Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 426

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Г-ийн А-т холбогдох эрүүгийн 19100 1032 0453 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Д.Ширэндэв, шүүгдэгч Г.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга С.Буянхишиг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, “Хүүгийн гутал” ХХК-д захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ....... хотхоны ..... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ийн А,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .........хотхоны ..... дугаар байрны .... тоот өөрийн гэртээ эхнэр Д.Э-тай “гэрээ цэвэрлэсэнгүй, татварын тайлан гаргасангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Би эхнэр Э-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Ер нь бид хоорондоо эвтэй байдаг ба тухайн өдөр гэр бүлийн маргаанаас болж ийм зүйл болсон. Хохирогчийн биед учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэж, толгой бариулсан зардлыг нь би төлж барагдуулсан. Тухайн өдөр намайг гэртээ ирэхэд гэр бохир байсан ба манай эхнэр компанийн “Х” тайланг явуулах байсан боловч явуулаагүй байсан.

Тэгээд маргаан үүссэн. Манай эхнэр эдийн засагч мэргэжилтэй хүн байгаа, урьд нь “Алтантариа” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Хүүхдүүд 06 сартайгаас 12 насны 4 хүүхэдтэй. Хэрэг болох үед манай бага хүүхэд эхнэр бид хоёртой  хамт байсан. Манай гэр бүлд маргалдах зүйл гардаг хэдий ч ийм зүйл урьд нь болж байгаагүй. Урьд нь манай хүүхдүүдийг асрагч хардаг байсан ба гэрт суурилуулсан камераар эхнэр, бид хоёр эзгүй үедээ хянадаг байсан, камерыг салгаагүй байгаа юм. Би хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1032 0453 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э-ын хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо ..... хотхоны ... дугаар байрны .... тоот гэртээ нөхөр Г.А-ийн хамтаар амьдардаг. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед гэртээ байхад манай нөхөр “татварын Х тайлан явуулсан уу” гэхээр нь би “амжаагүй байна” гэхэд “чи тэгээд л шалтаг хэлдэг юм” гээд уурлаад, муухай дуугарахаар нь би “хүүхдүүдээ хараад амжихгүй байна шүү дээ” гэж хэлээд тайланг нь явуулах гээд и-мейл хаягаа шалгаад, олохгүй болохоор “тэр чинь байхгүй байна” гэж хэлэхэд манай нөхөр уурлаад хэвтээд байсан.

Тэгээд би хажууд нь очоод суусан чинь намайг жижиг өрөө, нойлын өрөөний хооронд сэгсчиж, гараараа цохиж, хөлнөөс татаж шалан дээр ар дагзаар газар унагаасан, миний хоолойноос гараараа боож, миний нүүр рүү гэрийн хатуу ултай углаашийг авч шидэж,  хамрыг гэмтээсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд “явж цусаа угаа” гэхээр нь би ариун цэврийн өрөө рүү орж цусаа угаачаад, хүүхдээ хөхүүлээд сууж байхад цагдаа нар ирсэн.

Би Г.А-тай 2008 оноос гэр бүл болж хамт амьдарсан. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй. Том нь 11 настай, дараагийнх нь 8 настай, дундах нь 6 настай, бага нь 6 сартай. Г.А нь архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. ...Г.А-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо бол гэр бүлийн уур амьсгал хэвийн сайхан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зодооны асуудал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-13х, 15х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-гийн гэрчээр өгсөн:

“...Би Д.Э-ын төрсөн дүү нь байгаа юм. Д.Э Г.А-тай 2008 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. Г.А архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. ...Д.Э-ын гэрт суурьлуулсан хяналтын камерийг мэднэ. Гэрт нь очиход хяналтын камер байдаг. Г.А нь гэртээ хүүхдүүдээ харж байгаа хүүхэд асрагчийг хянах гэж камер суурьлуулсан, бас эгчийг хянах гэж камер суурьлуулсан гэж би боддог.

Г.А нь бид нарын хажууд зүгээр байдаг. ...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр Г.А-т зодуулсан гэж цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Би цагдаа дээр цуг ирчихээд “эгчийн хүүхдүүдийг харах хүн байхгүй” гэхээр нь би гэрлүү нь явсан. Г.А Д.Э эгчийг зодсон талаар эмээгийн дүү болон бид нар сонсож, харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 4 сарын 23-ны өдрийн 4868 дугаартай:

1. Д.Э-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 26х/,

 

4. Камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, дуу дүрсний бичлэг бүхий дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 84-87х, 05х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.А-ийн яллагдагчаар өгсөн:

“...Гэр бүлийн маргаанаас болоод гэр цэвэрлээгүй байна гээд, мөн ажлын тайлантай холбоотойгоор хоорондоо маргалдсан. Э хүүхдээ тэвэрсэн байсан ба тэгэхэд манай бага хүүхэд Ариунхүслэн уйлаад,  хүүхэд гэмтээх гээд байхаар нь “өг, хүүхэд гэмтээж магадгүй” гээд хүүхдээ авах гэж байхдаа аль нэг гараараа нүүр рүү нь хүчтэй түлхсэн.

Тэр үед хамарнаас нь цус гарсан байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирсэний дараа зүүн нүдний доод хэсэг хөхөрсөн байсан. ...Д.Э-ын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Д.Э аливаа зүйлийг хийхдээ болхи, хайнга байдаг.

Сүүлд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр том хүү Түвшинбаатарын сургуулийн төгсөлтийн баяр парк дээр болсон би 11 цагийн үед Д.Э-ын машин дээр очиход цонх нь онгорхой, бага хүүхэд машин дотор уйлж байсан. Хүүхдүүд тойроод зогссон байсан.

Би Д.Э-ыг дуудаад болсон явдлын талаар хэлээд маргалдсан. Манай хамаатан садан биднийг маргалдаж байхыг мэдэхгүй. Д.Э дуугүй, огцом ууртай, орчноо мэдэрдэггүй, хүмүүсийн дунд орилж, хүүхдээ айлгаж, ичээлгэдэг. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухаарсан. Миний буруу, цаашид дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Лхагва-Очир /хэргийн 41-42х/, Г.Алтантуяа /хэргийн 44-45х/ нарын мэдүүлэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 46х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 48х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 55х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 56х/, “Хүүгийн Гутал” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 57х/, бакалаврын дипломын хуулбар /хэргийн 58х/ баримт, шүүгдэгч Г.А-аас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 91х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” тухайгаа илэрхийлж, хохирогч нь яллагдагчтай сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт тус тус гаргасныг /хэргийн 96-97х/  2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 133 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид тус тус танилцуулан Г.А-т холбогдох эрүүгийн 19100 1032 0453 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.А-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .........хотхоны ..... дугаар байрны .... тоот гэртээ эхнэр Д.Э-тай “гэрээ цэвэрлэсэнгүй, татварын тайлан гаргасангүй, шалтаг тооцлоо” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар түүнийг гараараа сэгсчих, цохиж, хөлнөөс татаж унагах, гэрийн шаахай авч шидэх зэргээр цохиж зодон биед нь “тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- хохирогч Д.Э-ын: “...Би Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо ..... хотхоны ... дугаар байрны .... тоот гэртээ нөхөр Г.А-ийн хамтаар амьдардаг. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед гэртээ байхад манай нөхөр “татварын Х тайлан явуулсан уу” гэхээр нь би “амжаагүй байна” гэхэд “чи тэгээд л шалтаг хэлдэг юм” гээд уурлаад ,муухай дуугарахаар нь би “хүүхдүүдээ хараад амжихгүй байна шүү дээ” гэж хэлээд тайланг нь явуулах гээд и-мейл хаягаа шалгаад, олохгүй болохоор “тэр чинь байхгүй байна” гэж хэлэхэд манай нөхөр уурлаад хэвтээд байсан.

Би хажууд нь очоод суусан чинь намайг жижиг өрөө, нойлын өрөөний хооронд сэгсчиж, гараараа цохиж, хөлнөөс татаж шалан дээр ар дагзаар газар унагаасан. Тэгээд миний хоолойноос гараараа боож, миний нүүр рүү гэрийн хатуу ултай углаашийг авч шидэж миний хамрыг гэмтээсэн. ...Г.А архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. ...Г.А-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо бол гэр бүлийн уур амьсгал сайхан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зодооны асуудал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-13х, 15х/,

-гэрч Д.Б-гийн: “... Би Д.Э-ын төрсөн дүү нь байгаа юм. Д.Э Г.А-тай 2008 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байгаа. Г.А архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. ...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр Г.А-т зодуулсан гэж цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Би цагдаа дээр цуг ирчихээд “эгчийн хүүхдүүдийг харах хүн байхгүй” гэхээр нь би гэрлүү нь явсан. Г.А Д.Э эгчийг зодсон талаар эмээгийн дүү болон бид нар сонсож, харж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн: “Д.Э-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2019 оны 4 сарын 23-ны өдрийн 4868 дугаартай дүгнэлт /хэргийн 26х/,

- Камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, дуу дүрсний бичлэг бүхий дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 84-87х, 05х/,

- шүүгдэгч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 39-39х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Д.Э-ын биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.А түүнийг цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл /хөнгөн хохирол/ учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Г.А-ийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.А-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Д.Э-ын биед учирсан “...тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булангийн цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.     

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч Г.А-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.А нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн /хэргийн 46х/ баримттай байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.    

    

Шүүгдэгч Г.А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Ингэхдээ шүүх, Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Г.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                               

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.А-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Л.А цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД