| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00269/и |
| Дугаар | 269 |
| Огноо | 2016-06-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгай 32 тоотод оршин суух, Боржигон овогт Одгэрэлийн Оюун-Эрдэний иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Овгор овогт Эрдэнэбаатарын Эрдэнэпилийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2007 оноос Э.Эрдэнэпилтэй танилцаж үерхэж байгаад 2008.1.09-нд хүү Есөн-Эрдэнийг төрүүлсэн. 2009.12.21-нд гэр бүлээ батлуулж нэг жил манай гэрт хамт амьдарсан. Улмаар гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2010 оны 12 дугаар сараас тусдаа амьдарсан. Хамгийн сүүлд 2015.3.08-нд Багануурт явж байхад нь тааралдсан, үүнээс хойш ямар ч холбоо харилцаа байхгүй, үр хүүхдээ ч харж хандаагүй өнөөдрийг хүрч байна. Уурхайд ажиллаж байгаад гарсан, одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна. Би О.Эрдэнэпилийг олж гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул эрэн сурвалжилж олж өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн тодорхойлолт, 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Эрдэнэпилийн Есөн-Эрдэний Г-57 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Багануур дүүргийн 5-р хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Э.Эрдэнэпилийн фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Эрдэнэбаатарын Эрдэнэпилийг эрэн сурвалжлуулахыг хүсчээ.
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ нь Э.Эрдэнэпилтэй хуулийн дагуу гэрлэлтээ батлуулж хүү Есөн-Эрдэнийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид 2010 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй боловч Э.Эрдэнэпил нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна.
Дээрх нөхцөл байдлыг нотолсон Багануур дүүргийн 5-р хорооны Засаг даргын “Э.Эрдэнэпил нь Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгай 09 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай” тодорхойлолт хэрэгт авагджээ.
Иймд Овгор овогт Эрдэнэбаатарын Эрдэнэпилийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Овгор овогт Эрдэнэбаатарын Эрдэнэпил нь 1987 оны 1 дүгээр сарын 01-нд төрсөн, РД: УГ87010135, хамгийн сүүлд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгай 09 тоотод оршин сууж байсан, түүний ээж Тунгалаг /утас 94219087, дүү Эрдэнэсувд / утас 88551009/ нар нь Төв аймагт амьдардаг зэрэг мэдээллийг дурдаж Э.Эрдэнэбаатарын фото зургийг шийдвэрийн хамт Тахарын Ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн Багануур дахь хэсэгт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Овгор овогт Эрдэнэбаатарын Эрдэнэпилийг /РД: УГЗ87010135/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2. Тахарын Албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Тахарын Ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн Багануур дахь хэсэгт даалгасугай.
3. Шийдвэрийн хувийг Э.Эрдэнэбаатарын фото зургийн хамт Тахарын Ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн Багануур дахь хэсэгт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА.