| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 137/2017/0043/э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2017-05-10 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 29
Б.Дуламжав, Б.Мөнхцэцэг нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Батбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Чимэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Дуламжав, Б.Мөнхцэцэг нарт холбогдох, эрүүгийн 201610010248 дугаартай, 1 хавтас, 230 хуудас эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн замын-Үүд сумын 2 дугаар баг, Цагаан дөрвөлж байрны 2-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Батхүрэлийн Мөнхцэцэг /ЕА91071809/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1995 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Ориентал хотхоны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Тайж овогт Болдын Дуламжав /ЕО95120206/ нарт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Б.Мөнхцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 32 дугаар байрны гадаа Б.Дуламжавтай бүлэглэн хохирогч М.Болортуяаг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн олон нийтийн болон бага насны хүүхдийн хажууд хэл амаар доромжилж, эд зүйлийг нь тараан шидэж биед нь халдан бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн,
Шүүгдэгч Б.Дуламжав нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 32 дугаар байрны гадаа Б.Мөнхцэцэгтэй бүлэглэн хохирогч М.Болортуяаг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн олон нийтийн болон бага насны хүүхдийн хажууд хэл амаар доромжилж, эд зүйлийг нь тараан шидэж биед нь халдан бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж тус тус танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нарт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын гакраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон өөрчлөн зүйлчилж,
Шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нарыг 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурдаж,
Шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмчлүүлэгчийн карт, рентген зургийг хохирогч М.Болортуяад буцаан олгож,
Шүүгдэгч нар нь шүүхийн шатанд хохирогч М.Болортуяад хохирол төлбөр 590000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,
Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч М.Болортуяагийн нэхэмжилсэн 1633350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 590000 төгрөгийг хангаж, үлдэх 1043350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, 86-68 ДГО улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн суудлын автомашиныг шүүгдэгч Б.Мөнхцэцэгт, 18-27 ДГО улсын дугаартай улаан өнгийн Приус 20 маркийн суудлын автомашиныг шүүгдэгч Б.Дуламжав нарт тус тус олгож,
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 14 хоногийн дотор давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдсан гомдолдоо: Мөнхцэцэг, Дуламжав нар нь 2016.11.30-ны өдөр 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 32 дугаар байрны гадна Болортуяаг 3 настай охин Солонгын нүдэн дээр үсдэж, бүлэглэн зодож биед нь хөнгөн хүндэвтэр гэмтлүүд учруулж олон нийтийн газар гудамж, талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, нохойны хоолны угаадсыг толгой дээр нь асгаж, өмдийг нь тайлаад, өөрсдийн гутал хувцасыг хохирогчийн хувцасанд арчиж, доромжлон басамжилж, танхайрсан гэмт хэргийг үйлдсэн нь жинхэнэ зэрлэг балмад, догшин, хэрцгий хүнлэг бус танхайн гэмт хэрэг биш үү. Прокурорын байгууллага хэргийн зүйлчлэлийг танхайн гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн гэтэл анхан шатны шүүх хэргийг гэр бүлийн хардалт сэрдэлт буюу хувийн сэдэлттэй гэж үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж улмаар тухайн зүйл зүйл заалтанд заасан албадан ажил хийлгэх хамгийн хөнгөн ял шийтгэлийг сонгон хэрэглэн гэмт этгээдүүдийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй ял шийтгэл оногдуулж хэргийг илтэд буруу алдаатай шийдвэрлэсэнд гомдолтой байна. Болортуяаг шүүгдэгч Б.Мөнхцэцэг хардсанаас зодсон гэж тайлбарлаж байгаа боловч хардаж сэрдэх үндэслэл байгаагүй, үл ялиг зүйлээс шалтаглан энэ хэрэгт ямар ч хамааралгүй Дуламжав өөрийн гарын зугаа болгон бусдыг хүч түримгийлэн зодсон үйлдлийг хувийн сэдэлттэй гэж Эрүүгийн хуулийн буруу хэрэглэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, шүүгдэгч нарын гэм буруугийн үйлдэлд тохирсон шударга ял шийтгэл оногдуулж, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж шийдвэрлэхийг хүсье гэжээ.
Прокурор Б.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: …Мөнхцэцэг нөхөртэйгөө муудалцаад байж байхад нь Болортуяаг машинаас дөнгөж буугаад ирэхэд нь ямар нэгэн үг хэлэхгүйгээр маргаан хийхгүйгээр зодож эхэлсэн байдаг. Мөн хажуунаас нь Дуламжав бас зодсон. Улсын яллагчийн зүгээс эр нөхөртэйгөө хардсанаас үүдсэн гэж Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд явж байсан. Тэгтэл энэ хоёрын хооронд ямар нэгэн маргаан үүсээгүй, зодоон үүсээгүй, шууд гарч ирэхэд нь зодож эхэлсэн асуудал байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр яагаад Болортуяаг зодох болсон юм бэ гэхэд нөхөр Мөнхболд намайг уурлаад өшиглөхөд нь би тэр уурандаа Болортуяаг зодсон гэж хэлдэг. Энэ хоёрын хооронд ямар нэгэн харилцаа байдаггүй. Харилцаа үүсээгүй байхад зодсон. Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэрэг байгаа учраас мөрдөн байцаалтын явцад зүйлчлэлийг өөрчилсөн байдаг. Хохирогч Болортуяагийн хөлийн хуруу хугарсан буюу зөөлөн эдийн гэмтэлтэй гээд шалгагдаж байсан, энэ нь гэмтсэн байж магадгүй гээд прокуророос хэргийг буцаасан. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар буудалд архидаж байгаад хөлөн дээр нь гэшгээд хөлийн хуруу нь хугарсан гэдэг нь тогтоогддог. Үүнийг хөнгөн үү, хүндэвтэр гэдгийг тогтоох боломжгүй. Зүйлчлэлд өөрчлөлт оруулахгүй учраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтуудаар өгсөн байдаг. Улсын яллагчийн зүгээс гол асуудал нь өмгөөлөгчийн ярьж байгаагаар хардлага 2-3 удаа архидсан, машин тэргийг нь бариад явж байсан энэ асуудлуудаас болоод бусдыг олон нийтийн нүдэн дээр зодох, хүүхдийнх нь дэргэд зодох, зүй бусаар хэлэх, ийм байдал үүссэн. Болортуяа ямар нэгэн маргаан үүсгээгүй байж байхад шууд зодсон. Энэ нь нийгэмд танхайрч байгаа асуудал юм. Мөн шүүх хуралдаан дээр шүүмжлэлийнхээ үгийг хэлсэн. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэрэг байгаа юм. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжсэн байдалтай байгаа гэв. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх зүйлчлэлийг өөрчилж шийвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон. Учир нь гэвэл хохирогч Болортуяа нь шүүгдэгч Мөнхцэцэгийн нөхөртэй удаа дараа зочид буудалд архидаж, удаа дараа дуудаж гэрээс нь гаргах байдал гаргадаг. Ер нь бол 3 удаа шүүгдэгч Мөнхцэцэгийн машиныг хохирогч Болортуяа унаж явж байгаад таарсан. Ингэхдээ чи битгий манай нөхрийн машиныг унаад яваад бай, битгий манай нөхөртэй архидаад бай гэдэг байдлаар хэлдэг боловч үүнийг үл тоодог. Хэрэг болохын өмнө хохирогч Болортуяа нь шүүгдэгч Мөнхцэцэгийн нөхөртэй буудалд хоносон нь тогтоогддог. Мөнхцэцэг, Дуламжав нарыг бүлэглэн хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэдэг боловч энэ нь шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлгээр зочид буудалд архидаж байгаад хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан болох нь тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ нь танхайн сэдэлтээр биш хувийн буюу Мөнхцэцэг нь Болортуяаг нөхөртэйгөө хардсаны улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул гомдлыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн, шүүх хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүлэглэн, шүүгдэгч Б.Мөнхцэцэг нь хохирогч М.Болортуяаг өөрийн нөхөр М.Мөнхболдтой хардсаны улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 32 дугаар байрны гадаа хохирогч М.Болортуяаг зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан буюу шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн хохирогч, шүүгдэгч нарын болон гэрч М.Мөнхболдын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Эрдэнэцэцэг /хх-37/, Ж.Энэрэл /хх-39-40/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-61/, шинжээч эмч П.Гаваасүрэнг байцаасан тэмдэглэл /хх-88/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял ялтны гэм буруу болон хувийн байдалд тохирсон гэж үзнэ.
Тодруулбал Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийн сэдэлт нь ямар ч шалтаг шалтгаангүй эсхүл үл ялих зүйлээр шалтаглан үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Б.Мөнхцэцэг нь хохирогч М.Болортуяаг өөрийн нөхөр М.Мөнхболдтой хардсаны улмаас дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Дуламжавтай бүлэглэн үйлдсэн, энэ гэмт хэрэг нь тодорхой сэдэлттэй буюу эр эмийн хардлагаас болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүний амь бие эрүүл мэндийн эсрэг буюу Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар өөрчилсөн нь хуулийг буруу хэрэглээгүй болно.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч нарыг хохирогчийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хохирогч С.Болортуяагийн биед учирсан зүүн тавхай ясны 5-р хурууны 3-р шивнүүрийн метафизийн ташуу хугарал буюу энэхүү хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэн хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т нийцжээ.
Мөн шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлаагүй буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн “хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулсан” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД О.ОДНЯМАА
Н.БАТЧИМЭГ