Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01787

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06485 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь Монгол Улсын Засгийн газрын /2020.09.23/ ээлжит хуралдаанаар шийдвэрлэсний дагуу 2020 оны 12 сард байгуулагдсан ******* ХХК-д 2021 оны 02 сарын 02-ны өдөр нягтлан бодогчоор анх ажилд орсон. Улмаар Монгол Улсын Засгийн газрын /2023.11.30/ ээлжит хуралдаанаар ******* ХХК-ийг *******-д нэгтгэх шийдвэр гаргаж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 725 дугаар тогтоолоор нэгтгэсэн. Хоёр компанийн хооронд байгуулагдсан 2022 оны 12 сарын 30-ны өдрийн НГ/2023/01. ЗТЗ 2022-12-30/01 Компани нэгтгэх гэрээгээр ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудыг ******* нь ажлын байраар хангах үүрэг хүлээсэн бөгөөд үүний дагуу ******* нь 2023 оны 01 сараас *******-д Санхүү, эдийн засгийн газрын харъяа Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерээр ажиллаж эхэлсэн.

Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 дэх заалтын дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2023 оны 08 сарын 07-ны өдөр *******д өгсөн. Тухайн үед ******* нь гүйцэтгэх захиралд хандан ажилдаа хэвээр үлдэх хүсэлтэй буйгаа илэрхийлж, шинээр батлагдсан бүтэц орон тоогоор нэршлийн хувьд өөрчлөгдсөн боловч *******ийн ажиллаж байсан чиг үүрэг хэвээр үлдсэн байхад яагаад бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр ******* ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч байгаа талаар лавласан. Гэтэл ******* захирал нь шинэ бүтэц, орон тоо нэршлийн хувьд өөрчлөгдсөн тул эхлээд ажлаас чөлөөлж байгаад дахин шинэ бүтэц орон тоон дээр томилж шинээр тушаал гаргана гэж тайлбарласан.

Түүнчлэн гүйцэтгэх захирал нь Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэст одоогоор орон тоо байхгүй байна, чамайг ямар нэгэн албан тушаалд томилно, Төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар Авлигатай тэмцэх газарт бичиг явуулъя гэсэн боловч гүйцэтгэх захирал ******* шалтгаангүйгээр ажилд томилоогүй бөгөөд орон тоо байхгүй, өргөдлөө өг гэж шаардсан. Улмаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн Б/477 дугаар тушаалаар ******* ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Авлигатай тэмцэх газрын 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 05/4436 дугаартай албан бичгээс үзэхэд, ******* нь ******* Төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахаар ирүүлснийг тус газраас ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тушаалд томилоогүй бөгөөд Авлигатай тэмцэх газраас хариу тогтоогдоогүй гэж дүгнэсэн байна. Гэтэл ажил олгогч нь ******* тус албан тушаалд томилоогүй бөгөөд Авлигатай тэмцэх газраас хариу ирсэн талаар *******д мэдэгдээгүй. Энэ нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэгт зааснаар ******* төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй нь хууль бус болохыг илэрхийлж байна.

Гэтэл ******* нь 119 ажилтныг ажлаас халахдаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан арга хэмжээ аваагүй бөгөөд Үйлдвэрчний эвлэл байхгүй, ажилтнуудын төлөөлөгчидтэй ямар нэгэн гэрээ хэлэлцээ хийгээгүй, сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, шинэ ажлын байр бий болоход ажилтныг эхний ээлжид авч ажиллуулах зэрэг хуульд заасан эрх эдлүүлэх боломж олгоогүй.

Түүнчлэн ажил олгогч нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагад ажилтнуудаа бөөнөөр халж буйгаа мэдэгдээгүй, хамтын гэрээ, хэлэлцээр бүртгүүлээгүй зэрэг нь ажил олгогч нэг талын эрх ашиг давамгайлсан хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна. Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн Б/477 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ******* ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 72,016,897 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

******* нь *******-д 2023 оны 01 сарын 23-ны өдөр Б/43 дугаар тушаалаар Санхүү, эдийн засгийн газрын нягтлан бодох бүртгэлийн албаны менежерээр томилогдож, хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан. *******-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолоор баталсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар *******-ийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоо 119-өөр хасагдсан. Үүний дагуу Санхүү, эдийн засгийн газар нь Санхүү, эдийн засгийн ахлах менежер-1, Нягтлан бодох бүртгэлийн албаны менежер-1, Ерөнхий нягтлан бодогч-1, ахлах нягтлан бодогч-1, нийт-15 бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд тус тогтоол батлагдсанаар Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга-1, Ерөнхий нягтлан бодогч-1, нягтлан бодогч-5, нярав-2, нийт-9 орон тоотой болж 5 орон тоо хасагдаж батлагдсаны дагуу Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн албан тушаал нь хасагдаж батлагдсан.

*******-ийн зүгээс дээрх шийдвэрийн дагуу ажилтан бүрд 2023 оны 08 сарын 07-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар ажлын байр хасагдсан, цөөрсөн ажилтнуудыг 2023 оны 09 сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан буюу тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү, эдийн засгийн газрын нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр хасагдсан үндэслэлээр *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ******* нь 2023 оны 09 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ *******-ийн захиргаанд гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ******* нь өөрөө гаргаж ажил олгогчтой харилцан тохиролцон 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тогтоолгон авсан атлаа *******-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.

Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн Б/477 дугаар тушаал нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн Б/477 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ******* ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 72,016,897 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг баримтлаагүй зөрчсөн, гэхдээ тушаалыг хүчингүй болгох боломжгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Төмрийн өмчийн хороо хуульд заасан эрх хэмжээний хүрээнд *******-д чиглэсэн зохих шийдвэрийг гаргасан бол *******-ийн зүгээс тухайн шийдвэрийг хөрсөн дээр буулган хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Гол асуудал нь тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх асуудал гэж үзэж байгаа. Гэтэл *******-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэлгүй нийт 119 ажилтан албан хаагчдын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Нэгэнт халагдах нь тодорхой болсон 119 хүний тухайд ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үеийн хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйн тулд тус тусд нь мэдэгдэл өгч тэтгэмж өгий гэх байдлаар нийт хэдэн хүн халагдаж, хэдэн хүн ажилд орсон, хэдэн орон тоо хэдээр цөөрч хасагдаж байгаа, үлдсэн орон тоонд хэн хэн үлдэж байгаа ямар шаардлага шалгуурыг хангасан хүн үлдэж байгаа болон ажлын байрны чиг үүрэг нь адил хүмүүсийг ямар байдлаар сонгон авч үлдсэн тухай ямар ч мэдээлэл өгөлгүй дээрээс гарсан шийдвэр нэрийн дор хууль зөрчин бөөнөөр халсан үйлдлийг дэмжсэн шийдвэр гарсан гэж үзэж байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст орон тоо хасагдсан тухай мэдэгдсэн гэж дурдсан бөгөөд уг албан бичиг нь Сүхбаатар дүүргийн халамж үйлчилгээний хэлтсээс ирсэн нотлох баримт дунд байдаггүй. Харин хариуцагч өөрөө гаргаж өгсөн өөрийнх нь үйлдэх боломжтой баримт ба уг баримт нь ажил олгогч ажилтнуудыг бөөнөөр халсан тухай анхнаасаа мэдэж байсан, харин бөөнөөр халах тухай ажилтнуудад мэдэгдээгүй буюу бөөнөөр халах үеийн ажил олгогчийн үүргийг биелүүлээгүй гэдэг нь давхар нотлогдоно гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч нь нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр хасагдсан талаар маргаагүй, харин хариуцагч нь Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан ажлын чиг үүрэг шилжсэн, мөн ажил олгогч бөөнөөр халснаас хойш нэг жилийн дотор шинээр бий болсон эсхүл нэмэгдсэн ажлын байранд ажиллах хүсэлтэй байхад ажиллуулаагүй, гаднаас шинээр ажилтан авч ажиллуулсан талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлсон байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүх анхнаасаа нягтлан бодогчийн албан тушаалын талаар хэлэлцэх ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд мэтгэлцэх ёстой байсан. Анхан шатны шүүх хуралдаан нэхэмжлэгчийн хүсэлтээр удаа дараа хойшилж байсан. Өөр ажилтан томилсон эсэх талаар нотлуулах хүсэлт нэхэмжлэгч гаргасан. Шүүх талуудын маргаагаагүй үйл баримтыг нотлох боломжгүй. Засгийн газрын тогтоолын дагуу ажилтнуудын тоо өөрчлөгддөг учраас үүнд үндэслэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан үйл ажиллагаа явуулдаг болохыг тайлбарласан. Төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаал нь хариуцагч байгууллагын одоогийн албан тушаалд байхгүй. Нэхэмжлэгч нь төлөвлөлтийн хэлтсийн газрын даргын албан тушаалын тавигдах шаардлагад тэнцэхгүй байсан. Хариуцагч байгууллагын зүгээс ажилтныг нийтээр халсан эсэх талаар маргаагүй. Бөөнөөр халах үеийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэсэн. Ажилтнууд өөрсдөө төлөөлөгчөө сонгож, томилох ёстой. Ажилчдын зөвлөл байхгүй учраас хариуцагч байгууллагын зүгээс ажилтан тус бүрд ажлаас чөлөөлсөн мэдэгдлийг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтан тус бүрд мэдэгдсэн нь ажил олгогчийн буруутгах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа өөр ажил эрхэлсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгсөн. Мөн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст мэдэгдсэн. Ажилтантай тохиролцож, ажилгүйдлийн тэтгэмжийг өндөр үнийн дүнгээр олгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* 2023 оны 01 сарын 16-ны өдөр *******-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн нягтлан бодох бүртгэлийн албаны менежер албан тушаалд ажиллаж байсан, улмаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн Б/477 дугаар тушаалаар нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр хасагдсан гэсэн үндэслэл зааж, түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4. Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11.9, 8.11.11, хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.9, 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.2, 12.6, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 379 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, төлөөлөн удирдах зөвлөлийн 07 сарын 19-ний өдрийн хурлын 23/18 дугаар тогтоолыг удирдлага болгож, тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү эдийн засгийн газрын нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр хасагдсан талаар дурджээ.

 

5. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн дээрх тушаалыг эс зөвшөөрч буй үндэслэлдээ шинээр батлагдсан бүтэц орон тоогоор ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч миний ажлын байр хэвээр үлдсэн, бөөнөөр халах үеийн Хөдөлмөрийн тухай хуульд заасан арга хэмжээг аваагүй нь ажилтны эрх ашгийг зөрчсөн гэж,

хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгууллагын бүтэц шинэчлэн батлагдсантай холбоотой нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж батлагдсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ******* нь өөрөө гаргаж ажил олгогчтой харилцан тохиролцон 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тогтоолгон авсан атлаа маргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

 

6. Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 379 дугаар *******-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай тогтоол, *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 19 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлан тухай, 2023 оны 07 сарын 19-ний өдрийн 23/18 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэх тухай тогтоолуудаас үзэхэд хариуцагч компанийн бүтэц, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоож, нийт орон тоо 669 (үүнд төв ажлын байр 205) байсныг 550 (төв ажлын байранд 138) болгож бууруулж тогтоосон байна.

Үүнд: маргаанд хамаарах нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү эдийн засгийн газар нь дотроо хоёр албатай, нэг алба болох Нягтлан бодох бүртгэлийн алба нь ерөнхий нягтлан бодогч 1, нягтлан бодох бүртгэлийн албаны менежер 1, ахлах нягтлан бодогч 1, нягтлан бодогч 9, кассын нярав 1, аж ахуйн нярав 1, нийтдээ 14 орон тоотой байсныг шинэчилсэн бүтцээр тус албыг Захиргаа удирдлагын газарт шилжүүлж, Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс болгон өөрчилж дарга 1, ерөнхий нягтлан бодогч 1, нягтлан бодогч 5, кассын нярав 1, аж ахуйн нярав 1, нийт 9 орон тоо болгож баталжээ.

 

7. Түүнчлэн маргаан шийдвэрлэх 3 талт хорооны хуралдааны 2023 оны 10 сарын 05-ны өдрийн тэмдэглэлд Ажил олгогчийн төлөөлөл *******: үндэслэл нь орон тоо цөөрсөн, 100 гаруй хүн ажлаас чөлөөлөгдсөн гэж, *******-аас Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст явуулсан 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 01/1568 дугаар мэдэгдэлд бүтэц орон тоо 119-р хасагдсан, ажлын байр нь хасагдсан ажилтнуудыг 2023 оны 09 сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн гэж тус тус тэмдэглэгдсэн байдал болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоо 119-р хасагдсан, ажилтан бүрд мэдэгдэл өгч, чөлөөлж шийдвэрлэсэн гэх тайлбар зэргээс үзвэл хариуцагч *******-аас ажилтныг бүтэц орон тооны шинэчлэлтэй холбоотойгоор 119 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч энэ үйл баримтын талаар маргаагүй.

Тодруулбал хариуцагч нь бүтэц зохион байгуулалт, орон тооны шинэчлэлтэй холбоотой ажлын байр хасагдсан үндэслэлээр 119 ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, ийнхүү ажлаас халахдаа ажилтан тус бүрээр мэдэгдэл өгч, тушаалаа гаргасан ба нэхэмжлэгч ******* нь эдгээр ажлаас халагдсан 119 хүмүүст багтаж байгаа болох нь тогтоогдож байна.

 

8. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, ажилтнуудыг бөөнөөр халах харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд хууль зүйн зохих дүгнэлтийг бүрэн өгөөгүй, маргааныг нэг мөр, үндэслэл бүхий шийдвэрлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

9. Ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг мөрдөх ба энэ тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан асуудлаар ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх үүрэгтэй.

Учир нь ажил олгогч ба ажилтны төлөөллийн хооронд хийх хэлэлцээрийн дүнд ажилтны тоо багасах шаардлага, үндэслэл тодорхой болох, сул орон тоонд ажилтныг шилжүүлэх боломж, ажлын байр шинээр бий болоход ажилтан тэргүүн ээлжинд орж ажиллах боломжийг хэрхэн эдлэх, ажилтныг мэргэшүүлэх, сургах зэрэг тухайн үед ажиллаж байсан ажилтнуудын ажиллах нөхцөлийг хэвээр хадгалах, тэдний хөдөлмөр-нийгмийн үндсэн эрхийг хангахад чиглэсэн асуудлууд тодорхойлогдоно.

10. Хэргийн баримтаас үзвэл ийм хэлэлцээр хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт бөөнөөр халах үйл явц өрнөхөд ажилтны төлөөлөлтэй ажил олгогчийн зайлшгүй хэлэлцэх асуудлыг тодорхойлсон бөгөөд хариуцагч *******-аас Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 2023 оны 09 сарын 22-ны өдрийн 01/1568 дугаар мэдэгдэл явуулсан нь ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ зохих журмаар хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

 

11. Бөөнөөр халахдаа ажилтны эрхийг ажил олгогчтой тэнцвэржүүлэх зорилгоор хууль тогтоогчийн тусгасан чухал үе шат хэрэгжээгүй гэж үзэх бөгөөд талуудын тэгш байдлын зарчим алдагдаж, ажилтны эрх ноцтой зөрчигджээ. Тиймээс нэхэмжлэгч *******аас миний ажиллаж байсан Нягтлан бодох бүртгэлийн албаны чиг үүрэг хэвээр үлдсэн, орон тооны ажлын байрны жагсаалтыг танилцуулаагүй, шаардлага хангасан өөр албан тушаалд томилоогүй зэрэг агуулга бүхий гомдол, тайлбарыг ажил олгогчид холбогдуулж гаргаж байсан ба энэ нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, ажилтны төлөөлөгч, эрх бүхий этгээдтэй хэлэлцээр хийгээгүйтэй холбоотой.

  Өөрөөр хэлбэл Санхүү эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажлын байр хасагдсан гэж үзвэл түүний оронд мэргэжлийн шаардлага хангаж буй бусад ажлын байранд шууд, эсхүл сонгон шалгаруулалтаар, эсхүл мэргэжлээ дээшлүүлэх зарчмаар орж ажиллах боломжийг нэхэмжлэгчид олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэгт заасан ажилтны эрх зөрчигдсөн гэж үзэхэд хүргэж байна.

 

12. Үүнээс гадна хэргийн баримтаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 сарын 16-ны өдрийн А/27 дугаар тушаалаар дахин тус компанийн ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг шинэчилж баталсан байх бөгөөд үүнд нийт ажилтны орон тоо 550 хэвээр боловч, төв ажлын байрны тухайд 141 орон тоотой байхаар, үүнээс энэ маргаанд хамаарах сүүлд баталсан Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хувьд 9 орон тоог нягтлан бодогч 1 орон тоогоор нэмэгдүүлж нийт 10 орон тоотой байхаар тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсэгт Ажил олгогч бөөнөөр халснаас хойш нэг жилийн дотор шинээр бий болсон, эсхүл нэмэгдсэн ажлын байранд энэ хуулийн 81.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан хүн тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд түүний хүсэлтээр эхний ээлжид авч ажиллуулна гэж заасныг маргааны энэ тохиолдолд ажил олгогч хэрэгжүүлээгүй байна.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан үндэслэлээр дуусгавар болгохоор зохицуулжээ. Нэхэмжлэгч *******ийн хувьд өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлт гаргаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар тайлбараа хариуцагч баримтаар нотолж чадаагүй.

 

14. Иймээс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн Б/477 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* урьд эрхэлж байсан Санхүү эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч төлөвлөлтийн хэлтсийн дарга-ын албан тушаалд томилуулахаар шаардсаныг өмнөх менежер-ийн ажлын байр, шинээр бий болсон төлөвлөлтийн хэлтсийн дарга-ын ажлын байрны зорилт, үндсэн чиг үүргүүд өөр тул шүүхээс шууд уг албан тушаалд томилох боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв хэдий ч нэгэнт Б/477 дугаар тушаал үндэслэл бүхий болж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул түүний үр дагаврыг нэг мөр шийдвэрлэж урьд эрхэлж байсан албан тушаалд томилов.

 

15. Ажилтны зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд сэргээх зорилгын хүрээнд түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд буцаан тогтоох нь зүйтэй ба уг шийдвэрийг биелүүлэх явцад Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчлөх арга хэрэгслийн тусламжтайгаар тэгш байдал, шударга ёсны зарчмын дагуу ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож, эрх зөрчигдөхөөс өмнөх байдалтай аль болох дүйцэх байдлаар ажилтны эрхийг сэргээж шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтойг тайлбарлах нь зүйтэй.

 

16. Нэхэмжлэгч нь *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 сарын 07-ны өдрийн Б/477 дугаар тушаалыг хүчингүй болгох гэж шаардлагаа тодорхойлсон боловч энэ нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй, харин ажилд эгүүлэн тогтоолгохтой холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох юм.

 

17. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтанд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан тул тушаал гарсан 2023 оны 09 сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 71,409,580 ((3,132,131+3,210,000+3,174,229):3*22 сар, 147,540 нэг өдрийн цалин*11хоног) төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоос тушаалаар олгогдсон 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж /3,172,120*3/-ийг хасаж, үлдэх 61,893,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,123,677 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

18. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн уулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

19. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******-д Нягтлан бодох бүртгэлийн албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас олговорт 61,893,220 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,123,677 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын дурдсугай. гэснийг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 467,416 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул төлөөгүйг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН