоочийн нийтлэг үүрэг дээр жолооны эрхгүй хүн машин жолоодох эрхгүй буюу машин жолоодохыг хориглоно гэсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Болдбаатар /хэргийн 1-р хавтас 55-57х/, М.Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 59-61х, 81-82х, шүүх хуралдааны тэмдэглэл/, иргэний хариуцагч О.Д /хэргийн 1-р хавтас 67х, 71х, 72-73х/, С.О  /хэргийн 1-р хавтас 68-69х, 70-71х, 96-97х, 98-99х/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч Э.Наранбаярын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 75-76х, 77-78х/ болон Шүүгдэгч Э.М-ийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-92х, 93-94х, 95х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Түүнчлэн явган зорчигч /амь хохирогч/ Д.Баярцэцэг нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.":, мөн дүрмийн 3.9-д заасан "Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: ...г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн зохих буруутай байдал тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ. 

 

Хэргийн шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан. 

Зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Д.Баярцэцэгийг оршуулахтай холбоотой гарсан зардал болон бусад зардалд нийт 29.361.828 төгрөг гаргуулах нэхэмжлэл шаардлага гаргаснаас хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г, түүний өмгөөлөгч нараас хэрэгт баримтгүй нэхэмжилсэн 3.835.000 төгрөг, портер нүүрсний үнэ 450.000 төгрөг, хамаатны дүү Турк улсаас ирж очсон зардлын 9.000.000 төгрөгийг тус тус нэхэмжлэхээс татгалзаж, амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан бодит зардлын 16.381.828 /арван зургаан сая гурван зуун наян нэгэн мянга найман зуун хорин найм/ төгрөгийг гэм буруутай этгээд, иргэний хариуцагч О.Д нараас тус тус гаргуулна хэмээн нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримт, хохирлын тооцоог хэрэгт гаргасныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн /хэргийн 196-231х/  ба хэргийн шүүгдэгч Э.М болон иргэний хариуцагч нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг арилгах, нөхөн төлөх талаар тодорхой арга хэмжээ аваагүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна. 

 

Түүнчлэн зам тээврийн осол хэрэг гарсан тухайн үед шүүгдэгч Э.М нь "ЭПСО" ХХК-ийн хайрганы карьер дээрээс хайрга ачаад Гурвалжингийн гүүрний буудлагын клубын урд талд байрладаг "МЧХ" ХХК-ийн зуурмагын үйлдвэрийн хашаан дотор буулгах нэг рейс яваад өгөөч” гэж даалгасны дагуу Hyundai HD420 маркийн 26-16 УНП улсын дугаартай автомашиныг эзэмшиж ашиглаж байсан С.О-ын зөвшөөрснөөр жолоодон явсан нь тогтоогдсон ба

“...уг Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 03 сарын 16-ны өдөр “Мөнхдаян-Билэг” компанийн танил ах Нямсүрэнгээс 29.0 сая төгрөгөөр тооцон өөр машин оролцуулан бартер хийж худалдаж авсан, “Финикс-Конкрэйт” ХХК-ийн 34.0 сая төгрөгийн өрөндөө барьцаа болгон Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай автомашиныг О.Д-гийн нэр дээр нь түр шилжүүлсэн, учир нь “Стандарт Финанс” ББСБ-д 34 сая төгрөгийн өртэй байгаад уг өрөндөө Финикс-Конкрэйт” ХХК-ийн үйлдвэрийн дарга болох танил О.Д-гийн “Тоёото прадо” маркийн суудлын автомашиныг хүлээлгэн өгч байсан тул О.Д-д төлөх 34 сая төгрөгийн өрөндөө өөрийн авсан Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай машиныг барьцаа болгон бичиг баримтаа нэр дээр нь түр шилжүүлээд, тус компанид шороо тээвэрлэлтийн ажил гүйцэтгэн, байгууллагад явсан рейсээр тооцсон ажлын хөлсийг суутган тооцуулж өрөө барагдуулах тохиролцоотой, Hyundai HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай автомашиныг эзэмшиж ашиглан тээвэрлэлтийн ажил гүйцэтгэж байсан” гэсэн иргэний хариуцагч С.О-ын мэдүүлэг, О.Д-гийн “... С.О нь манай “Финикс-Конкрэйт” ХХК-д  шороон тээвэрлэлтийн ажил хийж байхдаа манай байгууллагад өглөгтэй байсан. Миний нэр дээр бүртгэлтэй Хьюндай HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл С.О-ын хувийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. 2018 оны 03 сарын 16-нд С.О нь худалдан авсан машинаа өглөгтөө тооцон барьцаа болгож миний нэр дээр шилжүүлсэн ба манай компанийн шорооны тээвэрлэлтийн ажлыг хийж, байгууллагад явсан рейсээ тооцон өглөгөө барагдуулж байгаа. ...Хьюндай HD-240 маркийн 26-16 УНП улсын дугаартай авто машин миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч миний машин биш, би уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг Э.М гэгчид би өгөөгүй. ...С.О нь хувийн эзэмшлийн машинаа хэнээр жолоодуулж, ямар ажил төрөл хийх нь тэр хүний хувийн асуудал..” гэсэн мэдүүлгийг тус тус үгүйсгэх, няцаах үндэслэл бүхий баримт нотлогоо хэрэгт үгүй байхаас гадна хэргийн 2-р хавтас 129х-т авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлт хуудас №12902, Hyundai HD240 26-16 УНП машин Батмөнхийн Нямсүрэн нэрээр 2018 оны 03 сарын 15-нд оношилгоонд орж байсан баримттай, иргэний хариуцагч С.О, шүүгдэгч Э.М нар 26-16 УНП  улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаа зөөвөрлөсөн гэх ажил гүйцэтгэсэн талаарх орлого, зарлагын баримтууд /хэргийн 1-р хавтас 196х, 232-250х, хэргийн 2-р хавтас 1-9х/ хэрэгт тус тус авагдсан байна. 

 

Хэргийн шүүгдэгч Э.М нь зам тээврийн осолд холбогдох үед жолоодон явсан Hyundai HD420 маркийн 26-16 УНП улсын дугаартай автомашин нь О.Д-гийн эзэмшил, өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн хэдий ч С.О-ын эзэмшил, ашиглалтад байдаг талаар гэрч Э.Наранбаяр, иргэний нэхэмжлэгч нар мэдүүлсэн баримттай, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч, ашиглагч С.О-ын зөвшөөрснөөр шүүгдэгч нь осол болох тухайн цаг хугацаанд жолоодон явсан нь тогтоогдсон тул С.О-ыг /хэргийн 68х/ 2019 оны 01 сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт иргэний харицагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтыг зөрчөөгүй, хуулийн үндэслэл бүхий байна.

 

“Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан тул уг зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.М-эд шилжүүлэн өгсөн иргэний хариуцагч С.О нь хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ. 

 

Иймд амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 16.381.828 /арван зургаан сая гурван зуун наян нэгэн мянга найман зуун хорин найм/ төгрөгийг иргэний хариуцагч С.О-аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хариуцагч С.О нь шаардлагатай гэж үзвэл гэм буруутай этгээд Э.М-ээс өөрт учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан  сэтгэл санааны хохирол болон насанд хүрээгүй бага насны 4 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй орхиж, шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч ханган, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “...гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон О.Д хариуцан арилгах ёстой, түүнээс хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт саналыг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.  

 

Шүүгдэгч Э.М нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 11х/, шүүхийн шийтгэх тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт зэрэг баримтууд /хэргийн 21-22х, 24-25х, 26х/ тус тус авагдсан ба “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул түүний урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялаа биеэр эдэлж дуусгасан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан, шүүгдэгч Э.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтов. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

  ТОГТООХ нь:

 

1. Х овогт Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М-эд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч С.О-аас 16.381.828 /арван зургаан сая гурван зуун наян нэгэн мянга найман зуун хорин найм/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суудаг гэх, Ц овогт М-ын Г-т олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн байримтаар тооцогдож, хэрэгт хавсарган ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн 1803 0079 40170 дугаартай хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Э.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус  давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дотор гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.М-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД