Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01788

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/05957 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,635,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

*******ийн төрсөн эгч ******* нь хоёр хүүхдийн хамтаар 2015 оноос хойш Чех улсын Мост хотод ажиллаж, амьдарч байгаа. *******ийн хүсэлтээр нэхэмжилж буй 25,635,000 төгрөгийг Чех улс руу шилжүүлэх зорилгоор *******ын дансанд шилжүүлсэн. Учир нь тухайн үед *******тэй хамт ажилладаг ******* гэх хүнтэй холбогдож түүний эхнэр *******ын данс руу ******* нь мөнгөн гүйлгээг хийж, ******* нь *******ийн эгчид Чех улсын мөнгөн тэмдэгт буюу кроноор дамжуулж өгөхөөр болсон. *******т Чех улсад ашигладаг данс байхгүй, мөн гүйлгээний шимтгэл хэт өндөр байсан тул дээрх шийдвэрийг гаргасан.

Ингээд ******* нь *******ын эзэмшлийн ******* банкны ******* тоот данс руу дараах мөнгөн гүйлгээг хийсэн. Үүнд: 2022 оны 04 сарын 05-ны өдөр 8,370,000 төгрөг, 2022 оны 04 сарын 06-ны өдөр 2,560,000 төгрөг, 2022 оны 04 сарын 07-ны өдөр 2,560,000 төгрөг, 2022 оны 04 сарын 07-ны өдөр 3,840,000 төгрөг, 2022 оны 04 сарын 07-ны өдөр 3,200,000 төгрөг, 2022 оны 04 сарын 08-ны өдөр 3,200,000 төгрөг, 2022 оны 04 сарын 10-ны өдөр 1,905,000 төгрөг, нийт 25,635,000 төгрөг шилжүүлсэн боловч ******* нь *******ийн хийсэн мөнгөн гүйлгээг цааш шилжүүлэлгүй өөрөө авсан. ******* нь *******ын өмнө ямар нэгэн хүлээсэн үүрэг хариуцлага байхгүй болно. Иймд *******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,635,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

******* нь Бүгд найрамдах Чех улсын Мост хотод амьдардаг төрсөн эгч *******т 1 удаа тус дэм болохоор түүний хамт ажилдаг *******аар дамжуулан 25,635,000 төгрөгтэй тэнцэх крон өгөхөөр *******ын данс руу мөнгөн гуйвуулга хийх зорилгоор дээрх мөнгийг шилжүүлсэн. ******* өөрийн ******* банкны ******* тоот дансны 2022 оны 04 сарын 05-ны өдрийн гүйлгээг нэхэмжлэлд хавсаргасан. Энэ гүйлгээ нь *******ын ******* тоот данснаас *******ийн данс руу солилцоо утгатайгаар 8,370,000 төгрөгийн орлого орсон байдаг. Дээрх орлого орсны дараа *******ийн данснаас *******ын данс руу нийт 6 удаагийн гүйлгээгээр 17,265,000 шилжүүлсэн. *******аас ******* руу төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх боловч *******, ******* нар нь одоогоос 3 жил 1 сар 19 хоногийн өмнөх тооцоо дууссан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 17,265,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,370,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 286,125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 244,278 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* нь Чех улсад амьдарч байгаа *******ийн хүсэлтээр *******ын ******* банкны данснаас 1 удаагийн 8,370,000 төгрөгийн орлого авч, 6 удаагийн зарлагын гүйлгээ 17,265,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус орлого болон зарлагыг Чех улсад амьдрах төрсөн дүүгийн нөхөр *******ы хүсэлтээр шилжүүлсэн. Хилийн чандад амьдарч байгаа гэр бүлийн гишүүд нь хоорондоо крон өгч авалцах, зээлэхээр тохиролцсоныг үндэслэн ******* нь зээлэв гэсэн утгаар мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утгыг тодорхой бичээд шилжүүлжээ.

Нэхэмжлэгч нь 2022 оны 04 сарын 06-10-ны хооронд 6 удаагийн гүйлгээгээр нийт 17,265,000 төгрөгийг 20000 кс зээлэв, 20000кс, 30000кс, 25000кс, 25000, 15000кс зээлэв гэж шилжүүлсэн нь утга агуулгаараа төрсөн эгч ******* нь тус улсад амьдардаг *******д мөнгө /крон/ зээлдүүлсэн байна. Зээлийн гэрээний төлбөрөөс 8,370,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх тул зээлдэгч нь гэрээний үүргээ энэ хэмжээгээр биелүүлсэн. Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан.

4.2. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 25,635,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь татгалзлын үндэслэлээ *******, ******* нарын хоорондох тооцоо дууссан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 04 сарын 06-ны өдөр 2,560,000 төгрөг, 2022 оны 04 сарын 07-ны өдөр 2,560,000 төгрөг, 2022 оны 04 сарын 07-ны өдөр 3,840,000 төгрөг, 2022 оны 04 сарын 07-ны өдөр 3,200,000 төгрөг, 2022 оны 04 сарын 08-ны өдөр 3,200,000 төгрөг, 2022 оны 04 сарын 10-ны өдөр 1,905,000 төгрөг, нийт 17,265,000 төгрөгийг хариуцагч *******ын ******* банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн болох нь хэргийн 6-11 дэх талд авагдсан ******* банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдсон, энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-6-11/

 

4. Хариуцагч ******* нь өөрийн дансанд 6 удаагийн гүйлгээгээр нийт 17,265,000 төгрөгийг шилжиж орсон дээрх үйл баримтын талаар маргаагүй боловч уг мөнгөний талаар Чех улсад амьдардаг *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзнэ.

 

Тодруулбал, хэргийн баримтаар талуудын хооронд тодорхой хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэгдсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал нотлогдож, тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх буюу хөрөнгөө буцаан шаардах тохиолдлыг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж тодорхойлсон.

 

Үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг ойлгох тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхэд хамаарна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

Хариуцагч нь мөнгийг өөрөө төлөх үндэслэлгүй, бусдын даалгавраар хүлээн авсан гэж маргаж байгаа тохиолдолд энэ талаар өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүргийг хүлээх бөгөөд нотолж, тогтоож чадаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн мөнгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх болсон үндэслэлийн талаар талууд өөр байр суурь илэрхийлэн маргасан, хоёр талын үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэж, хариуцагч *******аас 17,265,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д тус тус заасанд нийцжээ.

 

7. Харин нэхэмжлэгч *******ийн ******* банк дахь ******* тоот дансны хуулгаар 2022 оны 04 сарын 05-ны өдөр 8,370,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн болох нь хэргийн 5 дахь талд авагдсан ******* банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдсон бөгөөд дээрх 8,370,000 төгрөгийн орлогыг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв бөгөөд, нэхэмжлэлээс үлдэх 8,370,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс үүсэх үүргийн харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэх зохицуулалт хамаарна.

Нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, 2025 оны 05 сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан арван жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/05957 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 244,275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН