Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2016/00588

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багт оршин суух, Б овогт Тийн Бын (РД:*******, гар утас ********) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багт оршин суух, Ш  овогт А Хд (РД:*********, гар утас ***********) холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлэн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3000000 төгрөг, зээлийн хүү 763947 төгрөг, 1200000 төгрөгийн зээл авах үед төлсөн хүү 169200 төгрөг, шүүхэд нэхэмжлэл өгөх үед төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75173 төгрөг, нийт 4008320 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цэнгэл сумын 3 дугаар багийн иргэн Санырау есентай овогт А Х надаас 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр "Би нэг машин худалдаж авсан чинь 3000000 төгрөг хүрэхгүй байна. Чи надад тус болж өөрийн нэрээр 3000000 төгрөг зээл авч өгч туслаач, би чамд зээлийг чинь хүүтэй хамт хариуцлагатай төлнө" гэж гуйсан юм. Би хугацаанд зээлийг хийчих байх, хамаатан таньдаг хүн гэж итгэж өөрийн болон эхнэр Асентай бид хоёрын нэр дээр гурван сая төгрөгний зээл авч өгсөн юм. Х зээл авсан өдөр надаас бэлэн гурван сая төгрөгийг авч гарын баримтын нотариатад оруулаад өгсөн болно. Хы өгсөн гарын баримтанд "Дүү Т.Бын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Х банкнаас авсан 3000000 төгрөгний зээлийг би өөрөө хүүгийн хамт хариуцаж, гэрээний дагуу хугацаанд хариуцлагатай төлнө" гэж бичиж өгсөн юм. Уг зээлийг Х 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 926001, зээлийн хүүд 453699 нийт 1379700 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 2073999, зээлийн хүүгийн төлбөрт 310248 төгрөг, 2384247 төгрөг нийт 3763947 төгрөгийг Х банкинд төлөх ёстой байсан боловч Х төлөөгүй учир би зээлийг хугацаанд өөрөө хийсэн болно.

Зээлийг хугацаанд хийхийн тулд би Цэнгэл хоршооноос 1200000 төгрөг, хүү нь 169200 төгрөгний зээл авч хийсэн ба үлдсэн 2384247 төгрөгийг Төрийн банкнаас 5000000 төгрөгийн зээл авч хаасан болно. Иймд хамаатан ах Хд зээл авч өгч тус болох гэж яваад давхар давхар зээл авч, давхар давхар зээлийн хүү төлж хохирсон болно.

Иймд хуулийн дагуу иргэн А овогтой Хаас Х банкнаас зээл авч түүнд өгсөн үндсэн зээл 3000000 төгрөг, зээлийн хүүд 763947 төгрөг, мөн давхар 1200000 төгрөгний зээл авахдаа хүүд төлсөн 169200 төгрөг, шүүхэд өгөх үед улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75173 төгрөг буюу нийт 4008320 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Баас 3000000 төгрөгийг зээлж авсан үнэн ба 2016 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл 1230000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгө болох 2699147 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Х нь надад 1230000 төгрөгийг энэ хугацаанд төлж өгсөн ба үлдсэн 2699147 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Бын нэхэмжлэлтэй, А.Хд холбогдох үндсэн зээл 3000000 төгрөг, зээлийн хүү 763947 төгрөг, 1200000 төгрөгийн зээл авах үед төлсөн хүү 169200 төгрөг, шүүхэд нэхэмжлэл өгөх үед төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75173 төгрөг, нийт 4008320 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед Х банкны 2016 оны 8 дугаар сарын 29, 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгээр улсын тэмдэгтийн хураамжинд 79173 төгрөг төлсөн ба нэхэмжлэлийн шаардлагаас энэхүү 79173 төгрөгийг хасаж тооцоход нэхэмжлэлийн нийт дүн 3929147 төгрөг байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Х нь нэхэмжлэгч Т.Бад 3929147 төгрөгөөс 1230000 төгрөгийг төлж өгч, үлдсэн 2699147 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ. Мөн нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч А.Хаас 2699147 төгрөгийг гаргуулж өгөхийг шаардаж тайлбараа гаргажээ.

Иймд энэ хэргийн хариуцагч А.Х нь нэхэмжлэгч Т.Бад 2699147 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Бын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79173 төгрөгийн тал нь болох 39586 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 39586 төгрөг, мөн хариуцагч А.Хаас 39586 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Бад олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч А.Х нь нэхэмжлэгч Т.Бад 2699147 (хоёр сая зургаан зуун ерэн есөн мянга нэг зуун дөчин долоон) төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Бын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 79173 төгрөгийн тал нь болох 39586 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 39586 төгрөг, мөн хариуцагч А.Хаас 39586 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Бад олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК