| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2016/00397/И |
| Дугаар | 130/ШШ2016/00579 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2016/00579
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын *** дугаар багт оршин суух, ******регистрийн дугаартай, Н овогт Х Бын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А , хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 54 настай, эмэгтэй. Тусгай дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй. 1986 оноос одоо хүртэл 30 жил Сагсай сумын бүрэн дунд сургуульд бага ангийн багш, дотуур байранд хүмүүжүүлэгчээр ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл би өөрөө оны сүүлээр сайн дураараа тэтгэвэрт гарахаар төлөвлөж, 2015 онд тэтгэмжийн захиалга өгсөн байсан. Гэтэл ирсэн тэтгэмжийн мөнгийг хүсэлт өгөөгүй байгаа миний дансанд шилжүүлэн өгч надад мэдэгдэлгүйгээр тэтгэврийн насанд хүрээгүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг болон Төрийн албаны тухай хуулинд заасан ... өөрөө хүсвэл 55 насанд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд намайг ажлаас чөлөөлсөн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Т.Мын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, намайг хуучин ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сагсай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сагсай сумын иргэн Х Бын тус шүүхэд "ажилд эгүүлэн томилуулахыг даалгах" тухай гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, Сагсай сумын бүрэн дунд боловсролын сургуулийн захирал М би дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Х.Б нь тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй 30 гаруй жил тус сургуульд багшаар ажилласан хүн байдаг.
2. Х.Быг тус сургуулийн захирал байсан Т.М нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б/29 дугаартай тушаалаараа өндөр насны тэтгэвэрт гаргаж, ажлаас нь чөлөөлсөн байна. Юуг, ямар хуулийн заалтыг үндэслэж тэтгэвэрт гаргасныг би сайн ойлгохгүй байна,
3. Х.Б нь хэрэгт авагдсан баримтаар 2014 онд тэтгэмжийн мөнгийг авах хүсэлт гаргаад сургуулийн захиргаанд өгч захирал нь дээшээ харьяаллаар нь уламжлан уг тэтгэмжийн мөнгийг нь аваад өгсөн байх юм. Тэгсэн мөртлөө тухайн үед Х.Быг тушаал гаргаж ажлаас нь чөлөөлж. тэтгэвэрт гаргаагүй байхад тэтгэмж олгосон байх юм. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна гэж үзэж байна.
4. Сургуулийн захирал нь Х.Быг хүсэлтээр нь тухайн үед тэтгэвэрт гаргах тушаал гаргаад энэ тушаалын хувийг холбогдох дарга удирдлага нарт өгч танилцуулж тэтгэмж авч өгөх ёстой баймаар гэж би ойлгодог,
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт болон ихэнх тохиолдолд 4 хүүхэдтэй 55 нас хүрсэн эмэгтэй 20 жил улсад ажилласан тохиолдолд тэтгэвэрт гарах эрхтэй болдог. Гэтэл Х.Быг 1962 оны 09 дүгээр сарын 08-нд төрсөн гэж хэрэгт авагдсан баримтад /цахим үнэмлэх/ бичигдсэн байх ба Х.Б нь одоо дөнгөж 54 нас хүрч байгаа юм байна. Би өөрөө шинээр томилогдсон болохоор Х.Быг ажлаас чөлөөлж тэтгэвэрт гаргасныг зөв, буруу болжээ гэж дүгнэж тайлбарлаж чадахгүй байна. Миний бодлоор иргэн хүн эрх нь зөрчигдөж хохирох ёсгүй. Иймд шүүх шударгаар шийдвэрлэнэ гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 54 настай. Сагсай сумын бүрэн дунд сургуульд 30 жил ажилласан. Эмэгтэй хүний тэтгэвэрт гарах нас нь 55 нас байдаг бөгөөд манай сургуулийн захирлаас 50 нас хүрсэн хүмүүс 36 сарын тэтгэмжинд захиалга өгч болно гэсний дагуу 36 сарын тэтгэмжийг авах хүсэлт гаргаж өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр тэтгэмж ирэхэд та нар хүсэлтээ өгөөд мөнгөө аваарай гэсэн. Тэгэхэд энэ тэтгэмжээ авчхаад 55 нас хүртэл ажиллаж байгаад тэтгэвэрт гарч болох уу гэхэд болно гэсэн. Дараа нь хүмүүсээс сонсоход таны тушаал гарсан байна гэсэн. Ямар тушаал гарсан юм вэ гэсэн чинь таныг ажлаас гаргасан тушаал байна гэсэн. Тэгээд тушаалаа аваад уншсан чинь энэ хүн тэтгэмжээ авчихсан, мөн нас нь хүрсэн тул өндөр насны тэтгэвэрт гаргаж байна гэсэн агуулгатай тушаал байна. Би 55 нас хүрээгүй. Яагаад намайг ажлаас гаргаж байгаа юм вэ гэхэд захирал юу ч хэлээгүй. Би дахин нэг жил ажиллаж байгаад тэтгэвэрт гаръя гэсэн өргөдөл өгсөн. Гэхдээ тэтгэвэрт гарна гэж өргөдөл өгөөгүй. Зөвхөн 36 сарын тэтгэмжийг л авах хүсэлт өгсөн. Тэгээд намайг ажлаас гаргаад миний оронд өөр хүнийг ажилд авсан гэв.
Хариуцагч Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал М.М шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Х.Б нь тусгай дунд боловсролтой, Сагсай сумын бүрэн дунд сургуульд 30 жил ажилласан ахмад багш юм. Энэ хүнийг урьдах захирлын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 тушаалаар өндөр насны тэтгэвэрт гаргаж ажлаас чөлөөлсөн байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд ямар хуулийн заалтыг яаж хэрэглэснийг сайн ойлгохгүй байна. Х.Б нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2014 онд тэтгэмжийн мөнгийг авах хүсэлтээ гаргаж сургуулийн захиргаанд өгсөн байна. Энэ хүн тэтгэмжээ аваад дараа нь тэтгэвэрт гараагүй байхад ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Үүнийг би сайн ойлгохгүй байна. Би урьд нь сургуулийн захирал хийж байхад тэтгэвэрт гарах гэж байгаа хүнийг судлаад тэтгэврийг тогтоолгоод дараа нь тэтгэмжийг нь өгдөг байсан. Одоо тэр хууль өөрчлөгдсөн болов уу гэж бодож байна. Тийм учраас энэ дээр сайн хариулт өгч чадахгүй байна. Энэ хүний өгсөн өргөдлийг авч үзэхэд би 55 нас хүрээгүй, 54 настай гэж байгаа нь ямар учиртай юм вэ гэдгийг ойлгохгүй байна. Ямар ч байсан шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлнэ. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Б нь Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хуучин ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Быг Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 дугаартай Х.Быг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 201.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дэх заалтуудыг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тул 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д заасан эрх үүргийнхээ дагуу Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал нь холбогдох хууль тогтоомжийг баримтлан эрхийн акт гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгч Х.Б нь би өөрөө оны сүүлээр сайн дураараа тэтгэвэрт гарахаар төлөвлөж 2015 онд тэтгэмжийн мөнгө авах захиалга өгсөн байсан. Гэтэл ирсэн тэтгэмжийн мөнгийг хүсэлт өгөөгүй байхад миний дансанд шилжүүлэн өгч надад мэдэгдэлгүйгээр тэтгэврийн насанд хүрээгүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байна гэж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны шатанд тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Х.Б нь тэтгэвэрт гарах талаар өөрөө хүсэлт гаргаж, тэтгэмжийн мөнгийг бүрэн авсан нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Сагсай сумын БДС-н захирал Т.М танаа өргөдөл бичиж хүсэх нь тус сургуулийн бага ангийн багш Х.Б миний бие 1962 онд төрсөн, 53 настай, ам бүл 9, 1986 онд Архангай аймгийн БНБС-н бага ангийн мэргэжлээр төгсөж улмаар боловсролын салбарт тасралтгүй 29 жилдээ ажиллаж байна. 8 хүүхэд төрүүлж өсгөсөн, эхийн алдар 1, 2 зэргийн одонтой. Боловсролын яамны жуух бичигтэй. Улс нийгэм, боловсролын салбарт хөлс хөдөлмөрөө шингээсэн ахмад багш юм. Миний бие 2014 оны 6-р сард зохих хууль тогтоомжийн дагуу, 36 сарын ажилласан жилийн тэтгэмжид хамруулан, улмаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан юм. Иймд миний тэтгэмжийг дахин хянан захиалгад оруулж өгч тусална уу, өргөдөл гаргасан Х.Б гэж,
2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн өргөдөлд Миний бие Б Сагсай сумын Ахлах сургуульд 1986 оноос эхэлж багшаар 30 жил ажилласан бөгөөд 2015 оны эцэст өндөр насны тэтгэвэрт гарах захиалга өгсөн ба авах ёстой мөнгөнөөс 8-р сарын төсөвт 6000000 төгрөг ирсэн байна. Тийм учраас танаас хүсэх нь хувийн хэрэгцээнд мөнгө хэрэгтэй болсон тул урьдчилгаа болгож тэтгэмжийн мөнгөнөөс зургаан сая төгрөгийг гаргаж өгнө үү, өргөдөл гаргасан Б гэж,
2016 оны 02 дугаар сарын 22 өдөр Миний бие Б Сагсай сумын Ахлах сургуульд 1986 оноос эхлэн хүмүүжүүлэгч багшаар 30 жил ажилласан бөгөөд 2015 оны эцэст өндөр насны тэтгэвэрт гарах захиалга өгсөн ба авах ёстой мөнгөнөөс 2-р сарын төсөвт 3000000 төгрөг ирсэн байна. Тийм учраас танаас хүсэх нь хувийн хэрэгцээнд мөнгө хэрэгтэй болсон тул урьдчилгаа болгож тэтгэмжийн мөнгөнөөс гурван сая төгрөгийг гаргаж өгнө үү, өргөдөл гаргасан Б гэж тус тус сургуулийн захиргаанд өргөдөл болон хүсэлтээ гаргаж байсан ба иргэн Х.Б нь өөрийн хүсэлтээр 2015 оны жилийн эцэст өндөр насны тэтгэвэрт гарах захиалга өгч, захиалгын дагуу тэтгэмжийн мөнгөө бүрэн авсан нь тооцоо хийсэн ня-бо С.Х, Ш Санхүү албаны дарга Х.Н нарын гарын үсэг зурж баталгаажуулсан Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5-д заасан тэтгэмж авах багш, бусад албан тушаалтнуудын тэтгэмжийн төсвөөр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.Б нь өндөр насны тэтгэвэрт гарах захиалга өгч өргөдөл гаргасны дагуу тухайн сургуулийн захирал болон эрх бүхий этгээд Боловсрол соёлын газрын дарга, төсөв, санхүүгийн ахлах мэргэжилтэн нарт уламжилж, улмаар уг хүсэлт төсвийн төсөл, саналд тусгагдсан болохоор Х.Бын өндөр насны тэтгэвэрт гарах захиалгын дагуу тэтгэмжийн мөнгө нь ажиллаж байсан сургуулийн дансанд орж ирснээр нэхэмжлэгч Х.Бт олгогдсон байна. Нэхэмжлэгч Х.Б нь энэ талаар буюу тэтгэмжийн мөнгөний талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч Х.Б нь өндөр насны тэтгэвэрт гарах захиалга өгөөгүй байсан бол уг мөнгө нь орж ирэхгүй байх байсан ба тэтгэвэрт гарахгүй, тэтгэмжийн мөнгийг авахгүй гэж татгалзах эрх нь нээлттэй байхад нэхэмжлэгч Х.Б өөрөө татгалзаагүй, тэтгэмжийн мөнгийг авч хувьдаа хэрэглэсэн гэж хэлж байсныг дүгнэхэд өөрөө тэтгэвэрт гарна гэсний дагуу эрх бүхий этгээд эрхийн акт гаргасан байна гэж үзлээ.
Ажилтан өөрийн санаачилгаар өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг гаргахад ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан байна гэж үзлээ.
Мөн Сагсай сумын бүрэн дунд сургуулийн захиралд Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаартай, Баян-Өлгий аймгийн Боловсрол, Соёлын газрын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай албан бичгүүдээр өндөр настны тэтгэвэрт гарах захиалга өгч тэтгэмжийн мөнгийг авсан багш ажилчдыг 2016 оны 2 дугаар сарын 20-ний хүртэл ажлаас нь чөлөөлж хариу ирүүлэхийг мэдэгдье гэсэн албан бичгүүдийг хүргүүлж байсан байна.
Нэхэмжлэгч Х.Б нь захирал мөнгө авч ажиллаж байж болно гэсний дагуу тэтгэмжийн мөнгөө авч үргэлжлүүлэн ажиллана гэж ойлгосон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Х.Б нь өөрөө сайн дураар 2015 оны эцэст өндөр насны тэтгэвэрт гарна гэж 2015 онд тэтгэмжийн мөнгө авах захиалга өгсөн байдаг юм байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ... бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж хуульчилсан байна.
Иймд Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хуучин ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Бын шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Бын Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хуучин ажилд эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН