Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01827

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04304 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь *******-д 2021 оны 11 сараас хойш ажиллаж байгаад үндэслэлгүйгээр тус компанийн захирлын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. ******* *******-д ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. ******* нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хуульч нараас зөвлөгөө авахад хугацаатай хөдөлмөрийн гэрээг хуанлийн өдрөөр бус үйл явдлаар тодорхойлох ёстой, мөн сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс хэтэрсэн бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох зохицуулалттай байтал хууль зөрчиж хуанлийн хугацаагаар гэрээ байгуулсан байна. ******* ажил олгогч хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж ойлгож дээрх тушаалыг зөвшөөрөхгүй байна.

 

Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.3.4-т тус тус зааснаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт хороонд үүгээр хандсан боловч эвлэрэн хэлэлцээгүй бөгөөд тус гурван талт хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт зааснаар 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 25/08 дугаартай тэмдэглэл гаргасан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаанаа шүүхээр хянан шийдвэрлүүлж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд үүссэн асуудлыг хянан үзэж ажлаас чөлөөлсөн 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

******* нь 2020 оны 03 сард үүсгэн байгуулагдсан компани бөгөөд ******* ХК-аас 2021 оны 03 сард зарлагдсан Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч сонгон шалгаруулах тендерт Ти Эн түншлэлээр оролцон шалгарч, гэрээ байгуулах эрх авсны дагуу тус компанитай 2021 оны 11 сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 дугаартай Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байх Тавантолгой нүүрсний ордын Цанхийн зүүн уурхайд Ти Эн түншлэлийн дагуу гэрээт гүйцэтгэгчээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх болсон. Энэхүү гэрээт төслийн ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь дээрх гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ, цаг хугацаагаар хязгаарлагдсан хугацаа /36 сар/-тай уялдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах болсон.

*******тай 2021 оны 11 сарын 29-ний өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, дампын оператораар ажиллуулах болсон. Дээр дурдсан ******* ХК-тай байгуулсан ЭТТ-2021/705 дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс 2024 оны 11 сарын 22-ны өдөр *******д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох талаар мэдэгдэж, улмаар 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Иймд ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусгавар болж, түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 50 дугаар зүйлийн 50.4, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* *******-ийн Уулын хэлтсийн дампын операторын ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт *******-аас 25,124,831 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт баталгаажуулалт хийхийг *******-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Анхан шатны шүүхээс ажил олгогчийн ажил тасралтгүй үргэлжилж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасны дагуу хугацаагүйгээр байгуулсанд тооцно гэж дүгнэн, ажил олгогчийн ажил тасралтгүй үргэлжилж байгаа гэж тогтоохдоо хариуцагчийн 2 өөр гэрээний харилцааг нэг гэрээ, нэг гэрээний үргэлжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь хариуцагч гэрээгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу төрийн өмчийн компаниас зарласан тендер сонгон шалгаруулалтад буюу гэрээний саналын дагуу шалгарсны үндсэн дээр гэрээт ажлыг гүйцэтгэх болж 2021 оны 11 сарын 09-ний өдөр ******* ХК-тай Таван толгой ордын Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллах болсон. Энэхүү гэрээний санхүүжилт, хийгдэх ажил нь тодорхой, цаг хугацаа нь хийгдэх ажил болон төлбөртэй уялдсан гэрээ байсан учир нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан санхүүжилт, хийгдэж ажлын цар хүрээтэй цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх-ээр хугацаатай гэрээ байгуулан ажиллах болсон. Гэтэл шүүхээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу цалин хөлсөнд оруулсан өөрчлөлтийн гэрээг сунгалт, дахин гэрээ байгуулсан гэж үнэлэн, түүнчлэн туршилтын гэрээгээр ажиллан, үндсэн гэрээ байгуулан ажилласныг гэрээ сунгасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Туршилтын гэрээ нь тухайн ажилтныг ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор байгуулсан гэрээ, тухайн ажилтан тэнцэж байвал түүнтэй үндсэн гэрээг байгуулан ажилладаг, энэхүү гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасны дагуу байгуулан ажилладаг. Харин энэхүү гэрээг ямар нэг байдлаар сунгаагүй, гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан үйл баримт байхгүй байхад гэрээг сунгасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн ажил цааш үргэлжилж байгааг 2021 онд байгуулсан гэрээний үргэлжлэл мэтээр тайлбарлан, үнэлэлт дүгнэлт өгч, ажил олгогч нь 2024 онд хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин тендер сонгон шалгаруулалтад шалгарч гэрээт ажлыг гүйцэтгэх болсон нь өмнөх гэрээний харилцаа үргэлжилж буй хэлбэр биш, өмнөх гэрээт ажил дууссан тухай акт үйлдэж, шинэ байгуулсан гэрээт ажлыг эхлүүлсэн тухай баримтыг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх үнэлээгүй.

Түүнчлэн 2021 оны 11 сарын 09-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэзээ дуусгавар болж буй талаарх нотлох баримтыг гаргаж өгснийг шүүх анхаарч үзэлгүй 11 сарын 09-ний өдөр дуусгавар болсон мэтээр дүгнэж байгаа нь хавтаст хэрэгт байх гэрээт ажлыг зогсоосон тухай актыг нотлох баримтаар огт үнэлэхгүйгээр гэрээг дууссанд тооцож байгаа нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

Хэдийгээр ажил олгогчийн үндсэн үйл ажиллагаа явуулж буй гэрээ нь 36 сарын хугацаатай байгуулагдсан ч энэ хугацаа нь хийгдэх ажил дууссан эсэх мөн хийх ажлын төлбөр хийгдсэн үед дуусахаар гэрээнд тусгаж энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт холбогдох нотлох баримтыг анхаарч үзэлгүй гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгчид гэрээ дуусгавар болгох мэдэгдэл өгсөн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан гэрээт ажил дууссан тухай актыг мөн үнэлж, дүгнээгүй байна.

Мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг шийдвэрлэсэн буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ажилд эгүүлэн тогтоох тухай дурдаагүй байхад шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой нэг заалтыг баримтлан маргадаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэг буюу анх байгуулсан гэрээ болон нэмэлт гэрээний хугацаа 2 жилээс дээш байвал хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно. Өөрөөр хэлбэл, хугацаатай гэрээний дээд хугацаа 2 жил. Энэ хугацаанаас хэтэрвэл ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт хоёр төрлийн нөхцөл агуулагддаг. Эхнийх нь хамгийн багадаа хоёр удаа гэрээ байгуулагдсан байх ёстой. Хэргийн үйл баримтаас үзвэл ******* нь анх *******-д ажил ороод 2021 оны 11 сарын 29-ний өдөр туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ хэргийн 122-133 дугаар талд нотлох баримтаар авагдсан.

Хоёр дахь гэрээ болох нэмэлт гэрээ 2022 оны 03 сарын 01-ний өдөр төслийн үргэлжлэх хугацаагаар буюу өөр хугацаагаар гэрээ байгуулсан. Анх байгуулсан нэмэлт гэрээний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчид 2023 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг олгосон боловч үүргээ биелүүлээгүй.

Цанхийн зүүн уурхайн төслийн хугацаа дуусаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 буюу Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар үйл явдлаар хийгдсэн гэрээ юм. Цанхийн зүүн уурхайн олборлолтыг ерөнхий үйл явдлаар хийдэг. Энэ үйл явдал өнөөдрийг хүртэл дуусаагүй. 2024 оны 05 сарын 24-ний өдөр буюу анхны төслийн гэрээний хугацаа дуусахаас хагас жилийн өмнө үргэлжилсэн. Ингэж үргэлжлэхдээ метр куб нь нэмэгдсэн. Хуучин гэрээгээр 215.057.100 метр куб байсан, шинэ гэрээгээр 270.000.000 метр куб болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, 55.000.000 метр кубээр нэмэгдсэн. Зардал нь 2,200,000,000,000 төгрөг байсан, шинэ гэрээгээр 3,800,000,000,000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, ажилчдыг ажлаас гаргах нь битгий хэл, дахиад оператор ажилд авах хэрэг гарсан. Үйл явдал өнөөдрийг хүртэл дуусаагүй ажиллаж байгаа нь хэргийн 134 дүгээр талд авагдсан ******* ХК-ийн 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 10009 дугаартай албан бичгээр төслийн үйл явдал дуусаагүй гэдэг нь нотлогддог.

Төслийн хугацаагаар гэрээ байгуулсан ч хугацаагүй гэрээ байгуулах үүргээс ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй. Хугацаатай гэрээг тогтмол буюу хугацаагүйгээр ажиллуулах замаар ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөс хамгаалах зорилготой. Хэрэв хугацаатай гэрээ байгуулбал ажилтан зээл авч чадахгүй. Энэ айдсаас хамгаалахын тулд хууль тогтоогч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг хуульд оруулсан. Хөдөлмөрийн гэрээ 2 жилээс дээш хугацаатай байвал хугацаагүй гэрээ байгуулах ёстой. Хугацаагүй гэрээ байгуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглоно. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ уурхайн төслийн хугацаа дуусаагүй, үйл явдал үргэлжилж байгаа, сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс хэтэрсэн бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох зохицуулалттай байтал хууль зөрчиж хуанлийн хугацаагаар гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаатай уялдуулан хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан, ******* ХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ 2024 оны 11 сарын 22-ны өдөр дууссан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох талаар нэхэмжлэгчид мэдэгдэл өгч, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Талууд 2021 оны 11 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* нь *******-ийн Уулын хэлтэст дампын операторын ажил үүрэг гүйцэтгэж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, энэ үйл баримтад зохигч маргаагүй. /хх-122-132/

 

4. Хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалаар тус компанийн Уулын хэлтсийн дампын оператор *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 01 сарын 06-ны өдөр дуусгавар болсон тул түүнийг мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-3/

5. Ажил олгогч болон ажилтны хооронд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулагдсан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

7. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. ******* ХК болон *******, *******, *******-иудын Ти Эн түншлэл нарын хооронд 2021 оны 11 сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 дугаартай Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр хариуцагч ******* нь захиалагчаас зарласан Тавантолгойн ордын Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцжээ. /хх-21-41/

Гэрээний 9.1-д Гэрээний хугацаа нь гэрээ байгуулж ажил эхлүүлэх акт үйлдсэн өдрөөс хойш 36 сарын хугацаатай байна, гэрээний 9.4-т Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь Гэрээний хавсралт №2 үйл ажиллагааны хуваарьт заасан ажлын нийт хэмжээнд хүрсэн тохиолдолд энэ гэрээний 9.1-д заасан гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран гэрээг дуусгавар болгоно гэж тусгажээ.

2024 оны 12 сарын 16-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр акт үйлдэж, ажлыг зогсоосон. /хх-117/

7.2. Түүнчлэн хэрэгт баримтаар авагдсан ******* ХК-ийн 2024.05.21-ний өдрийн 01/883, 2024.10.18-ны өдрийн 01/2145 дугаар албан бичиг, ******* ХК болон Ти Эн түншлэл нарын хооронд байгуулагдсан 2024.05.27-ны өдрийн 2024/1171 дугаар Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ, 2024.12.16-ны өдрийн ажил эхлүүлэх акт зэргээр хариуцагч *******, түүний хамтарсан түншлэл нь ******* ХК-аас зарласан гүйцэтгэгчийг сонгох тендерт оролцож, шалгарсанаар гэрээ байгуулах эрх авсан, үүний дагуу гэрээний ажил 2024.12.16-ны өдрөөс эхэлсэн болох нь тогтоогдож байна. /хх-94-114, 117-121/

 

8. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******-ийн хооронд 2021 оны 11 сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгчийг Дампын оператор-ын ажлын байранд туршилтын хугацаагаар, 2022 оны 03 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 06 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хугацааг гэрээний 3.1-д Ажил олгогч болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 11 сард байгуулагдсан Тавантолгойн ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл гэж тохиролцсон. /хх-128-132/

Гэрээнд өөрөөр буюу ажил олгогч байгууллага гуравдагч этгээдтэй шинэ гэрээ хэлцэл байгуулах тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэх талаар тусгаагүй байна.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.6-д зааснаар санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх үед хөдөлмөрийн гэрээг тодорхой хугацаа заан байгуулж болохоор зохицуулсан.

 

10. Хэргийн баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтаас үзвэл талууд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үргэлжлэх хугацааг ажил олгогч байгууллагын гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаагаар хязгаарлан тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасанд нийцсэн байна.

11. Тодруулбал санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотойгоор тодорхой цаг хугацаагаар тодорхойлогдсон ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох ба Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийн хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэх зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

12. Хариуцагч нь ******* ХК-аас зарласан тендерт оролцож, шалгарсанаар шинээр гэрээ байгуулж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь өмнөх гэрээний хугацаа дахин сунгагдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Тиймээс ажил олгогч болон ******* ХК-ийн хооронд 2021 оны 11 сард байгуулагдсан Тавантолгойн ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны 12 сарын 16-ны өдөр дуусгавар болгосон учир нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ мөн адил дуусгавар болно.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй талаар зохицуулсан.

 

14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2024 оны 11 сарын 22-ны өдөр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа ******* ХК-тай 2021 оны 11 сарын 09-ний өдөр байгуулсан ЭТТ-2021/705 тоот гэрээний хугацаа 2024 оны 12 сарын 21-ний өдөр дуусгавар болж байгаатай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, хөдөлмөрийн гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 12 сарын 22-ны өдрөөр дуусгавар болохыг мэдэгдэж байсан. /хх-135/

Мөн ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт заасны дагуу бичгээр гаргаж ажилтанд гардуулсан байх тул тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.1-д тус тус нийцсэн гэж үзнэ.

 

15. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч *******-д холбогдуулан гаргасан тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/04304 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-д холбогдуулан гаргасан тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн Б25/0019 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  Н.ОЮУНТУЯА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН