Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01826

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/09405 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч автомашиныг бусдад худалдсан тул худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ автомашиныг ******* 32,000,000 төгрөгөөр худалдан авах санал тавьж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч төлбөрийг бүрэн төлөөгүй учир автомашинаа буцаан авч, бусдад худалдан борлуулсан, 10,000,000 төгрөг урьдчилгаанд өгсөн гэх боловч үүний 6 сая төгрөг нь үл хөдлөх хөрөнгийн зуучийн төлбөр гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 10 сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг шилжүүлж, нэхэмжлэгч автомашины үнэ 32,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-8/

4.2. Нэхэмжлэгч автомашиныг шилжүүлэн авч, 2024 оны 04 сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөгийг хариуцагч *******т төлсөн болох нь хэргийн 23 дахь талд авагдсан Хас банкны дансны хуулга баримтаар тогтоогдсон.

4.3. Төлбөрийг бүрэн төлөгдөөгүй үндэслэлээр хариуцагч автомашиныг 2024 оны 05 сарын 28-ны өдөр буцаан авсан. Энэ үед талууд автомашин худалдах 2023 оны 10 сарын 27-ны өдрийн гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн баримт-ыг үйлдэж, уг баримтад төлсөн 10,000,000 төгрөг, үлдэгдэл 22,000,000 төгрөг, үнэ 32,000,000 төгрөг гэж, мөн 2024 оны 05 сарын 28-ны өдөр 2023 оны 10 сарын 27-ны автомашин худалдах, худалдан авах гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн баримт-ыг үйлдэж, уг баримтад ******* улсын дугаартай, ******* маркийн автомашин худалдах, худалдан авах гэрээг дүгнэж тооцоо нийлэв, төлөлт REMAX fee 6,000,000, 4,000,000, үлдсэн төлбөр 26,000,000, 22,000,000 гэж тус тус тусгажээ. /хх-9-10/

Талууд эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

 

5. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

6. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр 2024 оны 05 сарын 28-ны өдөр автомашиныг буцаан авч, улмаар 2024 оны 12 сарын 21-ний өдөр бусдад худалдан борлуулсан байх ба энэ хугацаанд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн үүргийн зөрчлийн улмаас хариуцагч гэрээнээс татгалзаж, 2024 оны 05 сарын 28-ны өдрөөр гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзнэ.

 

7. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу автомашины үнэд төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

 

8. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг төлсөн гэж уг мөнгөн хөрөнгийг буцаан шаардаж байгаа ба талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 4,000,000 төгрөг төлсөн гэж үзэхээр байна.

 

8.1. Хариуцагч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг *******-иар зуучлуулан худалдан борлуулсан, уг харилцаанд нэхэмжлэгч нь худалдааны агентаар ажилласан, дээрх гэрээний төлбөрт хариуцагчийн төлвөл зохих 6,000,000 төгрөгийг түүний өмнөөс нэхэмжлэгч төлөхөөр тохирсон гэх боловч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан журмаар өр шилжсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

8.2. Түүнчлэн, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн нэрлэн заасан этгээдэд хүлээлгэн өгснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцох бөгөөд нэхэмжлэгч нь автомашины үнэ 6,000,000 төгрөгийг хариуцагчийн заасан этгээдэд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул 6,000,000 төгрөгт холбогдох үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

 

9. Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүрэг нь 4,000,000 төгрөг байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй байна.

 

10. Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар, татгалзалтай холбогдох зарим нотлох баримтыг дүгнээгүй орхигдуулсаныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой.

 

10.1. Хариуцагч 2024 оны 11 сарын 12-ны өдөр автомашиныг техник засвар, үйлчилгээнд хамруулж, 1,080,000 төгрөгийн зардал гарсан гэх боловч засварлуулсан гэх эвдрэл, гэмтлийг нэхэмжлэгчийн эзэмшилд автомашин байх хугацаанд үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Техникийн засвар, үйлчилгээний гэрээ гэх баримтаар автомашины засварт 1,080,000 төгрөгийн зардал гарсныг нотлохгүй.

 

Мөн хариуцагч нь бусдаас зээлсэн мөнгөний хүүний төлбөрт 6,800,000 төгрөг төлсөн нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн явдал бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, үүргийн зөрчил, хохирол хооронд шалтгаант холбоотой нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх учиртай. Иймд дээрх зардлуудыг хасаж тооцох агуулга бүхий хариуцагчийн тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол хангагдахгүй.

 

10.2. Харин нэхэмжлэгчийн эзэмшилд автомашин байх хугацаанд 110,000 төгрөгийн торгууль гарсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байх тул уг торгуулийн төлбөрийг хариуцагчийн буцаан төлөх үүргээс хасаж тооцох үндэслэлтэй.

 

11. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 3,890,000 /4,000,000110,000/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,110,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 29-ний өдрийн 197/ШШ2025/09405 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 3,890,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,110,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 162,150 гэснийг 77,190 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН