Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01739

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04895 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

 

2019 оны 04 сарын 18-ны өдрийн 19/011 дугаар гэрээнээс татгалзаж, үр дагаварт орон сууц, автомашины зогсоол гаргуулах, 2019 оны 02 сарын 02-ны өдрийн гэрээний үлдэгдэл 4,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн 32,265,100 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

*******, ******* нар *******-тай 2019 оны 04 сарын 18, 02 сарын 20-ны өдөр таун хаус/твин хаус захиалгаар барих гэрээ байгуулсан. Улмаар бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг ихэсгэж, түүний хажууд 36.05 м.кв хэмжээтэй, хоёр ширхэг автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэмж захиалан бариулсан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгөд *******, ******* нар амьдарч байна. Тухайн үед захиалагч *******ыг төлөөлж түүний нөхөр ******* гэрээнд гарын үсэг зурж, захиалга өгсөн ч твин хаус захиалгаар бариулах 19/011 дугаартай гэрээ болон автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлөх үүргийг шаардахад ******* гэрээгээр үүссэн үүргийг хүлээн зөвшөөрөөгүй.

Харин 2019 оны 02 сарын 20-ны өдөр таун хаус захиалгаар барих гэрээний үнэ төлөх үүргээс 4,300,000 төгрөгийг төлөөгүй үлдсэн. Төлбөрөө төлөхийг *******аас шаардахад гүйцэтгэхээс татгалзсан ба твин хаус захиалгаар бариулах 19/011 дугаартай гэрээгээр бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн хажууд хоёр ширхэг, автомашины зогсоолыг нэмж захиалан бариулсан хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийг бүрдүүлсэн тул гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, өгсөн авснаа буцаан гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба өөрөөр хэлбэл захиалагч нар төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж гэрээгээ цуцлах буюу гэрээнээс татгалзаж, ******* дүүрэг, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, *******, 102 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууц, ******* дүүрэг, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, *******, тус бүр 36,05 м.кв талбайтай, хоёр ширхэг, автомашины зогсоолыг буцаан гаргуулах, 2019 оны 02 сарын 20-ны өдрийн гэрээний төлбөрөөс төлөөгүй үлдсэн 4,300,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:

*******, ******* нар *******-тай 2019 оны 04 сарын 18-ны өдөр твин хаус, 2019 оны 02 сарын 20-ны өдөр таун хаус бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд 2019 оны 10 сард гүйцэтгэгч тал 100 хувь бүрэн ашиглалтад оруулж түлхүүр хүлээлгэж өгөхөөр байгуулсан. Энэ хоёр гэрээ нийт 364,000,000 төгрөгийн өртөгтэй бөгөөд төлбөрийг 100 хувь бартерын нөхцөлтэйгөөр төлөх байсан. Гүйцэтгэгч тал 2020 он дуусахад гэрээний үүргээ биелүүлээгүй. Бид энэ үед удаа дараа уулзалт хийж барилга барихыг шаардаж байсан бөгөөд гүйцэтгэгч тал мөнгөгүй, зээл хөөцөлдөж байгаа гэх хариуг өгдөг байсан. Иймд бид арга буюу өөрсдөө мөнгөө гаргаж 2021 оны 03 сараас барилгаа үргэлжлүүлэн бариулж эхэлсэн. 2022 оны 08 сар гэхэд биднээс 359,700,000 төгрөгийн барилгын материал, бэлэн мөнгө, бартерын гэрээний дагуу цонх авсан боловч барилгын халаалт, гадна тохижилт зарим засварын ажил дутуу байсан. Бид энэ ажлаа дуусгаж байж үлдэгдэл 4,300,000 төгрөгөө ав гэж хэлсэн боловч гүйцээж өгөлгүй алга болсон. Хэрэв барилгыг 100 хувь гүйцээн барьж хүлээлгэж өгвөл бид үлдэгдэл 4,300,000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэдгээ хэлж байсан.

Анх гэрээ байгуулахад энэ үнийн дүнд хаус тус бүрийн хажууд зургийн дагуу нэг нэг автозогсоол баригдана, тусад нь гэрээ хийх шаардлага байхгүй гэж хэлсэн. Хоёр дулаан автозогсоол нэмж захиалан бариулсан гэдэг нь ор үндэслэлгүй бөгөөд анхны үзүүлсэн зургийн дагуу баригдсан гарааш юм.

Иймд энэхүү гараашууд дээр тусдаа ямар нэг гэрээ хэлцэл байгуулагдаагүй бөгөөд анх тохирсон үнэд багтсан тул тусдаа үнэ төлөх үндэслэл байхгүй. Иймд үндсэн гэрээнээс тусдаа автозогсоол захиалан бариулах хэлцлээс татгалзах гэсэн ойлголт яригдах боломжгүй байна.

Твин болон таун хаус захиалгаар барих гэрээний дагуу захиалагч гүйцэтгэгчид 364,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд үүнээс давуулан 391,463,700 төгрөгийг мөнгөөр болон барилгын материал, цонх нийлүүлэх зэргээр гүйцэтгэгчид төлсөн. Энэхүү тооцоонд ороогүй зарлага, мөнгө хүртэл байгаа. Иймд захиалагч нар гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй, биелүүлсээр ирсэн тул твин хаус захиалгаар барих 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 19/011 дугаар гэрээг төлбөр төлөөгүй, татгалзсан гэсэн үндэслэлээр цуцлах боломжгүй. Мөн хариуцагч нар төлбөр төлөх үүргээ аль хэдийн биелүүлсэн тул таун хаус захиалгаар барих гэрээний үлдэгдэл төлбөр 4,300,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Таун хаус захиалгаар барих гэрээний 3.1-т гүйцэтгэгч тал орон сууцыг 2019 оны 04 дүгээр улиралд багтаан иж бүрэн, чанар, стандартын дагуу барьж дуусган улсын комиссын зөвшөөрлөөр ашиглалтад оруулна, гэрээний 3.4-т гүйцэтгэгч тал орон сууцыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх акт үйлдэн 2.10-т заасны дагуу захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгнө хэмээн заасны дагуу ******* хаусуудыг 2019 онд ашиглалтад оруулж, түлхүүр хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Тус компани 2020 он гэхэд энэхүү үүргээ биелүүлээгүй. Улмаар хариуцагч нар арга буюу өөрсдөө мөнгө гаргаж хаусыг бариулж эхэлсэн. Мөн одоог хүртэл хаусанд халаалтын тогоо тавьж өгөөгүй буюу халаалтын асуудал шийдэгдээгүй, гадна тохижилтын ажлаа хийж өгөөгүй байдаг /одоо байгаа тохижилтыг хариуцагч нар өөрсдөө хийсэн/.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш нэг ч удаа энэ талаар мэдэгдээгүй атлаа гэнэт шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээг цуцална гэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Гүйцэтгэгч тал 2020 он дуусахад гэрээний үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нар удаа дараа хариуцагч компанитай уулзалт хийж барилга барихыг шаардаж байсан бөгөөд гүйцэтгэгч тал мөнгөгүй байна, зээл хөөцөлдөж байгаа гэх хариу өгдөг байсан. Иймд хариуцагч нар арга буюу өөрсдөө материал худалдан авч, мөнгө гаргаж, 2021 оны 03 сараас барилгаа үргэлжлүүлэн бариулж эхэлсэн. 2023 оны 08 сар хүртэл нэхэмжлэгч нар барилгын материалд 53,684,000 төгрөг, дээрх гэрээнүүдийн 2.2-т заасан ******* болон тус гэрээнд заагдаагүй боловч тус компани шилжүүл гэсний дагуу *******гийн данс руу *******, *******, мөн хүргэн дүү ******* нар дансаар нийт 261,140,000 төгрөг шилжүүлсэн, дээрх гэрээний дагуу тохиролцсоноор бартераар 76,639,700 төгрөгийн үнийн дүн бүхий цонх нийлүүлж нийт 391,463,700 төгрөгийг хариуцагч компанид төлсөн.

Иймд анхны тохиролцоогоор төлөх байсан 364,000,000 төгрөгөөс 391,463,700 төгрөг төлж, 27,463,700 төгрөгийг илүү төлсөн бөгөөд мөн дутуу тооцсон төлбөрөө нэмэгдүүлсэн тул хариуцагч *******-аас 32,265,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулаад хэд хэдэн дансны хуулгыг хэрэгт гаргаж өгсөн. Сөрөг нэхэмжлэлд илүү төлсөн мөнгө нь манай хүлээж авсан мөнгөнөөс зөрж байгаа. Мөн дээрээс нь шилжүүлсэн гэж байгаа баримтаас 52,485,400 төгрөгийн бараа материал, 72,699,700 төгрөгийн цонх нийлүүлсэн, 20,000,000 төгрөг, 40,000,000 төгрөг гээд дансаар мөнгө шилжүүлж нийт 396,365,100 төгрөг болсон гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь хоёр гэрээг бичгээр байгуулсан. Үүнээс нэг гэрээнийх нь үүргийг бүхэлд нь биелүүлээгүй. Мөн дээрээс нь нэмж авсан одоо зогсоолын төлбөрийг төлөхгүй гэж татгалзсан учраас гэрээг цуцлаад тухайн үеийн биелэлтээ буцааж гаргуулахаар шаардаж байгаа. Гэтэл эднийх энэ үнээ бүхэлд нь одоо төлөөд нэмээд мөнгө төлсөн учраас илүү төлсөн мөнгөө гаргуулаад авчихъя гэж нэхэмжилж байна. Энэ нь манай нэхэмжлэл болон түүнд хавсаргаж өгсөн нотлох баримттай таарахгүй, мөн дээрээс нь өөрсдийнх нь гаргаж өгсөн нотлох баримтад шаардлага хангахгүй баримтууд байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т *******гийн данс руу мөнгийг шилжүүлэх, бусад хүмүүс рүү шилжүүлсэн мөнгийг төлсөнд тооцохгүй гэж тохирсон. Гэтэл *******гийн данс руу шилжүүлсэн мөнгийг төлбөр төлсөн гэж тооцоонд оруулж байгааг зөвшөөрөхгүй. Мөн 2020 оны 05 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр ******* /*******ын хүргэн дүү/ 20,000,000 төгрөгийг *******д зээлүүлсэн гэх зээлийн гэрээ гарч ирсэн. Тэр гэрээний дагуу *******ын *******гийн данс руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн гэж үзэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нарын хооронд байгуулсан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 19/011 дугаартай гэрээнээс татгалзаж, ******* дүүрэг ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, *******, 102 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн хаягт байрлах хоёр давхар, тус бүр 36.05 м.кв талбайтай, хоёр ширхэг, автомашины зогсоолыг буцаан гаргуулах, таун хаус захиалгаар барих 2019 оны 02 сарын 20-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 4,300,000 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг, *******-аас илүү төлсөн 32,265,100 төгрөг буцаан гаргуулах тухай *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,252,300 төгрөг, хариуцагч *******, ******* нарын төлсөн 403,600 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон. Талуудын хооронд 2019 оны 02 сарын 20-ны өдөр байгуулагдсан Таун хаус захиалгаар барих гэрээний үнэд 4,300,000 төгрөг дутуу төлснөө мэдэж, хүлээн зөвшөөрдөг боловч барилгыг 100 хувь бариагүй гэх үндэслэлээр татгалзлаа тайлбарласан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөр төлөх үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэх тайлбарын үндэслэл болсон үйл баримт үүгээр няцаагдаж байна. Мөн гэрээгээр захиалан бариулах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хажууд автомашины зогсоол байгаа тул тусдаа гэрээ байгуулагдах шаардлагагүй гэж тайлбарлах боловч талуудын хооронд 2019 оны 02 сарын 20-ны өдөр байгуулагдсан Таун хаус захиалгаар барих болон 2019 оны 04 сарын 18-ны өдөр байгуулагдсан Tвин хаус захиалгаар барих гэрээний 1.2-т тус бүр 102 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүтээн байгуулах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд энэ нь гэрээний гол нөхцөл болно.

Тиймээс дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад тус бүр нь 102 м.кв талбайн хэмжээтэй орон сууцны зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулахаас гадна автозогсоолын зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах үүргийн харилцааг зохицуулаагүй тул дээрх гол нөхцөлөөс гадна автозогсоолыг барьж хүлээлгэн өгөх үүргийг тус гэрээгээр талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дээрх үйл баримт тогтоогдохгүй байхад эсрэгээр нь нотлогдсонд тооцож дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.2. Нотлох баримтыг буруу үнэлсэн. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар гүйцэтгэгчээс тус бүр нь 102 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинээр бүтээн байгуулж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй нь тогтоогдсон. Харин тэдгээр 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг нийлүүлэн 1 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөр хариуцагч бүртгүүлсэн нь улсын бүртгэлийн хувийн хэргийн хуулбараар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч тэдгээрийг нийлүүлэн 1 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болгосныг нотлох баримтгүй байтал шүүх буруу дүгнэж шийдвэрлэсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн *******, ******* нарын эзэмшлийн дансны гүйлгээний хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагыг хангаагүй.

Дансны гүйлгээний хуулгын зарим нь банкны теллерийн тэмдэг дарсан нь нотлох баримтын шаардлага хангасан боловч энэ нь банкны теллерийн тэмдэггүй бусад хуулгын нотлох баримтын шаардлагыг хангуулахгүй. Гэтэл хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Бодит байдал дээр хаус байгаа газарт үзлэг хийсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тухайн газар дээр зөвхөн 1 хаус байгаа талаар тодорхой тусгагдсан. Иймд хариуцагч талын гаргасан тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч тал энэ талаар мэдэж байгаа атлаа зориудаар талуудын хооронд 2 гэрээ байгуулагдсан, бид 2 хаус барьж хүлээлгэж өгсөн гэж маргадаг. Гараашийн тухайд анх гэрээ байгуулахдаа хаус тус бүрд гарааж дагалдаж байгаа, гараашийн үнэ хаусын үнийн дүнд багтаж байгаа учир тусдаа гэрээ, хэлцэл байгуулах шаардлагагүй гэж үзэж 1 гэрээ байгуулсан. Талуудын хооронд ийм хэлцэл хийгдээгүй бөгөөд нэмэлтээр гарааш захиалан бариулсан гэх баримт хэрэгт огт байдаггүй. Манай компани төлбөр төлсөн гэдгээ нотлох зорилгоор тоон гарын үсэгтэй болон ХААН банк ХК-ийн тамга дарагдсан банкны дансны хуулгуудыг хэрэгт өгсөн, тухайн баримтыг хуульд заасан тоон гарын үсэг эзэмшигчээс авсан учир нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж байна. Эхний гэрээнээс 4,300,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр үлдсэн гэж тайлбарладаг боловч ямар тооцоог үндэслэж байгаа нь тодорхойгүй байдаг. Анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн нотлох баримтыг ******* болон *******гийн данс руу ийм хэмжээний мөнгө орсон байна гэх байдлаар нэг бүрчлэн тулгасан. Гэвч тухайн үед ийм хэмжээний мөнгө манай компанийн данс руу ороогүй талаар огт яриагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 19/011 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай ******* 102 м.кв, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах тус бүр 36.05 м.кв 2 ширхэг автозогсоол, 2019 оны 02 сарын 20-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 4,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа өөрчилж,

2019 оны 04 сарын 18-ны өдрийн 19/011 дугаар гэрээг цуцалж, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай ******* 102 м.кв, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах, мөн хаягт байрлах тус бүр 36.05 м.кв 2 ширхэг автозогсоолыг захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээний зүйлийг буцаан гаргуулах, 2019 оны 02 сарын 20-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 4,300,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан ба маргаж буй үндэслэлтэйгээ холбогдуулж гэрээгээр тохиролцсон төлбөрөөс илүү төлсөн 30,865,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

4. *******, ******* нар 2019 оны 02 сарын 20-ны өдөр Таун хаус захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* байр, *******, 102 м.кв талбайтай, 3 өрөө барилгыг хавсралт 1-т заасан зургийн дагуу барьж гүйцэтгэн, 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах, ******* нь 204,000,000 төгрөгийг төлөх, төлбөрт бартер буюу цонх оруулах, төлбөрийг *******гийн ХААН банкны дансанд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон. /1хх6-10/

 

Мөн ******* нь *******ыг төлөөлж түүний эхнэр *******тай 2019 оны 04 сарын 18-ны өдөр Твин хаус захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* байр, 2 давхар, 102 м.кв талбайтай, 3 өрөө барилгыг хавсралт 1-т заасан зургийн дагуу барьж, 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах, ******* 160,000,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /1хх-12-17/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

 

5. Талууд хоёр тусдаа гэрээ байгуулж хоёр үл хөдлөх эд хөрөнгийн талаар тусгасан боловч гэрээнд заасан хавсралтуудыг ирүүлээгүй бөгөөд бодит байдалд тухайн барилга нь нэг орон сууц, автомашины гарааш бүхий нэг үл хөдлөх эд хөрөнгө болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, орон сууцны гадна байдлыг харуулсан гэрэл зураг, мөн *******ХХК-ийн гаргасан барилгын талбайн хэмжээний талаар дүгнэлтэд 1 давхрын байгуулалт: өрөө 45.82 м.кв, гал тогоо өрөө 43.19 м.кв, ариун цэврийн өрөө 7.25 м.кв, шат 5.38 м.кв, гарааш 24.44 м.кв, гарааш 25.15 м.кв гэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 сарын 28-ны өдрийн тэмдэглэлд тус хаягт ирэхэд хоёр өөр тус бүр нь 102 м.кв талбайтай орон сууцыг 1 орон сууц болгон нийлүүлэн засварлаж салгах боломжгүй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө байсан, уг орон сууцыг анхнаасаа 1 орон сууцны зориулалттай барьсан гэснийг мөн тэмдэглэв гэж тус тус тусгагдсан байдал, хэмжилтийн зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нар нь ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай, 276.4 м.кв талбайтай, амины орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгджээ. /3хх-35-96/

Нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээнээс гадна 2 ширхэг гарааш бариулах нэмэлт гэрээ байгуулсан, энэ талаар тусгайлан тохиролцсон гэх тайлбар гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, түүнчлэн үндсэн гэрээ хэрэгжих явцад буюу 2019 оноос 2021 онуудад гарааш барилах нэмэлт хэлцэл хийж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймээс 2019 оны 02 сарын 20-ны өдрийн Таун хаус захиалгаар барих гэрээ, 2019 оны 04 сарын 18-ны өдрийн Tвин хаус захиалгаар барих гэрээгээр талууд нийт 364,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий, хоёр давхар орон сууцны зориулалттай барилгыг автомашины гараашийн хамт гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэж үзэх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

 

6.1. Гэрээнд зааснаар гүйцэтгэгч нь барилгын ажлыг гүйцэтгэн 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах, мөн талууд акт үйлдэж ажлын үр дүнг хүлээлцэхээр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж, хариуцагч нар нь нэхэмжлэгчийг 2020 он дуусахад гэрээний үүргээ биелүүлээгүй, удаа дараа уулзалт хийж ажлаа дуусгахыг шаардсан, мөнгөгүй, зээл хөөцөлдөж байгаа гэх хариу өгдөг байсан, хариуцагч нар өөрсдөө материал худалдан авч, мөнгө гаргаж, 2021 оны 03 сараас барилгаа үргэлжлүүлэн бариулж 2021 оны 08 дугаар сард дуусгасан гэж тус тус тайлбарласан.

Нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн болохоо нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагчийн тайлбарт барилгын халаалт, гадна тохижилт, зарим засварын ажил дутуу байсан гэж дурдсан ба уг тайлбарыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үгүйсгээгүй.

Энэ тохиолдолд хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх ба нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй.

 

6.2. Гэрээний 1.3, 2.1, 2.2-т зааснаас үзэхэд талууд ажлын хөлсийг мөнгө болон бараа бүтээгдэхүүнээр харилцан тооцож төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд анхан анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагч нарын төлсөн төлбөрийн хэмжээг 324,189,700 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй.

Тодруулбал анхан шатны шүүх хэрэгт авагдсан төлбөрийн баримт, дансны хуулгыг үндэслэн ажлын хөлсөнд *******, ******* нарын данснаас *******, ******* нарын дансанд нийт 247,640,000 төгрөг шилжүүлсэн, 76,549,700 төгрөгийн цонх нийлүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

6.3. Хариуцагч нар нь гэрээгээр тохиролцсон 364,000,000 төгрөгөөс илүү төлсөн гэх үндэслэлээр 32,265,100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх *******ын данснаас *******д шилжүүлсэн гэх 20,000,000 төгрөгийг маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамааралгүй, мөн 52,085,400 төгрөгийн барилгын материал худалдан авсан гэх зарлагын баримтууд гаргасан боловч тухайн барилгын материалыг гэрээт ажилд ашигласан эсэх нь тодорхойгүй гэж дүгнэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

7. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч барилгын халаалт, гадна тохижилтын ажил дутуу хийсэн, үүнтэй холбоотойгоор хариуцагч нар ажлын хөлс дутуу төлсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 19/011 дугаар гэрээг цуцлахаар шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасанд нийцээгүй.

Тодруулбал Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх ба нэхэмжлэгч дээр дурдсанаар ажлын тодорхой хэсгийг гүйцэтгээгүй энэ нөхцөлд хариуцагч нарыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймээс ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай ******* 102 м.кв, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нараас буцаан гаргуулах үндэслэлгүй.

Түүнчлэн дээр дүгнэсэнчлэн талуудын хооронд гарааш захиалан бариулах талаар тусгайлан гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан гарааш захиалан бариулах гэрээг цуцалж, гэрээний зүйлийг буцаан гаргуулах шаардлага мөн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч гүйцэтгэгч талын үүргийн гүйцэтгэл, түүний хэмжээг зөв тогтоож чадаагүйгээс тус маргаанд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг дээрх байдлаар залруулж дүгнэнэ.

 

8. Харин 2019 оны 02 сарын 20-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 4,300,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хариуцагч тал уг дүн төлөгдөөгүй болохыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасныг анхаараагүй, түүнчлэн хариуцагч талыг ажлын хөлс бүрэн төлөөгүй гэж дүгнэсэн атлаа шүүх тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ талаарх хэсгийг хангаж, хариуцагч нараас 4,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хариуцагч талын гаргасан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан цахим гарын үсгээр баталгаажиж, баримтын хуудас тус бүр цахим баримтын мета дата буюу өгөгдлийн мэдээлэл тусгагдсан байх тул тус баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04895 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 4,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 19/011 дугаартай гэрээнээс татгалзаж, ******* дүүрэг ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах, *******, 102 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн хаягт байрлах хоёр давхар, тус бүр 36.05 м.кв талбайтай, хоёр ширхэг, автомашины зогсоолыг буцаан гаргуулах хэсгийг болон нэхэмжлэгч *******-д холбогдох 32,265,100 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 83,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,252,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН