Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 182

 

П.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/00767/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1125 дугаар шийдвэртэй, 

           Нэхэмжлэгч П.Э-, Г.Уламбаяр, Б.Амарзаяа, Б.Уранцацрал, С.Амаржаргал, П.Мөнхтулга, Э.Гэрэлт-Эрдэнэ нарын  нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Минж проперти” ХХК-д холбогдох 

          “орон сууцны талбайн зөрүү гаргуулах, талбайн хэмжээ тогтоолгох тухай” иргэний хэргийг

           Нэхэмжлэгч П.Э-, Б.Амарзаяа, Г.Уламбаяр, Д.Мөнхтулга нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Э-, Б.Амарзаяа, З.Мөнхтулга, Г.Уламбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч П.Э-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 09 дүгээр сард орон сууц баригдаж буй газар дээр очиж танилцаж байсан. Тэгэхэд зөвхөн орон сууцны барилгын ажил эхлэх шатандаа явагдаж байсан. 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Минж проперти” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 49 дүгээр байрны 3 давхарт 316 тоот 2 өрөө байр захиалсан. Захиалгын гэрээ байгуулахдаа миний бие тус компани дээр өөрийн биеэр очиж зураг, сурталчилгааны хуудас зэрэгтэй танилцаж байгаад 32,21 мкв талбайтай, хоёр өрөө орон сууц захиалсан. Гэрээгээ байгуулахдаа урьдчилгаа 10 хувийг өгсөн. 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үлдэгдэл төлбөрөө төлсөн. Орон сууцандаа орсны дараа талбайн хэмжээ эргэлзээтэй санагдаад Инжкон ХХК-аар талбайн хэмжилт хийлгүүлэхэд 3,21 мкв-ын зөрүү гарч надад гэрээнд зааснаар дутуу хөрөнгө шилжүүлсэн байсныг мэдсэн. Иймд орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, талбайн зөрүү төлбөрийг шаардаж байна. 

Орон сууц захиалахдаа 1 мкв-ыг нь 1320,000 төгрөгөөр тооцож байсан учир талбайн зөрүү төлбөр 4,237,200 төгрөгийг “Минж проперти” ХХК-аас нэхэмжилж байна. Хариуцагч байгууллага нь биднийг хуурч мэхлэн ийнхүү дутуу хөрөнгө шилжүүлсэнээс болж бид маш их хохирч байгаа.

Хамгийн наад зах нь талбайн хэмжээ зөрүүтэй илүү бичигдсэнээс бид банкны зээл илүү төлж, орон сууц, СӨХ-ийн төлбөрөө гэрчилгээнд бичигдсэн талбайн хэмжээгээр тооцож, тэр хэмжээгээр хохирч байна гэжээ.

 Нэхэмжлэгч Г.Уламбаяр  түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Минж проперти” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 49 дүгээр байр, 5 давхарт 507 тоот 2 өрөө 40,53 мкв орон сууц захиалсан. Төлбөрөө гэрээ байгуулахдаа 30 хувийг нь өгч үлдэгдэл төлбөрөө байрныхаа түлхүүрийг гардаж авах үед буюу 2014 оны 05 дугаар сард төлсөн. Байрандаа орсны дараа Инжкон ХХК-аар талбайн хэмжилт хийлгүүлэхэд 2,93 мкв-ын зөрүү гарч надад гэрээнд зааснаар дутуу хөрөнгө шилжүүлсэн байсныг мэдсэн. Иймд орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, талбайн зөрүү төлбөрийг шаардаж байна. Орон сууц захиалахдаа 1 мкв-ыг нь 1,320,000 төгрөгөөр тооцож байсан учир зөрүү төлбөр 3,809,000 төгрөгийг “Минж проперти” ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

 Нэхэмжлэгч Б.Амарзаяа түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 “Минж Проперти” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 49 дүгээр байрны 6 давхарт 604 тоот 2 өрөө 39,29 мкв орон сууц захиалсан. Инжкон ХХК-аар талбайн хэмжилт хийлгүүлэхэд 3,90 мкв-ын зөрүү гарсныг мэдсэн. Талбайн хэмжээг анх тохирсон хэмжээнээс дутуу шилжүүлсэн тул орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, талбайн зөрүү төлбөр 5,148,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Талбайн хэмжээг гэрээнд зааснаас дутуу шилжүүлсэнээс болж миний бие талбайн зөрүү төлбөрийг насаараа төлнө гэдэг маш хүнд байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Уранцацрал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Миний бие “Минж проперти” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж 49 дүгээр байрны 5 давхарт 512 тоот 2 өрөө 40,53 мкв, 2 өрөө орон сууц захиалсан. Орон сууц захиалгын гэрээг би өөрөө очиж хийж байсан бөгөөд надад орон сууцны талаар танилцуулга хуудас, үнийн саналыг танилцуулж байсан. 1 мкв нь 1,320,000 төгрөг гэж танилцуулж байсан бөгөөд нийт 53,499,600 төгрөг болж байсан. Орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орно гэж хэлж байсан. Гэрээ байгуулах үед барилгын ажил дөнгөж эхэлж байсан. Харин 2014 оны 4 сард байхаа байр захиалсан хүмүүс ирж ханын цаасаа сонгоорой гэж хэлсэн учир очиж ханын цаасны өнгөө сонгож байсан. Хариуцагч байгууллага гэрээнд зааснаас дутуу талбайтай орон сууц шилжүүлсэнээс болж бид бүхэн маш их хохирч байна. Байр захиалсан хүмүүс бүгд банкны зээлтэй, гэтэл банк гэрээнд зааснаас илүү хэмжээгээр хүү тооцож авч байна. Иймд орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, хариуцагчаас талбайн зөрүү төлбөр 6,996,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“Минж проперти” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 49 дүгээр байрны 10 давхарт 1007 тоот 2 өрөө 40,53 мкв байранд орсон. Манайхыг орон сууц захиалгын гэрээ байгуулахад орон сууцны 1 мкв-ын үнийг 1,350,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан. Хариуцагч байгууллагаас бид бүхэнд талбайн хэмжээ дутуу, доголдолтой хөрөнгө шилжүүлсэн болох тогтоогдож байна. Энэ талбайн хэмжилт хийсэн 3 байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрх гурван байгууллагын дүгнэлтээр бидний орон сууцны талбайн хэмжээ дутуу гарсан. Нэхэмжлэгч нар нь бүгд банкны зээлтэй, зээлийн гэрээний хугацаа нь 10-20 жил байгаа. Их хохиролтой байна. Иймд орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас зөрүүтэй дутуу болохыг тогтоож, талбайн зөрүү төлбөр 4,698,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна  гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“Минж Проперти” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, 49 дүгээр байрны 9 давхарт 912 тоот 2 өрөө 40,53 мкв байр захиалсан. Уг байрандаа 2014 оны 07 дугаар сард орсон. Захиалга авахдаа урьдчилгаа 15 хувийн төлбөр үлдсэнийг нь 2013 оны 12 дугаар сард төлсөн. Гэтэл байрны талбайн хэмжилт дээр эргэлзэх болсон. Инжкон ХХК-аар талбайн хэмжилт хийлгүүлэхэд 5,36 мкв-ын зөрүү гарсныг мэдсэн. Нийтдээ 3 байгууллагаар талбайн хэмжилт бүгдэд нь зөрүүтэй гарсан. “Минж проперти” ХХК нь гэрээнд заасанүүргээ биелүүлээгүй 40.53 мкв талбайтай орон сууц хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлэгүй тул хохирол 7.075.200 төгрөгийг Иргэний хуулийн 352.2.3-т зааснаар гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Уранцацрал түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Минж проперти” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 01-нд гэрээ байгуулж, 2 өрөө байр захиалсан. Боршуур дээрээс нь харж 1м2 нь 1320 000 төгрөг, 40,53 м2 байрыг сонгож захиалсан. Графикийн дагуу урьдчилгаа төлбөр төлсөн. Сүүлд банктай ипотекийн гэрээ байгуулж үлдэгдэл мөнгөө төлж дуусгасан. Инжкон ХХК-аар талбайн хэмжилт хийлгэхэд 35,23 м2 буюу 5,3 м2-ын зөрүү гарсан. Энэ нь 6 996 000 төгрөг болж байгаа тул нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Гэрэлт-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

“Минж проперти” ХХК-тай гэрээ байгуулан 39,26 м2 талбайтай 2 өрөө орон сууц захиалж, төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж барагдуулсан. Гэтэл Инжкон ХХК-ийн  хэмжилтээр 2,64 м2-ын зөрүү гарсан тул 3 564 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Минж проперти ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Аливаа барилга барих тусгай зөвшөөрөл бүхий барилгын компани нь барилгын норм дүрмийн дагуу зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, тухайн зургийг экспертизээр батлуулан орон сууцны талбайн хэмжээг баталгаажуулдаг. Батлагдсан зураг төслийн дагуу захиалагч нартай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, захиалга авах явцдаа барилгаа барьж дуусган улсын комисст өгөх зэрэг төлөвлөгөө графикийн дагуу үйл ажиллагаа явагддаг. Тус нэхэмжлэлийн тухайд манай байгууллага нь дээр дурдсанчлан экспертизээр батлагдсан зургийн дагуу орон сууцаа барьсан. Бид орон сууцныхаа талбайг барилгын зурагт заасан хэмжээнээс санаатайгаар нэмэгдүүлж, захиалагч нарыг хохироосон зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч талын гуравдагч этгээдээр хэмжүүлсэн орон сууцны талбайн зөрүүг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй,  ... манайх орон сууцыг хүлээлгэж өгөхдөө хэмжилт хийдэггүй, батлагдсан зураг төслийн дагуу захиалагч нартай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, захиалга авах явцдаа барилгаа барьж дуусган улсын комисст өгдөг ... барилгын гүйцэтгэлийн явцад тодорхой шалтгаануудын улмаас талбайн хэмжээ батлагдсан зургаас зөрж, талбайн хэмжээнд /+-/1-2мкв хүртэл зөрүү гарах тохиолдол байдаг үүнийг барилгын норм ба дүрмүүдэд зөвшөөрөгдөх хүлцэх алдаа гэж үздэг. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ бус Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Бэлэн болсон барилгыг захиалагч нар хүлээж авсан учир ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж болохгүй. Иймээс нэхэмжлэгч нар тухай орон сууцыг хүлээн авах үедээ гомдлын шаардлагаа гаргаагүй учир Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Нөгөө талаар орон сууц захиалгын гэрээний зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө учир худалдах худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилнэ. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.9-д орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь “Минж проперти” ХХК байна гэж зааснаас үзэхэд гэрээний зүйл болох орон сууц нь манай байгууллагын өмч байсан, өөрийн өмчийг л зарсан. Иймд Иргэний хуулийн худалдах худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч П.Э-, Г.Уламбаяр, Б.Уранцацрал, Б.Амарзаяа, С.Амаржаргал, Д.Мөнхтулга нар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

 

 Бидний 6 айл “Минж проперти” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах, ажил гүйцэтгэх гэрээний дагуу шинээр баригдах орон сууцны захиалга өгч, хариуцагч байгууллага гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхээр тохиролцсон билээ. Гэтэл “Минж проперти” ХХК нь биднийг хууран мэхэлж хэвийн нүдээр хараад мэдэх боломжгүй талбайн хэмжээнүүдийг багасгаж барилгыг барьсан болох нь хожим илэрсэн тул бидний хэсэг хүмүүс барилга зураг төслийн Инжкон ХХК-иар 2015.04.11-ний өдөр хэмжилт хийлгэхдээ анхны гэрээгээр тохирсон орон сууцны талбайн хэмжээнд хүрэхгүй, гэрээгээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд иргэний хэрэг үүсгэгдэн ажиллагаа хийгдэж байх хугацаанд шүүгчийн захирамжаар “Тооното гранд” ХХК-иар хэмжилт хийлгэж шинжээчийн дүгнэлт гарахад хариуцагч байгууллага гэрээний үүргээ зөрчсөн болох нь дахин тогтоогдож байгаа юм. Бид “Минж проперти” ХХК-тай хийсэн гэрээний талбайн хэмжээгээр ус, дулаан цахилгааны төлбөр, банкны зээлийг төлж байгаа тул сэтгэл санаа болон эд материалаар хохирч байна гэжээ.

 

 Хариуцагч “Минж проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Буянхишиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш нар нэхэмжлэгч Г.Уламбаярт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

 Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2-р хороолол Парк таун хотхоны 49-р байрны 507 тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу харилцан төлөхөөр тохирч,Минж проперти ХХК болон иргэн Г.Уламбаяр нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №31 тоот гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн Г.Уламбаяр нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №35 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-т заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 843000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн Г.Уламбаяр нь 2013.10.01-ний өдрийн дугаар №35 тоот гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-т заасан үндэслэлээр тооцсон алданги болох 843000 төгрөгийг Г.Уламбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Уламбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Минж проперти” ХХК нь орон сууц барьж өгөх, ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 31 тоот гэрээг байгуулж, уг гэрээнд зааснаар 40,53м2 талбайтай орон сууц барьж өгөх үүргээ биелүүлэхгүй иргэн намайг хохироож, талбайн зөрүүг одоо болтол төлж барагдуулахгүй 2 жил гаруй болж байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, хохирол учруулсан болох нь талбайн хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтээр тогтоогдсон байхад, намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хугацаа авах зорилгоор сөрөг нэхэмжлэл гарган 843000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компаний удирдлагууд болон өмгөөлөгч нар нь шүүхэд байгаа хэргийг аль болох хугацаа авах зорилгоор янз бүрийн арга хэрэглэж хойшлуулж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

Хариуцагч Минж проперти ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Буянхишиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш нар нэхэмжлэгч Б.Амарзаяад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2-р хороолол Парк таун хотхоны 49-р байрны 604 тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу харилцан төлөхөөр тохирч, “Минж проперти” ХХК болон иргэн Б.Амарзаяа нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр №30 тоот гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн Б.Амарзаяа нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн №30 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу төлөх төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-т заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 829.800 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн Б.Амарзаяа нь гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-т заасан үндэслэлээр тооцсон алданги болох 829.800 төгрөгийг Б.Амарзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Амарзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

 

“Минж проперти” ХХК нь орон сууц барьж өгөх, ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №30 тоот гэрээ байгуулж, гэрээнд зааснаар 39,29м2 талбай бүхий орон сууц барьж өгөх үүргээ биелүүлээгүй иргэн намайг хохироож, талбайн зөрүүний 4752000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй 2 жил гаруй болж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй хохирол учруулсан болох нь талбайн хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хугацаа авах зорилгоор сөрөг нэхэмжлэл гарган 829800 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Минж проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Буянхишиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш нар нэхэмжлэгч П.Э-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

            Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2-р хороолол Парк таун хотхоны 49-р байрны 316 тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу харилцан төлөхөөр тохирч, “Минж проперти” ХХК болон иргэн П.Э- нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр №31 тоот гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн П.Э- нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн №31 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу төлөх төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-д заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 680275 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн П.Э- нь гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 16 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-т заасан үндэслэлээр тооцсон алданги болох 680275 төгрөгийг П.Э-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч П.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

 

 “Минж проперти” ХХК нь орон сууц барьж өгөх, ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 31 тоот орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, гэрээнд зааснаар 32,21м2 талбайтай орон сууц барьж өгөх үүргээ биелүүлэхгүй иргэн намайг хохироож, талбайн зөрүүний 3960 000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй 2 жил гаруй болж байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, хохирол учруулсан болох нь талбайн хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтээр тогтоогдсон байхад, намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хугацаа авах зорилгоор сөрөг нэхэмжлэл гарган 680 275 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Хариуцагч “Минж проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Буянхишиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш нар нэхэмжлэгч Д.Мөнхтулгад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

 Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2-р хороолол Парк таун хотхоны 49-р байрны 912 тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу харилцан төлөхөөр тохирч, “Минж проперти” ХХК болон иргэн Б.Амарзаяа нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр №04 тоот гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн Д.Мөнхтулга нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 9 дугаар сарын 09-ний өдрийн №04 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу төлөх төлбөрийг 37 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-д заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 1 979 485 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн Д.Мөнхтулга нь гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 37 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-т заасан үндэслэлээр тооцсон алданги болох 1 979 485 төгрөгийг Д.Мөнхтулгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч Д.Мөнхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

 

“Минж проперти” ХХК нь орон сууц барьж өгөх, ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №04 дугаартай гэрээ байгуулж, гэрээнд зааснаар 40,53 м2 талбайтай орон сууц барьж өгөх үүргээ биелүүлэхгүй, иргэн намайг хохироож, талбайн зөрүүний 4844400 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй 2 жил гаруй болж байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй, хохирол учруулсан болох нь талбайн хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтээр тогтоогдсон байхад, намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд хугацаа авах зорилгоор сөрөг нэхэмжлэл гарган 1 979 485 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч “Минж проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Буянхишиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш нар нэхэмжлэгч Б.Уранцацралд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

            Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 2-р хороолол Парк таун хотхоны 49-р байрны 512 тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу харилцан төлөхөөр тохирч, “Минж проперти” ХХК болон иргэн Г.Уламбаяр нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №34 тоот гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн Б.Уранцацрал нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №34 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хувиарийн дагуу төлөх төлбөрийг 12 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-т заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 843000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд иргэн Б.Уранцацрал нь 2013.10.01-ний өдрийн дугаар №34 тоот гэрээний үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 12 хоног хэтрүүлсэн ба гэрээний 6.2-т заасан үндэслэлээр тооцсон алданги болох 641 995 төгрөгийг Б.Уранцацралаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Уранцацрал шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

 

“Минж проперти” ХХК нь орон сууц барьж өгөх, ажил гүйцэтгэх гэрээг 2013.10.01-ний өдрийн 34 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан гэрээнд зааснаар 40,53 м2 талбайтай орон сууц барьж өгөх үүргээ биелүүлэхгүй иргэн намайг хохироож, талбайн зөрүү 37,10 м2 буюу 4527600 төгрөгийг одоо болтол төлж барагдуулахгүй 2 жил гаруй болж байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй хохирол учруулсан болох нь талбайн хэмжилт хийсэн компаниудын дүгнэлтээр тогтоогдсон байхад намайг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1125 дугаар  шийдвэрээр: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 227 дугаар зүйлийн 227.3, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч П.Э- нарын нэхэмжлэлтэй, “Минж проперти” ХХК-д холбогдох орон сууцны талбайн зөрүү гаргуулах, орон сууцны талбайн хэмжээ тогтоолгох, хариуцагчийн гэрээний дагуу алданги гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн П.Э-гийн төлсөн 82,745 төгрөг, Г.Уламбаярын төлсөн 75,894 төгрөг, Б.Амарзаяагийн төлсөн 97,318 төгрөг, Б.Уранцацралын төлсөн 126,880 төгрөг, С.Амаржаргалын төлсөн 90,120 төгрөг, Д.Мөнхтулгын төлсөн 128,153 төгрөг нийт 601,110 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 159591 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Гэрэлт-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 71974 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.Гэрэлт-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Э- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэлгүй иргэн миний эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бөгөөд доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. 2013 оны 09 сард орон сууцны захиалга өгөхөд “Минж проперти“ ХХК нь зар явуулж, зурагт хуудас сурталчилгаа тарааж, орон сууц нь баригдаагүй, барилгын ажил эхлэх шатандаа явж байсан бөгөөд барилгыг улсын комисст 2014 оны 5 сард хүлээлгэж өгсөн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2014 оны 6 сард гарсан, ажлын хөлсний тодорхой хувийг анх гэрээ байгуулахдаа төлж, үлдсэнийг нь орон сууцны түлхүүр авах үедээ өгсөн, ханын цаасны сонголт хийлгэж байсан гээд орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1, 3.6, 4.2-т зааснаар дараалсан ажлууд хийгдэж байгаад орон сууцны талбайн хэмжээ дутуу буюу гэрээний үр дүнгийн доголдлоос болж талуудын хооронд маргаан үүссэн байхад шүүх орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй байна. Орон сууцны талбайн хэмжээний дутууг хэвийн байдлаар хүлээж авахад илрүүлэх боломжгүй байсан бөгөөд тавилга тавих, олон ам бүлтэй амьдрахад бэрхшээлтэй болсноос талбайн хэмжилт хийлгэж үзэхэд барилгын хэмжилт хийх эрхтэй тусгай зөвшөөрөл бүхий 3 компанийн хэмжилт бүрээр талбайн хэмжээ дутуу болох нь хөдөлбөргүй тогтоогдсон юм. “Минж проперти“ ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, надад 32.21 мв2 талбайтай орон сууц хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул би хохирол 4.237.200 төгрөгийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар орон сууцны хөлсөнд төлсөн үнээс бууруулж хариуцагчаас буцаан гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр 1125 тоот шийдвэрийг хянаж үзэн, миний амьдралд туслалцаа үзүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Мөнхтулга давж заалдсан гомдолдоо:

 

            2013 оны 9 сард орон сууцны захиалга өгөхөд “Минж проперти” ХХК нь зар явуулж, зурагт хуудас сурталчилгаа тарааж, орон сууц нь баригдаагүй барилгын ажил эхлэх шатандаа явж байсан бөгөөд барилгыг улсын комисст 2014 оны 5 сард хүлээлгэж өгсөн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2014 оны 6 сард гарсан, ажлын хөлсний тодорхой хувийг анх гэрээ байгуулахдаа төлж, үлдсэнийг нь орон сууцны түлхүүр авах үедээ өгсөн, ханын цаас сонголт хийлгэж байсан гээд орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1, 3.6, 4.2-т зааснаар дараалсан ажлууд хийгдэж байгаад орон сууцны талбайн хэмжээ дутуу буюу гэрээний үр дүнгийн доголдлоос болж талуудын хооронд маргаан үүссэн байхад шүүх орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй байна. Орон сууцны талбайн хэмжээний дутууг хэвийн байдлаар хүлээж авахад илрүүлэх боломжгүй байсан бөгөөд тавилга тавих, олон ам бүлтэй амьдрахад бэрхшээлтэй болсноос талбайн хэмжилт хийлгэж үзэхэд барилгын хэмжилт хийх эрхтэй тусгай зөвшөөрөл бүхий 3 компанийн хэмжилт бүрээр талбайн хэмжээ дутуу болох нь тогтоогдсон. “Минж проперти” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 40.53 мкв талбайтай орон сууц хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээгүй биелүүлээгүй тул  хохирол 7.075.200 төгрөгийг Иргэний хуулийн 352.2.3-т зааснаар гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Амарзаяа, Г.Уламбаяр нар  давж заалдсан гомдолдоо:

 

            2013 оны 9 сард орон сууцны захиалга өгөхөд “Минж проперти” ХХК нь зар явуулж, зурагт хуудас сурталчилгаа тарааж, орон сууц нь баригдаагүй барилгын ажил эхлэх шатандаа явж байсан бөгөөд барилгыг улсын комисст 2014 оны 5 дугаар сард хүлээлгэж өгсөн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2014 оны 6 дугаар сард гарсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1, 3.6, 4.2-т зааснаар дараалсан ажлууд хийгдэж байгаад орон сууцны талбайн хэмжээ дутуу буюу гэрээний үр дүнгийн доголдлоос болж талуудын хооронд маргаан үүссэн байхад шүүх орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй байна. Тусгай зөвшөөрөл бүхий 3 компанийн хэмжилт  бүрээр талбайн хэмжээ дутуу болох нь тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар орон сууцны хөлсөнд төлсөн үнээс бууруулж хариуцагчаас буцаан гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэснээр маргааны үйл баримтыг тогтоож,  зохигчдын дунд үүссэн эрх зүйн харилцаанд   Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

            Хэргийн 20 дугаар талд авагдсан “Орон сууц захиалгаар барих” гэрээний зүйл заалтуудыг судлан үзвэл талуудын хооронд  байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах-худалдах авах гэрээний шинжийг агуулсан байна.

 

Нэхэмжлэгч тал орон сууц захиалах үйл ажиллагаа нь орон сууцыг баригдаж эхлэхээс өмнө орон сууцны зураг бэлэн болсон байх үед хийгдсэн бөгөөд уг орон сууцыг барих үйл ажиллагааг үе шаттайгаар санхүүжүүлж байсан талаар тайлбарладаг  боловч талуудын хооронд орон сууцны  барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Ажил гүйцэтгэгч захиалагчийн хөрөнгөөр болон өөрийн материалаар захиалагчийн хүссэн  тодорхой давхарт, түүний хүссэн  өрөөний тоо болон хэмжээ загварын дагуу ажлыг гүйцэтгэх нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм.

 

Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбарласанчлан баригдах барилгын зураг төсөв батлагдсан, орон сууцны өрөөний хэмжээ болон өрөөний тоо, өрөөний байршил, загвар тодорхой болсон үед батлагдсан зураг төслийн дагуу ажил гүйцэтгэгчийн сонгосон материалаар баригдахаар төлөвлөгдсөн барилгын орон сууцны өрөөнүүдийг бусдад худалдах, урьдчилгаа төлбөрөөр барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор гэрээний нэг тал гэрээ байгуулах дуудлагыг гаргасан бөгөөд барилгын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл 60-70 хувьтай явж байх үед нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан  нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байна.

 

Иймд зохигчдын дунд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Худалдан авагч тал  буюу нэхэмжлэгч нар 2014 оны 5-6 саруудад худалдан авсан байрнуудаа эзэмшилдээ авсан  бөгөөд тухайн үед байрны хэмжээ дутуу байгаа доголдлыг мэдэх боломжтой байсан, худалдан авсан эд зүйлийн чанарыг өөрөөр хэлбэл хэмжээг шалгаж энэ талаар хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргах боломжтой байжээ.

Өмчлөх эрх худалдагчид шилжсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч гэрээний нөгөө талд гомдлын шаардлага гаргаагүй тул худалдагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.

Хариуцагч тал худалдан авагч нараас гэрээний үнэ хугацаандаа төлөөгүйтэй холбоотой гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутайгаас мөнгө төлөх үүрэг гүйцэтгэгч нар  гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гагцхүү шүүх гэрээний үүргийн дагуу нэхэмжилсэн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн ерөнхий ангийн мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхтэй холбоотой заалтыг хэрэглэсэн нь  хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул талуудын гэрээгээр тохиролцсон үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг зохицуулсан хуулийн заалтыг баримтлан шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар орон сууцны талбайн хэмжээг тогтоолгох шаардлага  нэмэгдүүлсэн нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш харин нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэх үйл ажиллагаа байжээ.

Иймд худалдан авсан эд зүйлийн талаар гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн тул эд хөрөнгийн доголдлын талаар шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын:  

            “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 227 дугаар зүйлийн 227.3, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчилж шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч П.Э-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82.745 төгрөг, Б.Амарзаяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97.318 төгрөг, Г.Уламбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.894 төгрөг, Д.Мөнхтулгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.153 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЭНХЖАРГАЛ                               

                                        ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                              О.НАРАНГЭРЭЛ