| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0318/Э |
| Дугаар | 411 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 411
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын О, Т овогт Б-ийн П, Б овогт Н-н М нарт холбогдох эрүүгийн 19100 0000 0228 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Ө.Болормаа, шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, О.Мөнхболд, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-ын О,
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “T-KITCHEN” ХХК-д угсрагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б-ийн П,
3. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сүү” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эх, 2 дүү нарын хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-н М,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Шүүгдэгч Т.О нь шүүгдэгч Б.П, Н.М нартай бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 3 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 дугаар байрны хойд талын зогсоолд байсан ирэн О.О -гийн эзэмшлийн 55-59 УНА улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы гурвалжин шилийг хагалан, урд гуперийг нэмэлт гэрэл болон улсын дугаарын хамт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусар авч 645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Б.П нь шүүгдэгч Т.О, Н.М нартай бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 3 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 дугаар байрны хойд талын зогсоолд байсан ирэн О.О -гийн эзэмшлийн 55-59 УНА улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы гурвалжин шилийг хагалан, урд гуперийг нэмэлт гэрэл болон улсын дугаарын хамт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусар авч 645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
3. Шүүгдэгч Н.М нь шүүгдэгч Б.П, Т.О нартай бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 3 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 дугаар байрны хойд талын зогсоолд байсан ирэн О.О -гийн эзэмшлийн 55-59 УНА улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы гурвалжин шилийг хагалан, урд гуперийг нэмэлт гэрэл болон улсын дугаарын хамт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусар авч 645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 3 сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байхад П надруу “Пс орж тоглоё” гэж мессеж бичсэн. Тэгээд хорооллын эцэст байдаг “Go on” гэдэг нэртэй ПС тоглоомын газарт ирж тоглоод, тэндээсээ шөнө 03 цагийн үед гарсан. П надад “манайд хоноё, маргааш хоёулаа гадуур гаръя” гэсэн. Бид хоёр замаараа М-ийг Вива сити хороололд буулгах байсан юм. Тэгэхэд нэг танил ах “унаагүй болчихлоо, Буянт-Ухаа-2 хороололд хүргээд өгчих” гэхээр нь хүргэж өгсөн. Гадаа тамхилаад зогсож байхад П “машины гуперийг авч болдог юм байна шүү дээ, энийг хэдүүлээ аваад минийхийг сольчих уу” гэхээр нь М бид хоёр зөвшөөрөөд, хажууд байсан цагаан өнгийн Приус маркийн машины гуперийг авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Б.П-ийн шүүхийн хэлэлцүүлэг өгсөн:
“...Би 2019 оны 3 сарын 12-ны өдөр ажлаасаа тараад хоёр найздаа “би маргааш амарна, орой ПС орж тоглох уу” гэж мессеж бичээд, гэртээ ирж хувцасаа сольж гараад хорооллын эцэст байдаг “Go on” гэдэг нэртэй ПС тоглоомын газарт ирж, хоёр найзтайгаа хамт шөнийн 03 цаг хүртэл тоглосон. О бид хоёр маргааш нь гадуур ажилтай байсан болохоор хамт хонохоор болж, харин М ахындаа очиж хононо гэсэн юм.
Тэндээсээ бид гурав гараад М-ийг хүргэж өгөх гэхэд манай нэг танил байж байсан ба “хүргээд өгчих” гэхээр нь бид гурав нөгөө хүнийг Буянт-Ухаа хороололд хүргэж өгсөн. Тэгээд машинаа тавиад бид гурав булан эргээд тамхилаад, утсаа оролдож зогсож байгаад фейсбүүк хуудаснаасаа пост харж, нөгөө хоёртоо “ингэдэг юм байна шүү дээ” гэж хэлээд зогсож байхад хажууд нэг Приус-30 маркийн машин байсан.
Тухайн үед миний машины урд талын гупер хагарсан байсан болохоор “энийг солиод тавьчих уу” гээд “тэгье” гээд бид 3 тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр гэмт хэрэг үйлдсэн. Анхнаасаа хулгай хийх зорилготой гэрээсээ гараагүй. Машин тэрэг ашиглаагүй.” гэсэн мэдүүлэг,
3. Шүүгдэгч Н.М-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 3 сарын 12-ны өдөр би гэртээ байж байхад П надад “орой гурвуулаа тоглоё” гэж мессеж бичсэн. Тэгээд Хорооллын “Go on” гэдэг нэртэй ПС тоглоомын газарт очиж, шөнө 03 цаг хүртэл тоглосон. Би Вива сити хороололд байдаг ахындаа очиж хонохоор болж намайг П хүргэж өгөхөөр болсон. Тэгэхэд нэг хүн Буянт-Ухаа 2 хороололд хүргээд өгчих гэхээр нь бид тийшээ явсан. Тэнд очоод тамхилж зогсож байхад П фейсбүүк хуудаснаасаа пост хараад “ингэж сольдог юм байна шүү дээ” гэснээ “нэг машины гуперийг аваад минийхтэй сольчих уу” гэхэд нь О бид хоёр сэтгэл хөдлөлөөр хандаад зөвшөөрсөн. Нэг цагаан өнгийн приус машины гуперийг солихоор авсан. Бид анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаатай гараагүй, одоо хийсэн хэрэгтээ харамсаж байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 0000 0228 дугаартай хэргээс:
1. Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 дугаар байрнаас ертөнцийн зүгээр зүүн тийш 45 метрийн зайд автомашины шороон талбайтай зогсоолд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-10х/,
2. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-13х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Ц-ийн хохирогчоор өгсөн:
“...Би Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжу хотод суралцдаг. Одоо түр хугацаагаар ирсэн байгаа. Манай нөхөр О -гийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026-18 тоотод амьдардаг. Болсон асуудлын талаар гэвэл намайг Хятад Улсад байх үед манай нөхөр миний нэр дээр бүртгэлтэй 55-59 УНА улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ орой ажлаа тарж ирээд 22 цаг өнгөрч байхад 1026 дугаар байрны хойд талын авто зогсоол дээр тавиад өглөө 07 цаг өнгөрч байх үед гэрээсээ гарч ирэхэд машины урд талын гупер алдагдсан байсан гэсэн.
Гуперт машины улсын дугаар, нэмэлт гэрэл зүүлттэй байсан. Мөн машины жолооч талын жижиг гурвалжин цонхыг нь хагалсан байсан. Машин дотроос алдагдсан, эвдэрсэн зүйл байхгүй. Одоо гупер, улсын дугаар, нэмэлт гэрлийн хамт буцаан авсан тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй, үнэлгээнд тусгагдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.О -гийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 3 дугаар сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байх үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 байрны ертөнцийн зүгээр зүүн талын автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн 55-59 УНА улсын дугаартай, цагаан өнгийн Приус-20 маркийн автомашиныг байрлуулаад хадам ах Өлзийхишигийн гэрт орж амраад, өглөө 08 цаг өнгөрч байхад ажилдаа явах гээд гарч ирэхэд миний автомашины урд талын гупер, доод талын нэмэлт 2 гэрэл нь алдагдсан, мөн баруун талын жижиг гурвалжин шил хагарсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн.
Автомашины дотор талаас алдагдсан эд зүйл байхгүй. Миний автомашин манай эхнэр Ц-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд манай эхнэр Хятад Улсад сурч байгаа. Уг автомашиныг 2017 оны 9 дүгээр сард Шархадын “Да-Хүрээ” техникийн захаас 13.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрийн алдагдсан эд зүйлийг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Миний автомашины алдагдсан гупер нь сэв зураасгүй, доод талаараа нэмэлт хормойтой гупер байсан. Мөн улсын дугаар нь хамт алдагдсан байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-27х/,
5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ХУ2-19-163 тоот дүгнэлтэд:
“...Тоёота Приус-20 маркийн автомашины гурвалжин шил, улсын дугаар, урд гупер зэргийн үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 03 сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 645.000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 39-41х/,
6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 17-18/,
7. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-20х/,
8. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ХУ2-19-211 тоот дүгнэлтэд:
“...79-09 УБХ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашины үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 44х/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 05/144 дугаартай актын:
1. 2019 оны 3 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 байрны зүүн талын зогсоолоос 55-59 УНА улсын дугаартай автомашаины гупер болон нэмэлт гэрэл алдагдсан гэх, мэргэжилтэн а/х Б.Даваадоржийн илрүүлж, бэхжүүлсэн №1, 2 “Уг машины баруун хойд хаалганы бариулны дээд талаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн наалдамхай тууз дахь 2 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэх хэргийн газрас бэхжүүлж гарын мөрүүдийг гарын хээний нэгдсэн системийн “Адис-Папилон” санд оруулж автомат харьцуулалт хийж шинжлэн үзэхэд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 46-48х/,
10. Шүүгдэгч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 3 дугаар сарын 12-ны орой 19 цагт ажлаа тараад гэртээ ирсэн. Цайгаа уугаад ПС тоглох зорилготой найз О, М нартай уулзахаар 22 цагийн үед гэрээсээ гарсан. О-ыг гэрээс нь очиж аваад Өргөө кино театрын хойд талд байдаг “Go on” нэртэй тоглоомын газарт орсон. Тэнд очоод сууж байтал М ирсэн. Би гэрээсээ гарахдаа М-д “тийм нэртэй газар хүрээд ир, хамт тоглоё” гээд хэлсэн байсан юм.
Бид 3 тоглож байгаад шөнийн 02 цаг өнгөрч байх үед гараад хоёр найздаа “миний машины гупер хагархай байна, гурвуулаа хамт яваад шинэ гупер хулгайлж авч тавъя, тэгэх үү” гэж хэлэхэд нөгөө хоёр зөвшөөрсөн. Миний эзэмшлийн 79-09 УБХ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн машинаар гурвуулаа Вива сити хороололд ирсэн. Тэндээс хэсэг машины гупер хайж явсан боловч гэрэлтүүлэг ихтэй, мөн яг гоё цэвэрхэн гупер олдоогүй.
Тэгээд Буянт-Ухаа-2 хороолол ороод 1026 дугаар байрны хойд талаар тойроод явж байтал миний машинтай яг адилхан өнгөтэй 55-59 УНА улсын дугаартай Приус-20 маркийн машин байсан бөгөөд би өөрийнхөө машиныг жаахан зайдуу газарт тавиад, алхаад нөгөө машин дээр ирсэн. М машины жолооч талын хаалганы гурвалжин цонхыг гараараа цохиж хагалаад хаалгыг нь онгойлгон копудыг нь сөхөж өгсөн. О бид хоёр машинаас авсан 10-ын түлхүүрээр гуперний боолтуудыг нь тайлаад улсын дугаар, нэмэлт гэрлийн хамт гуперийг авсан.
Машины хойд талын багажинд хийгээд тэндээс хөдлөөд явсан. М, О хоёрыг гэр гэрт нь хүргэж өгөөд харьсан. Би Буянт-Ухаа-2 хороолол руу хулгай хийх зорилгоор машинтайгаа явсан. Би машинаа 2018 оны 12 дугаар сард худалдан авсан. 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2017 онд орж ирсэн машин байгаа юм. Гупер тайлсан түлхүүр миний түлхүүр бөгөөд сүүлд цагдаа залгаад хүрээд ир гэхээр нь түлхүүрээ хаячихсан, одоо байхгүй. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/,
11. Шүүгдэгч Н.М-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэртээ амарч байтал манай найз П над руу залгаад “О бид хоёр ПС тоглох гэж байна, хорооллын хойд талын “Go on” гэдэг тоглоомын газарт хүрээд ир” гэж хэлсэн. Би орой 22 цаг өнгөрч байх үед яваад очиход П, О хоёр ирчихсэн байсан юм. Бид гурав хамт цэргийн алба хаасан цэргийн онжавууд бөгөөд цэргээс халагдаж ирсэний дараа байнга холбоотой байгаа. Хааяа уулзаж ПС тоглодог.
Тэгээд 03 цагийн үед гараад харих гээд байж байтал П “миний машины гупер хагархай байна, гурвуулаа гайгүй гупер байвал аваад тавьчихъя” гэхээр нь “за за хамт явъя” гээд явсан. Вива сити хороолол ороод хойд талаар нь явж байытал П-ийн машины өнгөтэй яг адилхан цагаан өнгөтэй Приус-20 маркийн машин байсан бөгөөд бид машинаа жаахан зайдуу тавиад би жолооч талын хаалганы гурвалжин шилийг гараараа цохиж хагалаад машины копудыг нь онгойлгож өгсөн. Нөгөө хоёр гартаа түлхүүр бариад гуперийг нь тайлж аваад, өөрсдийн машины арын багажинд хийгээд тэндээс явсан. О бид хоёр гэртээ буугаад П цаашаа гэр рүүгээ явсан. Бид нарт өөр хийсэн хэрэг байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 60х/,
12. Шүүгдэгч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 3 сарын 12-ны өдөр гэртээ амарч байхад манай найз П над руу залгаад “ПС тоглоё, одоо очлоо, хувцасаа өмсөж бай” гэхээр нь орой 22 цаг өнгөрөөгөөд хувцасаа өмсөөд байж байхад “гадаа ирчихлээ” гэхээр нь гарч машинд нь суугаад явсан. Хорооллын хойд талын “Go on” гэдэг тоглоомын газар очсон. Удалгүй араас М ирсэн. Бид гурав хамт цэргийн алба хаасан цэргийн онжавууд бөгөөд цэргээс халагдаж ирсэний дараа байнга холбоотой байгаа. Хааяа уулзаж ПС тоглодог. Тэгээд 03 цагийн үед гараад харих гээд байж байтал П “миний машины гупер хагархай байна, гурвуулаа гайгүй гупер байвал аваад тавьчихъя” гэхээр нь “за за хамт явъя” гээд явсан. Вива сити хороолол ороод хойд талаар нь явж байтал П-ийн машины өнгөтэй яг адилхан цагаан өнгөтэй Приус-20 маркийн машин байсан.
Бид машинаа жаахан зайдуу тавиад, би жолооч талын хаалганы гурвалжин шилийг гараараа цохиж хагалаад, машины копудыг нь онгойлгож өгсөн. Нөгөө хоёр гартаа түлхүүр бариад гуперийг нь тайлж аваад, машины арын багажинд хийгээд тэндээс явсан. М бид хоёр гэртээ очиж буугаад П цаашаа гэр рүүгээ явсан. Бид нарт өөр хийсэн хэрэг байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 65х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд /хэргийн 76-78х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 79-81х/, гэрч Б.Мягмарцогзол, Б.Батсуурь, Х.Алтанзаяа нарын мэдүүлэг /хэргийн 34х, 35х, 35х/, “T-KITCHEN” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 97х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Т.О, Б.П, Н.М нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 3 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 дугаар байрны хойд талын зогсоолд байсан ирэн О.О -гийн эзэмшлийн 55-59 УНА улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы гурвалжин шилийг хагалан, урд гупер, нэмэлт гэрэл, улсын дугаарын хамт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусар авч бусдын эд хөрөнгөд 645.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 дугаар байрнаас ертөнцийн зүгээр зүүн тийш 45 метрийн зайд автомашины шороон талбайтай зогсоолд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-10х/,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-13х/,
- хохирогч М.Ц-ийн: “...нөхөр О -гийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026-18 тоотод амьдардаг. ...Манай нөхөр миний нэр дээр бүртгэлтэй 55-59 УНА улсын дугаартай, цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ орой ажил тарж ирээд 22 цаг өнгөрч байхад 1026 дугаар байрны хойд талын авто зогсоол дээр тавиад өглөө 07 цаг өнгөрч байх үед гэрээсээ гарч ирэхэд машины урд талын гупер алдагдсан байсан гэсэн. Гуперт машины улсын дугаар, нэмэлт гэрэл зүүлттэй байсан. Мөн машины жолооч талын жижиг гурвалжин цонхыг нь хагалсан байсан. Машин дотроос алдагдсан, эвдэрсэн зүйл байхгүй. Одоо гупер, улсын дугаар, нэмэлт гэрлийн хамт буцаан авсан тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй, үнэлгээнд тусгагдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,
- гэрч О.О -гийн: “...Би2019 оны 3 дугаар сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байх үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 байрны ертөнцийн зүгээр зүүн талын автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн 55-59 УНА улсын дугаартай, цагаан өнгийн Приус-20 маркийн автомашиныг байрлуулаад хадам ах Өлзийхишигийн гэрт орж амраад, өглөө 08 цаг өнгөрч байхад ажилдаа явах гээд гарч ирэхэд миний автомашины урд талын гупер, доод талын нэмэлт 2 гэрэл нь алдагдсан, мөн баруун талын жижиг гурвалжин шил хагарсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Автомашины дотор талаас алдагдсан эд зүйл байхгүй. Миний автомашин манай эхнэр Ц-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд манай эхнэр Хятад Улсад сурч байгаа. Уг автомашиныг 2017 оны 9 дүгээр сард Шархадын “Да-Хүрээ” техникийн захаас 13.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрийн алдагдсан 4 эд зүйлийг хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. Миний автомашины алдагдсан гупер нь сэв зураасгүй, доод талаараа нэмэлт хормойтой гупер байсан. Мөн улсын дугаар нь хамт алдагдсан байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-27х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ХУ2-19-163 тоот:
“...Тоёота Приус-20 маркийн автомашины гурвалжин шил, улсын дугаар, урд гупер зэргийн үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 03 сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 645.000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 39-41х/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 17-18/,
- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-20х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ХУ2-19-211 тоот:
“...79-09 УБХ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн автомашины үнийг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг байна.” гэж үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 44х/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 05/144 дугаартай актын:
1. 2019 оны 3 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 байрны зүүн талын зогсоолоос 55-59 УНА улсын дугаартай автомашины гупер болон нэмэлт гэрэл алдагдсан гэх, мэргэжилтэн а/х Б.Даваадоржийн илрүүлж, бэхжүүлсэн №1, 2 “Уг машины баруун хойд хаалганы бариулны дээд талаас” гэж дугаарлан, тодорхойлон бичсэн наалдамхай тууз дахь 2 ширхэг гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэх хэргийн газрас бэхжүүлж гарын мөрүүдийг гарын хээний нэгдсэн системийн “Адис-Папилон” санд оруулж автомат харьцуулалт хийж шинжлэн үзэхэд санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 46-48х/, шүүгдэгч Т.О, Н.М, Б.П нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримдуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тодорхойлсон ба уг гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад заасан байна.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн, материаллаг бус, гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байна.
Шүүгдэгч Т.О, Н.М, Б.П нар нь 2019 оны 03 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө “П-ийн машины урд гупер хагархай байгаа, гурвуулаа гайгүй гупер байвал аваад тавьчихъя” гэсэн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэх талаар урьдаас хэлэлцэн тохирч, Б.П-ийн 79-09 УБХ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашинд таарах өнгө, загвар ижил машины гупер хайж Вива сити хороолол, Буянт-Ухаа-2 хороолол орчмын газруудаар явахдаа Б.П-ийн 79-09 УБХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн машиныг /хэргийн газарт/ хулгай хийх газарт очихдоо хөл дайх, зорьж очих, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг өөрийн машиндаа сольж тавих, зөөвөрлөх зэргээр учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1026 дугаар байрнаас ертөнцийн зүгээр зүүн тийш 45 метрийн зайд автомашины шороон талбай бүхий зогсоолд байрлуулсан М.Ц-ийн өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй, О.О -гийн эзэмшиж ашиглаж байсан 55-59 УНА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины гурвалжин шилийг хагалж машины копутыг онгойлгон, урд гуперийг улсын дугаар, нэмэлт гэрлийн хамт тайлж авч явсан үйлдэл нь “...бүлэглэн, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэх бөгөөд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх ба бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилэхээр хуульд тодорхой зааж зохицуулсан. /ЭХЕА-ийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйл/
Нэр бүхий шүүгдэгч нар нь “П-ийн машины урд гупер хагархай байгаа, гурвуулаа гайгүй гупер байвал аваад тавьчихъя” гэх зэргээр хэлэлцэн тохирч, нэгдмэл нэг санаа зорилготойгоор, машин механизм ашиглаж, Тоёота Приус-20 маркийн автомашины гурвалжин шил, улсын дугаар, урд гупер зэргийг нь хулгайлан авч, хохирогч М.Ц-ийн эд хөрөнгөд 645.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн “бүлэглэн гүйцэтгэгч” нар байна.
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Т.О, Н.М, Б.П нарын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч Т.О, Н.М, Б.П нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг учрах сааадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүх хуралдаанд: “Нэр бүхий шүүгдэгч нар нь анхнаасаа машин механизм ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилготой байгаагүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг гэмт хэргийг үйлдсэн. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн санал хүсэлт гаргасныг шүүх дээр дурьдсан үндэслэлээр хүлээн авч хангах боломжгүй хэмээн дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж,
мөн зүйлийн 4 дэх хэсэгт хохирлын хэмжээг тодорхойлохдоо “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцох, “нэгж” нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тус тус хуульчилсан.
Дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч М.Ц-ийн эд хөрөнгөд учирсан хохирлыг “...Тоёота Приус-20 маркийн автомашины гурвалжин шил, улсын дугаар, урд гупер”-ийн эд зүйлийн үнэлгээг 645.000 төгрөг гэж үнэлсэн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 39-41х/ баримт хэрэгт авагдсан ба энэ нь хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш байна.
Шүүгдэгч нар Тоёота Приус-20 маркийн автомашины гурвалжин шил, улсын дугаар, урд гуперийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь:
- Тоёота Приус-20 маркийн автомашины гурвалжин шил, улсын дугаар, урд гупер зэргийг тус тус түр хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-20х/,
- хохирогч М.Ц нь “санал гомдол байхгүй, хохирлоо бүрэн авсан” хэмээн хохирогчоор мэдүүлэхдээ мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 23х/ зэргээр нотлогдсон тул гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон шүүгдэгч нараас гаргуулах төлбөр хохиролгүй гэж үзнэ.
Нэр бүхий шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 79-81х/ баримттай байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй тэдний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.
Тус шүүхийн шүүгчийн 955 дугаар захирамжаар шүүгдэгч нарт 2019 оны 5 сарын 24-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2019 оны 5 сарын 24-ний өдрөөс 2019 оны 5 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 06 /зургаа/ цагдан хоригдсоныг /хэргийн 150-151х, 166-167х/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О, Б.П, Н.М нарын цагдан хоригдсон нийт 6 /зургаа/ хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор ...албадан гаргуулах”-аар заасан.
Шүүгдэгч Т.О, Н.М, Б.П нар нь 2019 оны 03 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд Б.П-ийн жолоодон явсан 79-09 УБХ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эрүүгийн хэрэгт гаргах иргэний нэхэмжлэлийг хангах, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” прокурорын тогтоолоор битүүмжилсэн ба уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.П-ийн “Есөн шижир” ХХК-иас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан, гэрээний үүргийн хугацаанд тээврийн хэрэгсэл нь тус компанийн өмчлөх эрхэд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн /хэргийн 83-89х, 94х, 125-126х/, түүнчлэн нэр бүхий шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруусан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, гаргуулах төлбөр хохирол байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэрэгт битүүмжлэгдсэн Б.П-ийн жолоодон явсан 79-09 УБХ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Ц нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Т-ын О, Т овогт Б-ийн П, Б овогт Н-н М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Т.О, Б.П, Н.М нарыг тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.О, Б.П, Н.М нарт тус бүрт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн ..-.. УБХ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О, Б.П, Н.М нарын цагдан хоригдсон нийт 06 /зургаа/ хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.
6.Энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Ц нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.О, Б.П, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.О, Б.П, Н.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД