Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0216/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                         Э.О нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.О холбогдох 1939004...... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.О нь  2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг Улаан толгой гэх газарт  иргэн Т.Баттулгыг мал харсангүй гэх шалтгаанаар түүнийг зүүн гуя, зүүн далны хэсэгт модоор цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Т.Баттулгын өгсөн :... Би Баянхутаг сумын 2 дугаар баг Улаан толгой гэх газар О гэдэг хүнийд мал маллаад 2 сар  гаруй хугацаа болж байна. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08 цагийн үед О ахыхаас хойд доор нь байдаг Энхбат гэдэг ахынд унтаж байх үед манай малын эзэн Онь ирээд намайг малаа малласангүй  эзэнгүй хаялаа, архи дарс уулаа гэх зэргээр  загнаж намайг тухайн  айлаас босгож гадаа нь гаргаж ирээд гартаа байсан шилбүүр модоор миний зүүн хөлний гуяны арын хэсэг болон зүүн гарын далны орчимд модоор цохисон. Урьд орой нь би малаа хашчихаад Энхбат ахын дүү Болдоотой 1 шил архи хувааж уугаад тэднийд хоночихсон байсан юм.Тэгээд би тухайн үед аймаг руу гэр рүүгээ зугатчихдаг юм билүү гэж бодоод байж байсан намайг өмнө нь 2019 оны 05 сард ирээд удаагүй байх үед  мөн дээрхтэй ижил шалтгаанаар намайг цээж зүүн гар руу зүүн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн....Таньдаг болоод 3 жил орчим болж байгаа бөгөөд анх хамаатнаараа дамжуулан танилцаж очиж малыг нь малладаг болсон юм...хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

Гэрч Н.Ганчимэгийн өгсөн... Манай том хүү Т.Баттулга Баянхутаг суманд таньдаг ахындаа мал маллахаар боллоо гээд 2 сарын өмнө явсан. Гэтэл  2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай охин над руу гар утсаар яриад дүү Т.Баттулга нь утсаар ярьж байна сонин сайхан юу байна гэхэд өөдөөс: сонин юу байхав дээ зодуулаад л байж л байна гэж ярьсан гэхээр нь би өөрөө хүү Т.Баттулгатай утсаар яриад юу болсон талаар асуухад: гайгүй ээ гэхээр нь чи зодуулаад байж байхаар ирээч гэхэд: явна гэхээр бас зодох байх гэж айгаад хэлж чадахгүй байна гэхээр нь би цагдаад мэдэгдсэн юм. Т.Баттулгаас тухайн үед зодуулсан талаар асуухад Отгонбат  нь бургасан  модоор цохисон гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

Гэрч Н.Хэрлэн-Одын өгсөн...2019 оны 07 дугаар сарын эхээр, яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Ойрхон нутагладаг О ахын малчин Баттулга нь манайд ирээд нэг хоноод байж байтал малын эзэн О ирээд гэрээс чирж авч гараад гадаа Баттулгыг цохиж байгаад аваад явсан... Гэрээс гаргаж байгаад л цохиод байсан. Гадаа Баттулгын дуу нь гараад байсан больё ахаа гээд байсан тэгээд удалгүй яваад өгсөн тэр хоёр... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 11-ний  өдрийн 321 дугаартай дүгнэлт

  1. Т.Баттулгын биед зүүн дал, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл  нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдуулахгүй /хх-ийн 21 хуудас/

Э.О  яллагдагчаар өгсөн:...Би урд гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар мэдүүлсэн нэмж ярих зүйл байхгүй. Т.Баттулгын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/

Э.О  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 хуу/

Э.О нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 хуу/

Хохирогч Т.Баттулгын  бичсэн Э.О нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй  тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 44 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Э.О холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Э.О нь  2019 оны 07 дугаар сарын 07-ны  өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг Улаан толгой гэх газарт  хохирогч Т.Баттулгыг мал харсангүй гэх шалтгаанаар түүнийг модоор цохиж зүүн дал, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцралт  бүхий  гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Т.Баттулга,  гэрч Н.Ганчимэг, Н.Хэрлэн-Од нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Э.О нь  хохирогч Т.Баттулгыг  модоор зодсон үйлдлийн улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас Э.О  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 42, 46 хуу/ прокурор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Э.Отгонбат хүлээн зөвшөөрч /хх-ийн 52 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Э.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Т.Баттулга нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан /хх-ийн 44 хуу/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтааар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3   /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтааар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ