| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0407/Э |
| Дугаар | 415 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 415
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг
нарийн бичгийн дарга С.Сосорбарам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт М-ийн П-ид холбогдох эрүүгийн 19100 0452 0325 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1953 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, ач, бэр, гуч нарын хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар гудамж, .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..-.. тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ийн П,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..-.. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн бэр Б.Х-тай “хоол удаан хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Одоо бэр охиноосоо уучлалт гуйж эвлэрсэн. Миний буруу. Одоо би Толгойтод байдаг хүүгийнхээ гэрт амьдарч байгаа, Б.Б-ын гэрт амьдрахаа больсон.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 0452 0325 дугаартай хэргээс:
1. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 06х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Х-ын хохирогчоор өгсөн:
“...Би нөхөр Б.Б-тай хамтран амьдраад 2 жил болж байгаа ба 2018 онд дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Нөхөр бид хоёр миний эзэмшлийн байранд 2018 оны 4 дүгээр сараас эхлэн хамт амьдарсан. 2018 оны 6 дугаар сараас эхлэн манай нөхрийн өвөө П бидэнтэй хамт амьдрах болсон юм.
Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед өвөө намайг “хоол хий” гэхээр нь би мах гаргаад гэсэхийг нь хүлээгээд байж байтал өрөөнөөсөө ойр ойрхон гарч ирээд “Пиздаа минь, хоол чинь болж байна уу” гээд байхаар нь “одоо хийлээ” гээд хоолоо хийж байтал хажууд хүрч ирээд “чиний хоол хийнэ гэж юу байсан юм” гээд хутга аваад байцаа цавчих гээд байхаар нь би “та өрөөндөө байж бай, би хийчихнэ” гэж хэлтэл намайг “янхан, гичий, пизда” гээд хараагаад байхаар нь би уурлаад “та тэгвэл тэр хоолны газартаа очоод бэлэн хоолоо аваад идээч” гэж хэлсэн.
Тэгээд уурлаад над руу барьж байсан хутгаа чиглүүлж заагаад “хүүр минь, чамайг хүүр болгоод өгье” гэхээр нь би хутгыг нь булааж аваад нуучихсан. Тэгээд гал тогооноос гарах гэхэд миний араас үснээс зулгаагаад газарт унагаасан. Намайг бостол миний толгойн орой хэсэг рүү гараараа 4-5 удаа цохиод, намайг үсдэж үүдний шүүгээнд толгойгоор минь хоёр удаа цохиулсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд гарыг нь маажиж, хөлийг нь өшиглөж тавиулах үед манай нэг настай охин мөлхөөд хүрээд ирэхээр нь охиноо тэврээд том өрөөнд ороод буйдан дээр суутал араас орж ирээд намайг үсдээд толгой руу дахин цохисон.
Би хөл рүү нь өшиглөтөл миний хоёр хөлийн эрээн булчингаас базаж татаад буйдан дээрээс татаж унагаасан. Тэгээд хөл дээр дараад байхаар нь би түүнийг түлхэж унагаасныхаа дараа хажуу талынхаа айлд ороод, нөхрийгөө дуудсан юм.
Одоо манай нөхрийн өвөө бидэнтэй хамт амьдрахаа больсон, өөр хамаатныхаа гэрт байгаа байх. П өвөө намайг “хоол удаан хийлээ” гэж уурлаад зодсон. Тухайн үед манай охиноос өөр хүн байгаагүй. П өвөө өмнө нь 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр “Дотуур хувцас угаасангүй” гээд миний нүүрэнд хоёр удаа цохиж байсан. Гэхдээ тухайн үед надад гэмтэл учраагүй болохоор эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй юм. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х, 21х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын гэрчээр өгсөн:
“...Би эхнэр Х-тай хамт амьдраад 2 жил гаран болж байгаа ба 2018 оны эхээр би П өвөөгөө өөр дээрээ аваад хамт амьдрахаар болсон юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 10-ны өглөө би гэрээсээ гараад гадуур таксинд явж байтал орой 19 цагийн үед манай эхнэр над руу залгаад “Өвөө чинь согтуу агсам тавиад байна” гэхээр нь яваад очиход манай эхнэр хажуу талын айлд хүүхэдтэйгээ хамт орсон байсан.
Тэгээд би эхлээд ганцаараа гэрт ороод өвөөгөөсөө “яагаад Х-ыг зодсон” талаар асуухад “би зодоогүй, наадах чинь өөрөө эхэлсэн” гэж хэлсэн ба согтуу байхаар нь би өвөөгөө унтуулаад эхнэрээ гэртээ оруулсан. Тэгээд би орой 20 цаг өнгөрч байхад Х-ыг аавынх нь гэрт хүргэж өгсөн юм.
Одоо манай өвөө Толгойтод өөр хүүхдийнхээ гэрт амьдарч байгаа. Манай өвөө өмнө нь Х-ыг зодож байгаагүй. 2019 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед гэрээс гарах үед манай эхнэр Х-ын биед гэмтэл байгаагүй. Харин орой 19 цагийн үед гэрт очоод эхнэрийнхээ биеийг харахад толгойны баруун хэсэгт жижигхэн бондойж хавдсан, баруун мөр нь хөхөрсөн, хоёр хөлийн шилбэ, булчин нь улайгаад хөхөрсөн байсан.
Манай эхнэр Х их шартай, түргэн ууртай, зөрүүд зан ааштай боловч худлаа ярьдаггүй, үнэнч, шударга эмэгтэй. Манай эхнэр Анагаахын их сургуульд сурж байгаад 2018 он, 2019 онд чөлөө авч гэртээ хүүхдээ асарч байгаа юм. Харин манай өвөө бол архи их уудаг, олон жил архи уусан болохоор ч тэр юм уу, зан ааш нь ёдор, ааш муутай.
Хоёр жилийн өмнө эмээ нас барснаас хойш ойр ойрхон архи уух гээд байдаг. Мөн их бухимдуу, уур уцаар ихтэй болсон. Эхэндээ манай өвөө, эхнэр хоёр хоорондоо зүгээр харилцаатай байсан ба сүүлийн 6 сард тэр хоёр нэг нэгэндээ дургүй болоод таарамж муутай болсон. Мөн манай эхнэр давс багатай хоол хийдэг болохоор өвөө манай эхнэрийг муухай хоол хийдэг, жоохон хоол хийдэг гээд уурлаад байдаг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 2218 дугаартай:
1. Б.Х-ын биед тархи доргилт, баруун, зүүн шилбэ, баруун эгэмд цус хуралт, баруун хацар, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32х/,
5. Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 735 тоот:
1. М.П нь Цус хомсрох харвалтын үлдэц баруун талын саажилт эмгэгтэй байна.
2. М.П-ийн дээрхи эмгэг нь 2014, 2016 онуудад тархинд цус харвалт өгсөний дараа үүссэн байх боломжтой.
3. М.П-ийн дээрхи эмгэг нь олдмол байна.
4. М.П нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. М.П нь өөрийн үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байсан байна.
6. М.П нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 37-39/,
6. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хэргийн 67-71х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.П-ийн яллагдагчаар өгсөн:
“...Би ач хүү Б-ын гэрт хамт амьдардаг. Би 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б-ын эхнэр Х болон гучтайгаа хамт байсан ба Х-аас “хоол хийж өгөх”-ийг гуйтал “Мах хөлдүү байна” гэхээр нь би тэр үед цагаан сарын үе байсан болохоор “Ууцны махаар хийчих” гэж хэлсэн. Тэгтэл намайг “Хүлээгээд байж чадахгүй бол хоолны газраас хоол аваад идэхгүй юу” гэхээр нь би “тэгвэл би өөрөө хийгээд идчихэж чадна” гээд гал тогооны хэсэг рүү ортол, намайг “холд” гээд цээжинд түлхэхээр нь би Х-ын үснээс нь зулгаахад шалан дээр уначихсан.
Тэгээд би Х-ын толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд бэр маань намайг загнаад буйдан дээр сууж байхаар нь хөлнөөс нь хоёр гараараа татаад газар унагаасан чинь Х хүүхдээ аваад гараад явсан. Би 2019 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 100 грамм архи уусан байсан. Би хоолноос болж Б.Х-тай муудалцаж байгаад л ноцолдоод цохичихсон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45х, 47х, 80-81х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч П.Буриад /хэргийн 28х/, П.Тогоо /хэргийн 29х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч М.П-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 50х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 52х/, шүүгдэгч М.П-оос өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 86х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр хүлээн авч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 85-86х/ 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 127 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгч нарт тус тус танилцуулж, М.П холбогдох эрүүгийн 19100 0452 0325 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.П-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.П нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..-.. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн бэр Б.Х-ыг “хоол удаан хийлээ” гэх маргаан үүсгэж, зүй бус үг хэллэг хэрэглэн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар үснээс нь зулгааж газарт унагах, толгойгоор нь шүүгээ мөргүүлэх, маажих, өшиглөх зэргээр цохиж зодон биед нь “тархи доргилт, баруун, зүүн шилбэ, баруун эгмэнд цус хуралт, баруун хацар, мөрөнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 06х/,
- хохирогч Б.Х-ын: “...2019 оны 02 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед өвөө намайг “хоол хий” гэхээр нь би мах гаргаад, гэсэхийг нь хүлээгээд байж байтал өрөөнөөсөө ойр ойрхон гарч ирээд “Пиздаа минь, хоол чинь болж байна уу?” гээд байхаар нь “одоо хийлээ” гээд хоолоо хийж байтал хажууд хүрч ирээд “Чиний хоол хийнэ гэж юу байсан юм” гээд хутга аваад, байцаа цавчих гээд байхаар нь би “та өрөөндөө байж бай, би хийчихнэ” гэж хэлтэл намайг янхан, гичий, пизда” гэж хараагаад байхаар нь би уурлаад “та тэгвэл тэр хоолны газартаа бэлэн хоолоо аваад идээч” гэж хэлэхэд уурлаад, над руу барьж байсан хутгаа чиглүүлж заагаад “хүүр минь, чамайг хүүр болгоод өгье” гэхээр нь би хутгыг нь булааж аваад нуучихсан. Тэгээд гал тогооноос гарах гэхэд миний араас үснээс зулгаагаад газарт унагаасан. Намайг бостол миний толгойн орой хэсэг рүү гараараа 4-5 удаа цохиод намайг үсдэж үүдний шүүгээнд толгойгоор минь 2 удаа цохиулсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд гарыг нь маажиж, хөлийг нь өшиглөж тавиулахад манай нэг настай охин мөлхөөд хүрээд ирэхээр нь охиноо тэврээд том өрөөнд ороод буйдан дээр суутал араас орж ирээд намайг үсдээд толгой руу дахин цохисон. Би хөл рүү нь өшиглөтөл миний хоёр хөлийн эрээн булчингаас базаж татаад буйдан дээрээс татаж унагаасан. Тэгээд хөл дээр дараад байхаар нь би түүнийг түлхэж унагаасныхаа дараа хажуу талынхаа айлд ороод нөхөрийгөө дуудсан. ... П өвөө намайг “хоол удаан хийлээ” гэж уурлаад зодсон. П өвөө өмнө нь 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр “Дотуур хувцас угаасангүй” гээд миний нүүрэнд хоёр удаа цохиж байсан. Гэхдээ тухайн үед надад гэмтэл учраагүй болохоор эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй юм. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х, 21х/,
- гэрч Б.Б-ын: “...Би эхнэр Х-тай хамт амьдраад 2 жил гаран болж байгаа ба 2018 оны эхээр би П өвөөгөө өөр дээрээ аваад хамт амьдрахаар болсон юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 10-ны өглөө би гэрээсээ гараад гадуур таксинд явж байтал орой 19 цагийн үед манай эхнэр над руу залгаад “Өвөө чинь согтуу агсан тавиад байна” гэхээр нь яваад очиход манай эхнэр хажуу талын айлд хүүхэдтэйгээ хамт орсон байсан. Тэгээд би эхлээд ганцаараа гэрт ороод өвөөгөөсөө “яагаад Х-ыг зодсон” талаар асуухад “би зодоогүй, наадах чинь өөрөө эхэлсэн” гэж хэлсэн ба согтуу байхаар нь би өвөөгөө унтуулаад эхнэрээ гэртээ оруулсан. ...2019 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн үед намайг гэрээс гарах үед эхнэр Х-ын биед гэмтэл байгаагүй. Харин орой 19 цагийн үед гэрт очоод эхнэрийнхээ биеийг харахад “толгойны баруун хэсэгт жижигхэн бондойж хавдсан, баруун мөр нь хөхөрсөн, хоёр хөлийн шилбэ, булчин нь улайгаад хөхөрсөн” байсан. ... Манай өвөө, эхнэр хоёр хоорондоо зүгээр харилцаатай байсан ба сүүлийн 6 сард тэр хоёр нэг нэгэндээ дургүй болоод таарамж муутай болсон. Мөн манай эхнэр давс багатай хоол хийдэг болохоор манай өвөө манай эхнэрийг муухай хоол хийдэг, жоохон хоол хийдэг гээд уурлаад байдаг юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн: “Б.Х-ын биед тархи доргилт, баруун, зүүн шилбэ, баруун эгэмд цус хуралт, баруун хацар, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2019 оны 02 сарын 11-ний өдрийн 2218 дугаартай мэдүүлэг /хэргийн 32х/,
- гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хэргийн 67-71х/,
- шүүгдэгч М.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 143х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогчийн биед учирсан, шинжээчийн дүгнэлт нэрлэн заасан хөнгөн гэмтлүүд нь шүүгдэгч түүнийг зодож цохисон гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн болох нь нотлогдсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдсон байна.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч М.П нь хохирогч Б.Х-ын нөхөр болох хэрэгт гэрчээр асуугдсан Б.Б-ын өвөг эцэг, тодруулбал Б-ын төрсөн эцэг Буриад нь шүүгдэгч М.П-ийн төрсөн хүүхэд болох нь хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Б.Б-, М.Буриад нарын мэдүүлэг /хэргийн 22х, 27-28х/ баримтаар тус тус тогтоогдсон ба тэдгээр нь төрөл, садангийн холбоо харилцаатайгаас гадна шүүгдэгч нь тодорхой хугацаанд буюу 2018 оноос гэмт хэрэг гарсан 2019 оны 02 сарын 10-ны өдрийн байдлаар ач хүү Б.Б-, бэр Б.Х нартай хамт амьдарч байсан нь нотлогджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрөл, садангийн хүнийг “гэр бүлийн гишүүн” гэж, гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг “төрлийн хүн” гэж үзэх бөгөөд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, ...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцогдоно.
Иймээс хэргийн шүүгдэгч М.П болон хохирогч Б.Х нар нь нэг гэрт хамт амьдарч байсан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” этгээдүүд бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлж хуульчилсан.
Шүүгдэгч М.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ..-.. тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бэр Б.Х-тай “хоол удаан хийлээ” гэх шалтгаанаар маргаж, зүй бус үг хэллэг хэрэглэн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар үснээс нь зулгааж газарт унагах, толгойгоор нь шүүгээ мөргүүлэх, маажих, өшиглөх зэргээр цохиж зодон биед нь “тархи доргилт, баруун, зүүн шилбэ, баруун эгэмд цус хуралт, баруун хацар, мөрөнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учруулсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Прокуророос М.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай дээрх үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч М.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хэргийн шүүгдэгч М.П нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..” /хэргийн 21х/ хэмээн мэдүүлж баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.П нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 52х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүх, шүүгдэгч М.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохиросн байх шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон түүний эрүүл мэнд, өндөр настай байдал, хохирогч “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээнд М.П-ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Х нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт М-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан М.П-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.П нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт М.П нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД