| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0212/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2019-08-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0212/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Э холбогдох 193900............... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Э нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт иргэн Х.Төрмөнхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Х.Төрмөнхийн өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 12-нд манай эхнэрийн үеэл болох Энхгэрэлийн гэрт манай гэр бүл болон манай баз хүргэн Мөнх-Эрдэнийн гэр бүл очиж наадамласан юм. Тэгээд Энхгэрэлийн баз хүргэн болох М.Э гэрт очиж ямаа боож идэнгээ наадам тэмдэглэсэн юм. Тэгээд бид тодорхой хэмжээнд архи ууцгаасан бөгөөд тэгээд эмэгтэйчүүд нь сумын төв рүү явсан бөгөөд би түрхэн зуур зүүрмэглэх хооронд Мөнх-Эрдэнэ, Э нар маргалдаад барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгаад 2 тийшээ түлхэтэл Мөнх-Эрдэнэ унаад өгсөн тэгээд би татах гэтэл хажуунаас Эрхэмбилэгт цохиод авсан тэгээд би цаашаа юу болсоныг сайн санахгүй байна.Тухайн үед Энхгэрэл хэлэхдээ гадаа явж байхад чинь Э унагаагаад дээрээс чинь цохиод Мөнх-Эрдэнэ салгасан гэж хэлсэн. Э нь тэр оройдоо манай эхнэрт танай нөхөртэй чинь би огт муудаагүй Мөнх-Эрдэнэ бид хоёрын дундуур ороод цохиулчихсан гэж хэлсэн байсан. Тэгээд тэр шөнөдөө аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн цус хуралт нь хаанаасаа гэдэг нь тодорхойгүй байна яаралтай гэмтэл рүү яв гэж хэлсэн тэгээд бид нар Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн...Мөнх-Эрдэнэ бид 2 Э бодвол арай их уусан тэгэхдээ болсон явдлыг санахтайгаа байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуу/
Гэрч М.Гүнсэлмаагийн өгсөн...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Э гэрт хэдэн гэр бүлийнхэн цугларч ямаа боож идэж ууцгаасан юм. Тэнд Э гэр бүл, Мөнх-Эрдэнийн гэр бүл, Төрмөнхийн гэр бүл үлдсэн бөгөөд тэнд идэж ууж байгаад орой 18 цагийн орчимд Э Мөнх-Эрдэнэ, Төрмөнх гурвыг гэрт үлдээгээд эхнэр хүүхдүүд нь нийлээд сумын төв рүү ойр зуур юм авахаар яваад 30-40 орчим минут болоод ирэхэд Мөнх-Эрдэнэ Төрмөнхийг сугадаж түшээд Эрхэмбилэгтийн гэрээс хойш Төрмөнхийн гэр рүү чиглээд алхаж байсан тэгээд дуудаад шоолоод инээтэл Мөнх-Эрдэнэ наад тоглоом чинь шоглоом болоод байна гэхээр нь араас нь очтол Төрмөнхийн хамраас нь болон нүднээс нь цус гараад хавдсан байдалтай байсан тэгээд юу болсон талаар асуухад Э Мөнх-Эрдэнэ бид хоёрыг муудалцаж байсан чинь Төрмөнх өөрөө дундуур ороод зодуулчихсан юм гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад нүд нь зүгээр хавдаад хөхөрчихсөн юм байх гэж бодоод идэж ууж байгаад орой 22 цагийн орчимд би хойшоо гэр лүү явлаа гэтэл Төрмөнх би ч гэсэн явж унтлаа гэхээр нь Төрмөнхийг хүргэж өгчихөөд буцаж ирээд 30 минут болоод бүгдээрээ хариад унтах гээд хэвтэцгээсэн тэгтэл Төрмөнхийн нүднээс цус гараад тогтохгүй байсан тэгээд эмнэлэгт хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/
Гэрч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн... Э бид хоёр бөхийн талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан тэгээд зууралдаад автал Эрхэмбилэгт Төрмөнхийн нүүр рүү нь гараараа цохиод авах шиг болсон тэгээд нэг хэсэг юу болсныг санахгүй байгаа нэг мэдэхэд гадаа Э Төрмөнхийг доороо оруулчихсан цохиж байсан түүнээс хойш юу болсоныг санахгүй байгаа. Тэр үед Энхгэрэл ирчихсэн байсан би очиж салгасан гэсэн тэгэхдээ би тэрийгээ санахгүй байгаа...Надтай муудаж байгаад л Төрмөнх салгах үед согтуурахаад л цохисон байх түүнээс Төрмөнхтэй бол муудаж маргаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/
Гэрч М.Энхгэрэлийн өгсөн:... Тэгээд би хонио харах замдаа Э гэрийн гадаа очтол гэрийн гадаа Төрмөнхийн хамраас цус гарсан байдалтай газар тонгойгоод сууж байсан, Э, Мөнх-Эрдэнэ нар нэг нэгнийгээ түлхээд муудалцсан байдалтай байсан. Би ч та нар муудалцаад яах вэ больцгоо гэж хэлчихээд гэр рүү нь шагайгаад хартал зурагт нь газар уначихсан шалан дээр цус болсон байдалтай байсан тэгээд эргээд гартал Төрмөнх Э дээр гүйж очоод зодолдсон тэгтэл Э цохиж унагаад, унасан хойно нь нүүрэн дээрээс нь 2-3 удаа цохисон тэр үед Мөнх-Эрдэнэ ах миний хажуунаас гүйж очоод татаж салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/
Хохирогч Х.Төрмөнхийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 359 дугаар дүгнэлт
М.Э яллагдагчаар өгсөн:... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Төрмөнх, Мөнх-Эрдэнэ нар бөхөөс болоод маргалдаад сууж байсан тэгээд намайг орж ирээд суутал Мөнх-Эрдэнэ над руу чи хүн цохидог гэсэн намайг цохичих гээд босоод ирэхээр нь би урдаас нь бариад авсан Төрмөнх нь цаанаас нь босч ирээд намайг цохих гэхээр нь би булттал зурагт цохиод хагалчихсан тэгээд би Мөнх-Эрдэнийг тавиулаад гадаа гарсан тэгтэл Төрмөнх араас гүйж нүд рүү гараараа 1 удаа цохиод хоолой боосон тэгэхээр нь нүүр рүү нь 2 удаа цохисон тэгтэл Мөнх-Эрдэнэ ирээд салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/
М.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 хуу/
М.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 хуу/
Хохирогч Х.Төрмөнхийн гаргасан М.Эрхэмбилэгтээс нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 62 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Э холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Э нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт байх гэртээ согтуугаар хохирогч Х.Төрмөнхтэй маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, гайморын хөндийн цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Х.Төрмөнх , гэрч Б.Мөнх-Эрдэнэ, М.Гүнсэлмаа, М.Энхгэрэл, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч М.Э нь хохирогч Х.Төрмөнхийн нүүрэн тус газар нь гараараа цохисоны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас М.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 63 хуу/ прокурор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч М.Э хүлээн зөвшөөрч /хх-ийн 64 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч М.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Х.Төрмөнх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан /хх-ийн 62 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Эг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ