Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2026/0043

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч, шүүгч:  П.Соёл-Эрдэнэ

танхимын тэрүүн:  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                  Г.Банзрагч

          Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:       Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2026/0004 дүгээр шийдвэртэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Б.Д, Т.Г нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан ““Т” ХХК-ийн *** дугаар тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг хэсэгчлэн төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас талбай олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.*** аймаг, ***, *** сумдын нутаг дэвсгэрт *** нэртэй газарт орших 23301.63 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т” ХХК-д олгожээ.

2.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас “газрын тосны тос дамжуулах хоолойн трасс”-ийн давхцалтай, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж 950.77 гектар талбайг буцаан өгснийг бүртгэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс “... Өөрийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг “Д” ХХК-д тусгай хэрэгцээнд авсан газрыг хассан хэмжээгээр шилжүүлсэн. Хасагдсан талбайдаа нөхөн олговрын талбай авах эрх нь нэхэмжлэгчид үлдэх тул гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь нэхэмжлэл гаргах эрхэд саад болохгүй” гэж улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас талбай олгох шийдвэр гаргахыг даалгуулахаар маргажээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бичгээр “... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, Газрын тухай хууль болон Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох, ашиглах журам”-д заасан холбогдох зохицуулалтын хүрээнд талбай дүйцүүлэн олгох газрын асуудал Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэгдээгүй байгаа тул улсын тусгай хэрэгцээнд авсан газар өөр талбай дүйцүүлэн олгох боломжгүй. ... Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн талбайн аль хэсэг, хэдэн гектар хэмжээтэй талбайг өөр талбайгаар дүйцүүлэн авах эсэх нь буюу хүсэл зоригийн илэрхийлэл нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлоогүй ... ямар үндэслэлээр хууль зөрчсөн талаар тодорхой дурдаагүй” гэж тайлбар гаргажээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр:

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2026/0004 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Т” ХХК-ийн *** дугаар тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг хэсэгчлэн төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговрыг олгохгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

6.“Т” ХХК-д 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *** аймгуудын *** сумдын нутагт байрлах *** нэртэй газарт 23301.63 га талбай бүхий *** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд тус талбайгаас газрын тос дамжуулах хоолойн трасстай давхцал үүсэж, цаашид ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах явуулах боломжгүй болж Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр 23301.63 га талбайгаас “Газрын тосны тос дамжуулах хоолойн трасс”-ын шугамын чигийн дагуу давхацсан 950.77 га талбайг буцаан авсан.

6.1.Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6-д заасны дагуу нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа нөхөх олговор авах хүсэлтээ гаргаж, түүний хэмжээ, төлөх хугацааг тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллагатай тохиролцон, эсхүл тохиролцоонд хүрч чадаагүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн тогтоосон хугацаанд төрийн захиргааны байгууллага төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байсан.

6.2.Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гэж, 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

6.3.Гэтэл нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн 23301.63 га талбайгаас “Газрын тосны тос дамжуулах хоолойн трасс”-ын шугамтай давхацсан 950.77 га талбайг буцаан авсан Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгох талаар маргаагүй байдаг. Улмаар дээрх ашигт малтмалын хайгуулын *** талбайн үлдэх хэсэг болох 1619.76 гектар талбайд *** дугаар, 2299.88 гектар талбайд *** дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус олгосон.

6.4.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг гэж тодорхойлсон. Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т “тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг” гаргаж, “Д” ХХК нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.

6.5.“Д” ХХК-д шилжүүлснээр тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ алдсан тул “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн тодорхойгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.

6.6.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд маргаан бүхий энэ тохиолдолд нөхөх олговортой холбоотой асуудал нь зөвхөн тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр хүчин төгөлдөр бүртгэлтэй байх тохиолдолд хэрэглэгдэхээс бус нэгэнт өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн тохиолдолд хамаарахгүй.

6.7.Иймд давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалт болон хэргийг нөхцөл байдлыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

7.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

8.“Т” ХХК-д 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *** аймаг, *** сум, *** нэртэй газарт орших 23301,63 гектар талбайд *** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.

9.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183 дугаар шийдвэрээр *** дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон 23301,63 гектар талбайгаас “Газрын тосны тос дамжуулах хоолойн трасс”-ийн шугамын чигийн дагуу давхцалтай, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй 950,77 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж талбай хэсэгчлэн хуваагдсаны улмаас шинээр үүсэж буй 1619,76 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ***, *** дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн.

10.Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 318, 319, 320 дугаар шийдвэрүүдээр ***, ***, *** дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг “Т” ХХК-аас “Д” ХХК-д шилжүүлэн бүртгэжээ.

Энэхүү хэргийн хувьд шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан дүйцүүлэн өөр талбай олгох урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх тухай байна.

11.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж тус тус заасан.

12.Түүнчлэн, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан 13 дугаар тогтоолоор[1] “... энэ заалтын “тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонгох боломж” бөгөөд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг ойлгоно; ... Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно” гэж тайлбарласан.

13.Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговор шаардах эрхтэй, нөгөө талаас нөхөх олговор зайлшгүй олгох үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн. Харин, нөхөх олговрыг олгохдоо дүйцүүлэн өөр талбай олгох, эсхүл мөнгөн дүнгээр олгож болохоор сонгох боломжийг Засгийн газарт олгожээ.

14.Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь дүйцүүлэн өөр талбай олгохыг шаардсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан дүйцүүлэн өөр талбай олгох эсэх нь дээр дурдсанаар Засгийн газрын сонгох боломжид хамаарах төдийгүй дүйцүүлэн өөр талбай олгохыг шаардах урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.

15.Тодруулбал, нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш даруй 5 сарын дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр талбайг тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус хугацаанд эгүүлэн авсан талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хайгуулын талбайд үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдохгүй байна.

16.Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “...улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн өөр талбай олгож болохоор зохицуулсан байх бөгөөд хайгуул хийж эхлээгүй талбайг тусгай хэрэгцээнд авсны нөхөх олговорт төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийсэн, эрдсийн хуримтлал тогтоогдсон талбай олгохыг хариуцагчаас шаардаж байгаа үндэслэл тодорхойгүй, энэ нэхэмжлэлийг шүүх хангах боломжгүй.

17.Иймд нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай олгох шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

18.Нэхэмжлэгч нь эгүүлэн авсан талбайн хувьд сонгон шалгаруулалт болон тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой хохирлыг жич нэхэмжлэхэд энэ тогтоол саад болохгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2026/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Т” ХХК-ийн *** дугаар тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын хайгуулын талбайг хэсэгчлэн төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас талбай олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

      Д.БАТБААТАР

      Ц.ЦОГТ

 

[1] УДШ, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарлах тухай, 2022, тогтоол №13, х.5, Тайлбарлах нь хэсгийн 2, 3 дахь заалт.