Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 194

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0217/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                         С.И  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.И холбогдох 193900......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.И нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний   өдөр архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Хэнтий аймгийн Биндэр  сумын 5 дугаар  баг Сансарын 7 дугаар гудамжны 712 тоотод иргэн Н.Түмэнбаяртай  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг гараараа нүүрэнд нь цохих зэргээр зодож   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Н.Түмэнбаярын өгсөн:...би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэртээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт байж байхад ойролцоогоор 18-19 цагийн үед манай зүүн талын айлын хүн болох Инь хашаа дотроосоо  согтуу намайг дуудаад байсан, тэгэхээр нь би гэрээсээ гарахгүй байгаад байсан юм, тэгэхэд И нь манай гэрт орж ирээд надад хандан чамайг дуудаад байхад гараад ирчихгүй, чи намайг тоохоо больжээ гээд намайг шууд заамдаад авсан, тэгэхээр нь би И хандан би яг хувцасаа өмсөөд гарах гэж байлаа гэж хэлсэн, тэгэхэд Иштөмөр нь надтай уулзаадхая гэж хэлэхээр нь би И дагаад гэрээсээ гарсан юм тэгэхэд И нь шууд намайг гараараа элэгдээд цохиод авсан тэгэхээр нь би зөрүүлээд И элэгдсэн, тэгээд И бид хоёр манай хашаанаас гарч гудамж руу гарахад И нь гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохисон тэгэхээр нь би шууд зугатаагаад явчихсан юм. Тухайн үед нэг ийм асуудал болсон...Миний зүүн нүд хөхөрч хавдсаг, хамар хавдаж бага зэрэг муруйсан, өөр ямар нэгэн гэмтэл шарх гэх зүйл миний биед учраагүй....тухайн үед Иштөмөр нэлээн согтолттой байсан...би тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан... гомдол санал байхгүй, эмчилгээний зардалаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/

Гэрч Ж.Навчаагийн өгсөн...би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Сансар хороо 7-712 тоотод байх гэртээ өөрийн нөхөр Түмэнбаяр, хоёр хүүхдийнхээ хамт байж байхад ойролцоогоор 18 цагийн үед  манай зүүн талын айлын залуу болох И нь хашаан дотроосоо манай нөхрийг гараад ир гээд дуудаад байсан тэгэхээр нь  манай нөхөр амьхандаа гарах санаатай хувцасаа   өмсөөд байж байхад Инь манай гэрт  орж ирээд манай нөхрийг аваад гэрээс гарсан тэгээд л И манай нөхрийн нүүр лүү  гараараа цохиод биед нь гэмтэл шарх учруулсан байсан, тухай  үед нэг ийм л асуудал болсон, миний мэдэх зүйл ийм л байна..тухайн үед манай нөхрийн зүүн  нүд нь хөхөрч хавдсан, мөн хамар нь хавдаж муруйсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 362 дугаартай дүгнэлт

  1. Н.Түмэнбаярын биед хамрын таславчны мурийлт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 20 хуу /

С.И  яллагдагчаар өгсөн:... би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр найзынхаа гэрт найзуудтайгаа 3 шил 0,75-н хар экс нэртэй архи хувааж уусан юм, тэгээд би архи дууссаны дараа би гэрлүүгээ ганцаараа алхаад явсан бөгөөд  гэрийнхээ хашаан дотор ороод баруун талын айлын Түмэнбаяр гэх залууг гараад ир гээд дуудаж байснаа санаж байна, тэгээд цааших үйл явдлаа би санахгүй байгаа бөгөөд би нэг ухаан ороод сэргэхэд би Түмэнбаяр гэх залуугийн нүүр рүү  нь цохисон байсан тухайн үед нэг ийм л асуудал болсон...би тухайн үед  архиндаа согтоод тасарчихсан байсан яг ямар учраас Түмэнбаяр гэх залуугийн нүүр лүү цохисон болохоо сайн санаж өгөхгүй байгаа юм...Уг гэмтлийг би учруулсан, ийм асуудал гаргасандаа харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

С.И  иргэний үнэмлэхний хуулбар  /хх-ийн 32 хуу/

С.И нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 хуу/

Хохирогч Н.Түмэнбаярын бичсэн С.И нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй  тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 47 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  С.И  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.И нь  2019 оны 07 дугаар сарын 29-ний   өдөр  19 цагийн үед Хэнтий аймгийн Биндэр  сумын 5 дугаар  баг Сансарын 7 дугаар гудамжны 712 тоотод хохирогч Н.Түмэнбаяртай маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж хамрын таславчийн мурийлт, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцалт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч С.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Н.Түмэнбаяр, гэрч Ж.Навчаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч С.И нь хохирогч Н.Түмэнбаярын нүүрэн тус газар нь гараараа цохисоны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас С.И үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 51 хуу/ прокурор яллагдагчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч С.И хүлээн зөвшөөрч /хх-ийн 54 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч С.И хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч Н.Түмэнбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.И нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.И хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.И  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.И нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3   /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.И нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ