| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00804/И |
| Дугаар | 210/МА2025/01740 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01740
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05420 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
161,860,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******тай 2022 оны 04 сарын 14-ний өдөр ММНГ/22-04 тоот мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээг байгуулан хамтран ажилласан. Уг гэрээний дагуу ******* нь *******-д чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй гэрээнд заасан мах болон түүхий эдийг захиалсан тоо хэмжээний дагуу нийлүүлэх, ******* нь тохирох үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу нийт 3,463,500,000 төгрөгийн үнийн дүн бүхий 606 тн махыг бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу манай компаниас урьдчилан санхүүжилт олгож *******т 2022 оны 04 сарын 25-ны өдөр 150,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүний хариуд нийт 43,753,800 төгрөгийн үнэ бүхий махыг гэрээний дагуу нийлүүлсэн. Улмаар үлдэгдэл 106,246,200 төгрөгийн үнэ бүхий махыг бэлтгэн нийлүүлээгүй байгаа бөгөөд компаниас удаа дараа шаардлага тавьсан, томилолтоор ажилтнаа явуулан уулзалт хийж байсан боловч гэрээгээр хүлээсэн мах бэлтгэн нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй болно.
Мөн гэрээний 8.1-т захиалга баталгаажсанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн захиалгын үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам тооцон захиалагч талд төлнө гэж заасны дагуу гүйцэтгээгүй захиалгын үнийн дүн болох 106,246,200 төгрөгөөс 0.5 хувийн алдангийг 2022 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцон үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байна. Улмаар ******* нь *******-д алданги 53,123,100 төгрөгийг төлөхөөр байна.
Бид үлдэгдэл бүтээгдэхүүнийг нийлүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж, улмаар компаниас өөрийн ажилтнаа томилолтоор явуулан *******тай уулзаж, бүтээгдэхүүн нийлүүлэх шаардлага тавьж, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар тооцоо нийлж байсан болно. Ийнхүү гэрээний үүргийн биелэлтийг шаардахад томилолтын зардал 2,491,028 төгрөг болсон.
Иймд 2022 оны 04 сарын 14-ний өдрийн ММБНГ/22-04 тоот мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрэний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 106,246,200 төгрөг, алданги 53,123,100 төгрөг, ажилтны томилолтын зардал болох 2,491,028.88 төгрөг нийт 161,860,329 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
Хоёр тал харилцан тохиролцож Мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Үүнд маргахгүй. *******-тай мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж үүний үндсэн дээр тухайн үеийн зах зээлийн ханшнаас шалтгаалаад ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр өөрийнхөө махыг өөрт ашиглаж болохгүй нөхцөл байдал үүсэж цаашид мах бэлтгэн нийлүүлэх боломжгүй болсон учраас харилцан тохиролцож автомашинаа өгөөд гэрээг хаасан байдаг. Өөрөөр хэлбэл ******* нь гэрээг хаасныхаа дараа ямар нэгэн бичгээр шаардлага гаргаж байгаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь хэлэлцээр хийх үед өөрийн өмчлөлийн газар болон автомашинаар бартер хийж бэлтгэн нийлүүлэх гэрээний үлдэгдэл дүнг бүхэлд нь хаахаар тохиролцсон. Энэ талаар ярилцаж аль аль талаасаа хүлээн зөвшөөрч, тохиролцсон. Дээрх тохиролцоо хийснээс хойш ямар ч өр төлбөргүйгээр бартераар асуудлыг шийдсэн гэж ойлгож байсан боловч мөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан тул өөрийн өмчлөлийн зүйлээ буцаан шаардах нь зүйтэй учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
******* нь өөрийн өмчлөлийн ******* улсын дугаартай ******* ачааны автомашиныг *******-ийн инженер *******, *******-ийн нягтлан бодогч ******* нарт тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт үйлдэж өмчлөх эрхийн болон техникийн ямар ч доголдолгүй тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн.
Тухайн үедээ гэрээний гүйцэтгээгүй мөнгөн дүнд тооцуулан бодож өгсөн ба тухайн үедээ зах зээлийн үнэ нь 15,000,000 төгрөг орчим байсан ба хүлээж авсан цаг хугацаанаасаа хойш ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй болно. *******аас шаардсан мөнгөн дүнд бартераар тооцоо хийгдэж эзэмшил, ашиглалтанд бүрэн шилжүүлсэн эд хөрөнгүүд нь тооцогдоогүй байх тул буцаан хууль ёсны өмчлөгчид шилжүүлэн өгөх зүйтэй юм.
Иймд *******-ийн эзэмшил, ашиглалтанд байх ******* улсын дугаартай ******* ачааны автомашиныг албадан гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
Сөрөг нэхэмжлэлд гэрээний дагуу газар болон автомашин шилжүүлж өгөөд тооцоо хаасан гэж яриад байгаа. Гэтэл тэдгээр газар болон автомашин нь тодорхой эрх бүхий байгууллагад бүртгэгдсэнээр өмчлөх болон эзэмших эрх шилждэг. Бид хариуцагчаас энэ талаар удаа дараа шаардлага тавьж байсан боловч биелүүлсэн зүйл байхгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй, талуудын хоорондын тооцоог бүрэн хаасан зүйл байхгүй. Автомашинаа *******-ийн өмчлөлд шилжүүлээд 13,500,000 төгрөгөө авъя гэж байгаа бол үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжтой. 15,000,000 төгрөгөөр тооцоод автомашиныг аваад, өмчлөх эрхээ шилжүүлж өгнө гэдгээ баталгаажуулж өгвөл сөрөг нэхэмжлэлийн асуудлыг шийдэж болно. *******аас автомашины өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй, энэ талаарх баримт нь хэрэг байгаа учраас мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 136,869,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,991,029 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч *******ын 13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 967,252 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 842,296 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Үндсэн хууль, Иргэний хуульд заасан эрхийг зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
2025 оны 06 сарын 12-ны өдрийн итгэмжлэлийн дагуу шинээр хэргийн материалтай танилцаж шүүх хуралд бэлтгэх зорилготой байсан боловч хууль зүйн зарим мэдлэг шаардлагатай болсон бөгөөд төлөөлүүлэгч *******т мэдэгдэхэд чи өөрөө мэдээд өмгөөлөгч авчих гэсэн хариу өгсөн. Өмнө нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон хүн нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан талаар би огт мэдээгүй бөгөөд сүүлд төлөөлүүлэгчээс тодруулж асуухад өмгөөлөгч авах талаар ярьж байсан боловч албан ёсоор өмгөөлөгч аваагүй надад эвлэрэх хэрэгтэй гэхээр нь би зөвшөөрөөгүй тэгээд өөрөө төлөөлөхөөс татгалзсан талаар тайлбарласан.
Хэргийн материалд авагдсанаар Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.1-д зааснаар өмнөх төлөөлөгч *******ийн төлөөлөх эрх 2025 оны 06 сарын 12-ны өдөр дуусгавар болсон байна. Шинээр ******* нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 06 сарын 12-ны өдрөөс шинээр төлөөлөх эрх олгогдсон. Гэтэл шүүхээс 2025 оны 06 сарын 23-ны өдрийн захирамжаар өмгөөлөгч авах хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд хууль зүйн туслалцаа авах нь хэргийн оролцогчийн хувьд
Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн эрх бөгөөд тус эрхийг эдлэхэд ямар ч хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох шаардлагагүй бөгөөд шүүхээс тус эрхийг баталгаатай эдлүүлэх нь хүний эрхийг хангах үндсэн үүрэгтэй гэж үзэж байна. Гэтэл өмнөх төлөөлөгч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан дараагийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай өмгөөлөгч авна гэсэн хуулийн зүйл заалт байхгүй төдийгүй хуульд заасан эрхээ баталгаатай эдлэхийг хүсч байгаа болно.
Мөн өмнөх төлөөлөгчийн төлөөлөх эрхийн харилцаа дуусгавар болсон байхад шүүхээс түүний өмнөх хүсэлтийг шинжлэн судалж харилцаа дуусгавар болсон дараа нь үндэслэж шийдвэр гаргасан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд хэргийн оролцогчийн хувьд эрхээ эдэлж оролцох хүсэлтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн өмнөх төлөөлөгч ******* нь 2025 оны 05 сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны үед өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд шүүх тухайн хүсэлтийг нь хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн 2025 оны 06 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагчийн шинэ төлөөлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр оролцож байгаа учир хэргийн материалтай танилцана гэх хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг нь хангасан. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д хандаж, өмнөх төлөөлөгч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргаж байсан учир дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө ирээрэй гэж тайлбарлаж хэлсэн үйл баримт анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл 2025 оны 06 сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй, мөн өмгөөлөгч авах хүсэлтэй байна гэж хэлсэн. Шүүх хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг 1 удаа хангасан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна.
Мөн хариуцагчийг төлөөлөх эрхтэй хэдэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос үл хамаарч, хариуцагч нь өөрийн хууль зүйн туслалцаа авах эрхээ төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэгжүүлсэн. Гэтэл удаа дараагийн шүүх хуралдааны явцад өмгөөлөгч авъя эсвэл төлөөлөгчөө солих болгонд өмгөөлөгч оролцуулъя гэх хүсэлт гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нэг үндэслэлээр шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшлох нөхцөл байдал болж болохгүй. Шүүх хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж шийдвэрлэсэн. Түүнчлэн хариуцагч тал нь хэргийн шийдэл буюу анхан шатны шүүх ямар үндэслэлээр, ямар баримтыг дутуу дүгнэсний улмаас энэ шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд юуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, ямар учраас хариуцагч талаас гаргах ёсгүй төлбөрийг гаргасан байна гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний төлбөрт 106,246,200 төгрөг, алданги 53,123,100 төгрөг, ажилтны томилолтын зардал буюу хохирол 2,491,028 төгрөг нийт 161,860,328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан ба гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн ******* улсын дугаартай, ******* маркийн ачааны автомашиныг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автомашины үнэ 13,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчийн маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
4. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. *******, ******* нарын хооронд 2024 оны 04 сарын 14-ний өдөр байгуулагдсан ММИГ/22-04 дугаартай мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр ******* нь *******-д чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй, гэрээний хавсралт болон гэрээнд зааж баталагаажуулсан мах болон түүнтэй холбоотой түүхий эдийг захиалсан тоо, хэмжээний дагуу тогтоосон хугацаанд бэлтгэж нийлүүлэх, ******* нь мах, түүхий эдийг хүлээн авч, гэрээнд заасан нөхцөлийн дагуу үнийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. /хх-10-22/
4.2. Нэхэмжлэгч 2022 оны 04 сарын 25-ны өдөр гэрээний дагуу бэлтгэн нийлүүлэх мал махны төлбөрт 150,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ. /хх23-24/
4.3. Хариуцагч ******* 2023 оны 01 сарын 31-ний өдөр 13,058,500 төгрөгийн, 2023 оны 02 сарын 01-ний өдөр 6,593,700 төгрөгийн, 2023 оны 09 сарын 26-ны өдөр 22,601,600 төгрөгийн, 1,500,000 төгрөгийн зардал нийт 43,573,800 төгрөгийн мах нийлүүлсэн байна. /хх-30/
4.4. Хариуцагч ******* нь ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг гэрээний төлбөрт тооцуулахаар 2024 оны 07 сарын 06-ны өдөр *******-ийн инженер *******, ҮХ-ийн нягтлан бодогч ******* нарт хүлээлгэн өгсөн. /хх-114/
4.5. *******, *******-ийн хооронд 2024 оны 12 сарын 24-ний өдөр 01 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* болон ******* нарын хооронд үүссэн өр, авлага болох нийт 161,860,329 төгрөгийн шаардах эрхийг *******-д шилжүүлэхээр тохиролцсон. /хх-124-125/
5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг бүрэн тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.
6. Хариуцагч ******* нь мал, мах бэлтгэн нийлүүлэлтийн гэрээний үлдэгдэл төлбөр 106,246,200 төгрөг байгаа талаар маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл 106,246,200 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн автомашины үнэ 15,000,000 төгрөгийг хасаж үлдэх 91,246,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь зөв.
Тодруулбал хариуцагч сөрөг нэхэмжлэлээрээ нэхэмжлэгчид шилжүүлсэн автомашины үнэ 13,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх зохигчийн тайлбарт үндэслэн харилцан тооцуулж, үндсэн нэхэмжлэлийн дагуу хариуцагчийн төлөх төлбөрөөс 15,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.
7. Гэрээний 3.2-т Бэлтгэн нийлүүлэлтийн гэрээ нь 2022 оны 04 сарын 13-аас 2022 оны 12 сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд хэрэгжинэ гэж, мөн гэрээний хавсралтаар талууд бэлтгэн нийлүүлэх төлөвлөгөөг гаргаж үүрэг гүйцэтгэх хугацааг тохиролцон /хх-15/, нэхэмжлэгчээс санхүүжилт 150,000,000 төгрөгийг 2022 оны 04 сарын 25-ны өдөр шилжүүлсэн боловч хариуцагч нь үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, гэрээнд заасан хугацаанд тохиролцсон хэмжээний мал махыг нийлүүлээгүй болох нь тогтоогдож байна.
8. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг.
9. Тиймээс нэхэмжлэгч гэрээний 8.1-д Захиалга баталгаажсанаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тухайн захиалгын үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам тооцон захиалагч талд төлнө гэж заасныг үндэслэн алданги 45,623,100 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.
10. Харин нэхэмжлэгч нь хариуцагч *******аас гэрээний үүргийг шаардахад нэхэмжлэгч байгууллагын ажилтныг томилолтоор ажиллуулсаны зардалд 2,491,028 төгрөг нэхэмжилж, *******-ийн 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 23/354 дугаартай Иргэн *******, *******, ******* танаа гэсэн албан бичгийг баримтаар шүүхэд гаргасан боловч уг баримт нь нэхэмжлэгчид хохирол учирсныг шууд нотлох баримт болохгүй юм.
Нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдааг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шинжээч томилуулах, өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. /хх-151/
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 05 сарын 22-ны өдөр өмгөөлөгч авах үндэслэлээр, 2025 оны 06 сарын 12-ны өдөр хэргийн материалтай танилцах үндэслэлээр тус тус шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, шүүх хуралдааныг тодорхой хугацаанд хойшлуулж байсан нь хэргийн оролцогчид өмгөөлөгч авах боломжийг олгож мэтгэлцэх эрхээр хангаж байсан гэж үзэх үндэслэл болох ба итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчлөгдсөн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05420 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 243.1 гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ж.ЛХАГВАСҮРЭН