Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 132

 

С.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Л.Т, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн, шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Ч.Сайнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр магадлалтай, С.О-д холбогдох 2222000000093 дугаартай эрүүгийн хэргийг Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, хүүгийн хамт *** аймгийн *** сумын * дүгээр баг, *** гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт С-ын О /РД/,

Шүүгдэгч С.О нь Дундговь аймгийн Луус сумын “Бударгана” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Л.Т-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М овогт С-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт С-ын О-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.О-ээс 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулан хохирогч Л.Т-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг баримтлан өмгөөллийн хөлс 700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн нэхэмжлэлээс 162.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 30.600 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Т хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, шүүгдэгч С.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, 2222000000093 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаяр 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бичсэн 09 дугаартай эсэргүүцэлдээ “... Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай магадлалыг мөн оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинж, хуульд заасан үйлдэл зэргийг Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, агуулгаас зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч С.О нь Дундговь аймгийн Луус сумын нутаг “Бударгана” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Л.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хийсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон боловч давж заалдах шатны шүүх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзээтэй байдал үүссэнд дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчимд нийцүүлэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан С.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж дүгнэж байна.

Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Энэ нь шүүгдэгчийн Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн хамгаалалт юм гэж Улсын дээд шүүхээс тайлбарласан бөгөөд С.О-гийн хэрэгт хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдсэн гэж дүгнэж байна. Учир нь хэргийн үйл баримт болох цаг хугацаанд тухайн хэрэг учрал болсон гэх газар хохирогч Л.Т, түүний нөхөр И.А, шүүгдэгч С.О, түүний төрсөн хүү О.Г нар байсан бөгөөд И.А, О.Г, Т.Д нарыг тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг авсан. Мөн Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 138, мөн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг бүхий л цуглуулах боломжит нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд гэрч Т.Д, шинжээч эмч Т.Б нарыг оролцуулан шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлгүүдийг авсан. Хохирогч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцож шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэг өгсөн нь хэрэгт нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангалттай цугларсан гэж үзэхээр байна.

Дээрх нотлох баримтуудын хувь хохирогч Л.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3 удаа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “... О эгч миний үснээс дараад байж байхдаа миний нүүр рүү өшиглөөд салцгаасан ...”, дахин мэдүүлэг өгөхдөө “... 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бусдад зодуулсны улмаас учирсан. О нь миний нүүр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм ...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Айлын хүү гарч ирээд салгах гэтэл Г нь Д-ыг цохих гээд байх шиг байсан. Зодсон нь үнэн байхад зодоогүй гэж дайраад байгааг ойлгохгүй байна” гэх мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийн биед халдсан тухай тогтвортой мэдүүлгийг удаа дараа өгч байсан. Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаартай “Л.Т-гийн биед хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд өгсөн шинжээч Т.Б-ий мэдүүлэг зэргээр хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг нотлон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... Т нэлээн согтсон Цэцэгтэй тэврэлдээд уйлаад сууж байхаар нь явъя гээд аваад гартал нөхрөө өмөөрөөд хүүг самардаад ...” гэх мэдүүлэг,

Мөн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би Т-г согтуу байсан болохоор нь туслаад түшээд гарсан. Гадаа А, Г 2 зууралдаад байж байсан. Т- гүйж очсоноо манай Г-ыг учиргүй самардаад орилж чарлаад л зүүгдээд байсан” гэж мэдүүлсэн байна. Дээрх шүүгдэгчийн мэдүүлгүүд нь бусад оролцогч буюу гэрч Т.Доржсамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд Г-ыг машинд нь суулгах гээд аваад явтал өөдөөс яах гээд байгаа юм гээд жигтэйхэн уурлаад байхаар нь орхиод вагончик руу орсон. Тэгээд зөрөөд Т вагончикоос гараад явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Манай гэрээс А, Г нар гараад араас нь О гуай, тэгээд Т гарсан. Вагончикт байхад Т-гийн нүүрэнд гэмтэл учраагүй байсан. Намайг очиход гадаа Г, А 2 барилцаад авсан байсан. ... Г агсраад байхаар нь орхиод гэрт ортол Т эгч зөрж гарсан...” гэх мэдүүлэг,

Шинжээч шүүх хуралдаанд өгсөн “... Г-ын биед хумсаар маажсан гэмтэл тогтоогдоогүй. 3 хүнийг биетээр үзсэн мөн баримт хавсаргасныг давхар үзсэн. ... Хатуу мохоо зүйлд гутлыг хамааруулж болно. Тухайн хүний биед үүссэн хамрын гэмтэл нь цохилтын инерцээс шалтгаална” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.О-гийн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд гэрч, шинжээчийн дүгнэлтээр түүний хохирогчийг нэлээн согтуу байсан би авч гарсан, манай хүүг маажсан зэрэг үйл баримтын талаарх мэдүүлгүүд нь үгүйсгэгдэж байгаа.

Мөн дээрх үйл баримт болсны дараа буюу маргааш өдөр нь гэрч О.Г нь хохирогчийн очсон тухай хохирогч Л.Т-гийн “... Тухайн асуудал болсны маргааш О-гийн хүү О.Г манай гэрт ирээд “... чи цагдаад битгий хэл, энүүгээрээ хэдүүлээ зохицчихъё” гээд байсан. Тухайн үед би үгүй явдаг газраар нь явж салъя гэж хэлсэн тэгэхэд О.Г яваад өгсөн.” гэх мэдүүлэг, Гэрч О.Г-ын “... Тухайн асуудал болсны маргааш А-ынд яваад очтол А гэртээ байгаагүй. Т хүүхдийнхээ хамт байсан. Тэгээд би яав, ийв гэхэд ээж чинь намайг чулуутай гараараа цохисон гэж хэлэхэд нь би тийм зүйл болоогүй гэж хэлсэн. Би хэдүүлээ цагдаа сэргийлэх гээд яах вэ, энүүгээрээ учраа олъё гэж хэлтэл Т чи надад 10.000.000 төгрөг өг гэсэн.” гэх мэдүүлгүүдээр үйл баримт болсон хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг давхар нотлон тогтоож байна гэж үзэж байна.

Дээрх хэрэгт шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтооход шаардлагатай бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой судалсан, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, зөрчилдсөн баримтуудыг тус бүрд нь хооронд нь харьцуулж үнэлсэн, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон байх, нотлох баримтуудаар хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоогдсон, хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдсан энэ хэрэгт өөр нотлох баримт цуглуулах боломжгүй бүхий л нотлох баримт хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүхээс нотлох баримтуудыг хэрхэн үнэлэн эргэлзээг тогтоосон нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг эргэлзээгүй, тодорхой бичихгүйгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад үүссэн аливаа тодорхой бус байдлыг шууд эргэлзээ гэж тайлбарлах зэргээр хуулийг алдаатай хэрэглэжээ.

Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж гэрч И.А нь хохирогч Л.Т-гийн нөхөр, гэрч О.Г нь шүүгдэгч С.О-гийн төрсөн хүү нь байх ба гэрчүүд нь хохирогч, шүүгдэгч нартай хамаарал бүхий ашиг сонирхол нэг этгээдүүд гэж дүгнэн нотлох баримтаар үнэлээгүй тухай шийдвэртээ дурдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх тухайн шийдвэрт харьцуулсан үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр буюу нотлох баримтаар үнэлэх шаардлагын талаар дурдалгүйгээр дээрх шийдвэр нь хууль зөрчсөн гэж дүгнэлт хийж буй нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийж гэм буруутай тухай шийтгэх тогтоолыг гаргасан.

Харин давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлийг бий болгож байна.

Иймд шүүгдэгч С.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Дундговь аймгийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийн гол агуулга нь шүүгдэгч С.О хохирогч Л.Т-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид зодуулсан талаараа тогтвортой мэдүүлэг өгсөн, эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Шүүгдэгч С.О-д холбогдох хэрэгтэй танилцахад хохирогч 2022 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө шүүгдэгчид зодуулсан нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, зодуулсаны дараа нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн нь яаралтай тусламж үзүүлэх хуудас, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байхад давж заалдах шатны шүүх С.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хохирогч 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр С.О-д зодуулж хамартаа гэмтэл авсан үйл баримт хангалттай нотлогдож тогтоогддог. Өөрөөр хэлбэл хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар нотлогддог. Шинжээч эмч н.Б- анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо “хатуу мохоо зүйлд гутлыг хамааруулж болно, хамрын гэмтэл нь цохилтын хүчээс хамаарна” гэж мэдүүлсэн. Мөн хохирогч, шүүгдэгч нартай хамаарал байхгүй, тухайн үйл баримт болоход байсан гэрч н.Д- хэргийн талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Хэрэг болсны маргааш н.Г-ын хувьд хохирогчийн гэрт очиж “битгий цагдаад хэлээч, хоорондоо зохицъё” гэж гуйсан байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал” байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.  

2.Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан журам, арга хэрэгслээр цугларсан эсэх талаас нь үнэлэлт өгдөг.

3.Шүүгдэгч С.О нь Дундговь аймгийн Луус сумын “Бударгана” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Л.Т-г зодож, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байх бөгөөд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт (мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Т-гоос хохирогчоор 3 удаа, И.А-оос гэрчээр 2 удаа, О.Г-оос гэрчээр 2 удаа, С.О-гээс гэрчээр 1 удаа, яллагдагчаар 2 удаа, Т.Д-ас гэрчээр 1 удаа авсан мэдүүлгүүд, шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаартай дүгнэлт зэрэг) хэрэгт авагдсан байна.  

4.Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан хянасны үндсэн дээр үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ байдлыг бүрэн, бодитой тогтоож хууль зүйн дүгнэлт гаргадаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Дундговь аймгийн Луус сумын нутаг болох “Бударгана” гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр С.О-гийн хүү болох О.А нь нутгийн хүмүүсийг гэртээ урьж хүүхдийнхээ нэг насны төрсөн өдрийг тэмдэглэсэн, 21 цагийн орчимд И.А, түүний эхнэр Л.Т, мөн С.О өөрийн хүү О.Г-ын хамт бага насны хүүхдүүдээ дагуулан нутгийн айл болох Т-нд очиж нэмж архи ууцгаасан, улмаар шөнийн 22-23 цагийн орчимд И.А нь бие засах зорилгоор уг айлаас түрүүлж гарсан бөгөөд араас нь О.Г гарсан байна. Удалгүй тэд хоорондоо үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан, энэ үед С.О гарч ирээд тэднийг заамдалцаж байхыг хараад буцаж орон Л.Т-д хэлсэн, үүнийг сонссон Л.Т гадаа гарч тэднийг салгах гэж дундуур нь орох үед С.О мөн салгах гэж очихдоо Л.Т-той харилцан үсдэлдэж, ноцолдсон тухайн агшинд Л.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь:

- С.О-гийн гэрчээр өгсөн “... А гэрээс гараад явсан. Араас нь хүү Г гарч явсан. ... Тэгээд заамдалцаад зогсож байхаар нь вагончикт ороход Т нилээн их согтсон Цэцэгтэй юм яриад сууж байхаар нь харъя гэж бодоод дагуулаад гарсан. Гараад ирэхэд нь манай хүү Г-ыг энгэр заам, хувцаснаас нь татаж чангаагаад “тэнэг чөтгөр эх, хүүдээ гай болсон ээжийгээ зайлуулаачээ” гэж хашгираад байхаар нь голоор нь ороод аваад явъя гэж бодоод ортол Т миний үснээс үсдэхээр нь би тэр хүүхний үсэнд нь гар хүрсэн. Тэгээд хүү салгаад, би машинд орж хэсэг сууж байдлыг харсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал/,

- С.О-гийн яллагдагчаар өгсөн “... А, Г бид хэд вагончикноос цувраад гарсан. Гараад очиход А өөрийнхөө машин руу орсон. Тэгэхэд манай хүү Г хоёр машины дунд шээгээд зогсож байсан. Би болохоор машины хаалганы хажууд зогсож байсан. ... А, Г хоёр заамдалцаад хоёр биенийхээ дээлнээс барилцаад зогсож байхад нь вагончик руу би орсон. Тэгэхэд Т бол их согтсон Тогтохын эхнэрийг тэврээд орилж элдэв бусын юм яриад сууж байсан. Би Т-г согтуу байсан болохоор туслаад түшээд гарсан. Гадаа А, Г хоёр зууралдаад байж байхад Т гүйж очсоноо манай Г-ыг учиргүй самардаад л орилж чарлаад зүүгдээд байсан. Тэгэхээр нь би хүүг салгаж авах санаатай голоор нь орсон чинь миний үснээс зулгаагаад доош дараад тэгэхээр нь манай хүү Т-г үснээс тавиулахаар нь машиндаа очиж суусан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/,

- хохирогч Л.Т-гийн өгсөн  “... 22 цаг өнгөрч байхад манай нөхөр бие засах гээд гарсан. Араас нь Г, О эгч хоёр гарсан. Тэгсэн Г, А хоёрыг зодолдож байна гэхээр нь гараад очтол дээлнийх нь захаар боогоод нүүр рүү нь өшиглөж байхаар нь болиоч гээд салгах гэж голоор нь ортол миний толгой дээрээс дараад нөхрийн дээрээс унагаагаад дараад амьсгалж болохгүй байхад бас хажуунаас О эгч үснээс зулгаагаад байхаар нь би бас О эгчийн үснээс нь татсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал/,

- гэрч О.Г-ын өгсөн “... А-ыг гараад явахаар нь араас нь гарсан. ... А намайг өшиглөөд унагаасан. ... Би хормойноос нь татсан чинь газар унаснаа босож ирээд миний баруун талын нүд рүү цохихоор нь би хавирч унагаад хоёр гараараа дээрээс нь дараад сууж байхад ээж О хүүхэд багачууд орилоод байна явъя гээд вагончик орж хэлж байсан. Тэр хооронд А бид хоёр босож зогсоод зах энгэр хэсгээс барилцаад байж байхад вагончикноос А-ын авгай Т гарч ирээд нүүр ам самардаад хашгираад байхад ээж дундуур орж ирээд намайг авч явах гэсэн чинь тэр хүүхэн ээжийг үсдээд доош дарсан. Би тэгэхээр нь тавиулаад ээж машин руу яваад өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал/,

- гэрч Т.Доржсамбын өгсөн “... А гараад явсан. Араас нь Г гарсан. Тэгсэн О эгч явъя гээд гараад явсан. Тэрний араас гарсан үед гадаа чанга чанга дуугараад хүмүүс муудалцаад байхаар нь гараад очтол хоёр машиныхаа голд л Г, А хоёр заамдалцаад зогсоод байхаар нь салгаад боль гээд болиулсан. Тэгээд Г-ыг машинд суулгах гээд аваад явтал өөдөөс “яах гээд байгаа юм бэ” гээд жигтэйхэн уурлаад байхаар нь орхиод вагончик рүү орсон. Тэгэхэд зөрөөд Т- вагончикноос гараад явсан. Тэгээд цонхоор эргээд хальт харахад тэр А, Г, О, Т дөрөв машины голд л А, Г хоёр нь хоорондоо зууралдаад, хоёр эмэгтэй нь салгах гэж хажууд нь байгаа харагдсан. Бас Г Т-гийн өөдөөс агсраад л байгаа болтой байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

- Т.Доржсамбын анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн “... А, Г нар гараад араас нь О гуай, тэгээд Т гарсан. ... Намайг гарч очиход Г, А 2 барилцаад авсан байсан. О гуай гадаа, Т гэрт байсан. ... Г агсраад байхаар нь орхиод гэрт ортол Т эгч зөрж гарсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  201-202 дахь тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба хохирогч Л.Т-гийн эрүүл мэндэд учирсан тухайн хөнгөн гэмтлийг шүүгдэгчээс өөр бусад этгээд учруулаагүй болох нь нотлогджээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийн хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хоорондын шалтгаант холбоог тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй, харин шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байна. 

5.Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хоорондын шалтгаант холбоотойг нотолж буй бүхий л нотлох баримтын эх сурвалжийг бүх талаас нь бүрэн гүйцэд шалгаж, үнэлэн дүгнээгүй бөгөөд тухайн нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэн няцаагаагүй атлаа “... шийтгэх тогтоолын үндэслэл болсон хохирогч гэрч нарын мэдүүлэгт дүгнэлт хийж үзвэл хохирогч Л.Т-гийн мэдүүлгээс өөр нотлох баримтаар шүүгдэгч С.О-гийн өшиглөх үйлдлийн улмаас түүний хамарт гэмтэл учирсан нь хангалттай нотлогдоогүй, зарим гэрчийн мэдүүлэгт эргэлзээтэй нөхцөл байдал байгааг анхаарах шаардлагатай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал нийцээгүй, үндэслэлгүй, үгүйсгэн няцаах боломжгүй үндэслэл бүхий эргэлзээ бүхий асуудлыг зөвхөн хийсвэрлэх байдлаар буруу тайлбарлан хэрэглэж, улмаар үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу in dubio pro reo гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.

 in dubio pro reo зарчмыг хэрэглэх үндэслэл нь гагцүү хэрэгт цугларч, шинжлэгдсэн бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсэний эцэст үгүйсгэн няцаах боломжгүй бөгөөд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгохоос гадна тухайн үндэслэл бүхий эргэлзээ нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн буруутай эсэхтэй шууд хамааралтай байх ёстой.

Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно. 

Ийнхүү тухайн хэрэгт хамааралтай бүх л нотлох баримтыг шалгаад үнэлсний дараа ч тухайн хэргийн нөхцөл байдлын талаар эргэлзээ байсаар байвал шүүх шүүгдэгчид хамгийн ашигтай байх хэргийн нөхцөл байдлын хувилбарт үндэслэж шийдвэрээ гаргана.

6.Шүүгч оюун дүгнэлт хийх замаар зөв тодорхойлж, тогтоох ёстой нөхцөл байдлуудыг хийсвэр байдлаар дүгнэх буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд шүүх аль нэгийг авч бусдыг нь үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа эргэлзээ үүссэн гэж үзэх ёсгүй болно.

Тодруулбал, С.О Л.Т-той үсдэлцэх явцдаа түүний толгойг доош даран хөлөөрөө 1 удаа нүүрэнд нь өшиглөсөн болох нь хохирогч Л.Т-гийн гэрчээр өгсөн “... О эгч миний үснээс дараад байж байхдаа миний нүүр рүү өшиглөсөн” /1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал/, мөн гэрчээр өгсөн “... С.О нь миний нүүр хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм. Тухайн үед дээрх гэмтлүүд үүссэн” /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/, анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн “... Үсдэж дарж байгаад О гуай нэг удаа өшиглөсөн.... Г намайг үсдээд доош нь дартал ээж нь өшиглөсөн. ... Хөлийн хоншоор хэсгээр 1 удаа өшиглөөд үсдсэн” /1 дүгээр хавтас хэргийн 197-198 дахь тал/ гэх удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүдээр нотлогджээ.

Дээрх мэдүүлгүүд нь нотлох баримтын эх сурвалжид анхны хэлбэрээрээ агуулагдсан баримтат мэдээлэл болох Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Б-гийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 138 дугаартай “... Л.Т-гийн биед хамар ясны хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

шинжээч М.Б-гийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... Цохилт үүсэхэд зөөлөн эдийн гэмтэл зовхи руу шилжих боломжтой. ... Тухайн хүний биед үүссэн хамрын гэмтэл цохилтын инерцээс шалтгаална. Тухайн хамар яс хугарах хэмжээний хүч үйлчилж байж хугарал үүснэ. Бага инерцээр цохиход хамар хугарахгүй. Байрлал зүйн хувьд хэр ямар байсан гэдгээс хамаарч инерц гарч ирэх байх. ... Хатуу мохоо зүйлд гутлыг хамааруулж болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дахь тал/ гэх мэдүүлэг,

гэрч Т.Д-ын анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн “... Вагончикт байхад Т-гийн нүүрэнд гэмтэл учраагүй байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 201 дэх тал/  гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон гэж үзнэ.

Харин С.О-гийн өгсөн “... Би Т-г согтуу байсан болохоор туслаад түшээд гарсан” /1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/, “... Т-г хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан болохоор би сугадаад вагончикноос гаргасан” /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/ гэх мэдүүлгүүд нь гэрч О.Г-ын өгсөн “... А бид хоёр босож зогсоод зах энгэр хэсгээс барилцаад байж байхад вагончикноос А-ын авгай Т гарч ирээд нүүр ам самардаад хашгираад байхад ээж дундуур орж ирээд намайг авч явах гэсэн чинь тэр хүүхэн ээжийг үсдээд доош дарсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал/, гэрч Т.Д-ын өгсөн “... А, Г нар гараад араас нь О гуай, тэгээд Т гарсан. ... Намайг гарч очиход Г, А 2 барилцаад авсан байсан. О гуай гадаа, Т гэрт байсан. ... Г агсраад байхаар нь орхиод гэрт ортол Т эгч зөрж гарсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дахь тал/-ээр тус тус няцаагдаж байна.

Ийнхүү давж заалдах шатны шүүх нь шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик оюун дүгнэлтэд тулгуурлаж нэг бүрчлэн няцаан үгүйсгэлгүйгээр шууд эргэлзээ үүссэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөвтгөх боломжгүй гэж дүгнэв.

7.Хэдийгээр уг хэрэгт хувийн сонирхолтой шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал боловч тэдгээрийг хэргийн үйл баримтыг шууд үгүйсгэх, бодит байдалд нийцээгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Тухайлбал, гэрч О.Г “... Тэгээд юм яриад сууж байхад А- ирээд намайг цохих гэж байгаад эхнэрийнхээ нүүр рүү цохисон. Тэгсэн хамраас нь цус гарсан” гэсэн мэдүүлэг өгсөн хэдий ч энэ нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын авагдсан нотлох баримт болох хохирогч Л.Т-гийн “... Тийм зүйл огт болоогүй. О.Г надтай огт юм яриагүй. Мөн манай нөхөр миний биед халдаж цохиж, зодоогүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/, гэрч И.А-ын “... Би эхнэрээ зодоогүй. Тийм зүйл болоогүй. Би Г-ыг цохиж, зодох гэж дайраагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал/, яллагдагч С.О-гийн “... Би тийм зүйл хараагүй. Миний үснээс Л.Т татаад байхаар нь арай гэж тавиулаад зугтаагаад машиндаа ороод суусан. Тэгээд харж байхад Т, А, манай хүү Г орооцолдож ноцолдоод л байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал/ зэргээр үгүйсгэгдсэн байна.

8.Түүнчлэн С.О-гийн яллагдагчаар өгсөн “... Т гүйж очсоноо манай Г-ыг учиргүй самардаад л орилж чарлаад зүүгдээд байсан /1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/, С.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Т нилээн согтсон Цэцэгтэй тэврэлдсэн уйлаад сууж байхаар нь явъя гээд аваад гартал нөхрөө өмөөрөөд хүүг самардаад хашгирсан” /1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал/, О.Г-ын гэрчээр мэдүүлсэн “... Т гарч ирээд нүүр ам самардаад хашгираад байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг мэдүүлэг нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Б-гийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 141 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: Биед ил харагдах гэмтэлгүй байна. Анх үзсэн эмчийн үзлэгээр О.Г-ын биед зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Г-ын биед хумсаар маажсан гэмтэл тогтоогдоогүй. Биетээр үзсэн, мөн баримт хавсаргасныг давхар үзсэн” /1 дүгээр хавтаст хэргийн 200 дахь тал/ гэх мэдүүлгээр тус тус няцаагдсан гэж үзнэ.

9.Анхан шатны шүүхээс С.О-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна түүнд эрүүгийн хариуцлага оногдуулж, хохирол төлбөрийг гаргуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, магадлалыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2.Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаярын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

ДАРГАЛАГЧ                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ